Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/985

 

 

      

хан амарсан уу

 

 

 

 

 

    2022          08          02                                      2022/ШЦТ/985

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч С.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч С.О-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Явуу-Импекс” ХХК-д агааржуулалтын техникч ажилтай, ... оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, С.О- (РД:РУ8807...).

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.О- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан дэглий” зочид буудлын гадаа хохирогч Б.А-тэй маргалдан түүний нүдний шилийг хууль бусаар хугалж гэмтээн 323,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч С.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Ялыг зөвшөөрч байна. Хохирогчоос олон удаа уучлалт гуйсан. Үнэхээр их гэмшиж байна” гэв.

 

Эрүүгийн 2208000001133 дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.А-ийн: “...Би харааны шил зүүдэг. Тухайн үед тэр залуугийн хугалж хаяад явсан шил нь хамелеон шил байсан. Тэр залуу миний нүдний шилийг эвдээд хугалаад хаячихсан учир би нүдний шилээ төлүүлж авмаар байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн 2022.06.20-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний Ц-1013 дугаар тайланд: “Харааны хамелеон нүдний шил 323,000 төгрөгөөр үнэлэв” гэжээ (хавтаст хэргийн 40-42 дахь тал),

Гэрч Л.Б-ийн: “2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн Цамбагаравын автобусны буудлын хойд талд караоке буудалд ажлын дүү Оюунболдын хамт үйлчлүүлж Алтансүх гэх залуутай танилцаад хэсэг сууж байгаад буудал руу ороод унтаж байгаад хүмүүс маргалдаад зодолдоод байх шиг болохоор нь сэрээд хартал Оюунболд, Алтансүхтэй орж ирээд Алтансүх Оюунболдын дээрээс дараад орон дээр сууж байсан. Би Алтансүх гэх залууг авч гараад яагаад хэрүүл маргаан үүсгээд байгаа юм гээд уулзаж байхад Оюунболд гарч ирээд Алтансүхийг цохиод авсан, яг хаашаа нь цохисныг хараагүй. Алтансүхийн нүдний шил газар унасан байсныг Оюунболд хугалаад бид хоёр автобусны буудал руу алхаж байхад Алтансүх араас ирээд Оюунболдтой ахиад зууралдаад зодолдоод эхлэхээр нь би тэр хоёрыг салгахад Алтансүх гарааш руу ордог хэсэг рүү унаад би араас бас хамт унасан. Миний хөлийн өсгий гэмтсэн байсан. Тэгээд Оюунболд бид хоёр Гэмтлийн эмнэлэг явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

Гэрч Б.С-ын: “2022 оны 5 дугаар сарын 13-ны орой өөрийн нөхөр Б.А-тэй караокетой буудалд орсон. Бид хоёр сууж байхад хажуугийн ширээн дээр танихгүй хоёр залуу сууж байсантай нөхөр танилцаад хамт сууцгаасан. Би шөнө 02 цагийн үед нөхрийг тэр залуучуудтай үлдээгээд гэртээ харьсан. Өглөө нь 10 цагийн үед нөхөр гараа гипсэдчихсэн, баруун талын шанаа, эрүү хэсэг нь тэр чигээрээ шалбараад зулгарчихсан ирсэн. Юу болсон талаар асуухад караокед хамт архи ууж үлдсэн 2 залуутай маргалдаад буудлын гадаа гараашийн машин гарч ирдэг хэсэг рүү унаад гараа хугалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь миний дургүй хүрээд өөрийн утсаар цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дэх тал),

Шүүгдэгч С.О-ын яллагдагчаар өгсөн: “2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хамт ажилладаг Баттөрийн хамт караокед үйлчлүүлж байгаад 05 цагийн үед тухайн газраас гараад хажуу талд нь байдаг буудалд ороод Алтансүх гэдэг хүнтэй танилцсан. Би Алтансүх гэх хүнтэй маргалдсан. Тэр хүн намайг орон дээр дарж байгаад нүүр лүү 2 удаа цохисон. Алтансүхийг Баттөр ах аваад гарахаар нь би гараад Алтансүх гэх хүнд “та намайг арай дэндүү цохисон байна” гээд нүүр лүү нь баруун гараараа 1 удаа хальт цохиход Алтансүхийн нүдний шил унахаар нь би газраас авч хугалж шидээд “ингээд болчихсон шүү” гээд явж байтал араас ирээд надтай дахин зууралдсан. ...Б.А- надаас нүдний шилний төлбөр гэж 1 сая төгрөг нэхэхээр нь би бэлнээр хуваагаад өгчихсөн. Би тэр хүний нүдний шилийг хугалсан, өөрөөр хохирол учруулаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55 дахь тал),

Хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-72-74, 75-77), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-89), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-81), дансны хуулга (хх-94), үл хөдлөх эд хөрөнгөтэй лавлагаа (хх-91), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (хх-90), “Явуу-Импэкс” ХХК-ийн тодорхойлолт (хх-92), хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт (хх-93), шүүгдэгч, хохирогч нарын “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт (хх-111, 112), прокурорын “Хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай” тогтоол (хх-115), прокурорын “Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай” санал (хх-116) зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.О- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан дэглий” зочид буудлын гадаа хохирогч Б.А-тэй маргалдан түүний нүдний шилийг хууль бусаар хугалж гэмтээн 323,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.А-ийн “...тэр залуу миний нүдний шилийг эвдээд хугалаад хаячихсан...” гэх мэдүүлэг (хх-16), “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний “...Харааны хамелеон нүдний шил 323,000 төгрөгөөр үнэлэв” гэх тайлан (хх-40-42), гэрч Л.Баттөрийн “...Алтансүх гэх залуугийн нүдний шил газар унасан байсныг Оюунболд хугалсан...” гэх мэдүүлэг (хх-22-23), шүүгдэгч С.О-ын “...Би өөрийн үйлдсэн хэрэгт маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би Б.А-эд 1 сая төгрөг бэлнээр өгч хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг (хх-71) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч С.О-ын согтуурсан үедээ хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж хохирогч Б.А-ийн нүдний шилийг хугалж гэмтээн, 323,000 төгрөгийн хохирол учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.А-ийн эд хөрөнгөд 323,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 1,000,000 төлөгдсөн, хохирогчийн “Хохирлоо авсан, нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хх-112)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч С.О- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо, “Цагаан дэглий” зочид буудлын гадна талд Б.А-тэй маргалдаж улмаар түүний өмчлөлийн нүдний шилийг хууль бусаар гэмтээж 323,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна...” гэж,

шүүгдэгч “Ялыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчоос олон удаа уучлалт гуйсан. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.   

Прокурорын хяналтын шатанд шүүгдэгч С.О- нь “Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай” хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч, улмаар түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр талууд тохиролцон хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэжээ.  

Иймд шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, хохирогчийн нүдний шилийг хугалж гэмтээсэн), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эд хөрөнгөд хохирол учирсан, хохиролд 1,000,000 төгрөг төлөгдсөн, хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан улсын яллагчийн дээрх саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ыг 600,000 төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.О- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Л.БААТАР