| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2022/0931/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/949 |
| Огноо | 2022-07-21 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Т.Төмөртулга |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/949
2022 7 21 2022/ШЦТ/949
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Б.Дашдондов, шүүгч Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Т.Төмөртулга,
иргэдийн төлөөлөгч П.Эрдэнэдаваа,
шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Ө.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Төмөртулгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жанцангийн От холбогдох эрүүгийн 2208 00000 0872 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 70 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 1, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,
О, /РД: /;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин О.Б-тай маргалдаж улмаар түүний баруун мөрөнд хутгалж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 761 дугаар яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Ж.О:
1. Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.О нь гэм буруугаа хүлээж байна гэсэн бол түүний өмгөөлөгч нь хэргийн зүйлчлэлтэй маргах зүйлгүй, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон.
2. Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт гаргажээ.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбар, дүгнэлт хийн улсын яллагч, иргэдийн төлөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ж.Оийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
4. Хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч Ж.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 28-ны оройн 23 цаг 30 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо 26 дугаар байрны 287 тоотод төрсөн охин О.Бтай маргалдаж улмаар түүний баруун мөрөнд хутгалсны улмаас хохирогч газар дээрээ нас барсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ нь шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудаст “ээж нь охиныхоо зүүн мөр рүү хутгалчихлаа” гэсэн дуудлага /1хх2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх7-13/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх14-18/, цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх32-35/,
- гэрч Н.Баийн “...Би өөрийн эхнэр О.Бтай оршин суудаг юм. Харин манай гэрт хадам ээж болох Ж.О ирж очин амьдардаг. 2022 оны 4 дүгээр сарын 28-ны ... Манай хадам ээж О гаднаас бас нэг 0.75 литрийн Хараа нэртэй архи авч гэрт орж ирсэн. Тэр архийг задалж дээрээс нь бид гурав бага зэрэг уучхаад байж байхад 18 цаг 35 минутын үед манай эхнэр над руу утсаар ярьсан. Ярихдаа намайг архи уучихсан юм уу гэж асуухаар нь би бага зэрэг архи уучихсан байна гэж хэлсэн. Манай эхнэр надад хандаж чи юм авхуулах юм уу гэж асуухаар нь би нэг пиво авчих гэж хэлээд утсаа тасалж Энхбатыг эхнэр ирж байна гэж хэлж гэрээс гаргаж явуулаад гэрээ цэвэрлээд байж байсан. Манай эхнэр гэртээ ирсэн. Ирэхдээ 2.5 литрийн хоёр ширхэг Нийслэл нэртэй том пиво авч орж ирсэн. Тэгээд хадам ээж Оийг та архи уучихсан байна гэж хэлээд гал тогооны өрөөнд орж унт гэж газраар хөнжил гудасыг нь оруулж тавьсан. Тэгээд хадам ээж гал тогооны өрөөнд орж эхнэр бид хоёр том өрөөндөө эхнэрийн авч ирсэн хоёр пивоны нэгийг нь хувааж уучхаад том өрөөндөө сууж байхад гал тогооны өрөөнөөс манай хадам ээж орж ирээд манай эхнэрээс тамхи, мөнгө нэхэж хэрүүл маргаан хийж эхэлсэн. Тэр хоёр хоорондоо нэгнээ гичий, жингэр, пязда гэж дуудалцсан. Тэгсэн манай эхнэр хадам ээжийг аваад гал тогооны өрөө рүү орж тамхи чинь энд байна балиар авгай минь гэж хэлээд байгаа нь надад сонсогдож байсан. Тэр үед би том өрөөнд зурагт оролдож, кино ухрааж үзэх санаатай сууж байсан. Гэтэл тогооны өрөөнд эхнэр хадам ээж хоёр “таш, няс” гэх чимээ гаргаж хүний ёолох дуу гарснаа манай эхнэр гал тогооны өрөөнөөс Ба-ээ Ба-ээ гээд үүдний коридор хэсэгт гарч ирээд “намайг балай авгай хутгалчихлаа” гээд баруун талын мөрний хэсэгт гараараа дарчихсан, цаанаас нь цус олгойдож гоожоод гараад ирсэн. Тэгэхээр нь би эхнэрээ барьж аваад олгойдож гоожиж байгаа цусыг нь гараараа дарсан. Тэр үед хадам ээж гал тогооны өрөөнөөс гартаа хутга барьчихсан, үүдний коридорт гарч ирэхээр нь “би та яаж байгаа юм бэ ээжээ” гэж асуухад “яадаг юм, муу жингэр над руу хутгалчих гээд дайраад байхаар нь би хутгалчихсан юм” гэж хэлээд гартаа байсан хутгаа коридорт хаясан. Тэр үед манай эхнэр өөрийн эрхгүй газарт унасан ба би ч тэвдэж гар утсаа гаргаж ирж цагдаа, эмнэлэгт дуудлага өгсөн. Ингээд шалан дээр унасан эхнэрийнхээ цусыг би тогтоох гэж байдгаараа гараараа дарсан боловч тогтохгүй гоожиж шалаар нэг цус болсон. Тэгж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. Хадам ээж тэр цагдаа нарт би хутгалчихсан юм гээд хэлээд байгаа бололтой байсан. Ингээд эмч ирж манай эхнэрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хх44-45/,
- гэрч Г.От-гийн “...Би 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 18 цагт цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнийн хамт Бүргэд-113 чиглэлийн эргүүлийн автомашин дээр үүрэг гүйцэтгэсэн юм. Тэгээд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнэ бид хоёр дуудлага мэдээллээ шалгаад ажил үүргээ гүйцэтгэж байхад 23 цаг 30 минутын үед Бүргэд-10 буюу хэлтсийн жижүүрээс залгаж, дуудлага хуваарилсан. Уг дуудлагын утга нь “ээж нь охиныхоо зүүн мөрөнд нь хутгалчихлаа” гэсэн утгатай байсан. Ингээд цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч Б.Мөнх-Эрдэнийн хамт гэмт хэрэг гарсан гэх газар буюу байрны гадаа ирээд энгэрийн камерын ажиллуулаад байр луу ороод 8 давхарт лифтээр гарсны дараа 9 давхар луу шатаар гарах гэж байхад 70 орчим насны эмэгтэй хүн 9 давхраас доошоо бууж байхаар нь зогсоогоод та юу хүн бэ гэж асуухад тэр эмэгтэй надад хэлэхдээ би ээж нь байна гэж хэлэхээр нь саатуулаад, дагуулаад 287 тоот руу орсон. Уг хэрэг гарсан гэх 287 тоотын хаалга нээлттэй үүдний хэсэг цус болсон цаашаа ороход толгой нь 00-н хэсэг рүү, хөл нь үүдний хэсэг рүү дээшээ харсан байдалтай нэлээн цус алдалттай эмэгтэй хүн хэвтэж байсан. Тухайн үед газар хэвтэж байсан гэх эмэгтэйн хажууд нэг эрэгтэй хүн цус гарч байсан газар нь гараараа дараад эмнэлэг дуудаарай, туслаач авраач гээд хэлээд байсан. Тэгээд би 103 түргэн тусламж дуудаад мөн хэлтсийн жижүүр буюу Бүргэд-10 луу залгаад хүн хутгалуулаад нэлээн цус алдсан байна гэж мэдэгдсэн. Тухайн үед би 70 орчим насны эмэгтэйтэй уулзаад юу болсон талаар асуухад тэр эмэгтэй надад хэлэхдээ манай охин намайг нөхөртэйгөө хардаад коридорт хоёр, гурван удаа цохиод байхаар нь би хутга аваад хоёр удаа хатгаад хутгаа шидсэн гэж хэлсэн..” гэсэн мэдүүлэг /1хх50-52/,
цогцост хийсэн шүүх шинжилгээний дүгнэлт, шүүхийн шинжилгээний тусгай шинжилгээний газрын дүгнэлтүүд /1хх131-132, 18-181/, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.
5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Одгэрэл мэдүүлэхдээ “...Одоогоос 2 жилийн өмнөөс эмээ О ээжтэй хамт амьдарч эхэлсэн. Учир нь ээжийн дүү 2 жилийн өмнө нас бараад эмээ гэртээ ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглээд байхаар нь ээж хажуудаа авч хамт байдаг болсон. Би ээжийн гэрээр хааяа нэг очдог байсан. Ээж надад хэлэхдээ эмээ чинь аягүй их архи уугаад намайг их зовоож байна. Ба /хамтран амьдрагч/-ийг уруу татаад архи уулгаад байх юм гэж ярьдаг байсан. Тэрнээс хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан талаар би мэдэхгүй байна. Эмээ зан байдлын хувьд их ширүүн догшин, өөрөө л болж байвал болоо гэсэн зантай. Үр хүүхдээ тоодоггүй, хэнэггүй хүн байгаа юм. Архи уухаараа зан авир нь бүүр аймар догшин ширүүн болдог...надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл бол байхгүй. Харин миний ээжийн амь насыг хохироосонд нь гомдолтой байна...” гэсэн /хх32-34/ бол, Ж.Оийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Нэг мэдсэн Энхбат явчихсан миний охин Б гэрт ирчихсэн намайг архи уусан байна гэж загнаад мөн намайг нөхөр Батэйгээ хардаад бид хоёрыг архи уугаад унтаж хэвтсэн гээд уурлаад над руу дайраад байсан санаж байна. Нэг мэдсэн чинь л охины хаанаас ч юм мэдэхгүй биеэс нь их цус гараад хүргэн Ба цус гараад байгаа газар нь гараараа дарчихсан надад хандаж муу балай авгай чинь яаж байгаа юм гээд орилохоор нь би тэр их цусыг хараад айгаад гэрээс нь гараад лифтэнд суух гээд 9-н давхраас доошоо шатаар 8-н давхар руу алхаад бууж байтал өөдөөс 2 цагдаа орж ирээд намайг барьсан...” гэжээ. /1хх205-208/,
6. Цогцост хийсэн шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 1278 дугаартай дүгнэлтэд “...Талийгаачийн цогцсын шинжилгээгээр баруун эгмийн доорх хураагуур, тараагуур судсыг бүрэн бус тасалсан баруун эгмийн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун тавхайн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун тавхайн цус хуралт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд хүргэх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цусанд 2, 2 промилли спиртийн агууламж илэрч байгаа нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаач нь В (III) бүлгийн цустай байна. Талийгаач нь дээрх баруун эгмийн доорх хураагуур, тараагуур судсыг бүрэн бус тасалсан хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас цочмог цус алдаж нас баржээ.” гэж /1хх78/ үхлийн шалтгааныг тодорхойлжээ.
7. Дүгнэн үзвэл, амь хохирогч нь баруун эгмийн доорх хураагуур, тараагуур судсыг бүрэн бус тасалсан баруун эгмийн доод хэсгийн хатгагдаж зүсэгдсэн гэмтэл авч цочмог цус алдсаны улмаас амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн хохирогчийг хутгалсан 1 удаагийн үйлдлийн шууд шалтгаант холбоогоор үхэлд хүргэжээ.
8. Шүүгдэгч Ж.О нь амь хохирогчийг хутгалж буй хууль бус үйлдлээ ухамсарлан мэдэж, хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн буюу гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Хэдий шүүгдэгчийн хувьд хүнийг алах санаа, сэдэл урьдаас бий болсон шинж байдал байхгүй байх боловч ч түүний амь хохирогчийг хутгалсан үйлдэл нь тодорхойлох боломжгүй хор уршгийг буй болгох үр дагавартай тул хор уршгийг зориуд бий болгосон байна.
Мөн шүүгдэгч нь их хэмжээний согтолттой байсан, түүнийг сэтгэл санааны хүчтэй цочролд орсон үедээ гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, энэ нь Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр /1хх167-168/ давхар тогтоогдож байна.
9. Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
10. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
11. Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал, дүгнэлтийг гаргасан.
12. Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч нь анхнаасаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, маш их гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд 70 настай зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн санал, дүгнэлт гаргасан.
13. Шүүгдэгч Ж.О нь хэрэг хариуцах чадвартай болохыг Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 492 дугаартай Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр тогтоосныг дурдах нь зүйтэй.
14. Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй гэр бүлийн ахуйн хүрээний маргаанаас болж гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
15. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд шүүгдэгч нь согтуугаар хүнийг амь хохироосон үйлдлийн шинж байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар их, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг харгалзан үзлээ.
16. Хэдийгээр шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хамсаж буйгаа илэрхийлсэн, өндөр насны хүн байх боловч үл ялих маргаанаас шалтгаалан хүнийг алсан гэмт хэргийн шинж байдал, хор уршиг арилахгүй шинжийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялын доод хэмжээ болох 8 жилээс бага ял оногдуулах дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
17. Иймд шүүгдэгч Ж.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь түүний гэм буруутай үйлдэлд тохирно гэж дүгнэв.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн байдал, хувийн байдлын хувьд 70 настай зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
18. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, 1 ширхэг хутга, 0.75 граммын 1 ширхэг Хараа архины шил, Нийслэл пивоны хуванцар сав 1 ширхэг, цусны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оийн цагдан хоригдсон /2022.4.29-2022.07.21/ нийт 83 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Жанцангийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 83 /наян гурав/ хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 3 ширхэг дискийг хэрэгт хавсарган хадгалж, 1 ширхэг хутга, 0.75 граммын 1 ширхэг Хараа архины шил, Нийслэл пивоны хуванцар сав 1 ширхэг, цусны дээж зэргийг тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Б.ДАШДОНДОВ