Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Ч.Гд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                            С.Батсүх

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                   Г.Энхбаяр

            Шүүгдэгч                                           Ч.Г

            Нарийн бичгийн дарга                      Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Гантулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Ч.Гд холбогдох 1812003820033 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч овогт Чимэддагвын Г

 

Ч.Г нь 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Сөрт гэх газраас иргэн С.Бы эзэмшлийн 5 тооны үхэр хулгайлж, иргэн С.Бд 2 390 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Ч.Гд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор: Шүүгдэгч Ч овогт Чын Гыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гд оногдуулсан 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хот тохижилт үйлчилгээний газарт хийлгэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 05 тоот тогтоолыг хүчингүй болгож шүүгдэгч Ч.Гас  гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 1/нэг/ тооны халтар зүсмийн морийг хураан улсын орлого болгож, Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ч.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ч.Гын гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 тоот шийтгэх тогтоолоор Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 4 дүгээр баг Хуш гэх газар оршин суух Ц овгийн Чын Г намайг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч байна.

Миний бие нь үйлдсэн хэргийнхээ гэм буруутайд маргаагүй, бусдад хохирол төлбөрөө сайн дураараа төлж барагдуулсан бусдад хохиролгүй, хохирогч гомдол саналгүй болсон. Харин миний ар гэрийн байдал маш хүнд байна. Би эхээсээ хоёулаа төрсөн. Биднийг төрүүлж өсгөсөн аав Ч, ээж Цэрэндолгор нар хоёулаа цус харваж хүний асаргаанд байгаа. Дүү маань харж асардаг байсан боловч өөрөө төрөөд нялх хүүхэдтэй учир асрах боломжгүй болж аав, ээж минь миний асаргаанд очсон. Хоёулаа хүний гарт орсон. Өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй ийм байдалтай болсон. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд өгсөн. Би Төвшрүүлэх сумын Сөртийн голд амьдардаг бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд заавал Архангай аймгийн төвд байхгүй бол болохгүй нөхцөл байдал байдаг. Ингэж аймагт 3 сар гаруй хугацаа өнгөрөхөд ээж, аав минь эзэнгүйдэж хэцүү байдалд ороод байна. Энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өөрчилж ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзахаар сольж өгнө үү. Би тэнсэнгийн хугацаанд дахин ямар нэгэн зөрчилд холбогдохгүй төлөв томоотой байж чадна. Давж заалдах шатны шүүх хуралд өмгөөлөгчийн хамт оролцоно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  “Ч.Тогооч гэдэг хүн бол Ч.Гантулгын төрсөн дүү нь байгаа юм. Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Ар-Мөнхжин эмнэлэг нь дүүгийнх харьяаны өрхийн эмнэлэг. Ар-Мөнхжин эмнэлгийн харьяанд Ч.Гын аав, ээж хяналтад байсан. Эмнэлгийн тодорхойлолт дээр гарын үсэг зураагүй байгааг анзаарсангүй. Ч.Гын аав, ээжийн биеийн байдал тааруу, асаргаа шаардлагатай байгаа тул хувийн байдлыг нь харж үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэн хянан харгалзаж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, шүүгдэгч Ч.Гын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ч.Г нь бусдын малыг хулгайлсан гэм буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Ч.Гын бусдын малыг хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Ч.Гд түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “нийтэд тустай ажил хийлгэх” ял оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэрэгт тохирсон байна.

 

Иймээс Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Шүүгдэгч миний ар гэрийн байдал маш хүнд байна. Би эхээсээ хоёулаа төрсөн. Биднийг төрүүлж өсгөсөн аав Ч, ээж Ц нар хоёулаа цус харваж хүний асаргаанд байгаа. Дүү маань харж асардаг байсан боловч өөрөө төрөөд нялх хүүхэдтэй учир асрах боломжгүй болж аав, ээж минь миний асаргаанд очсон. Хоёулаа хүний гарт орсон. Өөрөө өөртөө үйлчлэх чадваргүй ийм байдалтай болсон. Энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд өгсөн. Би Төвшрүүлэх сумын Сөртийн голд амьдардаг бөгөөд нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэхэд заавал Архангай аймгийн төвд байхгүй бол болохгүй нөхцөл байдал байдаг. Ингэж аймагт 3 сар гаруй хугацаа өнгөрөхөд ээж, аав минь эзэнгүйдэж хэцүү байдалд ороод байна. Энэ байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөнгөрүүлж өөрчилж ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзахаар сольж өгнө үү гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь үндэслэлгүй байна.

 

Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлавал шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь түүний үйлдсэн гэмт хэрэгт тохирсон, эцэг, эх нь түүний асрамжинд байдаг болох нь нотлох баримтаар тогтоогдоогүй, анхан шатны шүүхэд гаргасан эмчийн тодорхойлолт нь эмчийн гарын үсэг байхгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ