Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/934

 

 

 

 

 

 

 

 

      2022           7         19                                          2022/ШЦТ/934

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Бт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00159 1061 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн хамт, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Б, /РД: /,

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны хойд талд 04-93 УНН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор Б.Этэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 771 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч О.Б.

            1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон болохыг дурдаж байна.

            2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч О.Б нь 2021 оны 12 дугаар сарын 08-аас 09-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 33 дугаар байрны хойд талд 04-93 УНН улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч Б.Этэй маргалдаж, улмаар нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдлоо.

            Энэ нь хохирогч Б.Э- “...2021 оны 12 дугаар сарын 08-ны орой 21 цаг өнгөрч байх үед Төмөр замын Богд ар хотхонд найз эмэгтэй Ттэй уулзаад Тийн хоёр эрэгтэй найз нь бид хоёрыг ирж аваад бид дөрөв Монел орж Тийн найз Б гэдэг эмэгтэй найзыг нь аваад бид тав Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 33 дугаар байрны хойд гражнуудын дунд 2021 оны 12 дугаар 08-аас 09-нд шилжих шөнө 03 цагийн үед ирээд машин дотроо бид тав 2.5 литрийн багтаамжтай 3 пиво ууцгаасан ба би тусдаа жижиг лаазтай хоёр пиво уусан. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байх үед Б машины урд талд жолоочийн эсрэг талын суудал дээр суусан байсан ба би хойд талын суудал дээр сууж байсан юм. Тэгтэл Б гэгч эмэгтэй над руу эргэж хараад чи машинд орж ирж сууснаас хойш надтай эвгүй харьцаад байгаа шүү, хэр баргийн охин надтай ингэж харьцдаггүй шүү гэж хэлэхээр нь би хариуд нь би чамтай яаж харьцах ёстой юм бэ гэж хэлээд хажууд сууж байсан. Тд хандаж би найзтай чинь яаж харьцах ёстой юм бэ гэж хэлэхэд Б гэгч эмэгтэй шууд миний нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд миний хамраас цус гараад хамар эвгүй болчихсон ба би шууд ээжийгээ дуудаад удалгүй ээж ирээд би ээжийн машинтай гэмтлийн эмнэлэг орж үзүүлэхэд миний хамар хугарсан байсан. Мөн гэмтлийн эмнэлэг ороход Т, Б хоёр хамт орсон. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очоод томографийн зураг авхуулаад гэртээ харьсан. Бас Б гэгч эмэгтэй намайг зодсоны дараагаар ээжийг ирсэн байх үед би уурандаа Б гэгч эмэгтэйн нүүр рүү нь гараараа 2, 3 удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг /хх20/,

            - гэрч Ц.Тө-ийн “...2021 оны 12 дугаар сарын 09-ний шөнө манай найз Би хүн аваад ирье гэхээр нь би машинаа унаад Биийг очиж аваад Богд хорооллын тэнд очсон. Тэгээд 3 эмэгтэйг тэндээс аваад Би-ийн таньдаг охин нь манай найзыг авъя гээд Монелийн тэндээс нэг эмэгтэйг авсан. Тэгээд нэгдүгээр хорооллын 32 дугаар байрны тэнд зогссон. Сүүлд орж ирдэг охин нэлээн согтуу орж ирээд машины арын суудал дээр суусан. Сүүлд орж ирсэн охин нь урд сууж байсан охинтой маргалдаад урд сууж байсан охиныг гичий минь гээд хэлсэн. Тэгсэн нөгөө охин чи намайг гичий гэж хэллээ гээд эргэж хараад цохисон чинь чи миний хамар луу цохичихлоо гээд урд сууж байсан охиныг үснээс нь зулгаагаад нэлээд хэдэн удаа толгой хэсэг рүү нь цохисон...” гэсэн  мэдүүлэг /хх24/,

            - гэрч О.Би- “... Тэгээд би Э, Т, Б бид дөрөв тухайн авсан пивоо ууж эхэлсэн юм. Тө машин барьж байсан болохоор пиво уугаагүй юм. Тэгээд пиво ууж байтал Б нь надтай суудлаа солиод жолоочийн хажуу талд суугаад дуу тавиад бүжиглээд байж байтал ардаас нь Э чи зүгээр байгаач ээ гичий минь гэхэд Б эргэж хараад яасан гэнээ гэтэл Э би чамайг гичий минь гэж байна гэж хэлсэн. Тэгэхэд Б Э-ийн нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл Э нь арын суудлын голд сууж байхдаа Бийг үсдэж аваад нэлээн олон удаа нүүр лүү цохисон. Тэгээд Бийг үсдээд хойд талын суудал руу чирээд гаргаж ирээд Э өөрөө машинаас буугаад Бийг үсдээд машинаас буугаад ир гээд машинаас буулгах гээд байхад Т буулгахгүй гээд зүгээр нэг нэгнээ зодохгүйгээр цагдаа дуудаад учраа олчхооч ээ гэхэд Э Тийг чи дуугай бай гичий минь, би өөрөө мэдэж байна гээд үстсэн чигээрээ нүүр лүү нь жийгээд хавирга энэ тэр лүү цохиод “би боксоор явдаг юм, гичий минь, тэгэхэд миний нүүрэнд өдий болтол хүрч байсан хүн байдаггүй юм” гэхээр нь би машинаас буугаад чи одоо болиоч дээ арай дэндүү зодоод байна шүү дээ гэтэл Э өөрийнхөө гар утсаар ээж рүүгээ залгаад миний хамрыг хугалчихлаа гэж дуудсан. Тэгэхээр нь би одоо болиоч дээ ээж чинь ирж байгаа юм байна шүү дээ, бид нар ямар Бийг зугтаалгачхав гэж дээ гэж хэлэхэд зодсон хэвээрээ л байсан. Э Бийг зодохдоо нэг гараараа үснээс нь зулгаагаад нөгөө гараараа дандаа нүүр, хавирга гэдэс зэрэг газар луу цохисон. Хөлөөрөө бас нүүр лүү хэд хэдэн удаа өшиглөсөн. Тэгээд дараа нь Б ухаан алдаж унахад Т хүүхэд ухаан алдчихлаа одоо болиоч дээ гэтэл машины буг болж явдаг биеэ үнэлж мөнгө олдог гичий нар минь дуугай бай би өөрөө мэдэж байна наадах чинь миний хамрыг хугалчихлаа гээд зодоод байсан. Тэгээд ойролцоогоор Э Бийг 1 цаг гаран зодсоны дараа ээж нь ирэхэд бид нар гэмтлийн эмнэлэг рүү явсан...” гэсэн мэдүүлэг /хх26-27/,

            - 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх7/,

- шүүгдэгч О.Бийн “...Э намайг элдэв янзаар зүй бусаар хэлээд доромжлоод байхаар нь эргэж хараад Эий хамар руу нэг удаа цохисон. Тэгтэл Э миний үснээс зулгаагаар машины хойд талын суудал руу чирч оруулж байгаад нэг цаг орчим нүүр, нуруу, гэдэс рүү цохиж, өшиглөсөн. Би эмнэлгийн байгууллагад үзүүлж эмчилгээ хийлгээгүй, цагдаад гомдол гаргаагүй...” гэсэн мэдүүлэг /хх53/, хохирогчийн биед хохирол учирсныг тодорхойлсон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байна. 

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 327 дугаар шинжилгээний дүгнэлтэд “Б.Эий биед хамрын нуруу, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. /хх36/,

4. Хохирогчийн биед учирсан дээрх хөнгөн хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр түүнийг гараараа цохисон үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

5. Хэрэгт авагдсан гэрч Ц.Тө, О.Би нарын мэдүүлгээр хохирогч Б.Э нь шүүгдэгч О.Бийг үгээр доромжилсон, улмаар хамраа цохиулсны дараа шүүгдэгчийг удаан хугацаанд үснээс зулгаан цохиж, зодсон талаар тодорхой мэдүүлсэн, мөн энэ талаар шүүгдэгч нь тодорхой мэдүүлжээ. Гэвч шүүгдэгч О.Б нь тухайн үедээ цагдаад гомдол гаргаагүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлэгт үзүүлээгүй байх тул түүнд учирсан хохирлыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдалд хүргэжээ. 

6. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

7. Хохирогч Б.Э нь өөрт учирсан хөнгөн хохирлыг эмчлүүлсэнтэй холбоотой баримтыг нотлох баримтаар гаргаагүй байх тул шүүгдэгч О.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Б.Э нь холбогдох баримтыг бүрдүүлэн өөрт учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

8. Улсын яллагчаас шүүгдэгч О.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

9. Хэргийн үйл баримтаас дүгнэн үзэхэд хохирогч Б.Э нь согтуурсан үедээ зүй бус үгээр бусдыг доромжилсноос болж маргаан үүсгэсэн байх тул гэмт хэрэг гарах шалтгааныг хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалсан, улмаар шүүгдэгч О.Бийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтайд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

10. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

11. Иймд шүүгдэгч О.Бийг гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, дээр дурдсан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан түүнд хууль заасан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

12. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг  4 /дөрөв/ сарын  хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч Б.Э нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой хохирлыг холбогдох баримтыг бүрдүүлэн буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Тө болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР