Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 120/ШШ2021/0004

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмааг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Ууганцэцэг

Хариуцагч: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Өмнөговь аймгийн Засаг дарга

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинбаяр, түүний өмгөөлөгч Б.Жавхланбаяр, Н.Нямжаргал, хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар тус сумын Засаг даргаар ажиллаж байгаа Ц.Ууганцэцэг намайг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж, хурлын 2/1 дүгээр тогтоолоор Засаг даргыг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн, улмаар уг хууль бус тогтоолыг үндэслэж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаартай аймгийн Засаг даргын захирамжаар Цогтцэций сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан шийдвэр нь Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийг тус тус зөрчсөн, миний хууль ёсны эрхийг хөндсөн шийдвэр болсон.

Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоолын тухайд: Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/6 дугаар тогтоолоор тус сумын Засаг даргын ажилд намайг нэр дэвшүүлж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар сумын Засаг даргаар томилогдсон.

Засаг даргын ажлыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт улс орон даяар шилжсэн нөхцөл байдалд хүлээн авсны дараа буюу 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааны ээлжит 2 дугаар хуралдаан зохион байгуулагдсан. Энэ өдөр хуралдаан эхлэхэд Ардчилсан намаас сонгогдсон төлөөлөгч У.Түвшинбаяр нь зөвхөн намын шалтгаан нөхцөлөөр Засаг даргыг огцруулах санал гаргасан. Саналыг хурлын зарим Төлөөлөгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-д "Энэ хуулийн 24.1-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын Төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж заасныг зөрчиж, хууль бусаар санал хурааж, хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулж, улмаар ямар ч үндэслэлгүйгээр намайг Засаг даргын ажлаас огцруулах тухай 2/1 дүгээр тогтоол гаргасан.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдаан даргалагч хэлэлцэх ёсгүй асуудлыг хүлээн авч, саналыг хэлэлцэх асуудалд оруулах, эрэмбэлэх зэрэг дээр санал хураалт явуулж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон хуралдааны дэгийг ноцтойгоор зөрчсөн. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг огцруулах эсэх асуудлыг хэлэлцэх эрхтэй боловч энэхүү эрхээ хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлсэн нөхцөлд энэ талаар гаргасан шийдвэрийг хууль ёсны гэж үзэх бөгөөд хуульд заасан шаардлага хангаагүй асуудлыг хэлэлцэх, улмаар шийдвэрлэх хууль зүйн боломж байхгүй болно.

Иймд Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол нь хууль зөрчиж гарсан, үндэслэлгүй тогтоол юм.

Тухайлбал Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т "Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ... гэж заасан.

Миний хувьд Засаг даргаар ажиллах хуульд заасан шаардлагыг бүрэн хангасны дээр дээрх огцруулах хуульд заасан үндэслэлд хамаарах нөхцөл шалтгааны аль нь ч байхгүй юм.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийн тухайд: Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжаар намайг Цогтцэций сумын Засаг даргаас огцруулж шийдвэрлэхдээ Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32.2-т заасныг үндэслэж, намайг ...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэж... үндэслэлээр огцруулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол нь анхнаасаа холбогдох хууль тогтоомж зөрчсөн тул намайг Засаг даргын ажлаас огцруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй.

Мөн Засаг даргын захирамжийн хууль зүйн үндэслэл болсон үйл баримт байхгүй нөхцөлд тухайн асуудлыг харгалзан үзэх боломж нөхцөл гэж байхгүй бөгөөд Өмнөговь аймгийн Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24.1-д ...Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох..., 26.1-д ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох сонсгох... ажиллагааг явуулахгүйгээр шууд тухайн өдөр буюу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дууссан 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр захирамж гарган шийдвэрлэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна.

Сумын Засаг даргыг огцруулах эцсийн шийдвэр гаргах бүрэн эрх аймгийн Засаг даргад хуулиар олгогдсон байдаг боловч энэхүү бүрэн эрхийг зөвхөн хуульд нийцсэн журам, үйл баримтыг үндэслэн хэрэгжүүлэх ёстой бөгөөд иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд гаргасан санал нь хуульд нийцэж гарсан эсэх, бодит нөхцөл байдал нь ямар байгаа эсэхийг тодруулсны үндсэн дээр саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. Хэрвээ огцруулах үндэслэл байхгүй нөхцөлд саналыг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэх хууль зүйн үүрэгтэй.

Засаг даргыг томилоход Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар тодорхой шаардлага тавигддаг. Тэдгээр шаардлагыг хангасан учраас намайг Цогтцэций сумын Засаг даргаар томилсон. 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хоёрдугаар хуралдаанаар хэлэлцэх асуудал, товыг баталж, илтгэгчдийг томилсон. Тэгэхэд хэлэлцэх асуудалд Засаг даргыг огцруулах асуудал орж ирээгүй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тодорхой асуудлыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг нэг хоногийн өмнө холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хурлын Төлөөлөгчдөд тараах, мөн энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэсэн шаардлагыг хангаагүй байж бид олонх учраас шийдвэрлэх боломжтой гэсэн байр суурьнаас Засаг даргыг огцруулах асуудлыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинбаяр оруулж ирсэн.

Тухайн хуралдаан болсон өдөр хурлын Төлөөлөгчид болон миний зүгээс дээрх хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангахгүйгээр уг асуудлыг хэлэлцүүлэхээр оруулж ирлээ гэсэн шаардлагыг удаа дараа тавьсан. У.Түвшинбаяр төлөөлөгчийн зүгээс уг хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуралд санал оруулах эрхтэй гэдэг үүднээс тайлбарладаг. Мөн хариу тайлбартаа бичсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгт зааснаар санал оруулах эрхтэй гэдэг. Тэгэхээр хуулийн шаардлагыг хангаагүй саналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд оруулж ирээд, үүнийг олонхоороо хүч түрэн шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэж байгаа нь процессын алдаатай байна гэдгийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Доржсүрэн удаа дараа сануулсан. 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт эхэлсэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүтэн 26 цаг үргэлжилж тус сарын 18-ны өдрийн 12 цаг 26 минутад дуусч хурлын тогтоолыг ёсчлож буюу Хурлын дарга тамга дарсан эсэхийг мэдэгдэлгүй хурал дууссан.

Гэтэл хурлын тогтоолыг ёсчлоод тухайн өдрөө аймгийн Засаг даргад хүргэгдээд, 18-ны өдөр аймгийн Засаг даргаас Ц.Ууганцэцэгийг огцруулах шийдвэр гаргачихсан байсан. Өөрөөр хэлбэл би огцруулсан тухай иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг мэдээгүй, гардаж аваагүй байсан. Тэгээд дараа долоо хоногийн нэг дэх өдөр Хурлын ажлын албан дээр очиж Хурлын тогтоол гарсан уу гэж асуухад гарсан гэсэн. Тэгээд байж байтал аймгийн Засаг даргын огцруулсан гэх захирамж нь орж ирж таарсан. Үндсэндээ би 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн үдээс хойш Хурлын тогтоол болон аймгийн Засаг даргын захирамж хоёрыг хамт гардаж авсан. Анхнаасаа бүхий л процесс хууль зөрчсөн, алдаатай байсан гэж үзэж байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Мэдээж иргэдийн Хурлын Төлөөлөгч санал оруулж ирэх эрхтэй. Гэхдээ хуульд заасан шаардлагыг хангаж оруулж ирэх ёстой. Мөн хариу тайлбартаа дурдсанчлан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу саналаа оруулсан гэдэг. Хурлын дэгийн дагуу оруулж ирэх эрхтэй гэж заасан ч дэгийн 5.1 дэх хэсэгт Засаг даргыг огцруулах асуудлыг хуулийн хүрээнд сонгуулийн журмаар явуулна гэж заасан. Энэ нь дээрх хуулийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлах ёстой гэсэн утгатай. Ингээд санал хууль бусаар орж ирсэн. Хэлэлцэх асуудлыг хамгийн сүүлд нэмэлтээр оруулж ирэх боломжтой байсан. Гэтэл хурал эхлэхэд шууд оруулж хамгийн эхэнд хэлэлцүүлсэн.

Хуулийн тодорхой заалтын зөрчсөн байгааг Хурлын дарга сануулаад хэлэлцэх эсэх талаас Төлөөлөгчдөөс гар өргүүлж санал хураасан. Энэ нь бас процессын алдаа болсон. Мөн Хурлын тогтоолыг гарсан талаар Засаг даргад мэдэгдэх ёстой. Гэтэл огт мэдэгдээгүй. 2020 оны 12 дугаар сарын 20-ны оройн 19.00 цагт аймгийн хэмжээнд аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хурал болоход оролцсон. Тэгэхэд надад огцруулсан тухай ямар ч зүйл хэлээгүй. Харин ч надад үүрэг даалгавар өгсөн. Яагаад огцруулсан шийдвэрээ 5 дахь өдөр гаргачихсан байж бүтэн сайн өдрийн хурлын үеэр үүрэг даалгавар өгсөн бэ, тэгэхээр Ц.Ууганцэцэгт албан ёсоор захирамжаа гардуулж сонсох ажиллагаа хийгээгүй. Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагааг хийх ёстой байсан.

Засаг даргыг огцруулахтай огт холбоогүй заалтыг тайлбарлаж захирамжаа гаргасан байна. Үндэслэх ёсгүй заалт байсан. Засаг даргын эрх хэмжээнд огт хамаагүй хуулийн заалтыг удирдлага болгосон гэсэн утгатай тайлбар гаргасан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Засаг дарга бол төрийг төлөөлж буй төлөөлөгч, мөн орон нутгийн хэмжээнд бүх асуудал хуулийн хүрээнд явагдаж байгаа эсэхийг Засаг дарга хянах үүрэгтэй. Гэтэл хурлаас гарсан ямар ч шийдвэрийг Засаг дарга хянах эрхгүй гээд хурлаас гаргасан ямар ч шийдвэрийг хянахгүй байвал иргэдийн Төлөөлөгчдийн Хурал гэдэг хуулиас давсан эрх хэмжээтэй байгууллага болно. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлд гарцаагүй байдлын улмаас эсхүл хойшлуулахгүй үйл ажиллагааны улмаас сонсох ажиллагаа явуулахгүй байж болно гэж заасан учир сонсох ажиллагаа явуулаагүй гэдэг. Эрүүгийн хуульд заасан хойшлуулашгүй тохиолдол огт тогтоогдоогүй. Хэрэгт хамааралгүй хуулийн зүйл, заалтыг баримталж тайлбар гаргасан. Ингээд аймгийн Засаг даргын захирамж бол хийх ёстой чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй, түүнээс болоод миний хөдөлмөрлөх эрх, цаашлаад төрийн үйл ажиллагааг хэвийн явагдах нөхцөлийг алдагдуулсан шийдвэр болсон.

Харин сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн ирүүлсэн хариу тайлбарт ...эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээтэй байгууллага биш гэдэг. Нэг ёсондоо сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол нь саналын шинжтэй. Засаг даргыг огцруулах асуудлыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийддэггүй. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна гэсэн хариу тайлбар гаргасан. Тэгэхээр санал гэдгээ юу гэж тайлбарлаж байгаагаа хариу тайлбартаа дурдаагүй. Гэтэл тогтоол нь захиргааны актын 6 шинжийг хангасан. Мөн хариу тайлбартаа ардчилсан ёсны дагуу бүх асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэсэн болно гэдэг. Хуул зөрчдөг ардчилсан ёс гэж хаана ч байхгүй. Хуулийн хүрээнд явагдах ёстой. Дүгнэхэд 17 хоног гэдэг Засаг даргын хувьд чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзэхэд богинохон хугацаа гэж үзэж байна гэв.

Иймд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинбаяр шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар тус сумын Засаг даргаар ажиллаж байсан Ц.Ууганцэцэгийг огцруулах эсэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдаанд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар Ц.Ууганцэцэгийг огцруулах саналыг аймгийн Засаг даргад уламжлахаар шийдвэрлэж, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол гарч, Өмнөговь аймгийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд аймгийн Засаг дарга 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамж гарган Ц.Ууганцэцэгийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын засаг даргын албан тушаалаас огцруулсан болно.

Өөрөөр хэлбэл, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын Засаг даргыг огцруулах асуудлыг эцэслэн шийдвэрлэх эрх хэмжээтэй этгээд биш юм. Нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгийн хүчингүй болгохоор шаардсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр Сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг огцруулах тухай тогтоол нь саналын шинжтэй буюу Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт биш байх тул сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг хариуцагчаар татсан нь үндэслэлгүй байна.

Мөн, нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24.3-т энэ хуулийн 24.1-д заасан саналд холбогдох тооцоо судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасныг зөрчиж, хууль бусаар санал хурааж, хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулж, улмаар ямар ч үндэслэлгүйгээр Засаг даргыг ажлаас огцруулсан 2/1 дүгээр тогтоол гаргасан гэжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурал нь хууль зөрчөөгүй, холбогдох хууль тогтоомжийн дагуу хуралдаж, хурлаас зохих шийдвэрийг гаргасан болно. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.14-д Хуралдааныхаа дэгийг тухайн хурал өөрөө тогтоож тогтоолоор батална гэж заасан бөгөөд тухайн хурал тогтсон дэгийн дагуу явагдсан. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэгийг 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 3 дугаар хуралдаанаар баталсан бөгөөд уг хурлын дэг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг дуустал хүчин төгөлдөр үйлчилж байсан.

Тус хурлын дэгийн 2.1-д Хурлын тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, сумын Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй гэж заасны дагуу Хурлын Төлөөлөгч У.Түвшинбаяр нь тухайн өдрийн хуралдаан дээр Засаг даргыг огцруулах асуудлыг хурлаар хэлэлцүүлэхээр оруулж ирсэн.

Төлөөлөгч У.Түвшинбаярын саналыг Хуралд оролцсон Төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтын нэгдүгээрт оруулсан. Энэ асуудлыг шийдвэрлэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хууль тогтоомж зөрчсөн зүйл байхгүй бөгөөд ардчилсан ёсны зарчмын дагуу бүх асуудлыг олонхын саналаар шийдвэрлэсэн.

Би бол сумын иргэдийн Төлөөлөгч хүн. Надад сумын иргэдээс хүсэлт, өргөдөл ирсэн. Өргөдөл нь аман хэлбэрээр ирсэн. Ц.Ууганцэцэг гэдэг хүн сумын Засаг дарга хийхэд ёс зүйн хувьд таарч тохирохгүй. Би өмнө нь ийм асуудал шийдвэрлүүлэхээр ороход ийм ёс зүйн асуудал, харилцааны асуудал гаргаж байсан гэх мэтчилэн иргэдээс гомдол, санал ирүүлсэн. Иймээс би сана оруулсан. Ингэхдээ хууль зөрчөөгүй. Санал гаргах эрхтэй учир саналаа гаргасан. Ингээд хэлэлцээд олонхоороо шийдсэн.

Иймд Ц.Ууганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагын Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батдорж шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоолоор сумын Засаг даргыг огцруулах саналыг гаргаж аймгийн Засаг даргад ирүүлснийг харгалзан маргаан бүхий захиргааны актыг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 32 дугаар зүйлийн 32.3, 32.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Ц.Ууганцэцэгийг 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас огцруулсан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т Засаг дарга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор нотлогдсон, түүнчлэн хууль тогтоомж зөрчсөн буюу чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй бол тухайн шатны Хурал түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө огцруулах саналыг дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайдад хүргүүлнэ 32.3-т Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэсэнтэй тус тус нийцсэн гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга маргаан бүхий актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлд заасан сонсох ажиллагаа явуулах журам"-ыг зөрсөн гэсэн үндэслэлгүй юм.

Учир нь, Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Засаг даргыг огцруулах санал гаргасан үйл баримт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т Хууль тогтоомжид зөвхөн сум, дүүргийн Хуралд олгосон бүрэн эрхийг аймаг, нийслэлийн Хурал тэдгээрийн зөвшөөрөлгүйгээр хэлэлцэн шийдвэрлэхийг хориглоно гэсний дагуу зөвхөн тухайн хуралд олгогдсон эрх хэмжээний асуудал бөгөөд тогтоол гарах болсон үндэслэл, саналыг аймгийн Засаг дарга хянах, улмаар шийдвэрийн хүчинтэй эсэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалтгүй юм.

Мөн Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол сонсох ажиллагаа явуулахгүй байх тохиолдлыг хуульчилсан.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сумын нийт иргэдийг төлөөлж байгаа төлөөллийн байгууллага бөгөөд энэхүү байгууллагын өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан санал /захиргааны акт/-ыг нийтийн ашиг сонирхлын үүднээс гарсан гэж үзэж сонсох ажиллагааг явуулаагүй болно.

Дээрх байдлаар аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Сумын Засаг даргын огцруулах тухай Б/83 дугаар захирамжийг хууль тогтоомжид нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Аймгийн Засаг дарга сумдын Засаг дарга нарыг томилдог. Ингэхдээ тухайн сумын иргэдийн Төлөлөөгчдийн Хурлын саналыг үндэслэн шийдвэр гаргадаг. Мэдээж огцруулах асуудлыг тухайн шатны хурлын шийдвэрийг үндэслэдэг. Ерөнхийдөө сумдын Засаг даргыг томилох, огцруулах асуудлыг ёсчилсон байдлаар шийдвэр гаргадаг. Тэгэхээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ямар асуудал хэлэлцэх, хэдэн цаг хуралдсан, процесс зэргийг аймгийн Засаг дарга хянан боломжгүй. Энэ бол тусдаа асуудал. Хэрвээ дэгийн дагуу яваагүй гэдгийг эрх, ашиг нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандаад, шүүхийн шийдвэр гарсан дараа үнэлэлт, дүгнэлт өгөхөөс өмнө нь дүгнэлт өгөх боломжгүй. Тиймээс тухайн сумаас ирсэн саналыг үндэслээд шийдвэр гаргасан. Сонсох ажиллагаа явуулах ёстой байсан гэж байна. Аймгийн Засаг даргын зүгээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нөлөөлөх ямар ч боломжгүй. Аймгийн Засаг дарга сумын иргэдийн хурлын шийдвэрийг хуулийн дагаа явагдсан эсэхийг шалгах хуулиар хүлээсэн үүрэггүй. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн саналыг үндэслэн шийдвэр гаргахад сонсох ажиллагаа явуулах шаардлагагүй. Яагаад гэвэл санал нь сумын иргэдийн эрх, ашиг учраас шууд шийдвэр гаргасан гэв.

Хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшинбаярын өмгөөлөгч Б.Жавхланбаяр, Н.Нямжаргал нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн өдрийн хурлын шийдвэр хууль зөрчсөн зүйл байхгүй. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хурлын дэгийн дагуу саналаа гаргасан. Тус дэгт зааснаар Төлөөлөгч санал гаргах эрхтэй гэж заасан. Үүний дагуу эрхээ эдэлж санал гаргасан. Тэрнээс биш нэхэмжлэгчийн дурдсан дэгийн 5.1-д заасан хуулийн хүрээнд Засаг даргыг томилох, огцруулах асуудлыг явуулна гэснээс хуульд заасан бүх процессийг баримтална гэж заагаагүй. Яагаад гэвэл хуульд заасан ажиллагаа дэгээрээ тогтоогоод, дэгийн дагуу хурлаа явуулах ёстой. Хурлын дэгийг дагуу саналаа гаргасан.

Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргуулахаар хүсэж нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Тэгэхээр тус зүйлд тухайн захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол шүүх хүчингүй болгоно гэж заасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн тогтоолыг шүүх хүчингүй болгох боломжтой юу. Өөрөөр хэлбэл захиргааны акт мөн үү гэдгийг эхлээд дүгнэх ёстой гэж үзэж байна. Ямар шалгуураар захиргааны акт биш гэж үзэж байна вэ гэвэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд зааснаар захиргааны актын 6 шинжийг хангасан байх ёстой. Үүнээс захирамжилсан шинжтэй байх гэсэн шинжийг Хурлын тогтоол хангаагүй. Хурлын тогтоол гарснаар нэхэмжлэгч шууд огцроогүй, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болоогүй. Тэгэхээр хуульд заасны дагуу дээд шатны Засаг даргын захирамжаар огцорсон.

Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хуульд заасан журам баримтлаагүй, хүчингүй болгож өгнө үү гэсэн. Захиргааны байгууллагын иргэдийн оролцоог хангах байгууллага бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. Тэгэхээр хурлын тогтоол нь захиргааны акт биш учир шүүх үүнийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл байхгүй.

Мөн нэхэмжлэлийн үндэслэлдээ хурлаар хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцсэн гэдэг. Үүндээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлаагүй гэж тайлбарласан. Гэтэл дарааллын дагуу хэлэлцэх асуудалдаа оруулаад саналаа хураагаад явсан. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэхдээ заавал эхлээд хэлэлцэх асуудлаа батлаад явна гэвэл Хурлын бүрэн эрхэд ноцтой халдсан асуудал болно. Хурлын Тэргүүлэгчид нь Хурлын чөлөөт цагт хурлын тодорхой хуульд зааж олгосон хязгаарын хүрээнд төлөөлж, оролж байгаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэг бүтэц байгаа. Нэгэнт хурал эхэлчихсэн бол баталсан асуудлыг хэлэлцэж болно, хэлэлцэхгүй хасаж ч болно.

Мөн Төлөөлөгч нар өөрсдөө санал гаргаж, нэмж асуудал хэлэлцүүлэх нь зөв. Энэ талаар хуульд хориглосон зүйл байхгүй. Хурлын тэмдэглэлийг авч үзвэл Хурлын дарга ..энэ буруу... гэж хэлсэн зүйл байхгүй. Харин ч н.Золбоо Төлөөлөгчийн хэлж байгаа зөв, У.Түвшинбаярын оруулж ирсэн санал дээр олонхоороо саналаа хураагаад хэлэлцэх эсэхээ шийдье гээд санал хурааж, олонх нь дэмжсэн учир хэлэлцсэн. Тэгэхээр хэлэлцэх ёсгүй асуудлыг хэлэлцсэн гэсэн нэхэмжлэлийн үндэслэл няцаагдаж байна.

Мөн сонсох ажиллагаа явуулаагүй гэсэн. Өөрөө хуралд оролцож, тайлбар, саналаа хэлээд өөрийг нь огцруулах шийдвэр гарлаа гэдгийг ойлгоод нэхэмжлэгч хурлаас гарсан гэдэг нь тэмдэглэлээс харагдаж байна. Үүнд сонсох ажиллагаа явуулахгүй байсан гэж үзэж байна. Эрхийг нь хязгаарласан зүйл байхгүй. Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг татаж оруулж болох ч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Хурлын тогтоолыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, боломж байхгүй гэж үзэж байна. Тиймээс сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед гаргасан тайлбар зэргийг хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг даргад холбогдуулан Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгчээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасныг зөрчиж хууль бусаар санал хурааж, хэлэлцэх асуудлын нэгдүгээрт оруулж, улмаар үндэслэлгүйгээр Засаг даргын ажлаас огцруулах тухай тогтоол гаргасан, уг хууль бус тогтоолыг үндэслэн 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар аймгийн Засаг даргын захирамж гарч намайг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын албан тушаалаас огцруулсан гэж, хариуцагчаас хурлын төлөөлөгч санал гаргах эрхтэй, огцруулах санал гаргасан Хуралдааны тогтоол захиргааны акт биш... аймгийн Засаг дарга эрх хэмжээний хүрээнд захирамж гаргасан гэж тус тус маргажээ. Иймд шүүхээс тухайн хуулийн заалт зөрчигдсөн эсэхийг шалган, тухайн хурлын үйл ажиллагаа, дараалал нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийв.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1/6 дугаар тогтоолоор Засаг даргад нэр дэвшүүлж, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/75 дугаар захирамжаар[1] Ц.Ууганцэцэгийг тус сумын Засаг даргаар томилжээ.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 46 дугаар тогтоолоор[2] сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан (цаашид Хуралдаан гэх)-ыг 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 10.00 цагт хуралдуулахаар товлон зарлаж, 10 асуудал хэлэлцэхээр тогтоосон боловч сумын Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэхээр батлаагүй байна.

Харин 12 дугаар сарын 17-ны өдөр хуралдаан эхлэхэд төлөөлөгч У.Түвшинбаяр нь Засаг даргыг огцруулах саналыг хэлэлцэх асуудалд оруулахыг хүссэнийг төлөөлөгчдийн олонх дэмжсэнээр тухайн хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан хуралдааны тэмдэглэл болон бусад баримтуудаар тогтоогддог.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 12.1.3-д Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах эрхтэй хэдий ч хуралдаанаар Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэх талаар урьдчилан товлож, холбогдох материалыг төлөөлөгчдөд тараагаагүй атлаа хуралдаанаар хэлэлцэж, Засаг даргыг огцруулахаар шийдвэрлэсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-д заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж заасныг зөрчсөн байна.

Дээрх хуулийн 24.3 дахь заалт нь Хурлын хуралдаанаар хэлэлцэх бүхий л асуудалд хамааралтай бөгөөд Засаг даргыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх тухайгаа урьдчилан мэдэгдээгүйгээс Засаг дарга Ц.Ууганцэцэгт хууль тогтоомж зөрчсөн, чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж үзсэн үндэслэлийн талаар тайлбар гаргах боломж олгоогүй байна.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын Тэргүүлэгчид...дараахь асуудлыг өөрийн бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 20.1.1-д Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх, 24 дүгээр зүйлийн 24.1-д Хурлын...төлөөлөгч,...асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй, 24.3-д Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй гэж тус тус заажээ.

Хуулийн эдгээр зохицуулалтаас үзэхэд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэх асуудал тодорхой байх, төлөөлөгч хуралдаанд ямар асуудлаар таслах эрхтэй оролцож байгаагаа урьдчилан мэдэх, түүнд холбогдох баримт, судалгааг урьдчилан төлөөлөгч нарт тараасан байх, эдгээр үйл ажиллагаа зохих ёсоор хэрэгжээгүй бол тухайн асуудлыг Хуралдаанаар хэлэлцэхгүй байх агуулгатай байна.

Түүнчлэн дээрх хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д Сум, дүүргийн Хурал нь...дараах асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ, 18.1.1 г/ Засаг даргыг томилуулах, чөлөөлөх болон огцруулах санал гаргаж аймаг, нийслэлийн Засаг даргад уламжлах; 14 дүгээр зүйлийн 14.4-д Засаг дарга, эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэж зааснаас үзэхэд Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах Засаг даргыг сонгох, чөлөөлөх, өөрчлөх зэрэг асуудлыг Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байхаар хуульчлан зохицуулжээ.

Энэ тохиолдолд Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал болох Засаг даргыг огцруулах асуудлыг хэлэлцэхдээ Хурлын тов тогтоох, хэлэлцэх асуудлын дараалал батлах эрх бүхий иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх, саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах хуулийн шаардлага хангагдаагүй байхад Хуралдаанаар хэлэлцүүлж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр[3] тогтоолоор Ц.Ууганцэцэгийг Засаг даргын ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 г/, 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус заасныг зөрчсөн байна.

Хэдийгээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3, 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар төлөөлөгч нь Хуралд тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санал оруулах эрхтэй ч гэсэн уг санал нь дээрх хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 24 дүгээр зүйлийн 24.3-д тус тус заасан шаардлагыг хангасан тохиолдолд л хэлэлцэх ёстой байтал төлөөлөгч У.Түвшинбаяр нь саналаа зохих ёсоор гаргаагүй байхад Хуралдаанаар хэлэлцэн, Засаг даргыг огцруулах асуудлыг шийдвэрлэсэн нь хууль бус болжээ.

Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр[4] тогтоол нь дээрх байдлаар Ц.Ууганцэцэгийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үр дагавар бүхий байх тул маргаан бүхий хурлын тогтоол захиргааны акт биш гэх хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д Дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд энэ хуулийн 32.2-т заасан саналыг ажлын 5 хоногт хянаж огцруулах эсэх асуудлыг шийдвэрлэнэ гэж зааснаар аймгийн Засаг дарга нь сумын Засаг даргыг огцруулах саналыг хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянаж, шийдвэрлэх учиртай.

Хариуцагч тус аймгийн Засаг дарга нь хуулиар тогтоосон дээрх журмыг зөрчиж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд ороогүй асуудлыг хэлэлцэж, Засаг даргыг огцруулах тухай Хурлын тогтоолыг хянаагүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдох тул уг хууль бус тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга Ц.Ууганцэцэгийг огцруулсан нь хууль бус байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байна.

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.Ууганцэцэг нь 2020 онд сумын Засаг даргаар сонгогдож, улмаар Хурлын онцгой бүрэн эрхэд хамаарах асуудлыг хэлэлцэхдээ Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж, зөвшилцсөн байх, саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргасан байх, хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараасан байх зэрэг хуульд тусгайлан заасан шаардлагыг хангаагүй байхад Хуралдаанаар хэлэлцүүлэн Ц.Ууганцэцэгийг Засаг даргын үүрэгт ажлаас огцруулсан санал хууль бус болох нь, уг тогтоолыг хянах үүргээ аймгийн Засаг дарга хэрэгжүүлээгүй болох нь тус тус тогтоогдож байх тул Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол, Өмнөговь аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын дагуу ажилгүй байсан 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны 4559520 (дөрвөн сая таван зуун тавин есөн мянга таван зуун хорь) төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Өмнөговь аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгт олгохоор байна.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1 г/, 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.1, 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт тус тус заасныг баримтлан Ц.Ууганцэцэгийг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2/1 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Б/83 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, 4559520 (дөрвөн сая таван зуун тавин есөн мянга таван зуун хорь) төгрөгийн цалин хөлстэй тэнцэх олговрыг Өмнөговь аймгийн Засаг даргаас гаргуулж, нэхэмжлэгч Ц.Ууганцэцэгт олгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймгийн Засаг дарга нараас 70200 төгрөгийг гаргуулж Ц.Ууганцэцэгт олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРМАА

[1] Хавтаст хэргийгн 7 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийгн 8 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 72 дугаар хуудас