Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 1435

 

Ө.Тэгшсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01583 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.Тэгшсайханы хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд холбогдуулан гаргсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Нямжав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ө.Тэгшсайхан түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны жолоочийн ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлснийг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зохион байгуулалтын хэлтсийн дарга С.Доржсумъяа мэдэгдсэн. Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэл болгодог. Гэтэл Баянзүрх Дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/100 тоот тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, Хурлын ажлын албаны дотоод журмын 5.14, 15.1 зэрэг заалтуудыг баримталсан нь илт хууль зөрчсөн тушаал байна. Ө.Тэгшсайханыг үүрэгт ажлаа 16 хоног тасалсан гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, ажилдаа ирсэн цагаа тухай бүрт нь ажлын албаны даргад мэдэгдэж, цалингаа тухай бүр авч байсан нь ажлаа таслаагүй гэдгийг нотолж байна. Автомашин хүлээлцэх тэмдэглэлд дурдсан гэх алдаа дутагдлууд дотоод журамд заасан ажлаас халах үндэслэл болохгүй бөгөөд Ө.Тэгшсайхан нь уг автомашиныг анх ажилд томилогдох үе буюу 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан. Уг автомашиныг хүлээлцэх үед тэмдэглэлд дурдсан алдаа дутагдлууд нь анх Ө.Тэгшсайханыг ажилд томилогдох үед Т.Хувьзаяа гэх жолоочоос хүлээж авахад ийм байсан гэдгийг тухайн үед байлцсан комиссын бүх гишүүд хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан байна. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Ажил хүлээлцэх комисс байгуулах тухай тушаалын хавсралт Ажил хүлээлцэх тухай акт-д автомашиныг бүрэн бүтэн хүлээн авч комиссын гишүүд бүгд гарын үсэг зурсан байхад алдаа дутагдалтай хүлээн авсан гэх нь үндэслэлгүй юм. Албан үүргээ биелүүлээгүй гэх хангалттай үндэслэл тогтоогоогүй байхад чөлөөлсөн тул Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 2 525 974 төгрөг нэхэмжилснээ 915 991 төгрөгөөр нэмэгдүүлж 3 441 965 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ө.Тэгшсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс тушаал гарах өдрийг хүртэл Хэлтсийн дарга болоод Ажлын албаны даргаас албан ёсны чөлөө авалгүйгээр 16 өдөр үүрэгт ажлаа тасалсан үйлдэл нь Ажлын албаны дотоод журмын 12.4, 15.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн нь түүнд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон бөгөөд түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт заасан сахилгын халах шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Ө.Тэгшсайхан ажлын Албаны автомашиныг албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлэн 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээлгэн өгөх өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан өөрийн эзэмшсэн автомашиныг албан ажилд ямагт бэлэн байдалд байлгах үүргээ биелүүлэхгүйгээр хувьдаа ашиглан автомашин хүлээлцэх тэмдэглэлд дурдсан алдаа дутагдлуудтайгаар хүлээлгэн өгсөн байна. Тодруулбал 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн автомашин хүлээлцэх тэмдэглэлд тусгагдсанаар техникийн бүрэн бүтэн байдал доголдолтой байсан түүнийгээ хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан нь түүний албан үүргээ хангалтгүй биелүүлж байсны илрэл юм. Улсын дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай 33 дугаар тогтоолын 29-д зааснаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д заасныг сахилгын шийтгэл нь ажилтны гэм буруу, зөрчлийн шинж чанар, үр дагаварт тохирсон байх бөгөөд шийтгэлийг заавал шат дараалан оногдуулсан байхыг шаардахгүй хэмээн тайлбарласан байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Тэгшсайханыг Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 383 640 төгрөгийг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас гаргуулж нэхэмжлэгч Ө.Тэгшсайханд олгож, нэхэмжлэлээс цалин, хоол, унааны мөнгөд илүү нэхэмжилсэн 1 058 325 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар Ө.Тэгшсайханы нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу суутган төлж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч төлсөн 55 365 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ө.Тэгшсайханд олгож, хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн ажлын албанаас 53 088 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Одбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу ажлаа 16 хоног тасалсан болох нь бичгийн баримтаар тогтоогдоогүй, сахилгын зөрчлийг давтан, эсхүл ноцтой зөрчил бол ажил олгогчийн санаачилагаар ажлаас чөлөөлөхөөр заасан байхад дээрх зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй байхад түүнийг ажлаас Хөдөлмөрийн тухай хуулийн зохих заалтыг баримтлаагүй чөлөөлсөн гэж хариуцагчийг буруутгасан шийдвэр гаргасан нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хариуцагчийн зүгээс шүүх хуралдаанд Ө.Тэгшсайханы ажлын цагийг бүртгэж байсан хэлтсийн даргыг шүүх хуралдаан гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан боловч шүүх хүлээж аваагүй. Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дотоод журамд ажилтан ажилдаа ирэхдээ буюу тарахдаа хариуцсан хэлтсийн даргадаа цагаа бүртгүүлэхээс гадна ажлын цагийн дундуур гадагш явахдаа Хэлтсийн даргад мэдэгдэж, ямар ажлаар хаашаа, хугацаагаар явахаа, гадуур ажилласан тухай бүртгэлийн дэвтэрт бичиж үлдээнэ гэж заасан байдаг бөгөөд үүнийг шүүхэд тайлбарлан мэдэгдэж байхад хэлтсийг даргыг гэрчээр асуугаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Ө.Тэгшсайхан нь хариуцагч Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Ө.Тэгшсайхан нь албан ёсоор чөлөө авалгүйгээр 16 өдөр үүрэгт ажлаа тасалсан, мөн хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн албан үүргээ биелүүлээгүй, албан тушаалын бүрэн эрхээ хэтрүүлсэн учраас ажлаас чөлөөлсөн гэж маргасан.

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/100 дугаартай ажлаас чөлөөлөх тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3, хөдөлмөрийн дотоод журмын 5.14, 15.1 дэх хэсэгт заасныг үндэслэн Ө.Тэгшсайханыг жолоочийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байгаа. /хх.6, 23-35/

Нэхэмжлэгч нь анх шүүхэд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албаны даргын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн Б/100 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулахаар нэхэмжилж, /хх.1/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах, ажилгүй байсан хугацааны цалинд 2 525 974 төгрөг гаргуулахаар нэмж өөрчилөн /хх.44, 70/ мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 12 сарын цалинг хасч 2017 оны 1-5 дугаар сарын цалинд 3 441 965 төгрөг ажилгүй байсан хугацааны олговорт 2 525 974 төгрөг гаргуулах шаардлагаа 915 991 төгрөгөөр нэмэгдүүлснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гардан авч, ...хариу тайлбар гаргах хугацаа авах шаардлагагүй, тайлбараа гаргаад оролцоход татгалзахгүй /хх.81/ гэсэн тайлбар өгсөн байх тул анхан шатны шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан нь ИХШХШТ хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөнд тооцохгүй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд ...Ө.Тэгшсайханыг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчөөгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж байгаа боловч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө үндэслэл болгож буй хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэн буюу 16 өдөр ажил тасалсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөхөөр заасан. Нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болсон зөрчил нь хуулийн уг зохицуулалтад заасан давтан эсхүл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил болох нь баримтаар тогтоогдоогүй болно. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэх боловч хариуцагч тал хөдөлмөрийн гэрээг гаргаж өгөөгүй тул Ө.Тэгшсайханыг хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын ноцтой зөрчил гаргасан гэж дүгнэх боломжгүй. Иймд ажил олгогчийн тушаалд заасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасанд хамаараагүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан зөрчил гаргасан тохиолдолд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж болно. Хариуцагчийн хариу тайлбарт дурдаж буй нөхцөл байдал нотлогдоогүйгээс гадна байгууллагын дотоод журамд ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж ерөнхий зааснаас өөр баримт байхгүй байна.

Хариуцагчийн зүгээс шүүхэд хандан гэрч асуулгах тухай хүсэлт гаргасан талаарх баримт хэрэгт байхгүй тул хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан гэрч асуух замаар нотлох баримт бүрдүүлэх эрхийг анхан шатны шүүх зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй. Харин шүүх хуралдааны даргалагчийн хариуцагчид тавьсан цалинг бүтэн олгосон шалтгааны талаарх асуултад тэрээр Хариуцсан хэлтсийн даргаас нь тодруулсан. Хэлтсийн дарга нь цагаа ерөөсөө бүртгүүлдэггүй, ирдэггүй байсан гэсэн. Цалинг нь бүтэн олгодог талаар сая мэдлээ. гэж хариулсныг гэрчийн мэдүүлэг авахуулах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт заасан хүсэлт гэж үзэхгүй. Иймд шүүх нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 101/ШШ2017/01583 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.МӨНХЗУЛ

  ШҮҮГЧ                                          Ш.ОЮУНХАНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ