Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/926

 

 

 

 

 

 

 

     2022            7           18                                           2022/ШЦТ/926

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Ж.Отгончимэг,

шүүгдэгч Т.Н, түүний өмгөөлөгч Я.Батханд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Отгончимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Нд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208000001121 дугаартай хэргийг 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, ах, эгч нарын хамт урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Н /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өглөөний 05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын гудамжинд 52-50 УБЦ дугаартай Приус-30 маркийн таксигаар үйлчлүүлсэн Б.А-ын согтуурсан байдлыг далимдуулан “Самсунг Реалми-ЖТ” загварын гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлж 1.105.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 821 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухай: шүүгдэгч Т.Н:

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Н нь гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын мэдүүлэг, тайлбарыг дүгнэн үзэхэд Т.Н нь 2022 оны 5 дугаар сарын 26-ны өглөө 05 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Овоотын гудамжинд 52-50 УБЦ дугаартай Приус-30 маркийн таксигаар үйлчлүүлсэн хохирогч Б.Аын согтуурсан байдлыг далимдуулан “Самсунг Реалми-ЖТ” загварын гар утас, Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь хохирогч Б.Аын “... 2022 оны 5 дугаар сарын 26-ны өглөө үүрээр 05 цагийн орчимд найз Отой гандангийн хойд талын автобусны буудал дээрээс такси бариад суусан ба тухайн үед би нэлээн согтуу, О мөн нэлээд согтуу байсан. Бид нэг бааранд сууж байгаад гарсан. Автобусны буудал дээр цагаан өнгийн Приус-30 маркийн машин зогсож байсан ба уг машинд суугаад гэр лүүгээ хүргүүлэхээр явсан. Нэлээн согтуу байсан болохоор машинд ороод унтсан. О яаж явсныг мэдэхгүй. Нэг сэрсэн чинь хашаан дотор байсан машиндаа ороод унтсан байсан ба өглөө 09 цагийн үед сэрсэн. Тэгээд сэрсэн чинь миний гар утас байхгүй байсан ба халаасанд байсан бэлэн мөнгө байсан. Согтуу үедээ машинд суугаад шалавч дээр унагаасан байж магадгүй. Бааранд байхдаа эхнэр лүүгээ залгасан чинь утсаа авахгүй байсан ба сая баарны гадна камерыг шүүсэн чинь 04 цаг 46 минутад цагаан өнгийн Приус-30 маркийн улсын дугаар нь харагдахгүй машинд суусан байсан. 2022 оны 3 сард 2.100.000 төгрөгөөр Реалми ЖТ мастер гар утас авсан. Миний Реалми-ЖТ загварын гар утсыг эрүүгийн мөрдөгч надад бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би шүүх хуралд оролцохгүй...” гэсэн мэдүүлэг /хх13-15/,

- гэрч Н.Омын “...тэндээсээ гараад зүс таних хүнтэй тааралдаад 04 цаг 40 минут хүртэл юм яриад зогсож байгаад автобусны буудал дээр зогсож байсан таксинд суугаад гэр лүүгээ явсан. Тэгээд юу болсон талаар санахгүй байна. Аа яаж явсныг бас мэдэхгүй байна. Намайг буулгаад явсан байх гэж бодож байна. ... Аа утсаар ярьж байсан ба дараа нь автобусны буудал дээр зогсож байсан цагаан өнгийн Приус-30 маркийн машинд суугаад явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх17/,

- гэрч Ж.Мдийн “...Намайг унтаж байхад Н сэрээгээд энэ залууг буулгая гэхээр нь би урд сууж байгаад арын хаалгыг онгойлгоод уг согтуу залууг татаж буулгасан. Буулгах үед сандал дээр ягаан өнгийн том гар утас байсан ба арын таг дээр реалми гэсэн бичигтэй гар утас байсан. Н уг гар утсыг аваад сандал завсар хавчуулаад хийсэн. Би Нд гар утас нь үлдсэн байна гэж хэлсэн чинь Н авчихаа гээд шууд авсан...” гэсэн мэдүүлэг /хх60/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх5-7/, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

 

3. “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 020 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд “Realme GT master” загварын гар утсыг 1.100.000 төгрөгөөр, Хаан банкны карт 5000 төгрөгөөр үнийн дүнг тогтоожээ.

4. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэйгээр буюу өөрт ашигтай байдал бий болгох зорилгоор бусдын өмчлөх эрхэд халдан, эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар төгсдөг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг болно.

Шүүгдэгч нь хохирогчийн гар утас болон банкны картыг зөвшөөрөлгүй авч явсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх ба уг үйлдлийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 1.105.000 төгрөгийн хохирол учирсан байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.

6. Хохирогч Б.А нь эд зүйлээ биет байдлаар нь хүлээн авсан /хх8-9/, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлжээ. Иймд хохирол төлөгдсөн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

7. Улсын яллагчаас шүүгдэгч Т.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан.

8. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эд зүйлийг бүрэн бүтэн буцааж өгсөн, гэм буруугаа ухамсарлаж байгааг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж өгнө үү гэжээ.

9. Хулгайлах гэмт хэрэг нь шунахайн сэдэлттэйгээр үйлдэгддэг тул тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх боломжгүй. Харин шүүгдэгч нь хохирогчид эд зүйлийг буцаан өгч учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.  

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын байдал, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

11. Шүүгдэгч Т.Н нь урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн байх тул түүнд хорихоос бусад төрлийн ял оногдуулах нь зүйтэй байна.

12. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      М.МӨНХБААТАР