Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/920

 

 

 

 

 

 

 

 

      2022           7         18                                          2022/ШЦТ/920

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,

шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч К.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1072 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б /РД:/,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижир энгэрийн 3-34 тоотод хардалтын улмаас Н.Бийг цохиж, зодон, цаасны хутгаар чихний ар хэсгийг нь зүсэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 849 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон бол, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Ж.Б, хохирогч Н.Б нь нар танилын харилцаатай байх бөгөөд 2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Ар шижир энгэрийн 3-34 тоотод шүүгдэгч нь хохирогч Н.Б-г өөрийн эхнэр Б.Ба-тай хардан цохиж, зодон биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Н.Б-ийн “...Би...2022 оны 5 дугаар сарын 09-ний өдөр өөрийн гэрийн ойролцоох үхрийн баасыг хогонд ачуулчхаад найз Бгээс “баас ачиж байна, танайх баасаа ачуулах юм уу” гэхэд ачуулъя гэхдээ одоо би гэртээ байхгүй...байна чи ачуулчих гэхээр нь би...Б-гийн...эхнэр Бат хэлэхээр ороход Ба “би 4 сартай нялх хүүхэдтэй болохоор гарч чадахгүй байна, чи гараад ачуулчхаач” гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд гарсан юм. Тэгээд...18 цагийн үед гэртээ ирээд байж байтал Б манай гэрт ирээд намайг хамт Рашаант явчхаад ирье гээд бид хоёр Рашаант очиход Б 2 шил 0.75 литрийн экс архи авсан юм. Тэгээд бид хоёр буцаж манай гэрийн ойролцоо ирээд авсан архинаасаа нэг шилийг нь задалж тал хүртэл нь уусан...Тэгээд сууж байгаад Б гэнэт “чи яагаад манай гэр лүү ордог юм” гээд миний баруун шанаа хэсэг рүү гараараа хоёр удаа цохиод “би алах гэж энд авч ирсэн юм, одоо би чамайг ална” гээд машинаасаа цаасны хутга гаргаж ирээд миний хацар, чихний ар хэсэг рүү 4-5 удаа зүсээд, ууж байсан архитай шилээр миний толгой дээр цохихоор нь би...зугтаагаад, гэр лүүгээ ороод хэвтэж байтал Б удалгүй ардаас орж ирээд миний нүүр лүү хөлөөрөө нэг удаа дэвсээд, нуруу, цээж хэсэг рүү хэд хэдэн удаа өшиглөсөн...би эмчилгээ хийлгэсэн, нийт 600.000 төгрөг гарсныг Б нь дансаар шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх9-11/,

            - гэрч У.Агийн “...2022 оны 5 дугаар сарын 09-ний орой 18 цагийн үед би нөхөр Б-ийн хамт гэртээ байж байхад...Б Б-г дуудаад аваад явсан юм...Тэгээд 21 цагийн үед...Б-гийн гэрт ороод Батэй хамт гэрт нь байж байхад 22 цагийн үед Б согтуу орж ирэхээр нь би “манай нөхөр яасан бэ” гэж асуухад Б “би танай нөхрийг алчихсан, танай нөхөр Ба хоёр явалдаад удсан байна” гэж хэлсэн. ..Тэгэхээр нь би...гэр лүүгээ ороход Б хүнд зодуулсан байдалтай нүүр амнаас нь цус гарчихсан байхаар нь би цагдаа дуудчихаад гэртээ байж байтал Б орж ирээд орон дээр хэвтэж байсан Бийг орон дээрээс татаж унагаагаад, нүүр хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохихоор нь би болиулаад Бийг босгоход дахин морины хусуураар толгой хэсэг рүү нь хоёр удаа цохиод гараад явчихаар нь...морины жүчээ рүү Бийг оруулчхаад би гадаа байж байтал Б дахиж ирээд “Б хаана байна” гээд хайж олж байгаад дахин нүүр хэсэг рүү нь хэд хэдэн удаа гараараа цохиод, бие хэсэг рүү нь хэд хэдэн удаа өшиглөчхөөд морины жүчээнээс гараад явж байхад нь цагдаа нар ирсэн юм...” гэсэн  мэдүүлэг /хх23-24/,

            - 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, шүүгдэгч Ж.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...миний бие хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, маш их гэмшиж байна....хохирогч Бд 600.000 төгрөгийг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх36/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 6902 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Н.Бийн биед зулай, чих, хацар, шанаанд зүсэгдсэн шарх, зовхи, хацар, шанаа, уруулд цус хуралт, хамар, хацар, хүзүү, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна...” гэжээ. /хх27/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг цохиж зодсон, цаасны хутгаар зүссэн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Н.Б нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаагүй, 600.000 төгрөгийг хохиролд авсан, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан.

9. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хохирол төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч Ж.Б-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хууль заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-г 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР