Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/919

 

 

  

 

 

 

 

     2022           7           18                                            2022/ШЦТ/919

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга /томилолтоор/,

хохирогч Т.Н,

гэрч Н.Б,

шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х, тэдгээрийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Р.Очирсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ц.Э, М.Мө, Ю.Х нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 01217 0816 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, засварчин мэргэжилтэй, хувиараа кузов засвар ажиллуулдаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт урьд:

- Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 109 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2-т зааснаар автомашин жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хорих ял оногдуулж, уг хорих ялыг биечлэн эдлүүлэлгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Мө, /РД: /,

 

2. Монгол Улсын иргэн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй, хувиараа авто засвар ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Э, /РД: /

 

3. Монгол Улсын иргэн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

гийн Х, /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:          

Шүүгдэгч М.Мө, Ц.Э, Ю.Х нар нь согтуугаар 2022 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны баруун талын гудамжинд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, замын хажууд такси барих гээд зогсож байсан Т.Нд хүч хэрэглэн цохиж зодсон, эд зүйлийг нь дээрэмдэн, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 766 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нар.

1. Шүүгдэгч нар нь хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч харин эд зүйлийг нь дээрэмдэх санаа зорилго байгаагүй гэсэн бол, тэдгээрийн өмгөөлөгч хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчлүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбар, мэтгэлцээнд дүгнэлт хийгээд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх өөрчлөл үндэслэлтэй гэж дүгнэлээ.

3. Хэргийн үйл баримтыг сэргээн дүгнэхэд: 2022 оны 3 дугаар сарын 18-ны шөнө 23-24 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 дугаар байрны баруун талын гудамжинд шүүгдэгч М.Мө, Ц.Э, Ю.Х нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай явахдаа замын хажууд такси барих гээд зогсож байсан хохирогч Т.Н, гэрч Н.Б нартай маргалдан барьцалдаж авсан.

Шүүгдэгч М.Мө нь хохирогч Т.Нтай зууралдан, түүнийг нүүрэн тус газар нь цохих, шүүгдэгч Ц.Э, Ю.Х нартай нийлэн хохирогчийг газарт унагаан ноцолдсон. Мөн гэрч Н.Бийг шүүгдэгч Ю.Х нь түлхэж унагаасан. Улмаар ноцолдож байгаад хохирогч Т.Нын гадуур өмсөж явсан хувцас мултлан тайлагдсан, хувцсаа өмсөөд зугтаасан, улмаар хохирогчийг хойноос нь хөөцөлдөн дахин зууралдаж ноцолдсон, хохирогч дээгүүрх хувцсаа үлдээн зугтааж таксинд суун гэртээ харьсан үйл баримт дараах байдлаар тогтоогдлоо.

 

4. Энэ хэрэгт хохирогч Т.Н 2022.03.20-нд /хх13-14/, 2022.04.14-нд /хх17-19/, 2022.05.07-нд /хх21-22/, 2022.06.04-нд /хх145-147/, мөн шүүх хуралдаанд оролцож 5 удаа мэдүүлэг өгчээ. Шүүх хохирогчийн 2022.05.07, 2022.06.04-ний өдрүүдэд болон энэхүү мэдүүлгээ батлан мэдүүлсэн шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэг нь бусад эх сурвалжаар  давхар нотлогдож байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэв.

Тухайлбал, хохирогч Т.Нын 3 дахь удаагийн “...2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Монгол цэргийн баяр болсон бөгөөд ажлын хүмүүстэйгээ Гантулга ахын гэр болох Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 23 байранд очсон. Гантулга ахын гэрт согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэсэн. Ажлын газрын Бтой хамт 23 цагийн үед Гантулга ахын гэрээс гараад архи, ундаа аваад такси барих гээд зам дагуу Бтой хамт зогсож байсан. Тэгтэл хажуугаар 35-40 орчим насны 3 ах өнгөрөх үед нь юунаас болсон талаар мэдэхгүй байна манай нутгийн ах Мө над дээр ирээд шууд нүүр лүү нэг удаа гараараа цохисон. Тэр үед нь хариу үйлдэл хийгээд Мө ахтай барьцалдаж, ноцолдож байгаа газар хамтдаа унасан. Би Мө ахтай ноцолдож байгаад босоод ирсэн чинь нутгийн ах Мө байхаар нь би түүнд хандаж та манай нутгийн ах Мө байна шүү дээ гэсэн чинь уурлаад намайг зодох гээд байхаар нь зугтаахад Мө ах миний куртикийг татахад тайлагдаад үлдсэн. Би зугтаахад миний араас Мө ах болон түүний хамт явсан хоёр ах хөөгөөд намайг барьж авч чадаагүй. Би зугтааж байх үед туранхай шар өндөр, бага зэрэг архи уусан байсан залуу нь намайг барьж аваад нүүр лүү нэг удаа цохисон би дахиж зугтаагаад замын хажуу талаа такси бариад гэр лүүгээ очсон. Би маргааш нь Бтой холбогдоод чи яасан бэ гэхэд Б надад хэлэхдээ тэнд байсан гурван ахын нэг нь цагдаа дууд гээд байхаар нь би цагдаа дуудахаар яваад буцаад ирсэн чи байхгүй байсан гэж хэлсэн. Уул нь бид нар хоорондоо маргалдаж байхад Мө ахтай хамт явж байсан бүдүүн мяраалаг ах намайг одоо дүү яв яв гээд миний хувцсыг өгсөн. Гар утас, иргэний үнэмлэх ажлын үнэмлэх, виза карт зэрэг эд зүйл бол миний куртик дотор байсан би зугтаахад миний куртикнээс Мө ах татахад куртик малгайтай цамц тайлагдсан...” гэсэн мэдүүлэг /хх21-22/,

дахин мэдүүлсэн 4 дэх удаагийн “...бүдүүн ах буюу Х надад май хувцсаа өмс гэж хэлсэн. Би тэр үед хувцсаа аваад өмсөж байхад бүдүүн ах чи яасан овоо бацаан бэ одоо яв гээд нүүр лүү түлхсэн. Э гэх миний ардаас хөөгөөд гүйж байгаа харагдахаар нь намайг зодох гэж байна гэж бодоод зугтаагаад нэлээн гүйж байгаад Саппорогийн хойд талын олон зочид буудлуудын ард ирээд зогсож байхад Э гэх ах ирээд шууд нүүр лүү цохиод газар унагаах үед би босож ирээд түүнтэй барьцалдаж аваад ноцолдож байхад Х гэх ах ирээд намайг барьж авсан. Тэр үед Э болон Х ахаас зугтаах гэж оролдож байгаад зугтаасан чинь миний хувцас тайлагдаад үлдсэн. Зугтааж байгаад Мөнгөнгүүр эмнэлгийн хажуугаас такси бариад гэртээ ирсэн. Би хувцсаа анх Х ахаас аваад өмсөөд Э ах ардаас хөөгөөд барьж аваад ноцолдож байхдаа дахин зугтаах гээд хувцас тайлагдаад үлдсэн...” гэсэн мэдүүлэг /хх146-147/, 

- гэрч Н.Бийн “2022 оны 3 дугаар 18-ны өдрийн 17 цагийн үед ажлын хамт олноороо ажлын ах Гантулгын гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, 26 дугаар байранд очиж архи согтууруулах ундаа хэрэглэсэн. Тэгээд тэндээс 23 цагийн үед би ажлын найз Нын хамт гараад дэлгүүрээс 0.75 литрийн хэмжээтэй “Эдэн” нэртэй архинаас 1 шилийг, 2 литрийн хэмжээтэй Түмний кола ундаанаас 1 ширхгийг авчхаад манай найз охин Энхжингийн ажил дээр очиж уухаар болоод 23 дугаар байрны баруун талын зам дээрээс такси барих гээд гар өргөөд зогсож байтал үл таних 3 залуу бид хоёр дээр ирчхээд махлагдуу залуу нь намайг шууд түлхээд унагаасан. Тэгээд Ныг тэр гурван залуу нийлж байгаад зам дээр унагаагаад Нын өмсөж явсан гадуурх куртик, цамцыг нь тайлаад авчихсан. Тэр гурван залуугийн туранхай өндөр биетэй эрэгтэй нь намайг "нааш ир" гээд дуудахаар нь би зугтаад Хархорин захын автобусны буудал орчмоос таксинд суугаад гэртээ ирсэн. Тэр гурван залуугийн намхан биетэй онигор нүдтэй эрэгтэй нь Ныг цохиж унагаагаад эд зүйлийг нь булааж авсан...” гэсэн мэдүүлэг /хх36/, шүүх хуралдаанд “...тэр хар хувцастай Х гэх махлагдуу ах нүүр рүү түлхэж унагаасан, мөн тэр Х гэх ах цагдаа гээд байсан, цагдаа дуудаад эргээд ирэхэд хүн байгаагүй, куртикийг нь тайлж авсныг мэдэхгүй байна...” гэж мэдүүлсэн. 

- гэрч Б.Эрын “...2022 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд такси үйлчилгээнд хүн авах гээд Саппорогоос 3, 4 дүгээр хороолол чигтээ машиндаа ганцаараа явж байтал Саппорогийн арын замын уулзвар дээрээс 3, 4 дүгээр хороолол чигтээ дээгүүрээ цээж нүцгэн, доогуураа хар жинсэн өмдтэй 25 орчим насны намхан, онигор нүдтэй, нүүр ам нь цус болчихсон залуу гүйгээд явж байхаар нь би машинтай хажуугаар нь өнгөрөхдөө “яасан бэ зүгээр үү” гэж асуухад тэр залуу “ах аа надад туслаач, дүү нь 3 залууд чирүүлж, зодуулаад дээрэмдүүлчихлээ” гээд чичирчихсэн зогсож байхаар нь би тэр залууг хорооллын Өргөө кино театрын хойно байрлах гэрт нь хүргэж өгчхөөд явсан. Тэр залуу дээгүүрээ цээж нүцгэн “3 залууд куртик эд зүйлээ дээрэмдүүлчихлээ” гээд зүүн мөр, гарын шуу зулгарсан байдалтай байсан. Бас тэр залуу “ах аа тэр залуус миний куртик эд зүйлсийг маань авчхаад бөөр тус газар дэвсээд байсан” гээд уйлчихсан ярьсан...” гэсэн мэдүүлэг /хх39/,

- гэрч З.Цэийн “...манай хүү Т.Н нь Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг юм. 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдөр над руу шөнө танихгүй дугаараас баахан залгасан байсан ба намайг утсаар авахгүй болохоор таксины хүн гэсэн утгатай мессеж бичсэн байсан юм. 2022 оны 3 дугаар сарын 19-ний өдөр над руу танихгүй дугаараас Т.Н хүү маань залгаад урьд шөнө хүмүүст зодуулаад дээрэмдүүлээд үхэх шахлаа, тамир тасартал намайг хөөгөөд манай нутгийн Түнхэл сумын Сэлмээ ахтай адилхан хүн байсан. Миний Аркаана гэж нэрийг дуудаад байсан гэж хэлсэн. ... манай хүүгийн амьдардаг байрны эзэн эмэгтэй над руу залгаад танай хүү чинь 2022 оны 3 дугаар сарын 18-ны шөнө дээгүүрээ нүцгэн эрүү нь зуураад нэлээн даарч зодуулсан байдалтай ирээд илүү түлхүүр байна уу гэж асуухаар нь түлхүүр өгч гэрт нь оруулсан гэж хэлсэн. Тэгээд би хүү Т.Наас хувцсаа яасан юм бэ гэж асуухад миний хувцас, гар утас эд зүйлсийг нь маань тэр хүмүүс авч үлдсэн. Би арай гэж зугтааж гэртээ ирсэн гэж хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх151/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 4618 дугаартай “... Т.Нын биед дух, баруун зовхи, зүүн чих, цээжний зүүн хэсэг, зүүн шуу, 2 өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх42/, хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн, тэмдэглэл /хх67-75/ зэргээр тогтоогдож байна.

            5. Хохирогч Т.Н эхний 3 удаагийн мэдүүлэгтээ “...үл таних залуу миний уруулан дээр татаж байсан тамхины цогийг унтраасан, эд зүйлийг аваад, машин руугаа чирээд хээр гаргаж ална гээд байсан, тэгээд би арай гэж зугтаасан...саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл рүү чирсэн...” гэсэн байх боловч шүүх хуралдаанд тийм зүйл болоогүйг тодорхой мэдүүлсэн, мөн хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн нүүрэнд түлэгдсэн шарх гэмтэл байгаагүй болохыг тодорхойлсон байна.

            6. Шүүгдэгч нарын хувьд цэргийн баяр тэмдэглэсэн Сонгинохайрхан дүүргийн 15 хорооны 23 дугаар байранд байх нэгнийхээ гэр рүү явж байсан гэсэн нь тэдгээрийн мэдүүлэг, хяналтын камерын бичлэг, байрны орцны хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн баримтаар тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нарыг хохирогчийг машин руу чирсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            7. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын дүрс бичлэг бүхий дискт “хөөж байгаа” гэх дүрс бичлэгийг үзлэг хийсэн тэмдэглэлд тусгаагүй нь учир дутагдалтай юм. Тухайн бичлэгийг шүүх хуралдаанд шинжлэн судлахад бараан хувцастай гурван хүн дараагаараа гүйж байгаа бичлэг бичигдсэн, хамгийн урд талд гүйж байгаа хүнийг хохирогч шүүх хуралдаанд оролцох үедээ “түрүүлээд гүйж байгааг” өөрийгөө гэсэн, мөн энэхүү нөхцөл байдал нь эхний маргалдаан, зууралдааны дараах байдал, энэ үед хохирогч дээгүүрээ хувцастай байсан болохыг хуралдаанд хохирогч, шүүгдэгч нар батлан мэдүүлсэн болно.

Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагааг хэрэгжүүлэгч мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд нотлон тогтоох үүргээ биелүүлэлгүй, шүүгдэгч нарыг хохирогчийн эд зүйлийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэж хэт нэг талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь учир дутагдалтай болохыг тэмдэглэж байна.

8. Түүнчлэн хэргийн газарт байсан гэрч болох Н.Боос мэдүүлэг авахдаа нөхцөл байдлыг тодруулсан асуулт огт тавиагүй, хохирогчийн эд зүйлийг хэрэн булааж авсан, маргаан зодоон болж байхад хоорондоо ямар, үг яриа болсон, үйл явдал цаашид хэрхэн үргэлжилсэн талаар асууж тодруулаагүй нь учир дутагдалтай байна. Түүнчлэн гэрч шүүх хуралдаанд оролцох үедээ маргаан, зууралдаан болж байхад шүүгдэгч Ю.Хтой харилцан ярилцсан, цагдаа дууд гээд байсан, зугтаагаад цагдаа дуудах гэж яваад буцаад ирэхэд хохирогч, шүүгдэгч нарыг байхгүй байсан талаар мэдүүлсэн болно.

            9. Хохирогч, гэрч нарын такси барих гээд зогсож байсан, мөн цаг хугацаанд шүүгдэгч нар нь нэгнийгээ сугадсан, гуйвсан байдалтай зам гарч, хохирогч, гэрч хоёрын дэргэд очиж байгаа, улмаар зогссон такси хөдөлж явсан, цаад талд нь маргаан зодоон болж байгаа нөхцөл байдал гудамжны хяналтын камерын дүрс бичлэгт тусжээ.

            Гэтэл хохирогч, гэрч нар нь ямар шалтгаанаар шүүгдэгч нартай муудалцаж, зодоон эхлэх болсон, шүүгдэгч нар тэдэнд хүч хэрэглэсэн нөхцөл байдлыг мэдүүлэгтээ тодорхой мэдүүлсэн зүйл байдаггүй, харин шүүгдэгч нарын мэдүүлсэн “хөгшин согтуу юмнууд” такси булаацалдаад гэж хэлснээс болж маргаан болсон гэсэн нь үндэслэлтэй байна.

            10. Шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нарын үйлдэл нь үл ялих зүйлээр шалтгаалсан, танхайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй, согтууруулах ундааны зүйл уусан үедээ олон нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд бүлэглэн хүч хэрэглэн халдаж, зодсон, хохирогчид хүч хэрэглэхээр хөөцөлдөн хөөсөн, дахин хохирогчид хүч хэрэглэсэн үйлдэл нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, нийтийн хэв журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.  

            11. Харин олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдэхдээ бусдын эд хөрөнгийг дээрэмдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Учир нь дээрх баримтуудаар шүүгдэгч нар болон хохирогч, гэрч нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, цэргийн баяр тэмдэглэсэн байдалтай явсан, улмаар доромж үг хэллээ гэж маргаан болсон байх ба харин бусдын эд хөрөнгийг бүлэглэн дээрэмдэх санаа, сэдэлт, зорилгоор үйлдлээ хэрэгжүүлсэн гэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 

            12. Хэдий шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нар нь хохирогчийн бараан хувцас, ундааг барьсан орцоор ирж байгаа нь хяналтын камерын дүрс бичлэгт тод гарсан байх боловч тэднийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. Харин нийтийн хэм журмыг зөрчин гудамж талбайд бүлэглэн зодолдсон, зодолдож байх үедээ хохирогч зугтаахын тулд хувцсаа тайлж үлдээсэн гэж үзэх үндэслэлтэй.

          13. Нөгөөтэйгөөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг дээрэмдэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэх шинж нь нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан, эмх замбараагүй байдал үүсгэх, улмаар энэхүү үймээнт нөхцөл байдлыг далимдуулан бусдын эд зүйлийг дээрэмдэж буй онцлог шинжтэй байдгаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан дээрэмдэх гэмт хэргээс ялгагддаг.  

          14. Тиймээс дээрэмдэх шинж тогтоогдоогүй үндэслэлээр прокуророос шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөв.  

          15. Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

         

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

16. Шүүх хуралдаанд хохирогч Т.Н нь хохирол төлөгдсөн, нэхэмжлэх зүйлгүй гэжээ. Иймд шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

17. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөд 1 жил 2 сар, шүүгдэгч Ю.Х Ц.Э нарт тус тус 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргасан болно.

18. Шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь болсон нөхцөл байдлаа үнэн зөвөөр нь мэдүүлж, хэргээ хүлээсэн, тэдгээрийн хувьд бага насны хүүхдүүдтэй, эрхэлсэн тодорхой ажил төрөлтэй, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж шийдвэрлүүлэх санал гаргасан.

19. Шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

20. Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан гэм буруугийн хэлбэрт тохирсон ял оногдуулах нь зөв байна.

21. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно” мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ... хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж тус тус хуульчилжээ.

22. Иймд шүүгдэгч нарын хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, гэр бүлийн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгын хүрээнд шүүгдэгч нарыг нийгмээс тусгаарлахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, хуульд заасан үүрэг хүлээлгэн шийдвэрлэх нь зөв байна.

Иймд шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, Ю.Х, М.Мө нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

23. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

24. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, тэдгээрийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй тус тус дурдав.

25. Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулдаг, мөн зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар мөн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, хязгаарлалтыг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэдэг болохыг шүүгдэгч нарт анхааруулж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.  

2. Шүүгдэгч Мө, Э, Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э, М.Мө, Ю.Х нарт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.      

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч нарт “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэдгээр нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР