| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жуумаагийн Кульдана |
| Хэргийн индекс | 102/2018/02143/И |
| Дугаар | 1925 |
| Огноо | 2018-06-11 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 1925
| 2018 оны 06 сарын 11 өдөр | Дугаар 102/ШШ2018/01925 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг дугаар хороо дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн настай, Човогт ДА.
Хариуцагч: Баянгол дүүрэг хороолол оффис давхар тоот С,И,Б ХХК
Цалин 665.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.А, хариуцагч С,И,Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр С,И,Б ХХК-нд ажилд орохоор бүртгүүлж 04-ний өдөр 6 сарын хугацаатай гэрээ хийж Баянзүрх дүүрэг Кристал таун хотхоны харуулаар ажилд орсон. 24 цаг гарч 48 цаг амардаг. Эхний сар ажиллаад дараагийн сараас нь намайг сайн ажилласан гэж ээлжийн ахлагч болгон дэвшүүлж 4 хүн хариуцан ажилласан. Манай гэр Кристал таун хотхоны хажууд байсан тул би ажлаасаа хоцорч байгаагүй. Дээр нь хувцасаа цэвэр өмсдөг, ажилдаа сайн гэж намайг магтдаг байсан. Цалинг сард 2 хувааж өгдөг. 2018 оны 03 сард би 11 гараа гарсан. Эхний 2 гарааг 33.000 төгрөгөөр тооцож, дараагийн 3 дахь гараанаас 35.000 төгрөг гэж тооцохоор тохирсон. Эхний цалин гэж 150.000 төгрөг өгсөн. Дараа нь 121.000 төгрөг нийт 3 сард 271.000 төгрөг 11 гарааны цалинд өгч үлдсэнг нь өгөөгүй. Нэг гарааг 35.000 төгрөг гэж тохирсон. Цалингаас 40.000 төгрөг суутгаж ажлын куртик өгсөн боловч сая намайг ажлаас халахдаа куртикээ буцаагаад хурааж авсан. Шинээр ажилд орсон хүний цалингаас 40.000 төгрөг суутгаж ажлын куртик өгдөг юм. 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс миний цалинг тасалбар болгож тооцсон. 04 сард 9 гараа гарч цалин 315.000 төгрөг авах байтал өгөөгүй. Нийт би 19 гараа гарсан. Компани эхний 4 гарааны мөнгийг өгөлгүй барьцаалдаг. 04 дүгээр сарын 26-нд миний найз ажил дээр ирж архи өгснөөс болж би ажлаасаа халагдсан. Намайг цалингаа авъя гэхэд яваад олж аваарай өгөхгүй гэсэн тул шүүхэд хандсан. Иймд 03, 04 дүгээр сарын гарааны мөнгө, цалингаас суутгасан 40.000 төгрөгний хамт 665.000 төгрөгийг хариуцагч С,И,Б ХХК-наас гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч С,И,Б ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Цшүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.А компанитай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилд орсон. 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажиллаж 11 гараа гарч цалин 311.000 төгрөг авсан. 2018 оны 04 дүгээр сард 9 гараа гарсан. Нийтдээ 19 гараа гарсан. Гараан дээр маргахгүй. Ажилд анх ороход эхний 2 гараа 33.000 төгрөг, 3 дахь гараанаас 35.000 төгрөг байхаар тохирсон. Д.А нь 2018 оны 04 дүгээр сард ажлын байранд архи уусан тул ажлаас халагдсан. Өөрөө анх ажилд орохдоо ямар нэг зөрчил гаргавал цалин мөнгө олгохгүйгээр, ажлын хувцасаа хураалгаж, шууд халагдана гэж зөвшөөрч бичиж өгсөн учир нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С,И,Б ХХК-нд холбогдох цалин 665.000 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч С,И,Б ХХК-ийн Есөн Эрдэнэ харуул хамгаалалтын албанд 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн ээлжийн харуулаар ажилд орж, 03 дугаар сарын 04-ний өдрөөс Баянзүрх дүүрэгт байрлах Кристал таун хотхонд харуул, хамгаалагчаар ажиллаж эхэлжээ.
Талууд цалинг эхний 2 гараа 33.000 төгрөг, 3 дахь гараанаас 35.000 төгрөг байхаар тохиролцож, нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сард 11 гараа, 04 дүгээр сард 9 гараа нийт 19 гараа гарч ажилласан талаар маргаагүй байна.
Шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч нь “хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажилд орохдоо зөрчил дутагдал гаргавал цалин мөнгө авахгүйгээр шууд халагдана гэж бичиж өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэж тайлбарлан маргажээ.
Хариуцагч нь Д.Атай хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан гэж тайлбарладаг боловч гэрээ байгуулагдсан эсэх, түүнтэй ямар ажил үйлчилгээг гүйцэтгэхээр гэрээгээр тохиролцсон байдлаа нотлоогүй, нэхэмжлэгч нь дээрх хугацаанд компанид харуул, хамгаалагчаар ажиллаж түүнд цалин олгогдож байсан үйл явдал талуудын тайлбараар тогтоогдсон, хариуцагч 03 дугаар сарын цалинд 311.000 төгрөг олгосон гэх тайлбараа нотлоогүй, түүнийг анх ажилд авахдаа 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр ажил олгогчийн бичүүлж авсан өргөдлийг үндэслэн цалинг олгохгүй гэсэн тайлбар нь хуульд нийцэхгүй байна.
Хариуцагч С И б ХХК нь нэхэмжлэгч Д.Атай Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байхад энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй, мөн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-т зааснаар ажилтны цалин хөлсийг хийснээр, цагаар, бусад хэлбэрээр хөдөлмөрийн үр дүнд нь тохируулан олгох үүрэгтэй тул түүний ажилласан хугацааг талуудын зөвшөөрч тайлбарласан тайлбарыг үндэслэн 2018 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 04 дүгээр сарын 25-наар тасалбар болсон гэж үзэн 19 гарааны цалинг хариуцагч төлөх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч 3 сард 11 гараа гарсан. Үүнээс эхний 2 гараа нь сарын 33.000 төгрөг нийт 66.000 төгрөг, сүүлийн 9 гараа х 35.000 төгрөгөөр тооцож 315.000 төгрөг нийт 381.000 төгрөгний цалин авахаас түүнд 271.000 төгрөгийг олгож, үлдэх 110.000 төгрөгний цалин, 2018 оны 04 дүгээр сард 9 гараа гарсан боловч /9х35.000=315.000/ цалин 315.000 төгрөгийг ажил олгогч тус тус олгоогүй байна.
Мөн ажил олгогч ажилтанг ажлын хувцасаар хэрхэн хангах, үнийг яаж тооцох талаар гэрээгээр тохирсон баримтгүй тул хувцсанд цалингаас 40.000 төгрөг суутгасан нь үндэслэлгүй байна.
Хариуцагч С,И,Б ХХК нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1-т зааснаар даатгуулагчийн төлбөр зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1-т заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй тул Д.Аийн ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй.
Иймд хариуцагч С,И,Б ХХК-наас цалин 425.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож, үлдэх 240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, түүний ажилласан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
С,И,Б ХХК-наас 425.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгож, үлдэх 240.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Аийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг С,И,Б ХХК-нд үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20.510 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч С,И,Б ХХК-наас 13.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Ат олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА