Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 96

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,                                                               

улсын яллагч Т.Мижиддорж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонхүү,

шүүгдэгч О.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг /ҮД:-1703/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Боржигин овогт Отгоны Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626030525 дугаартай хэргийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

                                                 Шүүгдэгчийн биеийн байцаалт:        

 

Монгол Улсын иргэн, 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, 2002 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоолгосон, ам бүл 2, эхийн хамт Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 13-482б тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Боржигин овогт Отгоны Ууганбаяр /РД: ЧС84070211/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.Ууганбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 13-482б тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн эцэг А.Отгоныг “бос дахин архи хамт ууя” гээд завьжнаас нь татахад өөрөөсөө холдуулах зорилгоор хэвлийн тус газар луу нь хөлөөрөө жийж улмаар давсагны хагарал бүхий хүнд гэмтлийг учруулж болгоомжгүй алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын  мэдүүлсэн мэдүүлгүүд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонхүү: “...Талийгаачийн буяны ажил болсон хойно мөрдөн байцаагч дуудаад хэргийн матеиралтай танилцуулсан. Гомдол санал байна уу гэж асуусан. Надад гомдол санал байхгүй, би талийгаачтай 20 гаруй жил хамт амьдраагүй. Манайх эхээс 14-үүлээ, талийгаач 12 дахь хүүхэд нь, манай ах архинд дуртай, архи уухаараа муухай зан ааш гаргадаг...” гэв.

 

Шүүгдэгч О.Ууганбаяр: “...2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр манай аав тэтгэврийн мөнгөө аваад гадуур архи уугаад гэртээ ирсэн. Гэртээ ирээд надтай хамт 0,5 литрийн нэг шил архи хувааж уусан. Бид хоёр нэг шил архиа хувааж уугаад би унтаж амарлаа гээд өрөөндөө орж унтсан. Гэтэл аав манай өрөөнд орж ирээд дэлгүүрээс дахин нэг шил архи аваад ир гэхээр нь би орой болсон байна, дэлгүүр хаасан, та унтаж амар гэсэн боловч аав унтахгүй надтай маргалдсан. Би аавыг өрөө рүү нь оруулах гэсэн боловч орохгүй гал тогооны өрөөнд орж надтай муудалцсан. Гэтэл гал тогтооны өрөөнөөс ээж аавыг авч өрөө рүү нь оруулсан боловч буцаж гарч ирээд манай өрөөнд орж ирээд надтай ноцолдоод байсан. Би хөнжилтэй хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд ээж аавыг манай өрөөнөөс чирээд гарсан...” гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Хохирогч А.Одонхүү мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач А.Отгоны төрсөн дүү нь юм. ...Би ахтайгаа 10 гаруй жил уулзаагүй. Хэргийн талаар сонссон. Манай ах А.Отгон их агсан тавьдаг, архи нэлээн хэрэглэдэг, архи уусан үедээ хэцүү зантай байгаа юм. ...О.Ууганбаярт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, төрөлхийн саажилттай залуугаас юу нэхэмжлэх вэ. Гомдол санал байхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна...” /хх-ийн 188-189/ гэсэн,

 

Гэрч П.Хатантөмөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 10 цагийн үед ...би талийгаач Отгонтой тааралдсан. “Чи хаачих гэж байгаа юм бэ” гэж асуухад “нийгмийн даатгал орж группынхээ мөнгөний баримт бөглүүлж эрхийн бичгээ авах гээд явж байна” гэж хэлээд салаад явцгаасан. ...17 цаг өнгөрч байхад талийгаач А.Отгон гэрт орж ирээд буузнаас 2-3 ширхэгийг идсэн. ...“Од” гэх дэлгүүрээс 0,5 гр Ерөөл архи нэг ширхэгийг худалдаж аваад манай гэрт орсон. Би талийгаач А.Отгонд хандаж “маргааш оёдлын цехээ нүүлгэж байгаа, чи туслаарай” гээд архиа задлаад талийгаач А.Отгон 3 хундага л уусан. ...Талийгаач А.Отгон группынхээ мөнгийг аваад дэлгүүрийн өрөндөө өгөөд дууссан гэж байсан. Талийгаач А.Отгон удалгүй 18 цаг өнгөрч байхад манай гэрээс гараад явсан. 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө 10 цагийн үед гэрээс гараад талийгаач А.Отгоны үүдэнд очоод машины сигналыг хэд дараад гарч ирэхгүй болохоор нь буцаад гэртээ очоод эхнэрээ аваад ажил руугаа явсан. Тухайн өдрөө би талийгаачийн хүү Ууганаа руу утсаар ярихад “аав гэртээ хэвтэж байгаа” гэхээр нь би архи уучихаад шартаад хэвтэж байгаа юм байх гэж бодоод утсаа тасалсан. Түүнээс хойш ерөөсөө холбоогүй байж байгаад хоёр хоногийн дараа түргэн тусламжийн автомашин талийгаач А.Отгоны гэрийн үүдэнд зогсож байсан. ...Тэгсэн маргааш нь байх А.Отгон нас барсан гэж сонссон. ...Манай гэрт ямар нэгэн маргаан гараагүй, бид хоёрын дунд ямар нэгэн маргаан болж байгаагүй, өр авлага, өс хонзонгийн зүйл байхгүй...” /хх-ийн 54-55/ гэсэн,

 

Гэрч Х.Уранчимэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үед талийгаач нөхөр А.Отгон, хүү О.Ууганбаяр хоёр хамт архи уусан. Хүү Ууганбаяр унтана гээд өрөөндөө орсон. Нөхөр том өрөөндөө буйдан дээрээ хэвтэж байснаа гэнэт дахиад архи ууна гээд Ууганбаярын өрөөнд ороод босооч гээд орилоод байсан, тухайн үед намайг өрөөнд нь ороход талийгаач нөхөр маань Ууганбаярын ам руу нь гараа хийгээд завьжнаас нь татаад байхаар нь би салгаад талийгаачийг татаж гал тогооны өрөө рүү оруулсан, хүү Ууганбаярыг тавихгүй татаад хамт гал тогооны өрөөнд ороод О.Ууганбаярыг газар түлхэж унагаад ална гээд дээрээс нь дайраад газар ноцолдсон. Би талийгаач нөхрийгөө салгаад том өрөөнд оруулсан, хүү маань унахаараа босохдоо муу болохоор арай ядан юм түшээд босч байгаа харагдсан. Тэгээд өрөөндөө ороод хэвтсэн. Тэгсэн талийгаач нөхөр маань дахиад хүү Ууганбаярын өрөөнд ороод агсан тавиад зодох гээд сандал аваад байсан. Тухайн үед талийгаач хүү О.Ууганбаярыг зодох гэж дайрах үед нь өөдөөс нь өшиглөсөн /тийрсэн/. Би хэдэн удаа өшиглөснийг нь хараагүй. Тэр хоёр дийлдэхгүй ноцолдож зодолдоод байхаар нь би гэрээсээ гараад явсан...” /хх-ийн 61-62 190/ гэсэн,

 

Гэрч О.Ганхуяг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Намайг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед ажлаа тараад гэртээ ирээд аавындаа ороход аав А.Отгон архи уусан согтуу гал тогооны ширээн дээр сууж байхаар нь “аав унтаж амар” гэж хэлчихээд буцаад гэртээ орсон. Орой 23 цаг өнгөрч байхад цахилгаан тасраад унтаж амарцгаасан. Маргааш нь буюу 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өглөө ажилдаа яваад орой ирэхэд аав А.Отгоны бие нь өвдөөд шээж чадахгүй, бөгсөөр нь цустай шингэн гараад байна гээд хэвтэж байхаар нь түргэн дуудаж үзүүлээч гэхэд аав А.Отгон зүгээр, зүгээр маргааш гэхэд зүгээр болчихно, түргэн дуудаж яах юм бэ гэж хэлсэн. ...Тэгээд намайг орой 21 цагийн үед гэртээ ирэхэд аавыг түргэн аваад Яармагийн нэгдсэн эмнэлэг рүү явсан байсан. Би араас нь очиход Мишээл гэх нэртэй эмнэлэг рүү явчихаад ирлээ гээд байж байсан. ...Намайг араас нь очиход аавыг ГССҮТ рүү яаралтай авч явах гэж байна гээд байсан. Ингээд ГССҮТ-д очиж хагалгаанд ороод 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөө гайгүй сэргэж ирээд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний үүрээр 06 цагийн үед нас барсан. ...Манай аав А.Отгон, ах О.Ууганбаяртай өмнө нь архи уусан үедээ маргалдаж зодолдож байсан. Харин 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр маргалдаж зодолдсон талаар би мэдэхгүй, шөнө цахилгаан тасраад унтаж амарсан байсан...”   /хх-ийн 63-64/ гэсэн,

 

Гэрч Б.Солонго мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр аав гэртээ байхгүй байж байгаад орой 18 цагийн орчим ирсэн, гэрийнхээ гадаа довжоон дээр согтуу зогсож байхаар нь би “аав та орж амар” гэж хэлээд гэртээ орсон. ...Бид нар гэртээ байж байтал орой 00 цагийн орчимд цахилгаан нийтээрээ тасраад бид нар унтсан. ...2016 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр аавын бие өвдөөд байна гэхээр нь орж үзэхэд хоол идэхгүй цай ууж байгаа гэхээр нь яаралтай түргэн дуудаж үзүүлэх гэтэл талийгаач өөрөө хэрэггүй гээд байсан. ...Манай хадам аав А.Отгон, том хүү О.Ууганбаяртайгаа хамт архи уудаг байсан. Тэр хоёр архи уучихаад маргалдаж зодолддог байсан. 2016 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө ямар нэг хэрүүл маргаан болсон талаар би мэдээгүй...” /хх-ийн 65-67/ гэсэн,

 

Гэрч  Г.Отгонцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би талийгаач А.Отгоныг 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 12 цаг 30 минутын үед хэвлийн хэсэг өвдөөд байна гэсэн дуудлага аваад ...яаралтай түргэн тусламжийнхаа багажаа аваад гэрт нь явган очсон. Талийгаач А.Отгон нь өөрийн гэрийнхээ том өрөөний орон дээрээ атийж хэвтсэн байдалтай, орчиндоо харьцах чадвартай, гэхдээ хэвлий хэсгээр их өвдөлттэй байсан. Би тухайн үед асуумжийн аргаар болон бодит үзлэгийн аргаар үзлэг хийсэн. Үзлэг хийхэд хэвлий хэсгээр чангарсан, өвдөлттэй зовиуртай байхаар нь өвдөлт намдаах зорилгоор булчинд нь 2 мл анильгин, 1 мл дмидрол тарьсан. Түүний дараа хурц үрэвслийг дарах зорилгоор судсаар нь Кордокс натрихлор гэх тариа хийсэн. ...А.Отгоны биед үзлэг хийхэд нүүрний аль нэг талыг нь сайн санахгүй байна, нүүр хэсэгтээ зулгарсан байхаар нь түүнээс яасан юу болсон талаар асуухад А.Отгон гуай хариулаагүй хажуунаас эхнэр Уранчимэг нь архи уугаад бүдрээд унасан гэж хэлсэн. Тэгээд л би эмчилгээ хийчихээд бүр болохгүй бол түргэн тусламж дуудаж үзүүлээрэй гэж хэлээд явсан...” /хх-ийн 70-71/ гэсэн,

 

Шинжээч Т.Сэлэнгэ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Давсагны ар ханын урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин нүүр, их бие, дээд, доод мөчний цус хуралт, өнгөц зулгарал гэмтлүүд нь бүгд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэсэн нь газар унах, шалан дээр унахад уг гэмтэл үүсэх магадлалтай. Гэхдээ давсаг шээсээр дүүрсэн үед хязгаарлагдмал гадаргуутай, ирмэгтэй зүйл дээр тухайн хэсгээр унахад давсаг урагдаж, задрахыг үгүйсгэхгүй. Уг гэмтэл нь өшиглөх, цохих үед үүснэ. Давсаг шээсээр дүүрсэн үед нэг удаа өшиглөх, жийх үед үүснэ. ...Давсаг шээсээр дүүрсэн үед хэвлийн гялтан хальсаар 3 талаасаа хучигддаг. Давсаг хагарч, задарсаны улмаас гялтангаар хучигдсан хальсууд шээсээр бохирдож улмаар үрэвсэл болж хүндэрч хордлого болоод нас барсан байна...” /хх-ийн 94-95/ гэсэн,

 

Шүүгдэгч О.Ууганбаяр мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай төрсөн эцэг Отгон 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр 10 цагийн үед надтай хамт ...Хаан банкнаас очиж группын 230,000 төгрөг авсан. ...Орой нь хамт архи хувааж уугаад өөрийнхөө өрөөнд унтах гээд хэвтэж байхад эцэг Отгон орж ирээд дахиад архи авч ууя гэхээр нь уухгүй ядраад байна унтлаа гэхэд чи бос гээд миний өрөөнд байсан толийг гараараа цохиод байсан. Тэгээд эргэж хараад шар өнгийн модон сандлыг аваад дээшээ өргөөд таазанд хүргээд намайг цохих гээд байхаар нь би өндийж босоод сандлыг нь тавиулахад намайг ор луу түлхэж унагаад хөнжилтэй хамт давхар татаж, хажуу тийшээ эргүүлээд нэг гараараа дахиад сандлаа авах гэхэд нь би давсаг руу өшиглөсөн /тийрсэн/ юм. Тухайн үед би нэг л удаа тийрч өшиглөсөн. Талийгаач Отгон ханатай ойрхон байсан учраас тийрч өшиглөхөд ханатай хавсаргагдсан...” /хх-ийн 103-104,192/ гэсэн мэдүүлгүүд,

- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 6/,

- Гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 7-13/,

- Амбулториор эмчлүүлэгчдийн картанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 14-22/,

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-34/,

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 35-37/,

- Хувцсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 38-41/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 42/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн № 721 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр давсагны ар ханын урагдал, задрал, хэвлийн хөндий дэх цус хуралдалт /1000 мл/, сэмж, чацархай, нарийн гэдэсний тархмал үхжил, мэс заслын дараах байдал, нүүр, их бие, дээд, доод мөчний зөөлөн эдэд цус хуралт, өнгөц зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Талийгаач нь дээрх гэмтлийн улмаас хэвлийн гялтангийн түгмэл үрэвслээр хүндэрч нас баржээ.

4. Талийгаачийн биед ерөнхий судас хатуурал, элэг, бөөрний архаг үрэвсэл зэрэг архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөөгүй болно.

5. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна.

6. Талийгаачийн цус нь О ( I ) бүлэг байна...” /хх-ийн 76-78/ гэсэн,

 

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн № 640 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт А/ О.Ууганбаяр нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн ямар нэг эмгэггүй байсан байна. Тухайн үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон үйл явдлыг зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байна.

Б/ О.Ууганбаяр нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Сэтгэцийн эмнэлгийн байнгын хяналтанд байдаг гэх баримт материал байхгүй байна.

В/ О.Ууганбаяр нь одоо сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. О.Ууганбаярт албадан эмчилгээ хийлгэх шаардлагагүй байна.

Г/ О.Ууганбаяр нь хэрэг хариуцах чадвартай байна...” /хх-ийн 88-89/ гэсэн дүгнэлтүүд,

- Шүүгдэгч О.Ууганбаярын  иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 140, 152/,

- Шүүгдэгч О.Ууганбаярын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 142/,

- Тодорхойлолт /хх-ийн 144/,

- Шүүгдэгч О.Ууганбаярын нийгмийн халамжийн дэвтрийн хуулбар /хх-ийн 145-150/,

- Талийгаач А.Отгоны өвчний түүх /хх-ийн 159-173/, 

- Шүүгдэгч О.Ууганбаярын хувийн байдалтай холбоотой гэрч Б.Батбилэг, Г.Пүрэвсүрэн нарын мэдүүлгүүд /хх-ийн 71, 73/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 721 тоот дүгнэлт, Шүүх сэтгэц эмгэг судлалын № 640 тоот дүгнэлт зэргийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч О.Ууганбаяр нь 2016 оны 04 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 04 дүгээр хороо, Арцатын 13-862Б тоотод байрлах гэртээ өөрийн төрсөн эцэг А.Отгоныг “бос дахин архи хамт ууя” гээд завьжнаас нь татахад өөрөөсөө холдуулах зорилгоор хэвлий рүү нь хөлөөрөө жийж улмаар давсагны хагарал бүхий хүнд гэмтлийг учруулж болгоомжгүй алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонхүү, гэрч Х.Уранчимэг, П.Хатантөмөр, О.Ганхуяг, Б.Солонго, Г.Отгонцэцэг нарын мэдүүлгүүд, гэрчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн № 721 тоот дүгнэлт, шүүх сэтгэц эмгэг судлалын № 640 тоот дүгнэлт, шүүгдэгч О.Ууганбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Ууганбаярын амь хохирогч А.Отгоны хэвлий рүү нь жийж байгаа үйлдэлд нь хүнийг санаатай алах гэсэн санаа зорилго, сэдэлт агуулаагүй бөгөөд өөрөөсөө түүнийг холдуулах зорилгоор дээрх үйлдлийг хийж, өөрийн үйлдлийн улмаас төрсөн эцэг А.Отгоны биед давсагны хагарал бүхий хүнд гэмтэл учирч амь нас нь эрсдэх боломжтойг мэдэлгүй үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Ууганбаяр урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 140 дүгээр талд авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.      

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Одонхүү мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “...О.Ууганбаярт гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн, хавтаст хэргийг хохирол баримт авагдаагүй байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Шүүх шүүгдэгч О.Ууганбаярт ял оногдуулахдаа анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал тооцлоо.

Шүүгдэгч О.Ууганбаяр нь анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал /хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар групп тогтоолгосон, төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.  

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан цонхны шилний хэлтэрхий 1 ширхэг, хэргийн газрын нөхөн үзлэгээр бэхжүүлж авсан №1, 2 гэж дугаарласан цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж, Эрүүгийн 201626030525 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Отгоны Ууганбаярыг бусдыг болгоомжгүй алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярыг 03 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ууганбаярд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагарсан цонхны шилний хэлтэрхий 1 ширхэг, хэргийн газрын нөхөн үзлэгээр бэхжүүлж авсан №1, 2 гэж дугаарласан цусны дээж зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгасугай.

5. Эрүүгийн 201626030525 дугаартай хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ууганбаяр нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч О.Ууганбаярт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч О.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ууганбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР