Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 123/ШШ2021/0010

 

 

2021 оны 04 сарын 02 өдөр                 Дугаар                                           Зуунмод сум

                                            123/ШШ2021/0010

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Н, Б.Ү,

Хариуцагч: Төв аймгийн С сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Н, Б.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б,  Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Саранчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н, Б.Ү нар шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие эхнэр Б.Нийн хамт Төв аймгийн С сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар захирамжаар Өндөр дов хэмээх газар “Д” ХХК-ийн дэргэд тус бүр  0.07 газрыг 60 жилийн хугацаатай эзэмшихээр авч 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр, иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулж 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн м ХХК-аар кадастр хийлгэн газрын бүртгэлтийн санд оруулж эхний жилийн газрын төлбөрийн төлүүлсөн. Ингээд уг газарт 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулах гэтэл тухайн газар Шинэ нисэх онгоцны буудлын хязгаарлалтын бүс гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй маргаантай байсан. Гэтэл С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжаар миний эзэмшлийн газрыг төлбөр төлөөгүй үйл ажиллагаа явуулаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Би өөрийн эхнэр Б.Нийн хамтаар Төв аймгийн Засаг дарга болон аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжид холбогдуулан гомдол гаргасан боловч аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 07/1019 дугаартай хариу мэдэгдэх хуудсаар миний гомдлыг хангахгүй шийдвэрлэсэн юм. Иймд Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаартай захирамжийн хавсралтын Б овогтой Ү, Б овогт Н нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н нар нь 2008 онд тодорхой координат бүхий 0,7 га газрыг эзэмшиж байсан. Ингээд уг газарт ажиллагаа явуулах гэтэл тухайн газар Шинэ нисэх онгоцны буудлын хязгаарлалтын бүс гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй маргаантай байсан. Энэ талаар нэхэмжлэгч нар бичгээр хандаж байгаагүй амаар хэлж ярьж байсан. Тухайн газар Шинэ нисэх онгоцны буудлын хязгаарлалтын бүс гэх шалтгаанаар мөн газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, төлбөр төлөөгүй гэсэн үндэслэлээр Газрын тухай хуулийг зөрчсөн гэж үзэж газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон. Энэ нь цаг хугацааны хувьд тодорхойгүй. Газар эзэмшиж эхлэх цаг хугацааг хэдий үеэс тоолохыг захиргаа тодорхойлж чадаагүй. Мөн улсын тусгай хэрэгцээнд авсан гэх боловч мэдэгдлийг сүүлд хүргүүлсэн. Сонсох ажиллагааг зохих журмын дагуу хийгээгүй, оролцогч нарын эрхийг хязгаарласан, Газрын тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсгийг үндэслэн захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй. Иймд захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг дарга Л.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Б.Н, Б.Ү нарын 2020 оны 12 сарын 18-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж чадахгүй болно. Тус сумын нутаг хөшигтийн хөндийд Засаг даргын 2008 оны А/188 дугаар захирамжаар иргэн Б.Н, Б.Ү нарт тус тус 0.07 га газрыг зуслангийн зориулалтаар эзэмшүүлсэн. Тухайн газраа зориулалтын дагуу эзэмшиж ашиглаагүй, мөн Газрын тухай хуулийн 16.1.13-т зааснаар Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154-р тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авагдсан олон улсын нисэх онгоцны буудлын 12084,9 га газартай давхацсан. Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5 дахь заалтыг үндэслэн хүчингүй болгосон. Иргэн Б.Н, Б.Ү нарт 2018 оны А/133 дугаар захирамжаар хүчингүй болгосныг мэдээгүй гэж хэлсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 43.6 дахь хэсэгт зааснаар Захиргааны актыг мэдэгдвэл зохих этгээд 20 буюу түүнээс дээш тооны байх тохиолдолд төлөөлөгч байхгүй бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдэгдэж болно гэсний дагуу 2017 оны 11 сарын 21-ний өдрийн Зууны мэдээ сонин №232 дугаарт зарлан мэдээлсэн нь Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулсан. Б.Н, Б.Ү нарын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэжээ.

   Хариуцагч Төв аймгийн С сумын Засаг даргын итгэмжлэгдсэн  төлөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Б.Ү, Б.Н нарт Засаг даргын захирамжаар 60 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн. Энэ шийдвэр нь 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140, 2016 оны 154-р тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авагдсан газартай давхцаж байгаа, 2008-2018 он хүртэл сумын Засаг даргад албан ёсны хүсэлт гарган байршилаа өөрчлүүлэх, газраа зориулалтын дагуу ашиглах боломжтой байсан. Мөн газрын төлбөрийн хувьд иргэн Б.Н нь 2013, 2015 онд төлсөн ба бусад онд төлөөгүй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараах үндэслэлээр нэхэмжлэгч Б.Н, Б.Ү нарын “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Н, Б.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалт, Монгол Улсын Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь хэсэг, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх заалтыг тус тус үндэслэн С сумын нутаг дэвсгэр Хөшгийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх онгоцны буудлын зориулалтаар улсын тусгай хэрэгцээнд Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоол, 2016 оны 154 дүгээр тогтоолоор авсан 12000 га газартай давхцалтай, Газрын тухай хуулийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг зөрчсэн гэх үндэслэл дурьдаж...иргэн Б.Н, Б.Ү нарын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна[1].

2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт газар эзэмшигчийн үүргийг “35.3.1.газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.2.газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалттай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх, 35.3.3. газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” хэмээн тус тус тодорхойлж, газар эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний  газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “...сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно: 40.1.5.эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол” гэж тус тус заажээ.

3. Төв аймгийн С сумын Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 118 дугаар захирамжаар тус сумын Өндөр дов хэмээх газарт /“д ХХК-ийн дэргэд байршилтай/,  0.07 газрыг Б.Үад, 0.07 га газрыг Б.Нд тус тус 60 жилийн хугацаагаар эзэмшүүлж[2], газар эзэмшигч тус бүртэй 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан, гэрээнд зааснаар газрын төлбөрт жилд тус бүр 5600 төгрөг төлөх үүрэг хүлээлгэсэн[3], 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдөр газрын кадастрын мэдээллийн санд бүртгэсэн байна[4].

4. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...уг газарт 2010 оноос хойш үйл ажиллагаа явуулах гэтэл тухайн газар Шинэ нисэх онгоцны буудлын хязгаарлалтын бүс гэх шалтгаанаар үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөөгүй маргаантай байсан...” гэсэн тайлбар гаргажээ.

Төв аймгийн С сумын Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/297, 02/332 дугаар албан бичгүүдээр “Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг үндэслэн 2008 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 118 тоот захирамжаар 0.07 га газар эзэмшсэн боловч үйл ажиллагаа явуулаагүй тул хүчингүй болгох” тухай мэдэгдлийг хүргүүлсэн. Уг мэдэгдлийг нэхэмжлэгч нар хүлээн авсан боловч хариуцагчид хандан тайлбар хүсэлт гаргаагүй болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тодруулбал “газар ашиглах талаар маргаантай байсан гэх нөхцөл байдал баримтаар нотлогдохгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нэхэмжлэгч нар амаар хэлж ярьж байсан, бичгээр гаргаж байгаагүй...газар ашиглуулаагүй тул газар дээр барьж байгуулсан юм байхгүй” гэсэн тайлбар гаргасныг хүлээж авах боломжгүй байна.

С сумын Засаг дарга газраа зориулалтын дагуу ашиглаагүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлах тухай мэдэгдлийг 2017 онд анх нэхэмжлэгч нарт өгсөн, нэхэмжлэгч нар тухайн үед хариу мэдэгдээгүй байх тул хариуцагчийн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж зааснаар сонсох ажиллагааны мэдэгдлийг нэхэмжлэгч нарт хүргүүлсэн, харин нэхэмжлэгч нар уг мэдэгдлийг хүлээн авсан ч 2018 оны 04 сар хүртэл хугацаанд хариу өгөөгүй, санал хүсэлт гаргаагүй байх тул нэхэмжлэгч талын Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагаа явуулаагүй гэх тайлбар үндэслэлгүй гэж үзлээ.

5. Монгол Улсын Засгийн газар 2010 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 140 дугаар тогтоолоор Төв аймгийн С сумын Хөшгийн хөндийд баригдах “Олон улсын нисэх онгоцны буудал”-ын дэвсгэр нутагт орших 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авч, 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 154 дүгээр тогтоолоороо 2010 оны 140 дүгээр тогтоолын хавсралтаар “Тусгай хэрэгцээний газрын хилийн зааг”-ийг өөрчилж тогтоосон байх бөгөөд тусгай хэрэгцээний газар нэхэмжлэгч Б.Н, Б.Ү нарын эзэмшлийн газартай давхацсан болох нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 07/94 дугаар албан бичиг[5], 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 07/153 дугаар албан бичиг[6], хавсарган ирүүлсэн зураглалаар нотлогдож байна. Үүнээс үзвэл нэхэмжлэгч нарт эзэмшүүлсэн газрыг тусгай хэрэгцээнд авсан байх тул “тусгай хэрэгцээний газартай давхцалтай” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарыг шууд буруутгах хууль зүйн үндэслэлгүй, харин хариуцагч энэ нөхцөл байдлыг хуульд заасан арга журмаар шийдвэрлэх үүрэгтэй болно. Хариуцагч энэхүү үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг батлан гаргаагүй, харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтыг баримтлан шийдвэр гаргасан. Хариуцагч “Зууны мэдээ” сонины 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 232 дугаар хэвлэлд[7] тусгай хэрэгцээний газартай давхцалтай газар эзэмшигчдийн газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгох...” талаар мэдээлсэн, уг мэдээлэлд нэхэмжлэгч нарын эзэмшлийн газар давхацсан талаар бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 27.2.2-т “хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх” гэж зааснаар эзэмшилд олгосон газрыг нь тусгай хэрэгцээнд авсан тухай сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлсэн гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

 

6. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзвэл газар эзэмшүүлэх гэрээнд зааснаар газрын төлбөрт жил бүр 5600 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй, Б.Н 2009-2018 онуудад газрын төлбөр бүрэн төлөөгүй 2013 онд 5600 төгрөг, 2015 онд 5600 төгрөг төлсөн, Б.Ү 2009-2018 онуудад газрын төлбөр төлж байгаагүй нь Төв аймгийн Газрын харилцаа Барилга, хот байгуулалтын газрын тодорхойлолт, хавсралтаар[8] нотлогдож байх тул нэхэмжлэгч нарыг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасан, газар эзэмших гэрээгээр хүлээсэн “газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх” үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Дээр тогтоогдсон нөхцөл байдлуудаар нэхэмжлэгч нар Газрын тухай хуулиар хүлээсэн “газрыг төлбөрийг жил бүр төлөх, эзэмшлийн газраа зориулалтын дагуу ашиглах” үүргээ хэрэгжүүлээгүй болох нь тогтоогдож байх тул С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Н, Б.Ү нарт холбогдох хэсэг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2-д тус тус заасантай нийцсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 40.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Н, Б.Ү нарын “Төв аймгийн С сумын Засаг даргын 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн А/113 дугаар захирамжийн Б.Н, Б.Ү нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.  

   

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.ОДСҮРЭН

 

 

 

 

[1] 1-р хавтаст хэргийн 5-6-р  хуудас

[2] Хавтас хэргийн 8-11 дахь тал,

[3] Хавтас хэргийн  12-15 дахь  тал,

[4] Хавтас хэргийн 16, 18 дэх тал,

[5] Хавтаст хэргийн 47-р хуудас

[6] Хавтаст хэргийн 63-65-р хуудас

[7] 1-р хавтаст хэргийн 44-45-р хуудас

[8] Хавтаст хэргийн  66-68-р хуудас