Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/923

 

 

 

 

 

 

 

     2022            7           18                                           2022/ШЦТ/923

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Э.Чанцалням /томилолтоор/,

шүүгдэгч С.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.У-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Ут холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0990 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн,  29 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч, гар утас засварчин мэргэжилтэй, хувиараа гар утас засвар, сэлбэгийн худалдаа эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт, урьд:

   - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 857 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил хорих ялаар оногдуулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 3 сарын хугацаагаар хойшлуулсан,

   У /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч С.У нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч С.Б-ийн согтуурсан байдлыг нь далимдуулан 2 ширхэг гар утас, Хаан банкны виза карт, цахим иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг хулгайлан авч, улмаар уг картад байсан 375.000 төгрөгийг гаргуулан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 535.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 777 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч С.У:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч С.У нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд шүүгдэгч С.У нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд хохирогч С.Б-тэй хамт архи согтууруулах ундааны зүйл уусан. Улмаар хохирогчийн согтсон байдлыг далимдуулан түүний эзэмшлийн Самсунг Эс-5, Самсунг Эс-6 эджи маркийн гар утас, Хаан банкны виза карт, цахим иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг авч, улмаар уг картаас 375.000 төгрөгийг гаргуулан авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч С.Б-ийн “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянхошууны шинэ эцэс дээр зүс таньдаг С.У-тэй тааралдсан. Намайг танимхайраад “ахаа, намайг танихгүй байгаа юм уу” гэхээр нь би “таньж байна” гэж хэлсэн. ...Бид хоёр 0.33 литрийн Хараа нэртэй архи аваад хувааж уусан. ...Нэмж архи ууя гэхээр нь би өөрийнхөө виза картын 0514 гэсэн дугаартай кодыг хэлсэн. ...Би тасарч унтаад 13 цагийн орчим сэрэхэд миний Самсунг Галакси Эс-6 эджи маркийн цагаан өнгийн гар утас, Самсунг Галакси Эс-5 маркийн хоёр гар утас, иргэний цахим үнэмлэх, Хаан банкны виза карт алдагдсан. Банк ороод дансны үлдэгдлээ шалгахад данснаас 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цаг 25 минутад 375.000 төгрөг гарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх10-12/,

- гэрч Э.Энхзаяагийн “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр би зүс таних У-тэй Баянхошууны Хөтөл дээр өдөр тааралдсан. У архи уусан, халамцуу байсан ба “Манай ах надад виза картаа өгсөн юм. Чи надтай хамт яваад АТМ-ээс мөнгө аваад өгөөч” гэхээр нь ...Зурагтын шинэ эцсийн АТМ-ээс надад хэлсэн кодоор нь 375.000 төгрөг авч өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх14/,

- Хохирогч С.Б-ийн 5005986568 дугаартай депозит дансны дэлгэрэхгүй хуулга /хх28/,

- 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. /хх4-6/ зэрэг баримтууд, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.  

3. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн 2 ширхэг гар утас, виза карт, цахим үнэмлэх зэргийг зөвшөөрөлгүй авч явсан, мөн банкны картыг ашиглаж, данснаас мөнгө гаргаж авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 015 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Самсунг фирм, Галакси Эс-6 эджи” загварын гар утсыг 70.000 төгрөг, “Самсунг фирм, Галакси Эс-5” загварын гар утас 65.000 төгрөг, Хаан банкны виза карт 5.000 төгрөг, иргэний үнэмлэх 20.000 төгрөг, хохирогчид нийт 535.000 төгрөгийн хохирол учирчээ.

4. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

5. Иргэний хуулийн 497.1, 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд учруулсан хохирлыг мөнгөн дүнгээр шүүгдэгч нь хариуцан төлөх нь зөв байна.

6. Хохирогч С.Б-д учирсан 535.000 төгрөгөөс хохирол төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-ээс 535.000 төгрөг гаргуулж, хохирогч С.Б-д олгуулахаар шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч С.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

8. Шүүгдэгчийн хувьд гэм буруугаа хүлээж байна, хохирлоо төлөхөө илэрхийлж байна байна гэжээ.

9. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч С.У нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдлыг нь харгалзан түүнд хорихоос бусад төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сүхбаатарын Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ут 360 /гурван зуун жаран/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Уээс 535.000 /таван зуун гучин таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч С.Б-д  олгуулсугай.

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР