Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түндэвийн Энхмаа |
Хэргийн индекс | 128/2023/0408/З |
Дугаар | 221/МА2024/0182 |
Огноо | 2024-03-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2024/0182
2024 оны 03 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2024/0182 | Улаанбаатар хот |
С.Д-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Т.Энхмаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э;
Нэхэмжлэгч: С.Д
Хариуцагч: ЧГДУБХ
Гуравдагч этгээд: Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “ЧГДТГ-ын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-ийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай;
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0026 дугаар шийдвэр;
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Д,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.М нар;
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2023/0408/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Д-оос ЧГДУБХ-т холбогдуулан “ЧГДТГ-ын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-ийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 0026 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.1.5, 22 дугаар зүйлийн 22.2, 1999 оны Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.5, 22 дугаар зүйлийн 22.1, 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.6, 11.3, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 2018 оны Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-д заасныг баримтлан иргэн С.Д-ыг төлөөлөн нэхэмжлэгчээс ЧГДУБХ т холбогдуулан гаргасан ЧГДТГ-ын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э давж заалдах гомдолдоо:
...Шүүх, С.Д-оос ЧГДУБХ т холбогдуулан гаргасан “ЧГДТГ-ын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцээгүй, хууль бус шийдвэр гаргажээ.
3.1. ...Нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй, тал бүрээс нь бодитой үнэлээгүй тухай: Нэхэмжлэгч С.Д нь “Б.Э гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн улсын бүртгэл нь хууль бус, учир нь Э гэх хүүхдийн эцгээр өөрийгөө бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн өргөдлийг миний гэр бүлийн хүн болох талийгаач Д.Б нь өөрийн биеэр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн тасагт очиж гаргаагүй, талийгаач Д.Б-ын гарын үсгийг хуурамчаар зурсан, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын заалтыг зөрчсөн, Эгийн эцгээр Д.Б-ыг тогтоосон иргэний шүүхийн шийдвэр, захиргаан байгууллагын шийдвэр байхгүй” гэх зэргээр шүүхэд нэхэмжлэлийн тайлбар, үндэслэлээ гаргасан байдаг. ...
Шүүх шийдвэрийн Үндэслэх хэсгийн 11.2-т “Тухайн үеийн иргэний бүртгэлийн байгууллага” болох одоогийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтны эрхлэн хөтөлсөн 2005 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэл нь мөн тухайн үедээ хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон заалтыг зөрчөөгүй байна, энэ нь 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17.1, 17.3 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.1-д “заалтыг хариуцагч биелүүлээгүй зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй ...” гэж дүгнэжээ.
Шүүх ...дүгнэхдээ, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоогоогүй, нотлох баримтыг харьцуулан үнэн зөв, эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн дүгнээгүйгээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гараагүй гэж үзэж байна. Тодруулбал, Улсын бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий эцэг тогтоосон тухай бүртгэлийг хийхдээ дээр дурдсан хууль, журмын зүйл зохицуулалтаас гадна дараах хууль зүйн зохицуулалтыг баримтлан тус бүртгэлийн үйл ажиллагааг явуулах шаардлагатай байсан.
3.1.1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.3-т “Эцэг тогтоосны бүртгэлийг хөтлөхдөө эцэг тогтоосон тухай мэдэгдэх хуудас /ХААТР-14/-ын А,Б талд болон эцэг тогтоосныг бүртгэлийн дэвтэрт бичилт хийж, төрсний гэрчилгээг дахин шинээр бичиж олгоно” гэж, 7.3-т “эцэг тогтоосныг бүртгэж төрсний гэрчилгээний баруун дээд талд “хуулбар” тэмдэг дарж бүртгэл хийсэн он, сар, өдрийг бичнэ” гэж тус тус заасан. Гэвч Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан нь маргаан бүхий 2005 оны 366 тоот эцэг тогтоосон бүртгэлийг хийхдээ эцэг тогтоосон тухай мэдэгдэх хуудас /ХААТР-14/ маягтыг хөтлөөгүй, эцэг тогтоосныг бүртгэж төрсний гэрчилгээ олгохдоо зохих бичилтийг хийгээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, зохигчийн тайлбараар нотлогддог. Түүнчлэн шүүх дээрх дүгнэлтээ хийхдээ нэхэмжлэгчийн гаргасан эцэг тогтоох бүртгэлийн хүчингүй болгох нэхэмжлэлийн хүрээнд нотлох баримтыг үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эцэг тогтоох бүртгэл хийсэн нотлох баримтыг эцэг тогтоосон тухай мэдэгдэх хуудас /ХААТР-14/-ын маягтад тулгуурлаж бус, уг бүртгэлд хамааралгүй төрснийг бүртгэх бүртгэлийн /ХААТР-11/ маягтад тулгуурлан үнэлсэн гэж үзэхээр байна.
3.1.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б.Э гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн иргэний улсын бүртгэлийн хувийн хэрэг, шүүхээс Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын архивд хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт цугларсан. Дээрх нотлох баримтуудаар 1-рт “Д.Б нь өөрийн биеэр ЧГДТГ-ын харьяа Иргэний улсын бүртгэлийн тасагт очиж “Д.Б-ыг Эгийн эцгээр тогтоож өгнө үү” гэсэн өргөдлийг гаргаагүй болох нь, 2-рт “Д.Б нь өөрийн биеэр очиж гарын үзэг зураагүй” болох нь нотлогдсон гэж үзэж байгаа. Тодруулбал, иргэний улсын бүртгэлийн хувийн хэрэгт болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр “366 дугаартай Эцэг тогтоох тухай өргөдөл, ХААТР-11/төрснийг бүртгэх анкет/ гэх маягт, эцэг тогтоосон бүртгэлийн журнал зэрэг дээр “Б” гэж дармал хэлбэрээр бичсэн нь талийгаач Д.Б-ын өөрийн бичвэр биш болохыг нотлох үүднээс талийгаачийн банк, төрийн захиргааны байгууллага болон, хуулийн этгээдүүдтэй хамтран ажилсан баримтууд дээр талийгаач Д.Б-ын гарын үсгээ зурсан нотлох баримтуудыг /16 хуудас баримтууд/ нэхэмжлэгчээс гаргаж өгсөн.
Улмаар 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “улсын бүртгэлийн хувийн хэрэгт зурагдсан “Б” гэх бичвэр нь талийгаач Д.Б-ын гарын үсгийн бичвэр биш болох”-ыг нотлуулахаар гарын үсгийн шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2023/10411 дүгээр захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.Анхан шатны шүүгч тусгай мэдлэг шаардлагатай гэж үзвэл тухайн нотлох баримтыг шинжлэн судлах тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилох ёстой. Эсвэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар “иргэний хувийн хэрэгт зурагдсан “Б” гэх бичвэрийг талийгаач Д.Б зураагүй нь нэгэнт илэрхий нотлогдож байгаа тохиолдолд шинжээч томилохоос татгалзах нь үндэслэлтэй. Тиймээс анхан шатны шүүгчийн дээрх захирамжаар “иргэний улсын бүртгэлийн хувийн хэрэгт, өргөдөл”-д бичигдсэн “Б” гэх бичвэр нь талийгаач Д.Б-ын гарын үсгийн бичвэр биш болох нь нотлогдсон гэж үзэж дээрх захирамжийг гаргасан гэж ойлгогдохоор байна.
3.1.3. Нөгөөтээгүүр нэхэмжлэгч С.Д нь “Э гэх хүүхдийн эцгээр өөрийгөө бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрсөн өргөдлийг миний гэр бүлийн хүн болох талийгаач Д.Б нь өөрийн биеэр Чингэлтэй дүүргийн Иргэний бүртгэлийн тасагт очиж гаргаагүй, талийгаач Д.Б-ын гарын үсгийг хуурамчаар зурсан” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ гаргасан байхад анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШЗ2023/10411 дүгээр захирамжаа “... Д.Б-ын гарын үсэг нь мөн биш гэх үйл баримт нь, удам төрлийн холбоотой талаарх үйл баримт нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамааралгүй” гэх үндэслэлээр шинжээчийг томилоогүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар “Д.Б”-ын гарын үсэг мөн биш гэж маргаагүй. Тиймээс дээрх үндэслэлээр болон анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтуудаар 1-т “Д.Б нь өөрийн биеэр ЧГДТГ-ын харьяа Иргэний улсын бүртгэлийн тасагт очиж Д.Б-ыг Э-ийн эцгээр тогтоож өгнө үү” гэсэн өргөдлийг гаргаагүй болох нь, 2-т “Д.Б нь өөрийн биеэр очиж гарын үзэг зураагүй” болох нь нотлогдсон, мөн “ХААТР-14 гэх эцэг тогтоосныг мэдэгдэх хуудсыг огт бөглөөгүй”, “эцэг гэж тогтоосон Д.Б нь гарын үзэг зураагүй” зэргээс үзэхэд Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э-ийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэл нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэл үнэн зөв, бодит байх” гэж заасанд нийцээгүй хууль бус болох тогтоогдож байна.
3.1.4. Гэвч анхан шатны шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх зарчим хангагдаагүй байгааг харж болно. Тодруулбал, шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 11.2-т “... журмын 7.1-т “Эцэг тогтоосны бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэх”-ээр зааж зохицуулсныг хариуцагч биелүүлээгүй зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй, хариуцагч иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийн хамтран гаргаж буй өргөдөл дэх гарын үсгийг мөн бишийг баталж тогтоох шаардлагагүй, хуулиар хүлээсэн ийм үүрэг байхгүй байна” гэж дүгнэсэн. Маргаан бүхий тохиолдолд 2005 оны 08 сарын 29-ны өдрийн 266 гэх гараар бичсэн дугаарыг 366 болгож зассан “Эцэг тогтоох тухай өргөдөл”-ийг үндэслэн бүртгэл хийсэн байдаг. Тухайн өргөдөлд талийгаач гарын үсгээ зураагүй, түүний нэрийг “Б” гэж дармалдаж бичсэн байдаг. Учир нь талийгаач Дэжидийн Б нь 1990-ээд оноос хойш нас барах хүртлээ хувийн болон ажил хэрэгтээ ганцхан гарын үсгийг ашиглаж байсан нь хэрэг авагдсан баримтуудаар нотлогдоно. Үүн дээр ч хариуцагч болон гуравдагч этгээд нар маргадаггүй. Өөрийнх нь гарын үсгээс зөрүүтэй байгааг хариуцагчаас “заавал баталгаат гарын үсгээ зурахыг шаардахгүй” гэх тайлбараар хүлээн зөвшөөрдөг. Талийгаач нь хэрэгт авагдсан эцэг тогтоох тухай өргөдөл, ХААТР-11 маягт дээр зурагдсан шиг “Б” гэж дармалдаж гарын үсэг зурсан нэг ч тохиолдол байхгүй гэдгийг хариуцлагатайгаар цохон тэмдэглэхээс гадна уг бичвэр түүний “бичиг” биш байгаа нь маргааны хувьд үнэлэх ёстой ач холбогдол бүхий баримт болно.
3.1.5. Нэхэмжлэгчээс “Д.Б тухайн бүртгэлийг хийхэд өөрөө байгаагүй, өргөдөл гаргаагүй тул гарын үсгийг хуурамчаар зурсан, тэр нь дээрх дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж тайлбарласан байхад шүүхээс “тухайн этгээдийн гарын үсгийг мөн бишийг тогтоох үүрэг хариуцагчид байхгүй” гэж буруу ойлгож дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, биечлэн өөрөө өргөдөл гаргах этгээд байгаагүй байхад өмнөөс нь бусдаар гарын үсгийг хуурамчаар үйлдүүлж бүртгэл хийсэн нь хууль, журмыг зөрчсөн. Гарын үсэг гэж “албан ажлын баримт бичиг, гэрээ, эрх зүйн акт, шүүхийн баримт бичгийн зайлшгүй бүрэлдэхүүн хэсэг, хууль зүйн учир холбогдол бүхий жинхэнэ эх баримт бичигт заавал байх нэгэн бүрдүүлбэр, жишээ нь банканд данс нээлгэхэд бүх үйлчлүүлэгчид гарын үсгийн загвараа өгөх ёстой байдгаас үзвэл хүн 1 хэвийн гарын үсэгтэй байх ёстой, харин өвчин болон бичиг үсэг мэдэхгүйн улмаас гарын үсэг зурж чадахгүй этгээдийн итгэмжлэлээр өөр этгээд төлөөлөн гарын үсэг зурж болно.”[1]гэж тодорхойлжээ. Гэтэл анхан шатны шүүгч талууд маргаагүй асуудлыг өөрөө үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланд нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байх нь шийдвэрийг хүчингүй болгох шууд үндэслэл болно.
3.1.6. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь эцэг тогтоосны бүртгэлийн журнал, ХААТР-11 /төрсний бүртгэлийн анкет/, 366 дугаарт Эцэг тогтоох тухай өргөдөл зэрэгт зурагдсан “Б” гэж дармалдаж бичсэн бичиг түүний бичвэр биш болох холбогдох баримтуудаар үгүйсгэгдэж байхад нотлох баримтыг эргэлзээгүй талаас нь бүрэн дүүрэн бодитойгоор үнэлээгүй байна. Мөн шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ нь хэсгийн 11.3-т “... журмын 7.5-д заасны дагуу нотариатаар гэрчлүүлсэн өргөдөл хэрэгт авагдаагүй гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нотариатаар гэрчлүүлэх шаардлага маргаан бүхий энэ тохиолдолд үүссэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.5-д “Эцэг тогтоосныг бүртгэхдээ эцэг эхийг байлцуулна…” гэж зааснаар Д.Б нь бүртгэл хөтлөх үед өөрөө очоогүй, өөрөө очсон гэдгийг хариуцагч нотолж чадахгүй байгаа учраас тус журмын 7.5-д “…Хэрэв эцэг эхийн аль нэг нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас бүртгэлийн ажиллагаанд оролцож чадахгүй бол хүүхдийн эцэг тогтоох өргөдлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан зохицуулалтыг хэрэгжүүлсэн эсэхийг шаардсан боловч мөн л хэрэгжээгүй байна.
3.1.7. Хариуцагчаас Д.Б-ыг тухайн үед өөрийн биеэр очсон гэж тайлбарладаг боловч үүнийгээ нотолж чадаагүй, шүүхээс энэхүү үйл баримыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж зааснаар үүргээ гүйцэтгээгүй атлаа “нотариатаар гэрчлүүлэх шаардлага маргаан бүхий энэ тохиолдолд үүссэн гэх нөхцөл байдал нотлогдохгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан “ШҮҮХ НОТЛОХ ЗАРЧИМ”-ыг хэрэгжүүлээгүй, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна. Нотолгооны зүйлд багтаж буй нөхцөл байдлыг бүрэн дүүрэн, тодорхой, зөв илэрхийлж чадах нотлох баримтын шинжийг нотлох баримтын үнэн зөв байдал гэнэ. Бодит байдлын тухай үнэн мэдээлэл агуулж буй нотлох баримт л үнэн зөв байна. Үнэн зөв биш нотлох баримт хэргийн нөхцөл байдлыг тогтоох, эсхүл үгүйсгэх чадваргүй байна. Тийм ч учраас нотлох баримтын үнэн зөв байдал заавал шалгагдах ёстой юм. Тухайлбал, нотлох баримтын үнэн зөв байдал нь цугларсан бүх нотлох баримтын хоорондын уялдаа холбоо, харьцуулсан судалгаа зэргээс шалтгаална.
3.1.8. Мөн 2003 оны 164 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.3-т “Эцэг тогтоосны бүртгэлийг хөтлөхдөө эцэг тогтоосон тухай мэдэгдэх хуудас /ХААТР-14/-ын А,Б талд болон эцэг тогтоосныг бүртгэлийн дэвтэрт бичилт хийж төрсний гэрчилгээг дахин шинээр бичиж олгоно” гэж зааснаар бүртгэл хийгдээгүй, харин ХААТР-11 буюу тухайн үеийн журмаар төрсний бүртгэл хөтлөхдөө ашиглах маягтад бичилт хийсэн алдаатай үйл ажиллагаа явуулсан байна. Дээрх үндэслэлийг хариуцагчаас “... ХААТР-14 байхгүй, ХААТР-11 байна гэж маргаж байх шиг байна. Эцэг тогтоолтыг бүртгэлийг төрөлтийн бүртгэлтэй хамт хийсэн бол ХААТР-11, эцэг тогтоолтын бүртгэлийг дангаараа хийсэн бол ХААТР-14 гэсэн маягт хөтөлдөг. Төрөлтийн бүртгэлтэй хамт хийгдсэн байгаа тохиолдолд өргөдлийн анкет, журналуудаар хөтөлдөг” гэж тайлбарласан нь үндэслэлгүй учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн Чингэлтэй дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн нэгдсэн архивын 101 тоот өрөөнд хийсэн үзлэгээр /ХХ-ийн 100-101/ “Чингэлтэй /1992-2005/ Шинэ ЭТ-3047 дугаартай халамжийн нэгжээс Улаанбаатар /аймаг, хот/ Чингэлтэй /сум, хот, хороо/эцэг тогтоосныг бүртгэх дэвтэр №1, 2005 он гэсэн дэвтэр, дэс дугааргүй, Эцэг тогтоолгосон хүүхдийн овог, нэр: Ганчимэг Э, төрсөн он, сар: 2005.05.11” гэсэн байгаагаас үзвэл гуравдагч этгээд нь анх эх болох Ганчимэгээр овоглож, Ганчимэгийн Э байсан нь тогтоогддог тул дээрх тайлбар нь үндэслэлгүй байна. Маргаан бүхий бүртгэл болох Эцэг тогтоох тухай өргөдөл буюу бүртгэлийн 366 дугаарт бүртгэлтэй байх атлаа түүнийг дагалдаж бөглөсөн гэх ХААТР-11 /төрснийг бүртгэх анкет/ маягтад 366 гэх дэс дугаарыг 266 гэж бичсэн, үүндээ засвар хийж зөвтгөөгүй, мэдээлэл нь зөрүүтэй байдал тогтоогддог.
3.1.9. Дээрх бүхий л маргаантай нөхцөл байдалд анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйл Шүүхийн шийдвэрийн агуулга гээд 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж зааснаар бүхий л үндэслэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
3.2. Хоёрдугаарт. Хууль буруу тайлбарлан хэрэглэсэн талаар:
3.2.1. 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн бүртгэх” гэж заасан бөгөөд уг хуулийн заалтад нийцүүлэн гаргасан 2003 оны 164 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын 7.1-д “эцэг тогтоосны бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэх”-ээр заажээ. Хуулийн дээрх заалт, түүнд нийцүүлэн гаргасан журмаар “эцэг тогтоосны бүртгэлийг бүртгэх” тохиолдолд тухайн хүүхдийн эцгээр тогтоолгох хүсэлтэй иргэн нь өөрийн биеэр хүрэлцэн очиж, өөрөө мөн болохыг тодорхойлсон, гэрчилсэн баримт болох иргэний үнэмлэхийг шалгуулан өөрийн гарын үсгийг зурсан байхыг шаардсан агуулга бүхий хууль, журмын зохицуулалт юм. Эсвэл өөрийн биеэр хүрэлцэн очих боломжгүй тохиолдолд нотариатаар гэрчилсэн баримтыг бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шаардсан иргэний улсын бүртгэл үзэн зөв эргэлзээгүй байхыг нарийвчлан зохицуулсан хууль, журам билээ. Харин Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д "иргэний бүртгэл, мэдээллийн систем" гэж Монгол Улсын иргэн бүрд олгосон регистрийн дугаарыг үндэслэн Монгол Улсын хүн амыг бүртгэл, мэдээллийн нэгдсэн үзүүлэлтэд хамруулахтай холбогдсон цогцолбор үйл ажиллагааг” гэж заасан байхад анхан шатны шүүх “... хариуцагч иргэний бүртгэлийн байгууллага эцэг, эхийн хамтран гаргаж буй өргөдөл дэх гарын үсгийг мөн бишийг баталж тогтоох шаардлагагүй, хуулиар хүлээсэн үүрэг байхгүй” гэж тайлбарласан буруу юм. Өөрөө хэлбэл, талийгаачийн 2005 оны иргэний үнэмлэх дээрх гарын үсэг нь тухайн баримт дээрх гарын үсэгтэй таарч, бодит үнэн нөхцөл байдалтай тохирч буйг хянаж нягтлаагүй.
3.2.2. Иргэний бүртгэлийн тухай /1999 оны/ хуулийн 8 дугаар зүйлд иргэний бүртгэлийн ажилтан , түүний эрх, эрх үүргийг хуульчлан зохицуулсан байх бөгөөд тус хуулийн 8.2-т “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь эрх эдэлнэ”,
8.2.1-д “бүртгэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичгийг иргэн, хуулийн этгээдээс гаргуулан авах”;
8.2.2-т “жинхэнэ мөн эсэх нь эргэлзээтэй бол уг баримт бичгийг магадлан шинжлүүлэх” гэж,
Мөн хуулийн 8.3-т “Иргэний бүртгэлийн ажилтан дараахь үүрэг хүлээнэ”,
8.3.1-д “бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах”;
8.3.2-т “бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх, тайлан мэдээг нэгтгэж гаргах” гэж тус тус заасан байна.
Үүнээс үзвэл, улсын бүртгэлийн ажилтан нь маргаан бүхий эцэг тогтоох бүртгэлийг хийхдээ эргэлзээ бүхий баримт бичгийн жинхэнэ мөн эсэхийг магадлан шинжлүүлэх, бүртгэл үйлдэхэд шаардлагатай баримт бичгийн бүрдэл, тэдгээрийн үнэн зөвийг шалгах, бүртгэлийг хууль тогтоомжид нийцүүлэн үнэн зөв хөтлөх эрх, үүрэг хуулиар хүлээсэн байна. Дээрх хууль болон хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж дүгнэлгүйгээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэл үнэн зөв, бодит байх”, 1999 оны Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн бүртгэх” гэж тус тус заасныг зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх, хуульд нийцсэн байх шаардлагыг хангаагүй байна.
3.2.3. Мөн өмнө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэлийн тухай хуулийн /1999 оны/ 2 дугаар дугаар зүйлийн 2.1-д “Иргэний бүртгэлийн тухай хууль тогтоомж нь Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Гэр бүлийн тухай хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "иргэний бүртгэл" гэж иргэний эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болгохтой холбогдох энэ хуульд заасан үйл ажиллагааг”, 4.1.2-д "иргэний бүртгэл, мэдээллийн систем" гэж Монгол Улсын иргэн бүрт олгосон регистрийн дугаарыг үндэслэн Монгол Улсын хүн амын бүртгэл, мэдээллийн нэгдсэн үзүүлэлтэд хамруулахтай холбогдсон цогцолбор үйл ажиллагааг” гэж заажээ. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Хүүхдийн эцэг, эхийн гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно”, 22 дугаар зүйлийн 22.1-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага, хилийн чанадад ажиллаж байгаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газар эцэг, эхийг тогтооно” гэж зааснаас үзвэл Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуульд зааснаар иргэний бүртгэлийн байгууллага нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эцгийн нэрээр хүүхдийг овоглох бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосны дараа эцэг, эх болохыг тогтоож гэрчилгээ олгохоор хуульчлан тогтоосон байна.
3.2.4. Өөрөөр хэлбэл, Иргэний бүртгэлийн тухай 1999 оны хуулийн 17 дугаар зүйлийн “Эцэг тогтоосон тухай бүртгэл” гэж заасан, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д “Хүүхдийн эцэг, эх нь гэрлэлтээ бүртгүүлсэн бол гэрлэлтийн гэрчилгээг, гэрлэлтээ бүртгүүлээгүй бол хуульд заасны дагуу захиргааны буюу шүүхийн журмаар эцэг, эхийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн тогтоогдоно” гэж зааснаас үзвэл талийгаач Д.Б, Б.Ганчимэг нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй /хамтын амьдрал байгаагүй/ тул Б.Ганчимэгийн охин болох Эг талийгаач Д.Б-ын охин мөн болохыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоосон, эсвэл Д.Б нь Эгийн эцэг болохыг хүлээн зөвшөөрсөн өөрийн гаргасан өргөдлийг хүлээн авч, тухай үеийн хуулиар Захиргааны байгууллага буюу сум, дүүргийн Засаг дарга тодорхойлсон нотлох баримтыг хүлээн авч иргэний бүртгэлийн ажилтан бүртгэх гэрчлэх захиргааны байгууллагын үйл ажиллагаа юм. Түүнчлэн талийгаач Д.Б нь С.Д-той хууль ёсны гэр бүл, гэрлэлтийн бүртгэл хүчин төгөлдөр байхад бүртгэлийн байгууллагын ажилтан зохих шийдвэр, өөрийх нь гаргасан өргөдөл зэргийг үндэслэн бүртгэл хийх байтал, хуулийн дагуу хийгээгүй байна.
3.2.5. Хуулийн дээрх заалтууд болон Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн, эсхүл хүүхдийн эцгийг тогтоосон эрх бүхий байгууллагын шийдвэргүй бол хүүхэд эхийн нэрийг авна” гэж зааснаас үзвэл Иргэний бүртгэлийн байгууллага нь гэрлэлтээ бүртгүүлээгүй эхээс төрсөн хүүхдийн эцгийг тогтоодог байгуулга биш бөгөөд зөвхөн эрх бүхий байгууллага буюу шүүхийн шийдвэр, захиргааны байгууллага болох Сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн хүүхдийн эцгийн овог нэрийг хүн амын бүртгэлд бүртгэх эрхий бүхий бүртгэлийн байгууллага гэж хуульчилсан байна. Дээрх Иргэний бүртгэлийн тухай хууль, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох заалтуудаар Иргэний бүртгэлийн байгууллагын чиг үүрэг нь захиргааны байгууллага мөн хэдий ч эрх бүхий захиргааны байгууллагын шийдвэрийг үндэслэн иргэний бүртгэлийн мэдээллийн санг бүрдүүлэн, хүн амын иргэний бүртгэлийн гэрчилсэн баримт бичгийг олгогдох бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг чиг үүрэг бүхий байгуулга гэж үзэхээр байна. Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар талийгаач Д.Б-ыг Эгийн эцэг мөн болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхгүй, мөн сум дүүргийн Засаг даргад талийгаач Д.Б нь Эгийн эцэг мөн болохыг тогтоосон өргөдөл гаргаагүй, Д.Б нь өөрийн ЧГДТГ-ын харьяа Иргэний бүртгэлийн тасагт 2005 оны 08 дугаар сарын 29-ний өдөр очиж, ХААТР-14 /эцэг тогтоосныг мэдэгдэх хуудас/ зэрэг баримт дээр гарын үсэг зураагүй, ХААТР-11 /төрснийг бүртгэх анкет/ гэх маягт байх боловч талийгаач өөрөө гарын үсгээ зурсан нь эргэлзээтэй тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэл үнэн зөв, бодит байх” гэсэн зарчимд нийцээгүй тул анхан шатны шүүхийн эдгээр хуулийн тайлбарласан тайлбар нь хуульд нийцээгүй гэж үзлээ.
3.3. Гуравдугаарт. Нэхэмжлэгчийн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлын талаар: Мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д “Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэдэгт эцэг эхийн нэр авах тэжээн тэтгүүлэх, асран хамгаалуулах, өв залгамжлах зэрэг эрхийг, түүнчлэн эцэг, эхээ тэжээн тэтгэх, асран хамгаалах зэрэг үүргийг тус тус хамруулж үзнэ” гэснээр нэхэмжлэгч болон талийгаачийн хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөхөөр байна. Учир нь Б.Э талийгаачийн ногдох хөрөнгөөс өвлөхөөр иргэний шүүхэд маргаан үүсгэсэн байгаа билээ.
3.3.1. Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 156 дугаар тогтоолын ҮНДЭСЛЭХ нь хэсэгт “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заасан. Иргэн С.Д-ын гаргасан нэхэмжлэлийн хувьд “... Б.Э гийн эцгээр Д.Б-ыг тогтоосон улсын бүртгэл” буюу Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулиар зохицуулсан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул уг маргааныг өв залгамжлалтай холбоотой, хувийн эрх зүйн маргаан гэж үзэхгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байна.” гэж хэргийн харьяалал тогтоон шийдвэрлэсэн.
3.3.2. Энэ нь нэхэмжлэгч С.Д-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хөндөгдсөн гэж үзэн захиргааны хэргийн шүүхээр хэлэлцэх болохыг тогтоосон юм. Нөгөөтээгүүр, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйл нь эцэг, эх болох эрхийг бус эцэг, эх байх үүргийн заалт бөгөөд энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй тохиолдолд хэрэглэгдэх иргэний эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн нарийвчилсан зохицуулалт юм. Түүнээс нийтийн эрх зүйн хүрээн буюу энэхүү захиргааны маргааныг шийдвэрлэхэд тайлбарлан хэрэглэх хуулийн зохицуулалт биш билээ. Маргааны зүйл нь нэхэмжлэгч С.Д нь талийгаач Д.Б-ын хууль ёсны гэр бүлийн эхнэр нь бөгөөд хууль ёсны дагуу өв залгамжлагч юм. Тиймээс С.Д-ын хувьд хууль ёсны өв залгамжлах эрх нь ирээдүйд бий болох эрх юм. Уг ирээдүйд бий болох эрхээ эдлэх гэхээр өвлүүлэгч Д.Б-ын нэрээр эцгийн овог нэрийн бүртгэлтэй этгээдийн бүртгэл байгаа нь С.Д-ын зөрчигдөж болзошгүй эрх юм. Гэтэл шүүгч “Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д заасныг буруу тайлбарлан “нэхэмжлэгчийн зөрчигдөж болзошгүй эрх тогтоогдохгүй байна” гэж үзсэн нийтийн эрх зүйн маргаан, хувийн эрх зүйн маргааны төрлөө ойлгохгүйгээр шүүхийн шийдвэр гаргасан илт хууль бус шүүхийн шийдвэр болжээ. Мөн С.Д нь зөвхөн улсын бүртгэлийн гэрчилсэн үйлдэлтэй маргах эрх байх бөгөөд онцгой ажиллагааны журмаар “Б.Э гийн эцэг Д.Б биш болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг ердийн шүүхэд гаргах эрх хязгаарлагдмал юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т “улсын бүртгэл үнэн зөв, бодит байх” гэсэн зарчимд нийцээгүй Чингэлтэй дүүргийн Тамгын газрын харьяа Иргэний бүртгэлийн тасгийн 2005 оны эцэг тогтоосны бүртгэлийн 366 дугаарт 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрсөн Б.Э гийн эцгээр Д.Б-ыг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгохоор байна.
3.3.3. Тодруулбал, энэхүү маргаан нь зөвхөн Иргэний улсын бүртгэлийн газар нь талийгаач Д.Б-ын нэрээр Эгийн эцгийн овог нэрийг бүртгэсэн бүртгэл хууль болон журмыг зөрчсөн болохыг тогтоох эрх зүйн маргаан бөгөөд Эгийн эцэг нь талийгаач Д.Б эсэхийг тогтоохыг шаардсан иргэний шүүхийн харьяалан шийдвэрлэх нэхэмжлэлийн шаардлага биш юм. Зүй нь, шүүх хууль бус бүртгэлийг хүчингүй болгосон нь ч талийгаач Д.Б-ыг Эгийн эцэг биш гэж шууд үзэхгүй бөгөөд Э нь иргэний шүүхэд онцгой ажиллагааны журмаар эцэг тогтоолгох нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлэсний дараа дахин иргэний улсын бүртгэлд эцгийн овог нэрээр бүртгүүлэх эрх нээлттэй юм. Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн 128/ШШ2024/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
ХЯНАВАЛ:
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичгээр “...Б.Ганчимэг,... төрсөн ах болох Б-ын Мөнхбатыг ...Д.Б-ын үеэл Баатарын Ганболдыг гэрчээр асуулгах” тухай хүсэлтийг болон “...Э намайг эцэг Д.Б-ын төрсөн том хүү Б.Мөнхбаттай удам төрлийн холбоо хамааралтай болохыг тогтоолгохоор шинжилгээ авах,” гэсэн хүсэлтүүдийг амаар болон бичгээр гаргажээ. /1-р хх-186-189 тал/
3.3. Дээрх хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтүүдийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд захирамж гаргахдаа Үндэслэх нь хэсэгт дүгнэлт хийсэн байх боловч харин Захирамжлах нь хэсэгт хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тодорхойгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг бусад оролцогчдын саналыг сонсмогц шүүгч ... даруй шийдвэрлэнэ” гэж заасантай нийцэхгүй байна.
3.4. Хэргийн оролцогчдоос иргэний бүртгэл хийх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний бүртгэлийн тухай хууль /1999 оны/-ийн 11 дүгээр зүйл. “Иргэний гэр бүлийн бүртгэлийн төрөл”, 11.2.6-д “эцэг, эх тогтоосон тухай”, 11.3-д “энэ хуулийн 11.2-т заасан бүртгэл хөтлөх журмыг улсын бүртгэлийн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн тогтооно”, 17 дугаар зүйлийн 17.1-д “эцэг тогтоосныг эцэг, эхийн хамтран гаргасан өргөдлийг үндэслэн бүртгэх” гэсэн зохицуулалт болон уг хуульд нийцүүлэн гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2003 оны 164 дүгээр тушаалаар батлагдсан “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журам”-ын холбогдох заалтыг баримтлан мэтгэлцжээ.
3.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хуралдсан шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ “2005 оны бүртгэлтэй маргаж байгаа. Хариуцагчаас ирүүлсэн хариу тайлбарт тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Иргэний бүртгэл хөтлөх журмыг дурдсан байдаг...журам нь www.Legalinfo.mn сайтад байхгүй, хариуцагчаас нотлох баримтаар ирүүлээгүй учир тус журмыг хариуцагчаас гаргуулах хүсэлттэй байна” гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулсан байх боловч уг журам нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, энэхүү журмыг давж заалдах шатны шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй /Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем болон бусад сайтуудад байршуулаагүй, хайлтад гарч ирээгүй/ байх тул шүүх “...Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл хөтлөх журмын”-ын 7.1-д “Эцэг тогтоосны бүртгэлийг Иргэний бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу бүртгэх”-ээр зааж зохицуулсныг хариуцагч биелүүлээгүй зөрчсөн үйл баримт тогтоогдохгүй” гэсэн дүгнэлт хийсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 107 дугаар зүйлийн 107.4-д заасантай нийцэхгүй байна.
4. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүх хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой нотлох баримтыг дутуу бүрдүүлж, хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.
5. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 128/ШШ2024/0026 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
[1]Хууль зүй, дотоод хэргийн яам, “Монгол Улсын хууль зүйн нэвтэрхий толь”, 83-84-р тал