Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 123/ШШ2021/0009

 

2021 оны 04 сарын 02 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0009

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ю.Х, З.А,

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Ю.Х, З.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ю.Х, З.А нараас шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Юндэн овогт Х, Зоригт овогт А бид Төв аймгийн С сумын Засаг даргын 2008 оны 09 сарын 22-ны өдрийн 118 дугаар захирамжаар Өндөр дов хэмээх газар “Д” ХХК-ийн дэргэд тус бүр 0.07 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшихээр авсан. 2009 оны 06 сарын 10-ны өдрийн М ХХК-аар кадастр хийлгэн газрын бүртгэлийн санд оруулж эхний жилийн газрын төлбөрийн төлсөн. Хамгийн сүүлд 2016 оны 06 сарын 03-ны өдөр гэрээ байгуулж газрын төлбөр төлсөн. Бид хашаа барьсан боловч хулгайд алдсан. Ингээд уг газарт 2016 оноос үйл ажиллагаа явуулах гэтэл тухайн газар Шинэ нисэх онгоцны буудлын хязгаарлалтын бүс гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулах, хашаа барихыг зөвшөөрөөгүй маргаантай байсан. Гэтэл С сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар миний эзэмшлийн газрыг төлбөр төлөөгүй, үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Бид дээрх асуудлаар Төв аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар С сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжид холбогдуулан гомдол гаргасан боловч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 07/1019 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар бидний годмлыг хангахгүй шийдвэрлэсэн юм. Иймд С сумын Засаг даргын 2018 оны 04 сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн хавсралтын Ю.Х, З.А нарт холбогдох  хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ю.Х, З.А нар 2008 онд Төв аймгийн С сумын нутаг дэвсгэр дээр тодорхой координат бүхий 0.7 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшихээр авсан. Ингээд Газар эзэмших эрхийн гэрчилгээ гараад газрын төлбөрийг төлөөд гэрээ байгуулаад үйл ажиллагаа явуулах гэсэн боловч улсын тусгай хэрэгцээнд авч байгаа шинэ нисэх онгоцны буудал байгуулагдах гэж байгаа, мөн шинээр хот төлөвлөлтөд орж байгаа учир үйл ажиллагаа явуулахаа түр азнаж бай, энд зохион байгуулалт хийнэ гэж хариу өгсөн байдаг. Гэхдээ энэ талаар төлөөлүүлэгч нараас тодруулахад бичгээр өгсөн зүйл байхгүй, уулзахад ингэж хэлж байсан. Энэ хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй нь үнэн. Гэвч захиргааны зүгээс ийм шаардлага тавьж байсан учир үүнийг биелүүлж байсан. Ингээд 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр А/114 гэсэн захиргааны акт гараад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Энэ нь Газрын тухай хуулийн зөрчсөн, тодорхой үндэслэлгүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох болон мэдэгдэх ажиллагааг явуулаагүй, оролцогчийн эрхийг хязгаарласан байна. Улсын тусгай хэрэгцээнд авсан гэж байгаа ч хэдэн оны, хэдэн сарын хэдний ямар тогтоол шийдвэрээр тусгай хэрэгцээнд авсан, тусгай хэрэгцээнд авсан нь цаг хугацааны хувьд хэзээ байсан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Мэдэгдлийн 2017 онд хүргүүлсэн баримтыг гаргаж өгч байна. Тэгэхээр тусгай хэрэгцээнд авсан шийдвэр, мэдэгдэл зэрэг нь цаг хугацааны хувьд яаж давхцаж байна вэ гэдгийг тодруулах гэх мэт нөхцөл байдал үүсэж байна. Иймд А/113 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Төмөрчөдөр, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд ирүүлсэн болон гаргасан тайлбартаа: Иргэн Ю.Х, З.А нарын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй болно. Тус сумын нутаг хөшигтийн хөндийн Засаг даргын 2008 оны А/188 дугаар захирамжаар иргэн Ю.Х, З.А нар нь тус тус 0.07 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн Тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, мөн олон улсын нисэх онгоцны буудлын 12084,9 га газрыг Газрын тухай хуулийн 16.1.13-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154-р тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авагдсан газарт давхацсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон. Иргэн Ю.Х, З.А нарт 2018 оны А/113 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мэдээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43.6 дахь хэсэгт зааснаар Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно гэсний дагуу 2017 оны 11 сарын 21-ний өдрийн Зууны мэдээ сонин №232 дугаарт зарлан мэдээлсэн нь Захиргааны хууль зааснаар сонсох ажиллагаа явуулсан гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Ю.Х, З.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн С сумын нутаг дэвсгэр Хөшгийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор авсан 12000 га газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэл дурьдаж иргэн Ю.Х, З.А нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна[1].

2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүргийг “35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2. газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” хэмээн тус тус тодорхойлж, газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж тус тус заажээ.

3. Төв аймгийн С сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн №118 дугаар захирамжаар[2] Ю.Х, З.А нарт тус тус 0.07 га газрыг 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж, 2008 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 0017923, 0017913 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээ[3] олгосон бөгөөд газар эзэмшүүлэх гэрээг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр байгуулж, газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглах, газрын төлбөрт жил бүр 5600 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээлгэсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл 2016 онд гэрээ байгуулснаас хойш Ю.Х, З.А нар нь газрын төлбөрт 30400 төгрөг тус бүр төлж нийт 60800 төгрөгийг газрын төлбөрт төлсөн болох нь Төв аймгийн Газрын харилцаа Барилга, хот байгуулалтын газрын тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, газар эзэмшүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй, газрын төлбөрөө төлсөн байна гэж дүгнэлээ.

4. Хариуцагч тал 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Ю.Х, З.А нартай газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан бөгөөд гэрээ байгуулсан өдрөөс хойш 2 жилийн хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 4 сарын 19-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж заасанд нийцээгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт нэхэмжлэгч нарын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

5. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Төв аймгийн С сумын Хөшгийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоороо 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийг өөрчилж тогтоосон байх бөгөөд тусгай хэрэгцээний газар нэхэмжлэгч Ю.Х, З.А нарын эзэмшлийн газартай давхацсан болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07/57 дугаар албан бичиг[4], 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/144 дугаар албан бичиг[5], хавсарган ирүүлсэн зураглалаар нотлогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрыг тусгай хэрэгцээнд авсан байх тул “тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг шууд буруутгах хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагч энэ нөхцөл байдлыг хуульд заасан арга журмаар шийдвэрлэх үүрэгтэй болно. Хариуцагч энэхүү үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг батлан гаргаагүй, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан шийдвэр гаргасан. Хариуцагч “Зууны мэдээ” сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд[6] тусгай хэрэгцээний газартай давхцалтай газар эзэмшигчдийн газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох...” талаар мэдээлсэн, уг мэдээлэлд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар давхацсан талаар бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар сонсох ажиллагаа хийсэн гэж үзэх үндэслэлтэйг дурьдах нь зүйтэй.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар маргаан бүхий захиргааны актын нэхэмжлэгч нарт холбогдох хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх үндсэн зарчим болон Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д тус тус заасантай тус тус нийцээгүй, хууль бус болох нь тогтоогдож байх тул Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Ю.Х, З.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.1.5, 40.1.6 дахь заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хангаж, Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Ю.Х, З.А нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Төв аймгийн С сумын Засаг даргын Тамгын газраас 70200 төгрөгийг гаргуулж Ю.Х, З.А нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

   

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ч.ОДСҮРЭН

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хяна

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 6-р хуудас

[2] 1-р хавтаст хэргийн 7-9-р хуудас

[3] 1-р хавтаст хэргийн 10, 17-р хуудас,

[4] Хавтаст хэргийн 34-р хуудас

[5] Хавтаст хэргийн 64-66-р хуудас

[6] 1-р хавтаст хэргийн 50-51-р хуудас