Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/946

 

 

 

 

 

 

 

 

      2022          7            21                                      2022/ШЦТ/946

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,

улсын яллагч Н.Ундрах /томилолтоор/,

хохирогч Б.Ба,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2208 00157 0974 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 45 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, гагнуур түрээслэн ажиллуулдаг ажилтай, ам бүл 2, эхийн хамт оршин суух, урьд:

- 2005 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 2.2, 2.12-т зааснаар 20 жилийн хугацаатай хорих ял шийтгүүлж, ялыг эдэлж дууссан,

Б, /РП: /;

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг дугуй засвар, гагнуурын үйлчилгээний цэгийн гадна хохирогч Б.Ба-тай маргалдан түүний зүүн нүд рүү болон толгой руу нь электродоор хатгах зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 751 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, хохирлын талаарх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Б.Б.

1. Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хохирогч өөрийг нь боогоод байсан учир биеэ хамгаалах гэж нүд рүү нь хатгасан гэсэн үндэслэлээр мэтгэлцэж оролцсон болохыг дурдаж байна.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Б.Бий үйл ажиллагаа явуулдаг Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дугуй засвар, гагнуурын үйлчилгээний цэгт хохирогч Б.Ба нь гагнуур хийлгэсэн. Улмаар дахин засуулахаар очих үедээ хохирогч болон шүүгдэгч нар нь хоорондоо маргалдаж, шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Баийн зүүн нүд рүү болон толгой руу нь электродоор хатгах зэргээр зодож, биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

3. Энэ нь хохирогч Б.Баийн: “...Пийшингийнхээ шүүрийг аваад гэрийнхээ урд байрлах авто засвар гагнуурын газарт төмөр гагнуулахаар очсон. Тухайн газарт гагнуур хийдэг залууг зүс таньдаг бөгөөд нэрийг нь мэдэхгүй ...гагнуулсан шүүрээ аваад гэртээ очоод пийшиндээ тавьж үзтэл миний хэлсэн хэмжээнээс урт, шүүр нь пийшиндээ орохгүй урт болчихсон байхаар нь би буцаж нөгөө залуу дээр очоод “энэ миний хэлсэн хэмжээнээс өөр болчихсон байна, пийшинд орохгүй байна, дахиад нэг талаас нь тайрч богиносгоод тайруулаад өгөөч" гэж хэлэхэд “дахиж янзлах зав байхгүй, чи наад юмаа аваад яв” гэж хэлэхээр нь ...учир байдлаа ойлгуулаад хэлтэл ...хоорондоо маргалдаад тухайн залуу намайг хувцаснаас татаж заамдсан бөгөөд би тухайн үед цааш нь түлхчихсэн юм. Тэгтэл “чамайг орчлонг харахааргүй болгоно, нүдийг чинь сохолно” гэж хэлээд гагнуур хийдэг өрөөний цаана жижиг өрөөнд ороод гарч ирсэн. Тэгээд би арай ч нүд сохолчихгүй байлгүй дээ гэж бодоод зогсож байтал цаад өрөөнөөсөө гагнуурын электрод төмөр ханцуйндаа хийчихсэн үгийн зөрүүгүй шууд миний зүүн нүд рүү нэг удаа зоосон. Би тэгээд л биеэ хамгаалж чадахгүй нүдээ дараад суухад толгой дээр 5 удаа тухайн электрод төмрөөрөө зоосон...би зүүн нүдэндээ хуучин болор суулгацтай бөгөөд уг төмрөөр хатгуулж миний болрыг мулталж нүд рүү хатгасан байсан...” гэсэн мэдүүлэг /хх17, 53/,

- гэрч Б.Ч-ын “...Ба нь гагнуур хийлгэхдээ буруу хэмжээс өгч улмаар Б нь өгсөн хэмжээгээр хийгээд өгсөн боловч Ба уурлаж, маргалдаж эхэлсэн. Хэн хэнийгээ хэрхэн яаж цохисныг мэдэхгүй байна. Харин тэр хашаанд Ба, Б нараас өөр маргалдсан хүн байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх12/, хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдон тогтоогдож байна.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 94 дугаар дүгнэлтэд “Б.Ба-ийн биед зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, болорын мултрал, толгойн хуйханд зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ. /хх20/,

5. Хохирогчийн биед учирсан дээрх хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийн нүд рүү гагнуурын электрод төмрөөр хатгасан үйлдлээс шалтгаалан үүсгэгдсэн нөхцөл байдал тогтоогдож байна.

6. Шүүгдэгч Б.Б нь хохирогч Б.Ба тухайн үед уурлаж, орилж хашхираад, барьцалдаж аваад хоолой боогоод, боолт ороод байсан учир гартаа байсан электрод төмрөөр хатгасан гэж тайлбарласан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан. Тодруулбал, хохирогчийн хүч хэрэглэсэн довтолгооны эсрэг өөрийгөө хамгаалах эрхийг хуульчилжээ. Гэтэл дээр дурдсан хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүх хуралдаанд мэдүүлсэн мэдүүлгээр шүүгдэгчтэй заамдалцсан, цааш нь түлхсэн, улмаар шүүгдэгч нь нүдийг нь сохолно гэж зориуд цаад өрөөнөөсөө электрод төмөр ханцуйлж ирж хатгасан, мөн толгой руу хэд хэдэн удаа хатгасан гэж мэдүүлсэн байх тул хохирогчийн зүгээс шүүгдэгчийн эсрэг хоолойг боон амьсгалыг боогдуулах идэвхтэй довтолгоон бодитойгоор хийгээгүй, мөн заамдалцаад салсны дараа шүүгдэгч нь эргэж ирэн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийн өөрийгөө хамгаалсан гэснийг хүлээн авах үндэслэлгүй юм.

7. Иймд шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

8. Хохирогч Б.Ба нь гэмт хэргийн улмаас дахин хиймэл болор суулгах мэс засалд орно, мөн удаан хугацаагаар ажил, хөдөлмөр хийж чадаагүй цалин хөлс болон баримтаар 701.780 төгрөгийн хохирол нэхэмжилсэн болно.

9. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй”, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж заасан.

10. Хохирогч Б.Баийн эрүүл мэндэд удаан хугацаагаар сарниулах гэмтэл учирсан, хохирогч хэдий хөдөлмөр эрхэлдэг байсан талаар холбогдох баримт бүрдүүлээгүй байх боловч түүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 6 сарын хугацаагаар цалин, хөлсийг тооцон шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Тиймээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420.000 төгрөгийг 6 сараар тооцон 2.520.000 төгрөг, мөн эрүүл мэндэд хохирол учирсантай холбоотой баримтаар нэхэмжилсэн 710.780 төгрөг, нийт 3.221.780 шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгуулах нь зөв байна.

11. Мөн хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлаа холбогдох баримтыг бүрдүүлэн Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдав. 

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

12. Улсын яллагчаас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгж буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт, санал гаргасан.

13. Шүүгдэгч Б.Бий үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

14. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хүний харах эрхтэн болох нүд рүү хатган эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, учирсан хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд санаатай гэмт хэрэг үйлдэн ял шийтгэгдэж байсан, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзлээ.

15. Иймд шүүхээс гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.Бд нийтэд тустай ажил хийлгэх ял сонгон оногдуулах зүйтэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.

 

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

16. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Борхүүгийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497.1, 505.1, 505.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчээс 3.221.780 /гурван сая, хоёр зуун хорин нэгэн мянга, долоон зуун ная/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Бат олгосугай.

 

5. Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хор уршигтай холбоотой цаашид гарсан эмчилгээний зардлыг Иргэний хэргийн шүүхийн журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР