| МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг 1дүгээр хороо дүгээр байр тоот ТЭДС Хариуцагч: Баянгол дүүрэг дугаар хороо дугаар хороолол дугаар байр тоотод оршин суух, онд төрсөн настай, Боржигон овогт Ш Л Гэрээний үүрэг 3.686.250 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Э, хариуцагч Ш.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ш.Л нь 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр манай сантай гэрээ байгуулж 5.000.000 төгрөгний үнэ бүхий FT-200 маркын хадлангийн иж бүрдэл бүхий 1 ширхэг тракторыг урьдчилгаа 2.500.000 төгрөгийг төлж, үлдэгдэл 2.500.000 төгрөгийг 5 жилд тэнцүү хуваан төлөхөөр худалдаж авсан. Гэрээний дагуу төлөх үлдэгдэл 2.500.000 төгрөгийг төлөөгүй. Үлдэгдэл төлбөрт 1.250.000 төгрөг төлнө гэж байгааг нь зөвшөөрөх боломжгүй. Сайдын тушаалаар таркторын үнийг 5.000.000 төгрөгөөр худалдах тушаал гарсан байдаг тул би дур мэдэн үнийг бууруулах боломжгүй. Иймд хариуцагч Ш.Лгээс тракторын үлдэгдэл үнэ 2.500.000 төгрөг, алданги 1.186.250 төгрөг нийт 3.686.250 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв. Хариуцагч Ш.Л шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус сангаас хадлангийн тракторыг, дагалдах хэрэгслийн хамт 2.500.000 төгрөгөөр худалдан авсан. Тракторыг хөдөө байдаг хүнд авч өгсөн. Хэрэгт байгаа санхүүгийн түрээсийн гэрээ гэдгийг эднийхтэй хийгээгүй. Гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш гэдгийг шинжээч нотолсон. Гэрээний утга агуулга, сайдын хэдэн оны тушаалыг үндэслэсэн он сар өдөргүй ийм гэрээ би хийгээгүй. Би тракторыг авсан нь үнэн учир үнээс 1.250.000 төгрөгийг төлнө. Тухайн үед энэ ажлыг хариуцсан албан тушаалтнууд гэрээ хийхгүй ажлын хариуцлага алдсан тул би тракторийн үнийн талыг төлье гэж байна гэв. Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь: Нэхэмжлэгч ТЭДС нь хариуцагч Ш.Лд холбогдох гэрээний үүрэг 3.686.250 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ. Үйлдвэр хөдөө аж ахуйн яам нь БНХАУ-ын Шандун Фотон ловол хэви индастри интернэйшнл трейдинг компанитай 2012 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж FT200 трактор, FT250 трактор, хадуур тармуур, анжисийг нийт 27.930.000 ам доллараар худалдан авч сайдын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/08 тушаалаар бага оворын тракторыг дагалдах иж бүрдэлийн хамт худалдах үнийг 5.000.000 төгрөгөөр тогтоож, 50 хувийн урьдчилгаа төлбөртэй, үлдэгдлийг дараагийн 5 жилд тэнцүү хуваан төлөх нөхцөлтэйгээр борлуулж, зээлийн эргэн төлөлтийг төвлөрүүлэх журмыг хавсралтаар баталсан байна. Хариуцагч нь “Санхүүгийн түрээсийн гэрээг байгуулаагүй. Тракторыг 2.500.000 төгрөгөөр худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлагаас 1.250.000 төгрөгийг төлнө” гэж тайлбарлан маргажээ. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцохоор заасан, хариуцагч нь 2012 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилгаа 2.500.000 төгрөгийг төлж, 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр түүнд техник, тоног төхөөрөмж олгох зөвшөөрлийн хуудас олгогдсноор хариуцагч нь 5.000.000 төгрөгний үнэ бүхий FT200 тракторыг дагалдах иж бүрдлийн хамт хүлээлэн авсан тул Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Ш.Л нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээхээр заажээ. Ш.Л нь 5.000.000 төгрөгний үнэ бүхий техник тоног төхөөрөмжийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан тул хуульд зааснаар үнийг төлөх үүрэгтэй. Хариуцагч нь нэхэмжлэгч байгууллагатай Бага оворын тракторыг худалдан борлуулах санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээг байгуулаагүй, шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг минийх биш гэдэг нь тогтоогдсон гэж тайлбарласан нь үндэслэлтэй боловч зохигчийн хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгчээс эд хөрөнгийг хүлээн авсан талаар хариуцагч маргаагүй тул хуульд зааснаар үнийг төлөх үүрэгтэй байна. Нэхэмжлэгч нь Санхүүгийн түрээсийн гэрээг үндэслэн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээгээр алданги гаргуулахыг шаардсан боловч, талуудын хооронд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги тооцох талаар бичгийн гэрээ байгуулагдаагүй тул алданги 1.186.250 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй. Иймд хариуцагч Ш.Лгээс 2.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТЭДСд олгож, үлдэх 1.186.250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнг дурьдаж, хариуцагчаас хангасан үнийн дүнгийн хэмжээгээр төлбөр гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэв. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хариуцагч Ш.Лгээс 2.500.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ТЭДСд олгож, үлдэх 1.186.250 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т -д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн дурьдаж, хариуцагч Ш.Лгээс 54.950 төгрөг гаргуулж улсын төсвийн дансанд оруулсугай. 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА |