Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0178

 

2024 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0178

Улаанбаатар хот

 

 

“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Ж.Ч,

 

Нэхэмжлэгч: “Х” ХХК

Хариуцагч: “М” ТӨХК

Хариуцагч: “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо

Гуравдагч этгээд: “МА” ХХК

 

  Нэхэмжлэлийн шаардлага: “1. М” ТӨХК-аас зарласан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “МА” ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 06 тоот хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “МА” ХК-тай байгуулсан “М-23/430 дугаартай даатгалын гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 3. “М” ТӨХК-д “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” тухай;

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0102 дугаар шийдвэртэй;

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О, Г.Б,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г,

Хариуцагч “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Б.Э, Э.О нар;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0025/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-аас “М” ТӨХК, “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “М” ТӨХК-аас зарласан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “МА” ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, Тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “МА” ХК-тай байгуулсан “М-23/430 дугаартай даатгалын гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, “М” ТӨХК-д “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг, 34.1.5 дахь заалт, 34.2, 34.3, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-ийн гаргасан гомдлын /нэхэмжлэлийн/ шаардлагад дурдсан “М” ТӨХК-ийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6 тоот хурлын шийдвэр, тус шийдвэрийн дагуу “МА” ХК-тай байгуулсан М-23/430 дугаартай даатгалын гэрээг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 /зургаан/ сарын хугацаатай түдгэлзүүлж, 2 дахь заалтаар: 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан гомдлын /нэхэмжлэлийн/ үлдсэн шаардлага болох “М” ТӨХК-д “Х” ХК-тай даатгалын гэрээ байгуулахыг даалгах тухай” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “М” ТӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч нараас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Үүнд: ...

 

3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан үндэслэл нь шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд маргаан бүхий захиргааны акт нь хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт хэргийн бодит нөхцөл байдалтай холбоотой “өөр бусад үндэслэлээр” тухайн акт нь хууль хууль ёсны байж байж болохуйц байх бөгөөд шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тохиолдолд хэрэглэдэг. Гэхдээ өөр бусад үндэслэл гэдэг нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн зөвтгөх, шүүхийн шинжлэн судлах боломжгүй бусад бодит үндэслэл байхаас бус, тухайн актын хууль зүйн үндэслэлийг өөр үндэслэлээр солих тухай ойлголт биш юм.

 

3.2. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.40-1.43-д “...Захиалагчаас боловсруулсан ТШЗ-ны 17.6.5-д тодорхойлсон Нийт нөөц сан нь дээрх журмын дагуу боловсруулагдсан эсэх нь эргэлзээтэй, мөн захиалагчийн боловсруулсан шаардлагад "орлогод тооцоогүй нөөц"-ийг давхар даатгалын хойшлогдсон хураамжийн хассан дүнгээр гэж, "нийт нөөц сан"-г давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр гэж, “нийт нөөц сан”-г давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр гэж тодотгож өгөөгүй байсан тул "Х" ХХК-ийн гаргаж өгсөн даатгалын нөөц сангийн дүн нь Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлсон даатгалын нөөц сангийн дүнгээс их буюу зөрүүтэй гарчээ. Иймд хариуцагч нь дахин шинэ акт гаргахдаа тендер шалгаруулалтын зааварчилгаанд даатгалын нөөц санг зөв тодорхойлсон эсэхээ зайлшгүй нягтлах шаардлагатай гэж шүүх дүгнэлээ.” ...гэсэн нь Захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу зарлагдсан нээлттэй цахим тендерийн ТШЗ-д заасан "Техникийн чадавхи болон туршлагын шалгуур үзүүлэлтээр шаардсан ТББ-ийг дахин боловсруулж, зөв тодорхойлохыг шаардсан нь үндэслэлгүй байна.

 

3.3. Үйл баримтыг тодруулбал: "М” ТӨХК-ийн зарласан "Агаарын хөлгийн иж бүрэн даатгал"-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах М/202301087 дугаартай ТББ-т заасан санхүүгийн нөөц сан чадавхийн шаардлагыг оролцогч даатгалын компаниуд хангаж буй эсэх асуудлыг ТШЗ-17.6.5-ийн 7 дах хэсэгт ... Нийт нөөц сан/ орлогод тооцоогүй хураамжийн нөөц+ нөөц сан /8 тэрбум төгрөгөөс багагүй байх /Сүүлийн 3 жилийн дундаж/. /Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр ирүүлэх/ шаардлага Захиалагчийн зүгээс тавьсан.

 

3.4. Захиалагчийн зүгээс нөөц сан гэдэг агуулгыг Даатгалын багц дүрмийн 3 дугаар хавсралт “Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх хуваарилах, түүнд хяналт тавих журам”-д заасан доор дурдсан нөөц сангуудын нийлбэрээр тодорхойлж ТШЗ-д шаардсан.

-Тайлагналын өдөр болон түүнээс өмнөх хугацаанд даатгалын тохиолдол нь болсон боловч даатгагчид мэдэгдээгүй байгаа даатгалын тохиолдлын улмаас үүсэх даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Учирсан боловч мэдэгдээгүй хохирлын нөөц сан /УБМХНС буюу англиар incurred dut not reported-IBNR/

-Даатгалын тохиолдол болсон тухай даатгагчид мэдэгдсэн бөгөөд даатгалын нөхөн төлбөр олгоогүй байгаа даатгалын нэхэмжлэлтэй холбогдох даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Мэдсэн боловч төлөөгүй хохирлын нөөц сан (МБТХНЁ буюу англиар Reported but not Paid-RBNP);

-Даатгагчийн хүчин төгөлдөр даатгалын гэрээтэй холбогдон тайлант хугацаанаас хойш гарах нийт нөхөн төлбөр ба зардлын орлогод тооцоогүй хураамжаас давсан хэсгийг нөхөн төлөх даатгагчийн хүлээх хариуцлагын дүн буюу Учирч болзошгүй хохирлын нөөц сан (УБХНС буюу Unexpired risk reserve-URR);

-Тусгай нөөц сан.

3.5. Харин орлогод тооцоогүй хураамжийн нөөц гэдэг агуулгыг мөн журмын 2.5.7-д заасан "Даатгагч энэ журмын 2.1-д заасан даатгалын нөөц сангаас гадна даатгагчийн даатгалын хариуцлага дуусаагүй байгаа даатгалын гэрээ бүрийн хувьд "хувь тэнцүүлсэн арга"-аар буюу тайлагналын өдрөөр даатгалын гэрээний хүчинтэй үлдэх хугацаанд хувь тэнцүүлэн тооцсон даатгалын хураамжийн хэсгүүдийн нийлбэрээр орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг байгуулна" гэсэн агуулгаар тодорхойлж

 

Нөөц сан + орлогод тооцоогүй хураамжийн нөөц = нийт нөөц сангийн хэмжээ 8 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тодорхойлж ТББ боловсруулсан.

 

3.6. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэг 1.41 -1.42-т шүүх Захиалагч нь ТШЗ-ны 17.6.5-д заасан чадавхийн шаардлагыг зохих журмын дагуу үндэслэлтэй тодорхойлоогүй мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Учир нь шүүх Захиалагчийн зүгээс СЗХ-нд хүргүүлсэн тодруулга хүссэн албан бичиг ТШЗ-17.6.5-д заасан шаардлагаас зөрүүгүй байхад Санхүүгийн зохицуулах хороо "орлогод тооцоогүй нөөц"-ийг давхар даатгалын хойшлогдсон хураамжийн хассан дүнгээр гэж, "нийт нөөц сан"-г давхар даатгагчид ногдох хэсгийг хассан дүнгээр тооцоолж ирүүлсэн үйл баримтыг үнэлэхдээ "М” ТӨХК-ийг буруутгаж нөөц санг буруу тодорхойлсон хэмээн дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлд "Даатгалын нөөц сангийн хэмжээ, нөөц санг бүрдүүлэх болон хөрөнгө оруулалтад байршуулах нөхцөлийг даатгалын багц дүрмээр тогтоох бөгөөд, даатгалын нөөц сангийн хөрөнгөний дансны бүрдүүлэлт, зарцуулалт Зохицуулах хорооны хяналтад байх"-аар зохицуулсан байгаа нь даатгагчийн нөөц сантай холбоотой СЗХ-оос ирүүлсэн тодруулгыг үнэн зөв гэж чадавхийн үнэлгээнд харгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй.

 

3.7. Тодруулбал, Маргаан бүхий тендер шалгаруулалттай холбоотой “МА” ХК болон “П” ХХК-иас гомдол гарч Тендерт оролцогчийн гомдлын дагуу Сангийн яам оролцогчийн гомдлыг хянан үзээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8515, 03/8514 тоот "Гомдол хянасан тухай" албан бичгээр Захиалагчийн үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийх шаардлага ирүүлсэн.

 

3.8. Сангийн яамны 03/8515 дугаар албан бичигт "Захиалагчийн ТББ-т болон СЗХ-ны 2023-08-25-ны өдрийн 9/3339 тоот албан бичигт "нийт нөөц санд тогтвортой байдлын нөөц сангийн дүнг нэмж тооцох талаар заагаагүй байх тул “Х” ХХК-ийн нийт нөөц сангийн мэдээллийг ТББ-ийн ТШЗ-ны 28.1-д заасныг үндэслэн СЗХ-оос тодруулж хянан үзэх нь зүйтэй".

 

3.9. Сангийн яамны 03/8514 дугаар албан бичигт... "СЗХ-ны 2023-10-23-ны өдрийн 9/4031 тоот албан бичигт заасан нийт нөөц санг тооцсон аргачлал болон ТББ-ийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.6.5-д заасан нөөц санг тооцох аргачлал хоорондоо зөрүүтэй байхад үнэлгээний хороо орлогод тооцоогүй хураамжийн нөөц сангийн дүн байхгүй байхад үнэлгээ хийсэн байх тул “МА” ХХК-ийн нийт нөөц сангийн мэдээллийг ТББ-ийн ТШЗ-ны 28.1-д заасныг үндэслэн СЗХ-оос тодруулж хянан үзэх нь зүйтэй".

 

3.10. Үнэлгээний хороо 2023-11-20-ны өдөр хуралдан Сангийн яамны дээрх албан бичгийн дагуу 2023-11-22-ны өдрийн №01/2515 албан бичгээр “Х” ХХК болон “МА” ХК-ийн нийт нөөц сангийн үзүүлэлтийг доорх хүснэгтийн дагуу ирүүлэх тодруулга хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн.

 

3.11. Санхүүгийн зохицуулах хорооны ирүүлсэн албан бичигт “Х” ХХК-ийн нөөц сангийн хэмжээ тендерийн баримт бичигт тодорхойлсон нийт нөөц сангийн хэмжээнд хүрэхгүй байсан тул татгалзаж, шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “МА” ХК-ийг хамгийн сайн тендерээр шалгаруулсан.

 

3.12. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.27-д ... ТШЗ 19.6-д "Тухайн даатгалын жилийн төлбөрийг 12 сард хуваан төлнө" гэж заасан байх ба “МА” ХК нь төлбөрийг 12 хуваан төлнө гэсэн албан бичиг илгээсэн боловч албан ёсны слип гэрээний төсөл дээр 4 хуваан төлөхөөр тавсан нь тендерийн баримт бичигт нийцээгүй" хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

 

3.13. Учир нь ТББ-ын 2 бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 19.6-ын 4-т "Тухайн даатгалын жилийн төлбөрийг 12 сард хуваан төлнө. Урьдчилгаа төлбөр төлөхгүй." гэж Захиалагч шаардсан. "МА" ХК нь 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 23/1036 дугаартай албан бичгээр ТШЗ-н 19.6-д заасны дагуу даатгалын хураамжийг 12 хувааж төлөхөө баталгаажуулж ирүүлсэн. /ТББ-ийн Хавсралт 9... 338 хуудас/ Захиалагч нь дотоодын даатгагчтай байгуулах гэрээний нөхцөлийг ТББ тусгасан бөгөөд Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 19.6-ын 4 заалт нь дотоодын даатгагчтай байгуулах гэрээний нөхцөл юм. Өөрөөр хэлбэл Слип гэрээний төлбөрийг 12 хуваан төлөхийг шаардаагүй бөгөөд слип гэрээний төлбөрийн нөхцөл нь дотоодын даатгагч, давхар даатгагч нарын хоорондын тохиролцооны дагуу төлөгдөх нөхцөл юм

 

3.14. AON UK Limited Давхар даатгалын брокерт хураамжийг 4 хувааж төлнө гэсэн SLIP гэрээ явуулсан ба энэ нь "МА" ХК болон AON UK Limited-ын хоорондын харилцаа тул, тендерийн нөхцөл журам болон ТШЗ-н 19.6-д заасан төлбөрийн нөхцөлд харшлахгүй бөгөөд Захиалагч нь Слип гэрээнд зайлшгүй тусгагдах асуудлыг ТШЗ-ийн 17.6.5-д тусгайлан шаардсан бөгөөд энэ шаардлагад даатгалын хураамжийг хэд хувааж төлөх тухай шаардлага тавигдаагүй. Харин Захиалагч нь Слип гэрээг ТББ-ын 2 бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 17.6.5-ын 1,2,3,4,5 дугаар шаардлагад заасан нөхцөлүүдийг хангасан байдлаар ирүүлэхийг шаардсан бөгөөд энэ нь агаарын хөлгүүдийн даатгалын хамгаалалт, эрсдэл, хариуцлага, газрын болон засвар үйлчилгээний даатгал, ОХУ-ын дээгүүр үйлдэх нислэгтэй холбоотой шаардлагууд юм.

 

3.15. Тодруулбал, ТШЗ 17.6.5 Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт “Шаардана”

-2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор Лондон, түүнтэй дүйцэхүйц олон улсын даатгалын зах зээлд Даатгуулагчийн агаарын хөлгийг 100% байршуулан холбогдох даатгалын гэрчилгээг гаргаж өгөх баталгаа буюу Брокерын албан захидал, орчуулгын хамт ирүүлсэн байх.

-Агаарын тээвэрлэгчийн даатгалын иж бүрэн хамгаалалтын "Слип" гэрээний төслийн (агаарын хөлгийн бүх эрсдэлийн, гуравдагч этгээдийн өмнө хүлээх хариуцлагын, дайны бүлэг эрсдэлийн /AVN 52/, өөрт хүлээх хариуцлагын даатгалын хамгаалалт) Англи хэл дээрх эх хувийг, орчуулгын хамт ирүүлсэн байх.

-Даатгуулагч гэрээний үндсэн дээр гуравдагч этгээдийн агаарын хөлөгт үзүүлж буй газрын болон засвар үйлчилгээнээс гуравдагч этгээдэд учирч болзошгүй хохирлыг хариуцах даатгалд хамруулсан байх. /Слип" гэрээний төсөлд тусгагдсан байх/

-ОХУ-ын агаарын хилээр дамжин өнгөрөх нислэг үйлдэх боломжтой байх. /"Слип" гэрээний төсөлд тусгагдсан байх/

-ОХУ-ын нутаг дэвсгэрээр буух/хөөрөх нислэг үйлдэх боломжтой байх (ОХУ-ын буух /хөөрөх нислэгийг 7 хоногт 1-2 удаа өөрийн эзэмшлийн Боинг 767-300 агаарын хөлгөөр ИКАО-ийн зөвшөөрсөн олон улсын нислэгийн замыг ашиглан үйлдэхээр төлөвлөж байна) Слип гэрээний төсөлд тусгагдсан байх

 

3.16. Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын тухайд дотоодын даатгалын компани нь даатгуулагчийн өмнөөс валютын эрсдэлийг үүрэх, Слип гэрээний дагуу /слип гэрээ тогтсон стандарт загвартай үүний дотор даатгалын хураамж төлбөр 4 хуваан төлөх зохицуулалт ордог/ улиралд 1 удаа давхар даатгагч нарт хураамж төлөх үндсэн үүрэгтэй. Үүнийг олон улсын агаарын хөлгийн даатгалд 'fronting' гэж нэрлэдэг ба дотоодын даатгалын компани "М” ТӨХК-ийн даатгалыг олон улсын зах зээлд зуучлах, төлбөр шилжүүлэх үүрэгтэй ба даатгуулагчид бодит хохирол учрах тохиолдолд давхар даатгалын компани нөхөн төлбөр төлдөг зохицуулалт бүхий харилцаа юм.

3.17. ТББ-ын 2 бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 17.2.5-д "Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. /Шүүхийн маргааны холбогдох шийдвэрүүдийг тендерт ирүүлнэ./" гэж Захиалагч шаардсан бөгөөд төлбөрийн үүргийг гүйцэтгэсэн баримтыг шаардаагүй. “МА” ХК нь энэ шаардлагын баримтыг тендерийн 20-100 хуудсанд ирүүлсэн бөгөөд Захиалагчаас шаардсан баримтыг ирүүлж, уг шаардлагыг хангасан.

3.18. ТББ-ын 1 бүлгийн Тендер шалгаруулалтын зааварчилгааны ( ТШЗ) 16 дугаар зүйл, Ерөнхий нөхцөлийг магадлахад шаардлагатай баримт бичгийн 16.2.1, 16.2.2-т мөн шүүхийн архивын тодорхойлолт, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тодорхойлолтыг ирүүлэхийг шаардсан бөгөөд төлбөр төлсөн баримт ирүүлэхийг шаардаагүй. Мөн уг шаардлагыг Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 17.2.5-д заасан нь хуулийн 14 дүгээр зүйл, ТШЗ-ны 16 дугаар зүйлд заасан Ерөнхий нөхцөлийг магадлахаас гадна хуулийн 15 дугаар зүйл, ТШЗ-ны 17.1, 17.2, 17.2.5 заасан санхүүгийн чадавхыг магадлах шаардлага бөгөөд шүүхийн архивын тодорхойлолт, шүүхийн шийдвэрээр санхүүгийн чадавхад нөлөөлөх их хэмжээний өр, төлбөр байгаа эсэхийг шалгахад шаардсан нөхцөл юм.

3.19. “МА” ХК нь хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3.1-д. ТШЗ-ны 16.2.1, 16.2.2 заасан Ерөнхий нөхцөлийг хангасан хуулийн 15 дугаар зүйл, ТШЗ-ны 17.1, 17.2, 17.2.5 заасан санхүүгийн чадавхад нөлөөлөх их хэмжээний өр, төлбөргүй байх шаардлагыг хангасан. ШЕЗ-ийн лавлагаагаар "МА" нь 2021 оны 05 capaac 2023 оны 05 сар хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхэд хариуцагчаар татагдан даатгалын нөхөн төлбөр төлөх агуулга бүхий шүүхийн шийдвэрүүд байх боловч 2023-10-23-ны өдрийн байдлаар буюу тендер нээсэн өдрийн тухайд Худалдан авах ажиллагааны цахим системд ШШГЕГ-ийн лавлагаагаар "МА" нь шүүхийн шийдвэрээр иргэн хуулийн этгээдэд төлбөргүй болохыг тодорхойлсон тул Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 1.26-д “... чадавхын шаардлагыг хангасан гэж үзсэн нь буруу” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

 

3.20. ТББ-ын 2 бүлгийн Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 17.6-д "Сүүлийн 5 жилд М ТӨХК-тай гэрээ байгуулан ажиллаж байсан бол гэрээний биелэлтийг дүгнэсэн гэрээ дүгнэсэн акт, хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний хувьд явцын гэрээ дүгнэсэн актыг тус тус ирүүлнэ" гэж шаардсан бөгөөд "МА" ХК нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22/285 дугаартай Нисэх бүрэлдэхүүний амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын гэрээг Захиалагчтай байгуулсан. Уг гэрээний явцын тайланг гэрээ байгуулснаас хойш 7 сарын дараа тайлагнасан бөгөөд уг тайлангаар гэрээгээр олгосон нөхөн төлбөр нь гэрээний хураамжаас давсан үзүүлэлттэй байгаа талаар Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцэгдсэн нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №6 тоот хурлын тэмдэглэлд тусгагдсан. Захиалагчтай байгуулсан гэрээний хугацаа дуусаагүй, хүчин төгөлдөр үйлчилж буй гэрээний тайланг ирүүлсэн, гэрээний хэрэгжилт хангалттай үзүүлэлттэй байгаа нь Тендерийн өгөгдлийн хүснэгтийн (ТӨХ) ТШЗ-ын 17.6-д заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна.

3.21. Захиалагч нь “МА” ХК-тай шууд гэрээ байгуулсан нь нийтийн эрх ашиг байсан тухайд: “М” ТӨХК-ийн “П” ХК-тай байгуулсан Агаарын хөлгийн даатгалын гэрээний хугацааг 2 сараар сунгасан гэрээ 11 сарын 30-ны өдрийн 24 цагаар дуусаж байсан ба тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулах хугацааг мөрдөх боломжгүй байсан тул "М” ТӨХК Тендерийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дах хэсэгт заасны дагуу шалгарсан компанитай шууд гэрээ байгуулах замаар компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах буюу 2023 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 24 цагаас өмнө агаарын хөлгүүдийг олон улсын даатгалын зах зээлд 100 хувь байршуулж олон улсын хуваарьт нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлсэн.

3.22. 1999 оны Монтреалын конвенци, Иргэний нисэхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4. Иргэний нисэхийн багц дүрмийн 303 дугаар дүрэм болон М ТӨХК-ийн эзэмшиж буй Агаарын хөлгийн Түрээсийн гэрээнд "агаарын хөлөг нь албан даатгал хийлгэх эрх зүйн шаардлагатай" бөгөөд Агаарын хөлөг олон улсын давхар даатгалд даатгагдаагүй тохиолдолд "М” ТӨХК-ийн олон улсын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа бүхэлдээ зогсох, өөрөөр хэлбэл олон улсад нийтэд зарлагдсан тогтмол болон захиалгат нислэгийн ачаа болон тийз борлуулалтаас үүдэлтэй тээвэрлэлтийн гэрээнүүд цуцлагдах түүнээс үүдэн гарсан шууд болон шууд бус бүх зардлуудыг нөхөн төлөх үүрэг агаарын тээвэрлэгч М ТӨХК-д үүсэх ноцтой нөхцөл байдал үүснэ.

3.23. Учир нь, “М ТӨХК”-ийн Гүйцэтгэх захирлын тушаалын дагуу нислэгийн цагийн хуваарийг жилийн турш тасралтгүй суудал захиалгын системд нээлттэй зарлаж энэхүү батлагдсан нислэгүүдээр зорчихоор тийз худалдан авсан зорчигчдыг тээвэрлэх үүргийг “М ТӨХК” нь Монгол улсад төдийгүй олон улсад хүлээдэг. Түүнээс гадна Зорчигчдын эрэлт хэрэгцээг хангах, үйлчилгээний түвшинг сайжруулах зорилгоор мөрдөж буй нислэгийн цагийн хуваарийг жилийн турш суудал захиалгын системд нээлттэй байлгаж Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйл 20.1.9 дүгээр зүйл компанийн дүрмийн 8.1.11 дүгээр зүйлийг удирдлага болгон "Иргэний Нисэхийн багц дүрэм"-ийн 307.5-д заасны дагуу Захиалгат нислэгийг Захиалагч байгууллагатай байгуулсан гэрээний дагуу үйлдэх ИАТА-ийн өвөл зуны цагийн хуваарийг түүхэн цагаар суудал захиалгын системд оруулж борлуулалтыг тасралтгүй зохион байгуулах үүднээс гадаадын нисэх буудлуудтай бууж хөөрөх цагуудыг эцэслэн тохирдог бөгөөд Захиалгат нислэгийн гэрээний дагуу нислэг цуцлагдсанаас үүдэн гарах бүх хохирлыг тээвэрлэгч байгууллага хариуцдаг. “М” ТӨХК нь дараах борлуулалтын сувгаар дамжуулан тийз борлуулалтын үйл ажиллагаа явуулдаг. Тодруулбал:

Монгол Улсад:

-Тасалбар тээврийн төв

-Компанийн Вэб сайт

-Монголын БСП /банкаар тооцоо хийх систем /13 агент

-Шууд гэрээтэй 7 агент

 

Гадаад улс орнуудад:

-“М” ТӨХК-ийн төлөөлөгчийн газрууд

-Гадаадын орнуудын БСП

-Борлуулагч агент /Солонгост 7, Японд 5, Хятадад 2/

-Ерөнхий борлуулагч агент /Хонг Конг, Сингапур, Тайван, Энэтхэг, Австрали, Тайланд, АНУ, Европын 10 улс/ Эдгээр улс орнуудад байгаа Ерөнхий борлуулагч агентууд нь тухай улсын билет борлуулалтын агентуудад М компанийн нислэг, үнэ тарифын мэдээлэл өгч, тэдгээр агентуудаар борлуулалт хийдэг ба улс бүрийн агентын тоо харилцан адилгүй байдаг.

-3 гадаадын тээвэрлэгчтэй код хуваах хамтын ажиллагааны хүрээнд

-16 гадаадын авиа компаниудад тусгай тарифын гэрээний дагуу

-27 гадаадын авиа компаниудад интерлайны гэрээний дагуу;

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

  1. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “М” ТӨХК, тус компанийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “...тендерийн баримт бичигт тодорхой заасан 5 шаардлагуудыг “МА” ХК бүрэн хангаагүй байсаар байхад дахин үнэлгээгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т заасныг үндэслэн тендерт шалгаруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. ... “Х” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар бусад оролцогч байгууллагууд дундаас тендерийн шалгуурыг хангаж, шалгарсан боловч дахин үнэлгээ хийж Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9-4469 тоот мэдээлэл хүргүүлэх тухай албан бичигт ирүүлсэн тайлбарт үндэслэн нийт нөөц сан 8 тэрбум /сүүлийн 3 жилийн дундаж/ гэсэн шаардлагыг хангаагүй гэсэн шалтгаанаар тус тендерээс хассан ...үндэслэлгүй” гэж,

-хариуцагчаас “...Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн албан бичигт “Х” ХХК-ийн нөөц сангийн хэмжээ тендерийн баримт бичигт тодорхойлсон нийт нөөц сангийн хэмжээнд хүрэхгүй байсан тул татгалзаж, шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн “МА” ХК-ийг хамгийн сайн тендэрээр шалгаруулсан ... “М” ТӨХК-ийн “П” ХК-тай байгуулсан Агаарын хөлгийн даатгалын гэрээний хугацааг 2 сараар сунгасан гэрээ 11 сарын 30-ны өдрийн 24 цагаар дуусаж байсан ба тендерийн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан гэрээ байгуулах хугацааг мөрдөх боломжгүй байсан тул “М” ТӨХК Тендерийн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дахь хэсэгт заасны дагуу шалгарсан компанитай шууд гэрээ байгуулах замаар компанийн үйл ажиллагааг хэвийн явуулах буюу 2023 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 24 цагаас өмнө агаарын хөлгүүдийг олон улсын даатгалын зах зээлд 100 хувь байршуулж олон улсын хуваарьт нислэгүүдээ хэвийн үргэлжлүүлсэн.” гэж,

-гуравдагч этгээдээс “...“МА” ХК нь “М” ТӨХК-тай аливаа ашиг сонирхлын зөрчилгүйгээр, хамгийн доод шилдэг үнийг тус тендерт санал болгосон тул шалгарсан гэж үзэж байгаа...” гэж тус тус маргажээ.

 

  1. Маргааны үйл баримтын тухайд,

 

    1. “М” ТӨХК нь “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах М/202301087 дугаартай нээлттэй тендерийг анх 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр зарлажээ.

 

    1. Уг тендерийг 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нээхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1-т заасан шаардлагад нийцсэн нэг ч тендер ирүүлээгүй тул бүх тендерээс татгалзсаныг тендерт оролцогч “Х” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасаны дагуу Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тендерийг дахин зарлаж, үүнд нэхэмжлэгч “Х” ХХК болон гуравдагч этгээд “МА” ХК, “П” ХХК, “МД” ХХК-ууд оролцсоноос “Х” ХХК-ийг тендерт шалгаруулж, даатгалын гэрээ байгуулах эрхийг олгосон талаар 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2348 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.

 

    1. Гэтэл “МА” ХК, “П” ХХК-уудаас уг тендер шалгаруулалттай холбогдуулж Сангийн яаманд гомдол гаргасны дагуу захиалагч “М” ТӨХК-д гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж, гомдлыг хянаад тус яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8515, 03/8514 дүгээр албан бичгүүдээр “...Захиалагч тендерийн баримт бичигт нийт нөөц санд тогтвортой байдлын нөөц сангийн дүнг нэмж тооцох талаар заагаагүй, ...нийт нөөц санг тооцох аргачлал болон тус аргачлалд заасны дагуу тооцсон “Х” ХХК, “МА” ХК-ийн нийт нөөц сангийн мэдээллийг тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 28.1-д заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулж хянан үзэх нь зүйтэй” гэх үндэслэлээр захиалагч (“М” ТӨХК)-ийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгожээ.

 

    1. Үүний дараа Тендерийн үнэлгээний хороо дахин хуралдан тендер шалгаруулалтыг явуулж, улмаар захиалагч “М” ТӨХК 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 01/2537 дугаар “...үнэлгээг дахин хийх мэдэгдлийн дагуу тендерийг дахин хянан ... Санхүүгийн зохицуулах хорооноос ... 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4469 тоот албан бичгээр тодруулга авч, үнэлгээг хийсэн. ...танай компанийн нөөцийн сангийн хэмжээ 8 тэрбум төгрөгт хүрээгүй ...” гэх агуулга бүхий албан бичгээр “Х” ХХК-ийн тендерийг шаардлага нийцээгүй тул татгалзсан болохыг мэдэгдсэн байна.

 

    1. Энэхүү тендерт нэхэмжлэгч “Х” ХХК-аас “МА” ХК шалгарсныг талаар мэдэгсэнийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 06-709 дүгээр албан бичгээр гомдол гаргасны дагуу тус яам 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 03/8987 дугаар албан бичгээр “...гомдлыг хянан үзэх боломжгүй ...” гэх хариу өгсөн байна.

 

  1. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

 

    1. “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №6 дугаар хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.3-д заасныг баримтлан “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу үнэлгээний хорооны гишүүдийн дийлэнх олонхын саналаар шалгаруулав” гэсэн үндэслэлээр гуравдагч этгээд “МА” ХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн тендерээр шалгаруулж, “М-23/430 дугаартай даатгалын гэрээг байгуулсан нь хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

    1. Тодруулбал, тендерт оролцогчдоос Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 03/8514 дүгээр албан бичгээр “...даатгалын нөөц санг тооцох аргачлал зөрүүтэй тул Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулах шаардлагатай” гэж гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

 

    1. Үүний дараа захиалагч “М” ТӨХК-иас Санхүүгийн Зохицуулах хороонд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01/2515 дугаар албан бичгээр “...Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9/3339 тоот албан бичигт заасан Тогтвортой байдлын нөөц сан нь нийт нөөц санд тооцогдох эсэх талаар тодруулж өгөх болон тендерт оролцогч “Х” ХХК болон “МА” ХК-ийн санхүүгийн зарим үзүүлэлт /үүнд “нийт нөөц сан”-ийн үзүүлэлт/ -ийг хүснэгтийн дагуу ирүүлэхийг хүсчээ.

 

    1. Санхүүгийн зохицуулах хороо 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4469 дүгээр албан бичгээр “...9/3339 тоот албан бичигт дурдсан Тогтвортой байдлын нөөц нь тухайн даатгалын компани өөрийн эрсдэлийг удирдахтай холбоотой байгуулсан нөөц бөгөөд ...даатгалын нийт нөөц санд тооцогдохгүй болно” гэсэн, тендерт оролцогч “Х” ХХК болон “МА” ХК-ийн санхүүгийн зарим үзүүлэлтийг хүснэгтээр гарган тус тус хүргүүлсэн байна.

 

    1. Хариуцагчаас ийнхүү тодруулга авах болсон үндэслэл нь Сангийн яамнаас “...захиалагч тендерийн баримт бичигт нийт нөөц санд тогтвортой байдлын нөөц сангийн дүнг нэмж тооцох талаар заагаагүй, мөн Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 9/3339 тоот албан бичигт нийт нөөц сангийн дүнд тогтвортой байдлын нөөц сангийн дүнг оруулан тооцох эсэх талаар заагаагүй, ... “Х” ХХК-ийн нийт нөөц сангийн мэдээллийг тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 28.1-д заасныг үндэслэн Санхүүгийн зохицуулах хорооноос тодруулах нь зүйтэй” гэсний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тогтвортой байдлын нөөц сан нь даатгалын нөөц санд тооцогдох эсэх талаар тодруулсан байна.

 

    1. Даатгалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Даатгагч нь гэрээний явцад үүссэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор даатгалын нөөц сан бүрдүүлнэ.”, 25.2-т “Даатгалын нөөц сангийн хэмжээ, нөөц санг бүрдүүлэх болон хөрөнгө оруулалтад байршуулах нөхцөлийг даатгалын багц дүрмээр тогтооно.”, 25.3-т “Энэ хуулийн 25.1-д заасан даатгалын нөөц сангийн хөрөнгийг тусгайлсан дансанд байршуулна. Дансны бүрдүүлэлт, зарцуулалт Зохицуулах хорооны хяналтад байна.” гэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор баталсан “Даатгалын багц дүрэм”-ийн гуравдугаар хавсралт дахь “Даатгалын нөөц сан, албан журмын даатгалын сан болон бусад санг бүрдүүлэх, хуваарилах, түүнд хяналт тавих журам”-ын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Даатгагч энэ журмаар зөвшөөрөгдсөн ангилал болон аргачлалаар даатгалын нөөц сан, бусад санг бүрдүүлэх бөгөөд энэ нь даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнээс үүсэх хариуцлагыг байнга хангахуйц хэмжээнд байна.”, 1.3-т “Даатгагч ямар ч цаг хугацаанд даатгалын нөөц санг тооцох боломжийг бүрдүүлсэн байна.”, 2 дугаар зүйлийн 2.5.7-д “Даатгагч энэ журмын 2.1-д заасан даатгалын нөөц сангаас гадна даатгагчийн даатгалын хариуцлага дуусаагүй байгаа даатгалын гэрээ бүрийн хувьд "хувь тэнцүүлсэн арга"-аар буюу тайлагналын өдрөөр даатгалын гэрээний хүчинтэй үлдэх хугацаанд хувь тэнцүүлэн тооцсон даатгалын хураамжийн хэсгүүдийн нийлбэрээр орлогод тооцоогүй хураамжийн нөөцийг байгуулна.” гэж тус тус заажээ.

 

    1. Өөрөөр хэлбэл, “Даатгалын нөөц сан” гэдэг нь даатгалын хохирлыг нөхөн төлөх нөөц сан хүрэлцэхгүй болсон тохиолдолд ашиглах зориулалт бүхий алдагдлаас хамгаалах мөнгөн хөрөнгийг хэлэх бөгөөд нэхэмжлэгч “Х” ХХК нь маргаан бүхий тендер шалгаруулалтын зааварчилгааны II бүлэг. Тендерийн өгөгдлийн хүснэгт дэх 17 дугаар зүйлийн 17.6.5-т “Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт: “Шаардана”, мөн зүйлийн 7/-т “Нийт нөөц сан /орлогод тооцоогүй хураамжийн нөөц+нөөц сан/–8 тэрбум төгрөгөөс багагүй байх /Сүүлийн 3 жилийн дундаж/. /Санхүүгийн зохицуулах хорооны албан бичгээр ирүүлэх” гэж заасан үзүүлэлт буюу тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага хангаагүй болох нь Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 9/4469 дүгээр албан бичгээр ирүүлсэн санхүүгийн үзүүлэлтийг харуулсан хүснэгтээр тогтоогдож байна.

 

4.8. Тендерийн баримт бичгийн 28-т “Тендерийн талаар тайлбар, тодруулга авах,”, 28.1-д “Захиалагч тендерт оролцогчийн ирүүлсэн тендер, эсхүл цахим системээр илгээсэн мэдээлэл ойлгомжгүй, тодорхойгүй, зөрчилдөөнтэй гэж үзвэл зөвхөн уг асуудлыг тодруулах, тайлбар авах зорилгоор тендерт оролцогчийг энэ зүйлд заасны дагуу тодруулга ирүүлэхийг шаардах, эсхүл холбогдох бусад этгээдээс энэ тухай лавлагаа тодорхойлолт авах хүсэлт гаргаж болно.” гэсний дагуу дээрх тодорхойлолтоор ирүүлсэн санхүүгийн үзүүлэлтэд тулгуурлан тендер хянан үзэх шатанд “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерээс татгалзах үндэслэл болгосон Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №6 дугаар хуралдааны шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 оны/-ийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараах шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага хангасан байх”, Тендерийн баримт бичгийн 29-т “Тендерийг шаардлагад нийцсэн эсэхийг хянан үзэх,”, 29.1.6-т “ТШЗ-ны 17 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэхэд тендерт оролцогч нь санхүүгийн,техникийн чадавхын болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан байх,”, 29.7-т “ТШЗ-ны 29.6-д зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж, уг тендерээс татгалзана” гэж заасантай нийцжээ.

 

4.9. Мөн дээрх үйл баримттай буюу “Тогтвортой байдлын нөөц сан” нь “нийт нөөц сан”-д тооцогдох эсэх талаар тодорхойлсон Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 9/3339, 9/4469 дүгээр албан бичгүүдтэй нэхэмжлэгч маргаагүй.

 

4.10. Энэ талаар хариуцагчийн “...Нөөц сан+орлогод тооцоогүй хураамжийн нөөц=нийт нөөц сангийн хэмжээ 8 тэрбум төгрөгөөс багагүй байхаар тодорхойлж ТББ боловсруулсан. ... даатгагчийн нөөц сантай холбоотой Санхүүгийн зохицуулах хорооноос ирүүлсэн тодруулгыг үнэн зөв гэж чадавхийн үнэлгээнд харгалзсан Үнэлгээний хорооны шийдвэрийг буруутгах боломжгүй...” гэх гомдол үндэслэлтэй.

 

  1. Нэхэмжлэгчээс тендерийг хянан үзэх шатанд тендер шалгаруулалтын баримт бичигт заасан нөхцөл шаардлага хангаагүй татгалзсан тохиолдолд дараагийн шат болох Тендерийг үнэлэх шатны ажиллагаатай холбогдуулан гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй,тендерийн үнэлгээний хорооны шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Иймээс “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №6 дугаар хуралдаанаар “МА” ХК-ийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчоор шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад  нийцсэн бүх тендерт үнэлгээ хийнэ”, 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 28.7.4-д “хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзнэ.”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан”, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна.” гэж тус тус заасантай нийцсэн байна.

 

    1. Энэ талаар хариуцагчаас маргаан бүхий тендерт “МА” ХК-ийг шалгаруулсан үндэслэлээ “...шаардлагад нийцсэн хамгийн бага үнийн санал ирүүлсэн ... гэрээ байгуулсан нь нийтийн эрх ашиг байсан” гэх гомдол үндэслэлтэй.

 

    1. Гэтэл анхан шатны шүүх “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх; гэсний дагуу маргаж буй захиргааны акт болон даатгалын гэрээг хариуцагч нараас дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэх нь зөв гэж үзлээ.” гэж “М” ТӨХК-аас зарласан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “МА” ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 06 тоот хурлын шийдвэрийг болон тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “МА” ХК-тай байгуулсан “М-23/430 дугаартай даатгалын гэрээг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 /зургаа/ сарын хугацаатай түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

 

    1. Дээрхээс үзэхэд, маргаан бүхий тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана” гэж заасантай нийцсэн, маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгч “Х” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэхээргүй байна.

 

    1. Нөгөөтээгүүр, хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр захиалагч “М” ТӨХК-ийн Үнэлгээний хороо нь нэхэмжлэгч “Х” ХХК-ийн нөөц сангийн хэмжээ тендерийн баримт бичигт тодорхойлсон нөөцийн сангийн хэмжээнд хүрэхгүй, ТШЗ шаардлага хангаагүй үндэслэлээр татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр хууль зүйн үндэслэлтэй бөгөөд “МА” ХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

    1. Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг харьцуулж хэргийн бодит нөхцөл байдалд холбогдуулан хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШШ2024/0102 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.4, 28 дугаар зүйлийн 28.1, 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн М” ТӨХК, “М” ТӨХК-ийн Агаарын хөлгийн иж бүрэн даатгалын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан 1. “М” ТӨХК-аас зарласан “Агаарын хөлгийн иж бүрэн даатгал”-ын үйлчилгээ үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт “МА” ХК-ийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 сарын 24-ний өдрийн 06 тоот хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, 2. Тус Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “МА” ХК-тай байгуулсан “М-23/430 дугаартай даатгалын гэрээг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах, 3. “М” ТӨХК-д “Х” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

   ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

   ШҮҮГЧ                                                           Н.ХОНИНХҮҮ

   ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА