Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/927

 

 

 

 

 

 

 

      2022           7         18                                          2022/ШЦТ/

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Д.Ширэндэв,

хохирогч Э.Б,

шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ширэндэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Мд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 1148 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

М /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SL” нэртэй бааранд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Э.Бгийн нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 841 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Н.М.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Н.М нь 2022 оны 5 дугаар сарын 26-аас 27-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “SL” нэртэй бааранд хохирогч Э.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Э.Бгийн “...Би 2022 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 01 цагийн орчим найз охин Дгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах бааранд орсон ...Д бүжгийн талбай руу гарч хүмүүстэй бүжиглэж байсан. Тэгтэл нэг залуу очоод хоргоогоод байх шиг болохоор нь би очоод больчихоо ..гэж хэлсэн. ..Тэгтэл нөгөө залуу уурлаж, баруун гараараа миний нүүр лүү нэг удаа цохисон. ..Тэгээд дээд талын хоёр шүд эвгүй болчихоор нь шүдээ хартал миний үүдэн хоёр шүд мултраад уначихсан...” гэсэн мэдүүлэг /хх8-9, 12-13/,

            - гэрч М.Дгийн “...Тэгтэл Б над дээр ирж..нөгөө залууд найз охин зүгээр бүжиглүүлээч гэж хэлсэн. Тэгтэл нөгөө залуу чи банди минь яах гээд байгаа юм гэж хэлээд зодолдох гэж байхаар нь би дундуур нь орж салгасан...Тэгтэл нөгөө залуу Бгийн нүүр лүү нэг удаа баруун гараараа цохисон. Б тухайн залууд цохиулаад амнаас нь цус гарсан бөгөөд цусаа хаясан чинь хоёр шүд нь газарт унасан...дээд талын хоёр шүдийг тухайн залуу цохиод унагачихсан...” гэсэн мэдүүлэг /хх17-18/,

- гэрч Н.Сын “...М бид хоёр “SL” нэртэй шөнийн цэнгээний клуб караоке гэх газар орсон...М бүжгийн талбай дээр 1 хүнтэй муудалцаад цохичих шиг болсон би хальт харсан...” гэсэн мэдүүлэг /хх26/,

- 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх2/,

- шүүгдэгч Н.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...тэр үед үл таних 1 залуутай муудалцаан болоод найз охин нь гэх охин дундуур орж салгасан. Салаад явж байтал араас өдөөд хэл амаар доромжлоод байхаар нь би буцаж очоод 1 удаа нүүр лүү нь баруун гараараа цохисон...” гэсэн мэдүүлэг /хх43-46/ зэргээр нотлогдон тогтоогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 7781 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Э.Бгийн биед доод уруулд шарх, цус хуралт, баруун дээд 1, зүүн дээд 1 дүгээр шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо...мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой...хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх33/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүүр тус газарт цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Э.Б нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор 6.658.500 төгрөгийн баримтыг гаргаж, бусад зардлыг тооцон 7.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заажээ.

Хохирогч нь үүдэн дээд 2 шүд хиймлээр хийлгэх эмчилгээ хийлгэсэн талаарх баримт, төлбөр төлсөн баримтыг нотлох баримтын шаардлага ханган ирүүлсэн байна.   

Иймд Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн эрүүл мэндийг нөхөн сэргээхэд гаргасан зардал болох 6.658.500 төгрөгийг шүүгдэгч Н.Маас гаргуулан олгуулж, хохирогч нь хор уршигтай холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Хохирогч болон шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар санал хэлээгүй болно.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Н.М нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Н.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөр огт төлөөгүй нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгох оногдуулах нь зохимжтой гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Мыг 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497.1, 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Маас 6.658.500 /зургаан сая, зургаан зуун тавин найман мянга, таван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Э.Бд олгосугай.

6. Хохирогч нь хор уршигтай холбоотой холбогдох бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР