Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Жамбалын Отгонхишиг |
Хэргийн индекс | 141/2022/0037/э |
Дугаар | 2022/шцт/37 |
Огноо | 2022-05-24 |
Зүйл хэсэг | 27.10.2.1., |
Улсын яллагч | Б.Сансарбаяр |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 2022/шцт/37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Ундармаа,
Улсын яллагч Б.Сансарбаяр,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овгийн Ж.Б-д холбогдох 2224000260051 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1983 оны 01 дүгээр сарын 25-нд Завхан аймгийн Тэлмэн сумд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Хайрхан багийн Хийморийн 19-1918 тоотод оршин суух хаягтай, Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, Тайж овгийн Ж.Б-д. /регистрийн дугаар:ИН83012536/
Шүүгдэгч Ж.Б-д нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг Бэлийн гозгор гэх газарт Mitsubushi L-200 маркийн 19-97 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас Б.Ж-ын жолоодож явсан Маяти маркийн 09-68 ЗАН улсын дугаартай автомашин болон уг автомашинаар чирж явсан 04-97 ЗАВ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч М.М-д хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, дүгнэлт:
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.Б-д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба улсын яллагчаас санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах саналыг хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохрол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгч Ж.Б-д мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч М.М-ийн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед Завхан аймгийн Тэлмэн сумын Өгөөмөр багийн нутгаас 2 тооны даага ачиж өөрийн эзэмшлийн 04-97 ЗАВ улсын дугаартай Маяти-2 маркийн автомашинтай хүргэн Б-ын хамт Нөмрөг сумын чиглэлд гарсан боловч машин гэнэт унтраад асахаа байчихсан. Нөмрөг сум руу Б.Б гэдэг хүн рүү утсаар яриад ирээд чирээд өгөөч гэж яриад 19 цаг өнгөрч байхад Б.Б ах 09-68 ЗАН улсын дугаартай Маяти-2 маркийн автомашинтай нэг залуугийн хамт ирсэн. Тэгээд бид гурав миний машиныг холбоод би өөрийн автомашины жолооны хүрдийг жолоодож суугаад Б.Б ах нөгөө машинд суугаад машиныг хамт ирсэн залуу нь жолоодоод хөдөлцгөөсөн. Тухайн газраас хөдлөөд ойролцоогоор 5-6 км орчим газар явж байтал миний автомашиныг чирч явсан машины хүрд удаашраад эхлэхээр нь би тоормосоо гишгээд зогсотол гэнэтхэн л тас няс хийх чимээ сонсоод л би ухаан алдсан байсан. Нэг сэрэхэд нүүрэн хэсэгт хүйтэн юм урсаад байх шиг болохоор нь ханцуйгаар арчтал цус гоожиж байсан. Тэгээд юу болсныг харахад миний машины урд талаас намайг чирж явсан машины тэвшний бөгсөн хэсэг ороод ирчихсэн миний машины урд салхины шил хагарч бяцраад урд нүүр хэсэг дотогшоогоо чихэгдсэн байсан. Би буух гээд зүтгэсэн чинь машины хаалга онгойхгүй, миний баруун талын хөл хавчуулагдаад сугарч гарахгүй, машины жолооны хүрд баруун гуя хэвлийн хэсэгт дарчихсан байсан. Би тэнд ойролцоогоор 2 цаг гаруй суусан. Тэгсэн замд явж байсан 2 залуу болон сумаас ирсэн цагдаа нар бусад хүмүүстэй хамжиж намайг машинаас гаргасан. Тэгээд түргэний машинд суугаад би Нөмрөг сумын эмнэлэгт очиж хэвтсэн. ..., ...надад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан учир надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88-89-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Жамбалжавын: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 20-21 цагийн орчимд байх өөрийн эзэмшлийн 09-68 ЗАН улсын дугаартай цагаан өнгийн Маяти машиныг жолоодоод 04-97 ЗАВ улсын дугаартай, хөх өнгийн Маяти маркийн тээврийн хэрэгслийг чирээд сумын төв рүү хөдөлсөн. Хөдлөөд 10 орчим километр явж байтал урд талаас нэг тод гэрэлтэй машин гарч ирээд эсрэг урсгалд ороод миний урдаас яваад байхлаар нь би гэрлээрээ дохиж, хурдаа хассан боловч урсгалаа өөрчлөхгүй явсаар байгаад ирээд миний урдаас мөргөчихсөн юм. Миний тээврийн хэрэгслийн урд нүүр хэсэг нилэнхүүдээ чихэгдэж, мотор кроп, бусад эд ангиуд ямар ч ажиллагаагүй болсон. ...Ж.Б-д надад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан учир надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 95-97-р хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Б.Б-ын: “...2022 оны 03 дугаар сарын 18-ны орой харанхуй болчихсон бид нарыг Нөмрөг сумын Нуур багийн нутаг Хүрэн бууцны өвөлжөөний ар шилээс хөдлөөд сумын төвийн чиглэлд явж байхад миний сууж явсан 09-68 ЗАН улсын дугаартай Маяти маркийн машины урд талаас нэг машин их хурдтай урсгал сөрж ирж мөргөөд осол гаргачихсан юм. ...Б.Ж бид хоёр тухайн газарт 19 цаг 30 минутын орчимд очсон. Тэгээд М.М-ийн 04-97 ЗАВ улсын дугаартай, хөх өнгийн маяти маркийн машиныг холбож чирээд Нөмрөг сумын чиглэлд хөдөлсөн. Тухайн машиныг чирээд 10 гаруй километр газар явж байтал гэнэтхэн урд талаас их тод гэрэлтэй машин урд талаас чиглэлтэй, их хурдтай яваад байсан, урдаас машин чиглээд ирж байхлаар нь ахын дүү хурдаа хасаарай гээд нилээн удааширч байтал урдаас явж байсан машин ирээд миний сууж явсан 09-68 ЗАН улсын дугаартай Маяти маркийн машины урд талаас мөргөсөн. Тухайн осол болох үед би ухаан алдчихсан байсан, нэг сэрэхэд л Б.Ж миний нэрээр дуудаад орилоод байсан, би толгой хэсгээрээ суудлын ар тал руу чихэгдчихсэн байсан. Намайг Б.Ж машин дотроос сугалж авсан. Намайг машин дотроос гарч ирээд харах үед Mitsubishi L-200 маркийн хар өнгөтэй машин миний сууж явсан машины урд талаас мөргөлдсөн. Чирж явсан 04-97 ЗАВ улсын дугаартай, хөх өнгийн Маяти маркийн машины урд талын салоны хэсэгт 09-68 ЗАН улсын дугаартай Маяти маркийн машины чиргүүлийн хэсэг чихэгдэж, хойд талын 4-н дугуй нь газраас хөндийрчихсэн байсан. Б.Ж Mitsubishi L-200 маркийн машины жолооч талын хаалгыг татаад яаж байна чи гэж орилоод жолооч буулгаад ирсэн чинь жолооч нь үг дуугарахгүй, машины түшиж зогсож байгаад доошоо суучихсан. Бид хоёр утсаар ярих гээд утас байдаггүй яах вэ гэж байтал надад утас байна гээд М.М-ийг дуугарахаар нь түүнийг амьд байгааг мэдээд очсон боловч түүнийг машины кабинаас гаргаж болохооргүй чихэгдэж гацсан байсан. Тэгээд байж байтал нэг замын машин ирээд эмнэлэг дуудна гээд явсан. Жамбалжав утсаар ах руугаа ярьж осолд орсон талаараа хэлсэн. Тэгээд байж байтал Увс аймгийн чиглэлд явж байсан хоёр залуу зогсож бууж ирээд М.М-ийг машинаас гаргах гээд ноцолдож эхэлсэн. Түүний дараахан сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар ирээд нөгөө дөрөв нийлээд М.М-ийг машины кабенаас нь гаргах гээд данхраадаад байгаа бололтой байсан. ...надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг /хх-ийн 100-103-р хуудас/,
Яллагдагч Ж.Б-ын: “...2022 оны 03 дугаар сарын 17-ны орой 23 цагийн орчимд гэртээ унтах гээд байж байтал манай найз П над руу утсаар залгаад Нөмрөг суманд манайд хүрээд ирээч гэхлээр нь шөнө яваад очиход гэртээ ганцаараа байсан. Би тэднийд орж хоол идчихээд бид хоёр нэг шил архи хувааж уугаад хамт хоносон. Өглөө 10 цаг өнгөрч байхад бид хоёр хамт гадуур гараад архи, пиво хувааж уусан. Орой 17 цагийн орчимд айлын хажууд машинаа тавьчихаад бас нэг пиво хувааж уусан. Тэгээд оройхон би харьна гээд айлын гаднаас машинаа аваад Нөмрөг сумын төвөөс гэртээ харихаар хөдөлсөн. Нэг мэдэхэд л эмнэлэгт ирчихсэн байсан...би бүх хохирлыг нь төлж барагдуулж, хохирогч нартай сайн дураараа эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 212-213-р хуудас/,
Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 000000035 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн Ж.Б-ын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна. Цусанд хийсэн химийн шинжилгээгээр 2.4 промилли илэрлээ. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 131132-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 4716 дугаартай: “...М.М-ийн биед баруун дунд чөмөгт яс, баруун шилбэний шаант, тахилзуур ясны далд хугарал, зүүн бугалга, уруул, зүүн чихний зөөлөн эдийн няцрал, язарсан шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 165-167-р хуудас/,
2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн мөрдөгчийн: “...Тухайн замын хөдөлгөөнд оролцож байсан Mitsubushi L-200 маркийн 19-97 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ж.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарахад нөлөөлсөн байх боломжтой...” гэх магадалгаа /хх-ийн 197-200-р хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10, 48-56-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч Ж.Б-д нь энэ дүрмийг зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан нь тогтоогджээ.
Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилах ба уг гэмт хэргийг согтуугаар үйлдсэн нь гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамаарна.
Шүүгдэгч Ж.Б-д нь 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 21 цагийн үед Завхан аймгийн Нөмрөг сумын Нуур багийн нутаг Бэлийн гозгор гэх газарт Mitsubushi L-200 маркийн 19-97 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а-д заасан “Жолоочид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.” гэснийг, мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас Б.Ж-ын жолоодож явсан Маяти маркийн 09-68 ЗАН улсын дугаартай автомашин болон уг автомашинаар чирч явсан 04-97 ЗАВ улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зорчигч М.М-д хүндэвтэр хохирол учруулсан хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Б-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан, мансуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нөхцөл нөлөөлсөн гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Шүүгдэгч нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй болох нь хохирогч М.М-ийн “...Ж.Б нь надад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Б.Ж-ын “...Ж.Б надад учруулсан хохиролоо бүрэн төлж барагдуулсан учир надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Б.Б-ын “...Миний зүгээс Ж.Б-оос нэхэмжлэх зүйл байхгүй, бид сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахадаа гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг хангасан гэж үзэж шүүхээс хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.
Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Ж.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугааар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.Б-ын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овгийн Ж.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугааар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар шүүгдэгч Ж.Б-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг тоолсугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх хохирол төлбөргүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОТГОНХИШИГ