| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2019/0016/э |
| Дугаар | 2019/ДШМ/20 |
| Огноо | 2019-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2019/ДШМ/20
*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, ерөнхий шүүгч Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж шийдвэрлэсэн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.*******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлоор *******т холбогдох эрүүгийн 1921002220121 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
******* овогт *******ын *******, 1984 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, Монгол Улсын иргэн /РД: *******/, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг, Ялалтын *******тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.
Шүүгдэгч *******ын ******* нь согтуугаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим “Тоёота Вироса” маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг 29 дүгээр байрны зүүн хойд талд байрлах “Под” станцын зүүн талын зам дээр замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, мөн дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаар явган зорчигч *******г мөргөж биед нь хүндэвтэр хохирол учруулж, осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч *******ийг “согтуугаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд 2019 оны 06 дугаар 07-ны өдрийн 2019/ШЦТ/151 дугаар шийтгэх тогтоолоор:
1/ *******ийг согтуурсан үедээ, автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,
2/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,
3/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-тзаасныг журамлан, *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 /зургаа/ сар 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож,
4/ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
5/ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******оос бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд нийт 686.800 төгрөгийг гаргуулж хохирогч *******гийн /РД: /-д олгож,
6/ Хохирогч ******* нь шүүгдэгч *******оос цаашид гарах эмчилгээний болон ажилгүй байсан хугацааны цалин, урамшуулал, актны мөнгө зэрэг бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
7/ Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, *******ийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж,
8/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорьж, ...шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нар 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “******* нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасаж, 6 сарын хорих ял, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэгдсэн. Тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, ар гэрийн амьдрал хүнд, хохирогчид цаашид төлөх төлбөртэй зэрэг байдлыг харгалзан улирлын шинжтэй ажил хийх боломж олгон Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ял шийтгэлийг биеэр эдлүүлэхгүй тэнсэж өгнө үү гэсэн санал тавьсан боловч прокурор, шүүхийн зүгээс Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнсэх боломжгүй хэмээн хуулийг буруу тайлбарласан. Гэтэл шүүх шийтгэх тогтоолдоо “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно” гэж хэргийг үндэслэлгүйгээр хүндрүүлж ялыг заавал биеэр эдлэх нөхцөл байдал бий болгосон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 27.10 бол болгоомжгүйгээр, 27.11 бол санаатайгаар үйлдэгдэх гэмт хэрэг байтал үүнийг санаатайгаар үйлдэгдсэн 2 гэмт хэрэг гэж тайлбарласан нь буруу юм. Иймд *******т оногдуулсан 6 сар 30 хоногийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тэнсэж өгнө үү. ******* нь тогтоолд дурдсан төлбөрөө хохирогчид төлсөн болно” гэжээ.
Прокурор Ц.Лхамсүрэн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...******* нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн тул болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм. Замын хөдөлгөөний дүрэмд “Жолооч согтуурсан буюу мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасан байдаг. Иймд анхан шатны шүүхээс дээрх байдалд дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байна гэж үзсэн нь үндэслэлтэй юм. Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй учир тэнсэх боломжгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ, 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 20 цагийн орчим Тоёота Веросса маркийн ******* ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон”, мөн “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч *******г мөргөж бие мах бодид нь “тархи доргилт, баруун гуяны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, баруун атгаал ясны дээд булууны сэтэрсэн хугарал бүхий хүндэвтэр гэмтэл” учруулсан, улмаар дээрх осол болсон хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******, гэрч , гэрч , Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019.03.21-ний 197 тоот дүгнэлт, Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн техникийн шинжээчийн 2019.03.39-ний 14 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, прокурор шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлын дагуу судлан үзвэл, шийтгэх тогтоолд дурдсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл болно” гэх дүгнэлт нь үндэслэлгүй байна.
*******ийн үйлдсэн хоёр гэмт хэргийн нэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тодорхойлсон гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг хэрэгт тооцогдох тул түүнийг “санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэж үзэхгүй.
Гэвч шүүхийн дээрх алдаа нь шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг өөрчлөх, шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй гэж давж заалдах шатны шүүх үзэв. Учир нь, шүүгдэгч *******ийн хувьд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад осол гаргаж хүний биед гэмтэл учруулсан, осол гаргасан даруй хохирогчид тусламж үзүүлэх үүргээ биелүүлэлгүй, хариуцлагаас зайлсхийх зорилгоор ослын газрыг санаатай орхиж явсан, хохирогчид учруулсан эмчилгээний зардал болон холбогдох бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэх боловч цаг тухайд нь шуурхай төлж барагдуулах тал дээр санаачлагагүй хандаж ирсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл анхан шатны шүүхийн оногдуулсан ял шийтгэл нь түүний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” тухай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШЦТ/151 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******ийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 42 /дөчин хоёр/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүгдэгч ******* нь хохирогч *******гийн ХААН банкны тоот дансанд 2019 оны 06 сарын 26-ны өдөр 690,000 /зургаан зуун ерэн мянган/ төгрөг төлсөн болохыг дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР