Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/983

 

 

 

 

 

 

    2022          08           02                                   2022/ШЦТ/983

 

 

                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Б.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын ажил хийдэг гэх, ... оршин суух бүртгэлтэй, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт ... тоотод түр оршин суух,

урьд ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1, 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 2 жилийн хорих ялыг өршөөн хасуулж суллагдсан, Б.Б (РД:РЕ9009...).

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Рич” караокены гадна үл таних залуутай маргалдан дайрах үед түүнийг болиулах гэж тэвэрч авсан хохирогч Б.Б-д уурлан агсарч нүүр, ам, толгой, бие хэсэгт нь олон удаа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн зовхи, зүүн мөрөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр орой хамтдаа уусан. Намайг 1 хүн боох шиг болохоор цээжнээс нь хазаж тавиулсан. Хохирогч бид 2 хамт ажилладаг, бие биедээ туслаад явдаг хүмүүс. Хийсэн хэргээ хүлээж байна. Хохиролд 190,000 төгрөг өгсөн. Архи дарс уухгүй, дахин болчимгүй үйлдэл хийхгүй” гэв.

 

Эрүүгийн ... дугаартай хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Б-ы: “2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр миний ажиллуулж байсан “Рич” бааранд найзууд архи уусан. Б.Б-тай маргалдаад намайг зодоод караокены цонхыг хагалж, хаалга цохиод байсан. Юугаар цохиж толгой хагалсныг мэдэхгүй, үүдэн 2 шүд унасан, цээжний хэсэгт 3 газар хазаж хөхрүүлсэн, зүүн хацар хавдсан байсан. ...Надад эмчилгээний зардалд гаргаад өгөх баримт байхгүй, гомдол нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Б- цонх 250,000 төгрөгөөр шиллэж өгсөн, эм тариа аваарай гээд бэлнээр 200,000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10 дахь тал),

Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022.05.11-ний өдрийн 6684 дүгээр шинжилгээний дүгнэлтэд “1. Б.Б-ы биед духанд шарх, зүүн зовхи, зүүн мөрөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

Гэрч П.Г-ийн: “2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр “Рич” караокед 21 цагийн орчимд очтол Бат-Эрдэнэ, Баярсайхан, түүний эхнэр Болормаа нар байсан. Бид нар 0.75 литрийн архи 1 шил, хүний 1 шил пиво ууж суусан. ...Манай нөхөр Б.Б- гудамжаар явж байсан хүмүүс рүү агсраад орилж очих гээд байтал Баярсайхан “боль” гээд тэврээд автал Б.Б- Баярсайхан руу уурлаж нүүр хэсэгт нь цохиж, хоорондоо ноцолдож газар унаж дээр доороо орж байтал Б.Б-, Баярсайханы нүүр, ам, хамар, толгой хэсэгт нь нилээн олон удаа хоёр гараараа цохиод байсан. Бид нар салгах гээд дийлээгүй, тэгтэл Баярсайхан “хазаад байна” гээд орилоод байсан. Бид нар арай хийж салгатал Баярсайхан цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

Гэрч С.Б-ийн: “...21 цаг өнгөрч байхад манай найзууд Б.Б-, Гантуяа нар орж ирээд бид тав архи, пиво уучихаад ...Б.Б- манай “Рич” караокеноос үйлчлүүлээд гарч байсан, танихгүй залуутай маргалдаж зодолдох гээд байхаар нь манай нөхөр Баярсайхан “боль” гээд тэврээд автал Б.Б- Баярсайхан руу агсарч хоорондоо ноцолдож манай нөхрийг газар унагааж хоёр гараараа нүүр, ам, хамар, толгой бие хэсэгт нилээн олон удаа цохиж дух хэсэгт нь нэг удаа өшиглөсөн. Бид нар арай хийж салгаад караоке руу ороод хаалгаа түгжтэл Б.Б- гаднаас чулуу авч шидээд цонх хагалчихаад зугтаачихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

Шүүгдэгч Б.Б-ын яллагдагчаар өгсөн: “Би тухайн үед өөрийн найз Баярсайханыг зодож, гэмтэл учруулсан нь үнэн. Мөн “Рич” караоке баарны хаалга, цонхны шилийг хагалсан хохирол болон найз Баярсайханы эмчилгээний зардал зэргийг бүрэн барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),

Б.Б-ын сэжигтнээр өгсөн мэдүүлэг (хх-20), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-47), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-62), үл хөдлөх эд хөрөнгөгүй лавлагаа (хх-48), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-49), тээврийн хэрэгсэл бүртгэлгүй лавлагаа (хх-50), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хх-51), дансны хуулга (хх-52-61) зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг,

шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн 3 хуудас дансны хуулгыг тус тус уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Нэг. Шүүхээс хийсэн гэм буруугийн талаарх дүгнэлт:

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Рич” караокены гадна үл таних залуутай хэрэлдэж маргалдах гэж дайрах үед түүнийг болиулах гэж тэвэрч авсан хохирогч Б.Б-д уурлан түүн рүү агсарч нүүр, ам, толгой, бие хэсэгт нь олон удаа цохих, дух хэсэгт нь өшиглөх зэрэг байдлаар эрүүл мэндэд нь “...биед духанд шарх, зүүн зовхи, зүүн мөрөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч хувиараа хөдөлмөр эрхэлдэг, орлого олдог, Сонгинохайрхан дүүргийн 11 хороонд түр оршин суудаг зэрэг хувийн байдлыг харгалзан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна....” гэж,

шүүгдэгч “Дахиж болчимгүй үйлдэл хийхгүй, уучлалт гуйж байна” гэж тус тус дүгнэлтээ танилцууллаа.

Шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Б- согтуурсан үедээ 2022 оны 5 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө 02 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, “Рич” караокены гадна үл таних залуутай маргалдан дайрах үед түүнийг болиулах гэж тэвэрч авсан хохирогч Б.Б-д уурлан агсарч нүүр, ам, толгой, бие хэсэгт нь олон удаа цохиж, өшиглөн эрүүл мэндэд нь “духанд шарх, зүүн зовхи, зүүн мөрөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.

Энэ нь хохирогч Б.Б-ы “...Бид нар архи, пиво уусан. ...Б.Б- намайг зодоод манай караокены цонхыг хагалж, хаалгыг цохиод байсан. Намайг юугаар яаж цохиж толгой хагалсан гэдгийг мэдэхгүй байна, шүд рүү цохиж дээд үүдэн 2 шүд унасан, цээжний хэсэгт 3 газар хазаж хөхрүүлсэн, миний зүүн хацар хавдсан...” гэх мэдүүлэг (хх-7, 10), шүүх эмнэлгийн 6684 дүгээр “1. Б.Б-ы биед духанд шарх, зүүн зовхи, зүүн мөрөнд цус хуралт, цээжинд цус хуралт, зулгаралт, хамрын нуруу, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжилгээ (хх-23-24), гэрч П.Гантуяагийн “...Бид тав архи, пиво уусан. ...Б.Б-, Баярсайхан руу уурлаж нүүр хэсэгт нь цохиж хоорондоо ноцолдож газар унаж дээр доороо орж байтал Б.Б-, Баярсайханы нүүр, ам, хамар, толгой хэсэгт нь нилээн олон удаа хоёр гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг (хх-12-13), гэрч С.Болормаагийн “...Бид нар архи, пиво хувааж уусан. Б.Б- манай нөхөр Баярсайхан руу агсарч хоорондоо ноцолдож манай нөхрийг газар унагааж байгаад хоёр гараараа нүүр, ам, хамар, толгой, бие хэсэгт нилээн олон удаа цохиж, дух хэсэгт нь нэг удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-15-16), шүүгдэгч Б.Б-ын “...Би тухайн үед өөрийн найз Баярсайханыг зодож, гэмтэл учруулсан нь үнэн. ...Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-44) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-ын согтуурсан үедээ, гудамж талбайд агсран бусад руу дайрч давшилж байсан үйлдлийг нь таслан зогсоож байсан хохирогч Б.Б-ы нүүр, ам, толгой, бие хэсэгт нь олон удаа цохиж, өшиглөж хөнгөн гэмтэл учруулсан санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжтэй байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ы эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 200,000 төгрөг төлөгдсөн, хохирогчийн “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг (хх-10)-ийг тус тус үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн байна гэж шүүх дүгнээд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлаарх шүүхийн дүгнэлт:

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шүүгдэгч, хохирогч нар найз нөхдийн хүрээнд согтуурсан, шүүгдэгчийн бусад руу дайрч давшилсан зүй бус үйлдлийг таслан зогсоосон хохирогчийн эрх, эрх чөлөөнд халдаж, нүүр, ам, толгой, бие хэсэгт олон удаа цохиж, өшиглөн гэмтэл учруулсан, бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирлын баримт гаргаж өгөөгүй, хохиролд 200,000 төлөгдсөн, хохирогч “Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх), шүүгдэгчийн хувийн байдал (үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хувиараа барилгын ажил хийдэг гэх, тодорхой орлоготой, ам бүл 5, ар гэрийн байдал)-ыг тус тус харгалзан Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэв.

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах ...бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг тусгана”, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлнэ” гэж тус тус заасныг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг харгалзан, мөн шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлого олох боломж (хувиараа барилгын ажил эрхэлдэг, тодорхой орлого олдог гэх)-ийг харгалзан шүүгдэгч Б.Б-ыг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоож байгаа хугацаа болох 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1,000,000 төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б- цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                Л.БААТАР