Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2020/шцт/38

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ч.М, Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батмөнхийн Гантулга, Уран овгийн Чулуунбаатарын Мягмаржав нарт холбогдох эрүүгийн 2224000000050 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .... оны ...... дугаар сарын ........-нд ........... аймгийн ......... суманд төрсөн,....... настай, ......й, ............ боловсролтой, .........н мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр хүүхдүүдийн хамт..............аймгийн .......... сумын ......... багийн ...... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ийн Г. /регистрийн дугаар:..................../

Монгол улсын иргэн, ...... оны ......... дугаар сарын .......нд ..... аймгийн ....... суманд төрсөн, .. настай, ...........й, ..... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...... аймгийн ........ сумын................багийн ................... тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, У овгийн Ч-ын М. /регистрийн дугаар:......................./

Шүүгдэгч Ч.М, Б.Г нар нь бүлэглэн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.1475 метр куб хэрэглээний хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү Зил 131 маркийн 0::::::::: ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,609,685 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “ зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Иргэний нэхэмжлэгч О.О-ийн “...Тухайн иргэдийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах нь зүйтэй. Их-Уул сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжлэнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 56-р тал/,

Иргэний нэхэмжлэгч, гэрч С.Б-ийн: “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр би Ч.М, Б.Г нарыг миний өөрийн эзэмшлийн ЗИЛ 131 маркийн 03-92 ЗАА улсын дугаартай, бор ногоон машинаар мод ачаад ир гээд Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн Хавчиг гэх газар руу манай эхнэр Ур явуулсан юм. Би Г.Б гэх хүнээс 4 метрийн урттай 54 ширхэг мод худалдаж авахаар тохиролцсон байсан бөгөөд тэр модыг авчрахаар Ч.М, Б.Г нар явсан юм. Ч.М, Б.Г нар 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр модоо ачаад Тосонцэнгэл сумын төв рүү орж ирэх үедээ замын цагдаатай таарч шалгуулаад тээврийн хэрэгслээ ачиж явсан модныхоо хамт тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд орсон байсан. Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газраас 2022 оны 04 дүгээр сарын 14, 15-ны өдөр шинэс төрлийн 4 метрийн урттай 57 ширхэг модыг Ч.М, Б.Г нарыг бэлтгэж, тээвэрлэсэн байсныг сүүлд нь Ч.М, Б.Г нараас би өөрөө сонсож мэдсэн юм. ...Миний зүгээс Ч.М, Б.Г нарыг Хавчиг гэх газраас мод бэлтгээд ир гэж хэлсэн зүйл байхгүй. Тухайн иргэдийн зүгээс өөрсдөө л дур мэдэж зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байна лээ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 60, 72-73-р тал/,

Гэрч О.У-ийн: “...Манай нөхөр С.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хот руу явах замдаа надтай утсаар холбогдоод Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн иргэн Г-гийн Б-аас 4 метрийн мод худалдаж авахаар боллоо, чи Зил-131 маркийн автомашинаараа хүмүүс олоод явуулах боломж байна уу гэхээр нь би хүмүүс явуулъя гэж нөхөртөө хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өглөө Ч.М-ын утас руу залгаад Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газраас бэлэн 4 метрийн урттай моднуудыг манай машинаар ачаад ирээч тэндээс бэлэн хийчихсэн модыг манай нөхөр хүнээс авч байгаа юм байна ажлын хөлсийг чинь өгье машин бариад яваад өгөөч гэж хэлсэн чинь зөвшөөрсөн юм. Харин манай нөхөр С.Б өөрөө Б.Г гэх залуу руу утсаар яриад модонд яваад өгөөч гэж гуйсан байж таараад Б.Г манайд хүрч ирээд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.М, Б.Г нар манай Зил-131 маркийн 03-92 ЗАА улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар Их-Уул сумын Зарт багаас мод ачиж ирэхээр явсан юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр модоо ачиж сумын төв рүү орж ирэх замдаа замын цагдаатай таарч шалгуулаад мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй гэсэн асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах болоод байна. Би дээрх хоёр хүнд манай нөхөр хүнээс мод худалдан авч байгаа юм байна, мод нь очоод ачихад бэлэн мод гэнэ тэр модыг очоод ачаад ирээч гэж хэлээд явуулсан. Түүнээс мод бэлтгээд ир гэж явуулаагүй, мод бэлтгэ гэж ямар нэгэн зүйл хэлээгүй. ...Саяхан манай нөхөр С.Б надад хэлэхдээ Ч.М, Б.Г нар Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газраас мод ачихаар очих үедээ дээр нь нэмээд 50 гаран модыг Хавчиг гэх газраас зөвшөөрөлгүй бэлтгээд аччихсан байна гэж хэлсэн юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 68-р тал/,

Гэрч Г.Бы: “...Манайх Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газар өвөлжөөндөө байгаа юм. Миний зүгээс 2021 оны 06 дугаар сарын сүүлчээр Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газрын ойгоос 54 ширхэг модыг бэлтгээд татаж чадаагүй юм. Харин тухайн бэлтгэсэн моднуудаа 2022 оны 04 дүгээр сарын 10-ны үеэр Тосонцэнгэл сумын төвд хөрөө раманд ажилладаг С.Б гэх залууд 1 ширхэгийг нь 10,000 төгрөгөөр худалдахаар болж утсаар ярьж тохироод С.Б Тосонцэнгэл сумын төвөөс Зил-131 маркийн автомашин явуулахаар болсон юм. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Тосонцэнгэл сумын төвөөс мод ачихаар Зил-131 маркийн улсын дугаарыг нь мэдэхгүй, чиргүүлтэй автомашинтай танихгүй хоёр залуу ирээд би тэр үед С.Б-д өгөх 54 ширхэг мод байгаа газраа зааж өгөөд би өөрөө бие муутай учир яваагүй юм. Харин тэр хоёр залуу миний мод байгаа газраас мод ачина гээд явж байсан юм. Дээрх хоёр залуу Тосонцэнгэл сумын төвөөс гарч ирэхдээ тэр өдөр манайд хоноогүй машиндаа хоносон байх. Харин тэр хоёр залуу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Тосонцэнгэл сум руу буцаад явахыг би малд явж байгаад харсан юм. Тосонцэнгэл сум руу явах үедээ Зил-131 маркийн автомашины толгой, чиргүүлийн тэвшин дээр мод ачсан байсан юм. Би тэр үед бодохдоо миний С.Б-д өгч байгаа модноос гадна өөрсдөө мод бэлтгэж хийсэн байна даа гэж бодоод өнгөрч байсан юм. Би тухайн моднуудыг 2021 оны 06 дугаар сарын сүүлчээр бэлтгэхээс өмнө Их-Уул сумын байгаль хамгаалагч Б.Б-хаас 20 метр куб хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг аваад эрхийн бичигт заасан хугацаанд зохих журмын дагуу Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газраас ганцаараа бэлтгэж байсан юм. Харин тухайн моднуудаа тээвэрлэж чадаагүй өдийг хүрсэн юм. Миний зүгээс С.Б гэх хүнд худалдсан гэх дээрх 54 ширхэг моднууд угаасаа харагдах байдлаараа илт хөхрөөд наранд гандсан 2021 онд бэлтгэсэн нь тодорхой моднууд байгаа...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 70-р тал/,

Гэрч Б.Б-ын: “...Г.Б 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ойгоос 20 метр куб хэрэглээний мод бэлтгэх №20-026482 дугаартай эрхийн бичиг авч байсан. Миний зүгээс 2021, 2022 онд Их-Уул сумын Зарт багийг хариуцсан байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа юм...Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж тээвэрлэх ёстой байдаг юм. Тосонцэнгэл сумын иргэн Их-Уул сумаас мод бэлтгэх тохиолдолд сумын засаг дарга нар гэрээ хийсний үндсэн дээр мод бэлтгэж болно. Түүнээс Тосонцэнгэл сумын иргэн Их-Уул сумаас мод бэлтгэнэ гэсэн ойлголт байхгүй...Ч.М, Б.Г гэх иргэдийн зүгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 75-р тал/,

Гэрч С.О-ийн: “...Ойгоос мод бэлтгэхээс өмнө заавал мод бэлтгэх эрхийн бичиг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заагдсан газраас тухайн модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр эрхийн бичигт заагдсан хугацаанд тухайн модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхдээ цэвэрлэгээний ажлаар ойгоос хатсан, хуурай, унанги модыг бэлтгэх ёстой. Тосонцэнгэл сумын иргэн Их-Уул сумаас мод бэлтгэх тохиолдолд сумын засаг даргад хүсэлт гарган зөвшөөрөл авч, байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авч бэлтгэнэ. Тухайн иргэдийн зүгээс 2022 он гарсаар ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Иргэн хүн босоо модыг ойгоос огтолж бэлтгэж болохгүй. Иргэн зөвхөн цэвэрлэгээний ажлаар мод бэлтгэнэ харин цэвэрлэгээний огтлолоор зөвхөн ойн мэргэжлийн байгууллага ойгоос мод бэлтгэх ёстой. Хэрэв босоо модыг огтолж бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 77-р тал/,

Яллагдагч Ч.М-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр С.Б над руу залгаад Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газарт бэлтгэсэн бөөн мод байгааг ачаад ир гэж хэлсэн. Тэгээд би С.Б-ийн эзэмшлийн зил 131 маркийн автомашиныг жолоодоод Б.Г-ын хамт явсан. Бид хоёр очсон өдрөө машиныхаа чиргүүлд нөгөө модноос аччихаад тэндээ хоносон. Маргааш нь буцах гэсэн чинь тэвш хоосон, ачих гээд мод байхгүй болохоор нь тэр хавиас 4 метрийн урттай 57 ширхэг мод бэлтгэж машиныхаа тэвш хэсэг дээр аччихаад буцаад Тосонцэнгэл сумын төв рүү орох гэж явахдаа цагдаатай тааралдсан. Тухайн үед ямар нэгэн бичиг баримт байхгүй байсан учраас цагдаагийн хэлтсийн журмын хашаанд машинаа түр саатуулсан. Бид хоёр ойгоос мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг баримт аваагүй, сумын төв рүү буцах гэсэн ачих модгүй болохоор нь тэр газраасаа мод бэлтгээд аччихсан. ...10 орчим ширхэг босоо модыг огтолж унагаад 4 метрийн урттайгаар 57 ширхэг мод болгон тайрч бэлтгэж байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 9-10-р тал/,

Яллагдагч Б.Г-ын: “...2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Ч.М-ын хамт Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газраас С.Б ахын модыг ачихаар явсан. Тэнд очиход нэг тэвш мод байсан бөгөөд тухайн модыг нь аччихаад хоорондоо яаж хоосон буцах билээ гэж ярилцаад тухайн газарт хоноод маргааш өглөө нь Хавчиг гэх газрын орчмоос 10 орчим босоо болон унанги модыг тайрч 57 ширхэг, 4 метрийн мод болгож бэлтгээд ЗИЛ 131 маркийн 03-92 ЗАА улсын дугаартай машин дээр ачаад Тосонцэнгэл сумын төв рүү орж ирэхэд замдаа цагдаа нарт таарч шалгуулаад эрхийн бичиггүй мод тээвэрлэсэн үндэслэлээр журмын хашаанд машиныг саатуулсан. Бид хоёр ойгоос мод бэлтгэхдээ ямар нэгэн бичиг баримт аваагүй, сумын төв рүү буцах гэсэн ачих модгүй болчихоор нь тэр газраасаа мод бэлтгээд аччихсан юм. Уг нь тухайн газарт байсан модыг ачихаар очсон юм...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 19-20-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн мод нь хэрэглээний хуурай, унанги мод байна. Тухайн бэлтгэсэн моднууд нь ангилалын хувьд түлээний модонд хамаарахгүй хэрэглээний модонд хамаарна. Түлшний модонд өөрийн мөн чанараараа хэрэглээний модны шаардлагад тохирохгүй, зөвхөн түлшинд ашиглаж болох өнгөний хувиралт, өмх, яр, гүн ан цавтай чанарын хувьд бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй бөөрөнхий буюу цуулж хагалсан түлшний зориулалттай модыг түлшний мод гэнэ. Их-Уул сумын Зарт багийн нутаг “Хавчиг” гэх газрын ойгоос бэлтгэсэн гэх 57 ширхэг мод нэг цаг хугацаанд бэлтгэгдсэн байх боломжтой, модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднууд 2022 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдрийн хооронд бэлтгэсэн байх боломжтой байна. Мод бэлтгэсэн газар болох Их-Уул сумын Зарт багийн нутаг “Хавчиг” гэх газар ойн сангийн 2-р мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарахгүй. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 метр куб бүх төрлийн хуурай хэрэглээний модны экологи эдийн засгийн үнэлгээ 109760 төгрөг байна. Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газрын ойгоос 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр бэлтгэсэн гэх 57 ширхэг мод 8.1475 метр куб мод байна. Тухайн 57 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ: БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1 метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1.8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн 197,568 төгрөг болж, бэлтгэсэн мод 8.1475 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 1,609,685 төгрөг болж байна...” гэсэн дүгнэлт /ХХ-ийн 85-91-р тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 23-27-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, иргэний нэхэмжлэгч, хохирогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авч бэхжүүлсэн, тэдний эх сурвалжаа заан мэдүүлсэн мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогчийн мэдүүлгүүд хэрэгт хамааралтай, харилцан бие биенээ баталсан, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Түүнчлэн хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргажээ.

Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудын шууд ба шууд бус эх сурвалжийг бүх талаас нь бүрэн бодитойгоор харьцуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлж, дүгнэсэн бөгөөд уг баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан хууль ёсны баримтууд байна.

            Хэргийн талаар тогтоогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Ч.М, Б.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлсэн болно.

              Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь  иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос хэрэглээний болон түлшний зориулалтаар мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ авсан байхыг иргэн, хуулийн этгээдэд хуулиар үүрэг болгосон байна.

Өөрөөр хэлбэл Ойн тухай хуулийн дээрх холбогдох заалтаас үзэхэд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь ойгоос мод, ойн дагалт баялгийг ашиглахдаа зохих төлбөр хураамж төлсний үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгосон мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээний үндсэн дээр бэлтгэж тээвэрлэхээр байна.

Гэтэл шүүгдэгч нар нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Завхан аймгийн Их-Уул сумын Зарт багийн нутаг Хавчиг гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 8.1475 метр куб хэрэглээний хуурай, шинэс төрлийн мод бэлтгэж, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү Зил 131 маркийн 03-92 ЗАА улсын дугаартай автомашинаар тээвэрлэн ойн санд 1,609,685 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд хэрэглээний зориулалтаар мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг эрх бүхий албан тушаалтнаас аваагүй байна.

Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг бөгөөд зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэсэн гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр Эрүүгийн хуульд заажээ.

Шүүгдэгч Ч.М, Б.Г нарын хууль бусаар мод бэлтгэсэн  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “бүлэглэж” гэх хүндрүүлэх шинжийг хангаж байх ба шүүгдэгч  нар нь өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж байсан боловч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэднийг  гэм буруугийн санаатай хэлбэрээр, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь байгаль орчин, ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглахтай холбоотой харилцаанд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-д хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч нарын хууль эрх зүйн мэдлэг дутмаг, тухайн харьяалах сум, багийн засаг дарга, түүний тамгын газар, байгаль хамгаалагч нарын зүгээс иргэдэд хуулийг сурталчлах, таниулах, мэдээлэх ажиллагаа хангалтгүй зэрэг шалтгаан нөхцөл нөлөөлсөн гэж үзлээ.

 Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 1,609,685 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 1,609,685 төгрөг гэж үзнэ.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн Ч.Мягмаржав, Б.Гантулга нарын ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 1,609,685 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 4,829,055 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 4,829,055 төгрөгийг шүүгдэгч Ч.М, Б.Г нар нь Завхан аймгийн Их-уул сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090800914 тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч нараас энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч нар нь Завхан аймгийн Их-уул сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090800914  тоот дансанд 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн байх тул Завхан аймгийн Их-уул сумын Төрийн сан, Татварын бус орлого гэсэн 100090800914 тоот дансанд төлсөн 4,829,055 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.М, Б.Г нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.М, Б.Г нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.  Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх, дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8.1475 метр куб хэрэглээний хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшлийн 03-92 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 3,000,000 төгрөг, 7.10 метрийн урттай тороос, цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож, тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөг болон 8,1475 метр куб хэрэглээний хуурай шинэс мод,  тороос, цахилгаан хөрөө зэргийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ийн Г, У овгийн Ч-ын М нарыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Г, Ч.М нарыг Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.М нарт зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 4. Шүүгдэгч Б.Г, Ч.М нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

5. Шүүгдэгч Б.Г, Ч.М нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

6. Шүүгдэгч Б.Г, Ч.М нар нь гэмт хэргийн улмаас ойн санд учруулсан бодит хохирол 1,609,685 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр буюу 4,829,055 төгрөгийг нөхөн төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Завхан аймгийн Их-уул сумын 100090800914 тоот дансанд төлсөн 4,829,055 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г, Ч.М нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8.1475 метр куб хэрэглээний хуурай шинэс мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэний нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшлийн 03-92 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөг, 7.10 метрийн урттай тороос, цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар тээврийн хэрэгслийн үнэ болох 3,000,000 төгрөг болон 8.1475 метр куб хэрэглээний хуурай шинэс мод,  тороос, цахилгаан хөрөө зэргийг борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон 8.1475 метр куб хэрэглээний хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэний нэхэмжлэгч С.Б-ийн эзэмшлийн 03-92 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.

9. Шүүгдэгч Б.Г, Ч.М нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг сануулсугай.

10. Шүүгдэгч Б.Г, Ч.М нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ