Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/943

 

 

 

 

 

 

 

    2022           7           20                                            943

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж,

Хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул, 

улсын яллагч Н.Уранбайгаль,  

хохирогч Ж.А, Э.Ар, Б.С,

иргэний хариуцагч “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөлөгч С.Даваасүрэн,

шүүгдэгч Ч.Бо, түүний өмгөөлөгч Ч.Атарболд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Уранбайгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чулуунхүүгийн Бод холбогдох эрүүгийн 2203 00000 0143 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 33 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Таван толгой түлш’’ ХХК-ийн Тээврийн хэлтэст жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Бо /РД: /

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Бо нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “МТ” шатахуун түгээх станцын урд замд “Shacman” маркийн 92-31 УАС улсын дугаартай, тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “1.4. 1.3, 1.15.а тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.Аийн жолоодож явсан “Hyundai Sonota” маркийн, 01-38 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 157 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон хохирогч нараас гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.  

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ч.Бо.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэн, түүний өмгөөлөгч эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд нь шүүгдэгч Ч.Бо нь 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “МТ” шатахуун түгээх станцын урд замд “Shacman” маркийн 92-31 УАС улсын дугаартай, том оврын ачааны автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “1.4. 1.3, 1.15.а тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Ж.Аийн жолоодож явсан “Hyundai Sonota” маркийн, 01-38 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн суудлын автомашинд явсан 4 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйл баримт тогтоогдлоо. 

Энэ нь зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /1хх1/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх4-10/, хяналтын камерын бичлэг, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх16-17/,

- хохирогч Ж.Аийн “...2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хөдөөгөөс ирсэн хоёр хүнийг тосож аваад 22-ын товчооноос хот орохоор хамт ажилладаг Бан хамт дөрвүүлээ Соната-7 маркийн 01-38 УАУ улсын дугаартай автомашинаа жолоодоод баруунаас зүүн тийш МТ шатахуун түгээх станцын урд замаар зорчих хэсгийн хоёр дугаар эгнээгээр ойролцоогоор 60 орчим км/цагийн хурдтай явж байтал “Шакман” маркийн ачааны авто машин гэнэт урдуур хөндлөн ороод ирэхээр нь би тоормос гишгээд, жолоогоо баруун гар тийш бага зэрэг дараад машиныхаа урд талаар тэр машины баруун хажуу тал руу мөргөсөн. Би гэмтлийн эмнэлэгт 11 хоног хэвтсэн. Түнхний хагалгаанд орж, гурван сар хэвтрийн дэглэм сахиад дээшээ хараад хэвт гэсэн...том машины жолооч Ч.Бо нь миний эмчилгээний зардлыг гаргаж байгаа..” гэсэн мэдүүлэг /1хх20-21/,

- хохирогч Б.Ба-н “... том шар ачааны автомашин эсрэг урсгалаас зам хөндлөн миний сууж явсан автомашины урдуур ороод ирэхийг би харсан. Тэгээд миний сууж явсан машины хажуу тал руу нь машиныхаа урдуур мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /1хх24/,

- хохирогч Э.Ар-ийн “ ... би урагшаа хартал том шар өнгийн машин ойрхон харагдсан. Би урд суудлын төмрөөс тас зуурснаа санаж байна. Түс хийх чимээ гарч, миний цээж рүү цохисныг санаж байна. Хэсэг ухаан алдсан байсан.Тунгаа зүгээр үү гэсэн эмэгтэй хүний дуу сонсоод сэрэхэд түргэний машин ирсэн, эмч миний гарыг үзэж байсан. Хоёр гар бугуй орчмоор хугарсан, гэмтлийн эмнэлэгт 11 хоноод гарсан. Жолооч Ч.Бо одоогоор миний эмчилгээний зардалд бэлнээр 280.000 төгрөг шилжүүлснээс би гэмтлийн эмнэлгийн төлбөрт 210.000 төгрөг төлсөн. Үлдсэн 70.000 төгрөгөөр нь гарын чиг авсан. Эмчилгээний зардлыг жолооч Ч.Бо төлнө гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх28-29/,

- хохирогч Б.С-ийн “...22 товчоо өнгөрөөд явж байтал машин гэж хашхираад л байсан. Би тэр машиныг огт хараагүй. Юу болсныг огт мэдэхгүй байтал би хэсэг ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд хүмүүс хашхираад хоёр эмэгтэйг эхлээд гарга гэж хэлж байхыг сонссон. Түргэн ирж эмчид үзүүлээд бид гэмтлийн эмнэлэг явсан. ..жолооч эмчилгээний зардлыг гаргаад явж байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх32-33/, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон дүгнэлтүүд, ослын шалтгааныг тогтоосон мөрдөгчийн магадалгаа, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

3. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүний шинж нь жолооч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэл болон ашиглалтын шаардлага хангаагүй тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцсоноос үүдэн осол гарсан, улмаар тухайн буруутай үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хуульд заасан хохирол учирсан байхыг шаарддаг.

4. Ослын шалтгаан нөхцөл, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд заасан зөрчил гаргасан эсэхийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 209 дугаартай тусгай мэдлэг бүхий магадалгаанд “...“Shacman” маркийн 92-31 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ч.Бо нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т /үргэлжилсэн хос шугам/-дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана: 1.4., 1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. “Hyundai Sonota-7” маркийн 01-38 УАУ улсын дугаартай автомашины жолооч Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4-т “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайн осол хэрэг нь зам орчны нөхцөл байдал эвдрэл гэмтлээс шалтгаалсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэжээ. /1хх88-89/,

Мөн шүүх шинжилгээний 623 дугаар дүгнэлтэд “хурдыг тоормосны мөрөөр тогтоох боломжтой гээд Sonata-7 маркийн 01-38 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл 68 км/цаг хурдтай явж байсан” гэжээ. /1хх51-52/,

  5. Ослын улмаас хохирогч Ж.Аийн биед шинжээчийн 2710 дугаартай дүгнэлтэд “Ж.Аийн биед баруун талын ацеталбулын ар амсар том жижиг сэлтэрсэн хугарал, зүүн 5-р хавирганы хугарал, баруун зовхи, хөмсөгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх93/ гэсэн,

- хохирогч Б.Сийн биед үзлэг хийсэн шинжээчийн 3468 дугаартай дүгнэлтэд “Б.Сийн биед зүүн гарын атгаал ясны далд хугарал, суганы мэдрэлийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх110/ гэсэн,

- хохирогч Б.Бан биед үзлэг хийсэн шинжээчийн 2770 дугаартай дүгнэлтэд “Б.Ба-ийн биед бүсэлхийн 1,2,3-р нугалмын зүүн талын хөндлөн сэртэнгийн хугарал, дух, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, духанд цус хуралт, баруун чамархайн хуйх, хэл, баруун гарын ядам хуруунд шарх, баруун чамархайн хуйх болон баруун шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх131/ гэсэн,

- хохирогч Э.Ар-ийн биед үзлэг хийсэн шинжээчийн 2711 дугаартай дүгнэлтэд “Э.Ар-ийн биед баруун зүүн шуу, богтос ясны сэлтэрсэн далд хугарал, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн сайх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх136/ гэжээ.

6. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй давахыг хориглосон шугам, тэмдэг, тэмдэглэгээг зөрчиж эргэсэн нөхцөл байдлаас шалтгаалан чигээрээ явж байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргажээ.

7. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ч.Бо-г гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Шүүгдэгч Ч.Бо нь “Таван толгой түлш” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, үндсэн ажилтан байх ба албан үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осол гаргасан үйл баримт тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасан.

Тиймээс “Таван толгой түлш” ХХК нь ослын улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг бүрэн хариуцан арилгах нь зөв байна.

10. Шүүгдэгч Ч.Бо нь хохирогч Э.Арийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.973.380 төгрөгийн, хохирогч Б.Сийн эрүүл мэндэд учирсан хохиролд 2.113.320 төгрөгийн, хохирогч Ж.Аийн эрүүл мэндэд учирсан хохиролд 1.449.700 төгрөгийн, хохирогч Б.Бан эрүүл мэндэд учирсан хохиролд 1.794.575 төгрөгийн хохирол төлсөн гэснийг хохирогч нар хуралдаанд хүрээн зөвшөөрсөн болно. Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд 310.250 төгрөг төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс иргэний нэхэмжлэгч Г.Энхбүрэний эд хөрөнгөд учирсан хохирол бүрэн төлсөн гэсэн тайлбар гаргаж байх боловч холбогдох баримт хэрэгт хавсаргаагүй байх тул иргэний нэхэмжлэгч Г.Энхбүрэнд холбогдох хэсгийг хэлэлцэхгүй үлдээж шийдвэрлэв.  

11. Хохирогч Э.Ар нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 50 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 12 сараар тогтоосон. Миний хувьд сарын 1.800.000 төгрөгийн цалинтай 12 сарын хугацаагаар ажлаа хийж чадахгүй тул цалин 21.600.000 төгрөг, мөн эмчилгээ хийлгэсэн, замын зардал баримтаар 1.002.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардал 350.000 төгрөг, гарын хадаас авхуулах хагалгааны зардал 4.500.000 нийт 27.452.000 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогч Б.С нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 12 сараар тогтоосон. Миний хувьд сарын 1.500.000 төгрөгийн цалинтай 12 сарын хугацаагаар ажлаа хийж чадахгүй тул цалин 18.000.000 төгрөг, мөн эмчилгээ хийлгэсэн зардал баримтаар 767.050 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зардал 6.000.000 төгрөг, гарын хадаас авхуулах хагалгааны зардал 3.000.000, Булган аймгаас ирж, буцсан зэрэг бусад зардалд 769.600 төгрөг нийт 28.536.650 төгрөг нэхэмжилжээ.

Хохирогч Ж.А нь Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар тогтоож, хөдөлмөрийн чадвар алдалтын хугацааг 12 сараар тогтоосон. Өдрийн 60.000 төгрөгөөр цалинжиж ажилладаг бөгөөд 6 сарын хугацааны цалинг нэхэмжилж байна гэжээ.

12. Иргэний хариуцагч “Таван толгой түлш” ХХК-ийн төлөөлөгч нь хохирогч нар нь цалин хөлстэй холбоотой холбогдох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхийн журмаар, мөн гарын хадаас авхуулах, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зэрэг гараагүй байгаа эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, баримтаар гарсан байгаа хохирлыг төлөх боломжтой гэсэн тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.

13. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

Мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.3 дахь хэсэгт “Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй.”, 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж тус тус заажээ.

14. Хохирогч Ж.А, Э.Ар, Б.С нар нь 50-60 хувиар хөдөлмөрийн чадвараа удаан хугацаагаар алдсан, тулгуур эрхтэн болох гар, хөл нь хугаралтай, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай, хөдөлмөр эрхэлж чадахгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

Иргэний хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хохирогч нь эрүүл мэндийг нөхөн сэргээхэд зайлшгүй гарсан эмчилгээний бүх зардал болон хөдөлмөрийн чадвараа алдсанаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа дутуу авсан цалин хөлс, мөн цаашид зайлшгүй хийгдэх /гар болон хөлийн хадаас авхуулах/ эмчилгээний зардлаа урьдчилан нэхэмжлэх эрхтэй байна.

15. Хохирогч Ж.А, Э.Ар, Б.С нар нь хөдөлмөр эрхэлж байсан нь тэдгээрийн цалингийн тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тодорхойлолт, цалин, хөлс авч байсан талаарх банкны дансны хуулгаар тус тус тогтоогдож байна. Хохирогч Ж.Аийн хувьд цалингийн тодорхойлолт, дансны хуулгаар тогтмол цалин авч байсан тогтоогдсон болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу хохирогч нарын сүүлийн 3-5 сарын хугацаанд авсан цалин, хөлсний дунжийг тогтооход дараах байдлаар тогтоогдож байна. Хохирогч Ж.Аийн сарын дундаж цалин, хөлс 1.232.300 төгрөг, хохирогч Э.Арийн сарын дундаж цалин, хөлс 1.108.179 төгрөг, хохирогч Б.Сийн сарын дундаж цалин, хөлс 755.333 төгрөгөөр тус тус тогтоогдож байна.  

16. Иймд хохирогч Э.Арт 12 сарын цалин, хөлс 13.298.148 төгрөг, баримтаар нэхэмжилсэн эмчилгээ, замын зардлын 1.002.000 төгрөг, 2 гарын хадаас авхуулах эмчилгээний зардал 4.500.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний 350.000 төгрөг нийт 19.150.148 төгрөгийг,

Хохирогч Б.Ст 12 сарын цалин, хөлс 9.063.996 төгрөг, баримтаар нэхэмжилсэн эмчилгээний зардал 767.050 төгрөг, замын болон бусад зардал 769.600 төгрөг, хөлийн хадаас авхуулах эмчилгээний зардал 3.000.000 төгрөг, нөхөн сэргээх эмчилгээний 500.000 төгрөг нийт 14.100.646 төгрөгийг,

Хохирогч Ж.Аөд 6 сарын цалин, хөлс 7.393.800 төгрөгийг тус тус иргэний хариуцагч “Таван толгой түлш” ХХК-аас гаргуулан олгуулахаар шийдвэрлэв.

17. Хохирогч нар нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцан төлбөл зохих этгээдээс Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

18. Улсын яллагчаас шүүгдэгч Ч.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 900 нэгжээр торгох  ял оногдуулах санал, дүгнэлт гаргасан бол хохирогч нар нь эрүүгийн хариуцлагын санал гаргаагүй болно.

19. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учруулсан хохирлыг өнөөдрийн хуралдааныг хүртэл барагдуулж ирсэн, болгоомжгүйгээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч Ж.Аийн хурд хэтрүүлж явсан нөхцөл байдал нөлөөлсөн, гэр бүлийн байдлыг харгалзан хуульд заасан доод хэмжээгээр торгох ял оногдуулах санал гаргасан.

20. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Ч.Бо нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт шүүх хуралдаан хүртэл гарсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Ц.Аийн хурд хэтрүүлсэн нөхцөл байдал осол гарахад нөлөөлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

21. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд анхаарал болгоомжгүй үйлдлээс осол гаргасан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг нь харгалзан үзлээ.

22. Иймд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдлын хувьд хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

23. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичлэг бүхий диск 1 ширхгийг хэрэгт хадгалж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

24. Хохирогч Ж.Аийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн аваагүй үндэслэлийн тухайд:

Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанд хүндэтгэх үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тул хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсний дагуу хуралдааныг 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 09.00 цагт товлосон буюу тус шүүх хуралдаанд 2022 оны 4 дүгээр сарын 28-аас хойш 3 удаа хойшилсон болно.

Гэтэл өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн мөн өдрийн 11:00 цагт товлогдсон Б.Бямбадэлгэр нарт холбогдох шүүх хуралдаанд оролцох үндэслэлээр тус шүүхийн 09.00 цагт товлогдсон хуралдааныг хойшлуулахаар хүсэлт гаргасан нь үндэслэлгүй гэж үзэв. Мөн түүний хүсэлтэд дурдсан Элбэгзаяа гэсэн холбогдогчтой шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хурлын тов дээр байгаагүйг дурдах нь зүйтэй. 

Энэхүү хэргийн оролцогч хохирогч Э.Ар, Б.С нар нь Булган аймгаас ирж шүүх хуралдаанд оролцдог бөгөөд шүүх хуралдаан удаа дараа хойшилж хохирогч нарт чирэгдэл үүсгэх нөхцөл байдал бүрдсэн болно.

Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх байх боловч энэхүү эрхийг хангах үүднээс бусад оролцогч нарын хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх эрхийг удаа дараа хойшлуулах нь зохимжгүй юм. Энэ ч үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт энэхүү хурал хойшлуулж байгаа нь 2, түүнээс дээш удаа давтагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах нөхцөл болж байвал хойшлуулахгүй байж болохоор зохицуулсан болно. Иймд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

            1. Шүүгдэгч Ч.Бо-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт  хэрэг үйлдсэн буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бог 600 нэгж буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэх, биелэгдээгүй торгох ялын 15  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар сольж эдлүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497.1, 498.1, 499.1, 505.1, 228.4 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч “Таван толгой түлш” ХХК-аас 7.393.800 /долоон сая, гурван зуун ерэн гурван мянга, найман зуу/ төгрөг гаргуулж, хохирогч Ж.Аөд, 19.150.148 /арван есөн сая, нэг зуун тавин мянга, нэг зуун дөчин найм/ төгрөг гаргуулж, хохирогч Э.Арт, 14.100.646 /арван дөрвөн сая, нэг зуун мянга, зургаан зуун дөчин зургаа/ төгрөг гаргуулж, хохирогч Б.Ст нарт тус тус олгосугай.

5. Хохирогч нар нь энэ хэргийн улмаас өөрт учирсан хор уршигтай холбоотой цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.  

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бичлэг бүхий 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      М.МӨНХБААТАР