Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/930

 

 

 

 

 

 

 

      2022           7         19                                          2022/ШЦТ/930

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Б.О, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Ундрахаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00000 0920 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 36 настай, эмэгтэй, дээд боловсролтой, байгаль хамгаалагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, хүүхдүүдийн хамт, , 32в байрны 9 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

О /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.О нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Дүүргийн засаг даргын шинэ байрны 701 тоотод хохирогч Т.Мг нөхөртэйгөө хардсаны улмаас үсдэж, зулгаан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар хэсгийн үсний уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 605А дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.О.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.О нь 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Дүүргийн засаг даргын шинэ байрны 701 тоотод хохирогч Т.Мг нөхөртэйгөө хардсаны улмаас үсдэж, зулгаан зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зулайн ар хэсгийн үсний уналт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Т.Мгийн “...2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гадуур ажилтай явж байгаад өдөр ажил дээрээ ирэхэд манай өрөөнд үл таних эмэгтэй миний сандал дээр суугаад ширээн дээр хөлөө тавьсан байдалтай байхаар нь “чи яаж байгаа юм, хэн бэ, хөлөө ширээн дээрээс буулга” гэсэн чинь тэр эмэгтэй “чи миний амьдралыг самарлаа” гэж хэлээд ширээн дээр байсан эд зүйлийг гараараа түлхэж унагаасан юм. Тэгэхээр нь би тэр эмэгтэйд “чи гэртээ харьж наад гэр бүлийнхээ хэрүүлийг хий” гэж хэлсэн чинь намайг шууд үсдэж, миний үснээс тавихгүй байсан. Тухайн үед миний толгойн үснээс их хэмжээний үс унасан. Тэгээд нөхөр А нь ирээд салгасан чинь манай өрөөнөөс гараад явсан юм. Тэгээд дараа нь би цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. Аын эхнэр Б.О нь миний толгойны үснээс зулгааж миний биед гэмтэл учруулсан. Би Б.Оы нөхөр Атай нэг газарт ажилладаг ба өөр ямар нэгэн харилцаа холбоо байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх17/,

- гэрч Ж.Цын “Би Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны шинээр баригдсан Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын 7 давхрын 701 тоот өрөөнд хамт ажилладаг Б.Эийн хамт өдрийн 13-14 цагийн хооронд байж байсан чинь үл таних эмэгтэй гаднаас орж ирээд Т.Мгийн суудаг ширээний сандал дээр суугаад ширээн дээр нь хоёр хөлөө гаргаж тавьсан. Тэгэхээр нь би “хэн бэ, яагаад ширээн дээр хөлөө тавиад суугаад байгаа юм бэ” гэж тухайн эмэгтэйгээс асуухад үл таних эмэгтэй ямар нэгэн зүйл хэлээгүй. Ингээд удаагүй Т.М гаднаас орж ирээд тухайн эмэгтэйд хандаад “чи яаж байгаа юм бэ, энэ чинь албан газар” гэж хэлсэн чинь тэр эмэгтэй босож ирээд ширээн дээр байсан эд зүйлийг газарт унагаасан юм. Тэгсэн чинь М үл таних хоёр эмэгтэйн хооронд чи манай нөхөртэй явалдсан энэ тэр гээд хэрэлдэж байснаа үл таних эмэгтэй Т.Мгийн үснээс зулгаасан. Тэгээд Т.М бас тухайн эмэгтэйн үснээс зулгаагаад хоорондоо орилоод байж байсан чинь үл таних эмэгтэйн нөхөр А салгасан юм.” гэсэн мэдүүлэг, /хх142/, гэрч Б.Эийн мэдүүлэг, /хх 144/,

            - 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх1/, Камерын бичлэгт үзлэг хийсэн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн тэмдэглэл /хх104-108/, зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5970 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Т.Мгийн биед тархи доргилт, зулайн ар хэсгийн үсний уналт гэмтэл тогтоогдлоо, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх39/ Мөн 516 дугаар бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр өмнөх 5970 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэжээ. /хх137/

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн үснээс зулгааж, үстсэн үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Б.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

6. Хохирогч Т.М нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотойгоор нотлох баримтыг гаргаагүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Оыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

7. Хохирогч Т.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтлийг эмчлүүлсэнтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирлоо төлсөн тул торгох ялын доод хэмжээгээр торгож өгнө үү гэжээ.

10. Хэрэгт авагдсан нотлох баримтаас шүүгдэгч Б.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

11. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.

12. Иймд шүүгдэгч Б.О  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, хөдөлмөр эрхэлдэг нөхцөл байдлыг харгалзан торгох ялыг сонгох оногдуулах боломжтой гэж дүгнэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

13. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Оыг 500 нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  3 /гурав/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн диск 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Т.М нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хортой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР