Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 2131

 

 

 

 

 

2018 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 102/ШШ2018/02131

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх  хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг  дугаар хороо  дугаар байр  тоотод оршин суух,   онд төрсөн настай, Боржигон овогт ОБ

Хариуцагч: Баянгол дүүрэг  дугаар хороо 10 дугаар хороолол 8 дугаар байр 12 тоотод оршин суух, онд төрсөн  настай,  овогт Х.Д

            Хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, орон сууцнаас оногдох 35.000.000 төгрөг, гал тогтооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Б, өмгөөлөгч Б.Б, хариуцагч Х.Д, өмгөөлөгч Н.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр нар оролцов.

                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Х.Дтэй 2008 онд танилцаж хамтран амьдарч 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Д.Мг төрүүлсэн. Бид 2017 оны 12 дугаар сар хүртэл хамт амьдарсан. Х.Д аливаа асуудалд бие даан шийдвэр гаргах чадваргүй, эцэг эхийн гар харж төлөвшсөн. Бид 2015 оноос хойш Х.Дгийн дүүгийн гэр бүлийнхэнтэй хамт амьдарч ирсэн. Дүүгээс нь болж бид хоорондоо хэрэлдэж маргалддаг байсан. Хэд хэдэн удаа надад гар хүрч байсан боловч энэ талаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Цаашид бид хамт амьдрах хүсэлгүй болж хоёр тийш болсон. Охиноо өөрийн асрамжид авч, тэтгэлэг тогтоолгоно. Хамт амьдарч байхдаа банкны зээлд хамрагдаж 3 өрөө орон сууцтай болсон. Би үндсэн зээлдэгч. Гэхдээ Х.Д хамтран зээлдэгчээ олж миний нэрийг үндсэн зээлдэгчээс хасуулж гэрээгээ өөрсдийнхөө нэр дээр шинэчлэн байгуулж, цаашид зээлийн төлбөрийг өөрөө бие даан төлөх, миний хувьд зээлийн үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдөж, орон сууцыг Х.Дгийн өмчлөлд үлдээж, оногдох хэсэгт 25.000.000 төгрөг гаргуулна. Нэхэмжлэлээс 10.000.000 төгрөг, гал тогтооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка гаргуулах гэсэн шаардлагаас татгалзаж эвлэрлээ. Энэ асуудлыг боломжит хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцож байна. Х.Д нь охин Д.Мтай долоо хоногийн 4 өдөр уулзахад эх миний зүгээс ямар нэг саад хийхгүй гэв.

Хариуцагч Х.Д шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2010 оноос хамтран амьдарч охинтой болсон. 2017 оноос тусдаа амьдарч байна. Цаашид хамт амьдрахгүй. Охиноо ээжийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлж, охиноо харж хандаж явна. О.Б хүүхдэд янз бүрийн юм зааж өгч надтай уулзуулахгүй байгаа. Цаашид охинтойгоо холбоотой, уулзаж баймаар байна. Охинтойгоо уулзахад О.Бгийн зүгээс ямар нэг дарамт шахалтгүй чөлөөтэй уулзахыг хүсч байна. О.Б бид хоёр банкнаас зээл авч 3 өрөө орон сууцтай болж өмчлөгчөөр хоёулаа бүртгэгдсэн. Түүнд оногдох хэсэг 25.000.000 төгрөгийг өгч, өөрийн өмчлөлд орон сууцыг үлдээнэ. Цаашдын зээлийн төлөлтөө дангаар хийж явна. Дүүтэйгээ ярьж байгаад орон сууцны зээлийн гэрээний үндсэн зээлдэгчээс О.Бг хасуулж, орон сууцны зээлийн гэрээг өөрсдийн нэр дээр шилжүүлэн авна. Энэ асуудлыг шийдвэрлэхэд О.Б өөрийн зүгээс дэмжиж туслан ойрын үед боломжит хугацаанд хийж гүйцэтгэхээр тохиролцлоо. Нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгө гал тогтооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка нэхэмжилсэн шаардлагаас татгалзсан. Охинтойгоо уулзахад эх О.Бгийн зүгээс ямар нэг саад учруулахгүй байхыг даалгаж өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад      

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Нэхэмжлэгч О.Б нь  хариуцагч Х.Дд холбогдох хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгөөс орон сууцны оногдох хэсэгт 35.000.000 төгрөг, гал тогтооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

О.Б, Х.Д нар 2008 онд танилцаж улмаар хамтран амьдарч 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр охин Д.Мг төрүүлсан, зан харилцааны таарамжгүй байдлын улмаас 2017 оны 12 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа болох нь шүүх хуралдаанд зохигчийн тайлбарласан тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээ гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, хариуцагч нар цаашид хамтран амьдрахгүй       гэж тайлбарлан О.Б нь охин Д.Мг өөрийн асрамжид үлдээх шаардлага гаргасан, эцэг Х.Д хүүхдийг эхийн асрамжид үлдээж, тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна.

Хэдийгээр хүүхэд эхийн асрамжид үлдэж байгаа боловч эцэг Х.Д нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан хүүхдээ асран хамгаалах, хүмүүжүүлэх эрх үүрэг нь хэвээр болно.

Нэхэмжлэгч орон сууцны оногдох хэсэгт гаргуулах 35.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөг, гал тогооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, Х.Д 25.000.000 төгрөгийг О.Бд өгч Голомт банкны ипотекийн зээлийн 53.623.505.77 төгрөгийн орон сууцны зээлийн төлбөрийг хариуцагч Х.Д цаашид дангаар үргэлжлүүлэн төлж, 3 өрөө орон сууцны үндсэн зээлдэгчээс Б.Болортуяаг хасуулах ажлыг талууд боломжит хугацаанд тохиролцон хийж гүйцэтгэхээр тохирсон. Мөн охин Д.Мтэй эцэг Х.Д 7 хоногийн 4 өдөр уулзахад эх О.Бгийн зүгээс ямар нэг саад учруулахгүй байхаар эвлэрлийн гэрээнд тусгаж эвлэрсэн байна.

 Дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг гаргуулах шаардлагад талууд эвлэрсэн тул тэдний тохиролцоогоор шийдвэрлэх нь зүйтэй.

            Иймд 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Мг эх О.Бгийн асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Д.Мг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, түүнийг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр  сар бүр  тэтгэлэг  гаргуулан Х.Дгээр тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгч орон сууцны оногдох хэсэгт гаргуулах 35.000.000 төгрөгийн 10.000.000 төгрөг, гал тогооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, Х.Д 25.000.000 төгрөгийг О.Бд өгч Голомт банкны ипотекийн зээлийн 53.623.505.77 төгрөгийн орон сууцны зээлийн төлбөрийг хариуцагч Х.Д цаашид дангаар үргэлжлүүлэн төлж, 3 өрөө орон сууцны үндсэн зээлдэгчээс Б.Болортуяаг хасуулах ажлыг талууд боломжит хугацаанд тохиролцон хийх, охин Д.Мтэй эцэг Х.Д 7 хоногийн 4 өдөр уулзахад эх О.Бгийн зүгээс ямар нэг саад учруулахгүй байхыг нэхэмжлэгчид даалгаж шийдвэрлэв.

Хэргийг шийдвэрлэхтэй холбогдуулж нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  438.200 төгрөгийг улсын төсөвт  хэвээр үлдээж, хариуцагчаас 353.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

 

 

ТОГТООХ нь:

 

           1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2010 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин Д.Мг эх О.Бгийн асрамжид үлдээсүгэй.

  2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин Д.Мг 11 нас хүртэл түүний оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар,  11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг Х.Дгээр тэжээн тэтгүүлсүгэй.

  3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

  4. Иргэний Хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д зааснаар хариуцагч Х.Дгээс 25.000.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгосугай.

5. Нэхэмжлэгч О.Б нь орон сууцны оногдох хэсэгт гаргуулах үнийн дүнгээс 10.000.000 төгрөг, гал тогооны тавилга, телевиз, угаалгын машин, хөргөгч, плитка гаргуулах шаардлагаас тус тус татгалзаж, Голомт банкны ипотекийн зээлийн 53.623.505.77 төгрөгийн орон сууцны зээлийн төлбөрийг хариуцагч Х.Д цаашид дангаар үргэлжлүүлэн төлж, 3 өрөө орон сууцны үндсэн зээлдэгчээс Б.Болортуяаг хасуулах ажлыг талууд боломжит хугацаанд тохиролцон хийж гүйцэтгэхээр эвлэрсэнг дурьдсугай.

6. Хариуцагч Х.Д нь охин Д.Мтай 7 хоногийн 4 өдөр уулзахад эхийн зүгээс ямар нэг саад учруулахгүй байхыг нэхэмжлэгч О.Бд даалгасугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 438.200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Х.Дгээс 353.150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Бд олгосугай.

            8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.                     

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.КУЛЬДАНА