Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 176

 

 

                               

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                             

 Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг, улсын яллагч С.Энхтуул, шүүгдэгч Л.Баттулга, түүний өмгөөлөгч Г.Баярмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо нарыг оролцуулан тус шүүхийн “Е“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Лувсандоржийн Баттулгад холбогдох эрүүгийн 2016025031577 дугаартай, 186/2016/0150/э индекстэй хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүн  хэлэлцэв.                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 45 настай, эрэгтэй, халх, тусгай дунд боловсролтой, байгаль орчин байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилт 4-90 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Лувсандоржийн Баттулга /РД:ТЯ71012838/, 

            Холбогдсон хэргийн талаар:                                                                                            

Л.Баттулга нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүээр хороо, Тахилт 4-90 тоотын гадна орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ж.Итгэлт /4 настай, эрэгтэй/-н биед баруун  хөмсгөнд шарх, цээж, гуя, өгзөгт зулгаралт, цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн  хэлэлцүүлэгт шүүгдэгчээс  мэдүүлсэн  мэдүүлэг:

     1.1. Шүүгдэгч Л.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Мөрдөн байцаалт, прокурорын  шатанд үнэн зөв мэдүүлгээ өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй гэв.

            1.2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:… 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай хүүхэд нохойнд хазуулсан. Тэр өдөр хүүхдээ архинд явуулаагүй байсан. Шүүгдэгч Л.Баттулга худал мэдүүлэг өгч байна. Тухайн өдөр ээж маань хөдөөнөөс ирэхээр нь салхинд гарангаа хамаатны айлдаа очсон. Манай хүүхдүүд гадаа тоглож байсан бөгөөд хэсэг чимээгүй болохоор нь хартал манай бага хүү цус болсон зогсож байсан. Тэгээд 103 дугаар руу залгахад шууд эмнэлэг рүү яв гэхээр нь Л.Баттулгын эхнэртэй хамт дөрвүүлээ эмнэлэг рүү явсан. Манай хүү 40.000 төгрөгөөр оёдол тавиулсан. Л.Баттулгын эхнэр 3 төрлийн тос авч өгөөд манай хүүхдэд 30.000 төгрөг өгсөн. Манай эгч цагдаад ханд гэхээр нь цагдаагийн байгууллагад хандсан гэв.

    Хоёр: Шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           2.1. Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоогийн:..2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр би нөхөр, хүүхдийнхээ хамт хамаатны  айл болох Хурц гэдэг айлынд буюу Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороонд байрлах айлд очсон. Яг хаягийг нь бол мэдэхгүй байна. Тухайн үед манай том хүү Итгэлт тэнд байсан хамаатныхаа хүүхдүүдтэй гарч ороод байсан бөгөөд 15-16 цагийн хооронд Итгэлт хэсэг чимээгүй алга болчихоор нь хашаанаас гараад иртэл манай хүүг гудамжны харалдаа байдаг хашааны эмэгтэй, хүүг маань хөтөлчихсөн цусыг нь угаагаад сууж байсан.  Юу болсон талаар лавлахад тэр нохой манай хүүгийн баруун хөмсөгний орчимд хазсан гэж ярьсан. Мөн өгзгөнд нь битүү хазсан байсан. Тэгээд тэр айлын эмэгтэйтэй хамт би нөхөр хүүхдээ аваад гэмтлийн эмнэлэг явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүүгээ үзүүлэхэд хөмсгөнд нь 7 оёдол тавиулж, гэмтлийн эмнэлгийн бичиж өгсөн эм тариаг нь нохойны эзэн эмэгтэй авч өгсөн.  Тэр өдрөөс хойш уг хүмүүстэй уулзаж чадаагүй. Тухайн үед Итгэлт дэлгүүр орох замдаа айлын нохойд хазуулсан. Итгэлт хамаатныхаа хүүхдийн хамт явсан. Тэр хүүхэд нь 6-аас доош насны хүүхэд байгаа. Итгэлтийн хөмсгөнд 7 оёдол тавьсан, өгзгөнд нь нохой хазаж хөхрүүлсэн, баруун духны орчимд шалбарч шархалсан байсан. Тэр айлын нохой уяагүй сул байдаг гэсэн эзэн нь тэгэж байна лээ. Нөгөө талын хашааныхаа завсараар гарч ирээд манай хүүг хазсан гэсэн,  гөлөг тэвэрч байсан эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Хуулийн дагуу хариуцлага тооцож, хүүгийнхээ сорвийг нь арилгуулахыг хүсэж байна гэх мэдүүлэг. /хх-8/,

            2.2. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бүжинлхамын:..2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 15 цагийн орчимд манай нөхөр машин янзлаад би гэртээ хувцсаа угаагаад байж байтал манай хашааны гадаа нэг хүүхэд орилоод уйлаад явчихсан. Тэгтэл манай нохой хуцаад байсан. Тэгэхээр нь би хашааныхаа гадаа гараад очтол гадаа нэг хүүхэд уйлаад хөмсөгнийх нь орчмоос цус гарсан зогсож байсан. Хажууд нь дэлгүүрийн худалдагч охин танай нохой хазчихлаа гэсэн. Цаанаас хүүхдийн аав ээж хоёр гүйгээд хүрээд ирсэн бөгөөд би гэрээсээ ус гаргаж ирээд хүүхдийн цусыг нь угаагаад хүүхдийн эцэг эхтэй нь хамт эмнэлэг рүү явсан. Эмнэлэг явах замд хүүгийн эцэг эх бид хоёр хүүхдээ сайн хардаг юм сая хадмындаа ирээд ганц пиво уугаад сууж байлаа. Хүүхдээ хараагүй бид нарын буруу та тайвшир гээд байсан. Тухайн үед би сандраад сэтгэл санаа хямарсан байсан. Аав ээжийнх нь хэлж байгаагаар хүүхэддээ мөнгө өгч явуулаад хүүхэд нь дэлгүүр орох гэж яваад манай нохойд хазуулсан юм шиг байна лээ. Тэгээд гэмтлийн эмнэлэг дээр очоод хүүхдийн хөмсгөнд оёдол 40.000 төгрөгөөр тавиулсан, тэгээд вакцин монгол улс даяар тасарчихсан 08 сар гаргаад ирнэ гэж хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлгийн эмчийн бичиж өгсөн бүх эмнүүдийг нь авч өгсөн. Тэгээд эгчтэйгээ холбоо бариарай гээд утасныхаа дугаараа өгөөд эцэг эхийнх нь утасны дугаарыг авсан. Тэгээд тэр хүмүүс гомдолгүй гээд явсан. Тэгтэл орой цагдаад бүртгүүлнэ гээд хүрээд ирсэн. Тэгээд цагдаад бүртгүүлээд эцэг эх хоёр нь вакцинтай холбоотой цагдаад бүртгүүлэх гэж байгаа юм та санаа зоволтгүй гээд байсан бөгөөд цагдаа дээр ирээд шүүх эмнэлэгт үзүүлэх болсон тэгээд вакцин ирвэл эргээд холбогдоно гэж байсан бөгөөд одоо утсаа авахгүй байгаа. Гэтэл гэнэт хүүгийн эмээ нь гэж хүн гарч ирээд утга учиргүй 3 сая төгрөг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа  гэх мэдүүлэг. /хх 10-11/,   

 2.3. Мөрдөн байцаалтын шатанд гэрч Т.Гантуяагийн:..2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 12-14 цагийн орчимд намайг дэлгүүрт байж байхад бага насны хоёр хүүхэд орж ирж үйлчлүүлсэн бөгөөд арай бага настай эрэгтэй нь түрүүлээд гараад явчихсан. Түрүүлж гарч явсан хүүхэд их чанга орилсон, нохой хар хур гэх чимээ сонсогдоод би эгчийнхэн хамт гараад очиход нөгөө хүүхдийн хөмсөгнийхөн орчмоос цус гарсан байдалтай байсан. Хажууд нь манай урд айлын нохойн гөлөг нь явж байсан. Тэгээд би дэлгүүрлүүгээ орж сальфетик авч гараад хүүгийн цусыг арчиж өгтөл урд талын айлын эгч өөрөө гараад ирсэн. Тэгээд бүр цаанаас нөгөө хүүхэдтэй цуг явсан эгч нь гэх хүүхэд хүүгийн ээжийг дуудаж ирсэн. Тэгээд би ажил руугаа орсон. Миний бодлоор бол урд талын айлын нохой гөлөглөчихсөн байсан, гөлөг нь хашааныхан завсараар гарч явж байхад тэр хүүхэд сонирхож байгаад нохойд хазуулсан байх гэж бодож байна. Нохойгоо уядаг, уядаггүйг нь сайн мэдэхгүй байна. Удаж байгаа эсэхийг нь сайн мэдэхгүй. Ямар ч байсан хашаанаасаа гарч ирж харагддаггүй ямар ч байсан нохойтой гэдгийг нь л мэдэж байна. Хүүгийн ээж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан архи үнэртэж байсан. Ээж нь одоо яахав гээд л сандраад байсан. Намайг гарахад урд айлын нохой хашаа руугаа гөлөгөө дагуулаад орж байсан гэх мэдүүлэг. /хх-12/

2.4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10314 тоот актын:

1. Итгэлтийн биед баруун хөмсөгт шарх, цээж, гуя, өгзөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.   Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт. /хх-14/,

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд

3.1. Сэжигтнээр тооцох тогтоол /хх-17/, сэжигтнээр байцаасан тэмдэглэл    /хх-18/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-19/, яллагдагчийг байцаасан тэмдэглэл /хх-20/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-22/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-23/, даатгуулагч /иргэн/-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-24/, Ж.Итгэлтийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-25/, шүүгдэгч Л.Баттулгын шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн баримт Комиссын шийдвэр, зүрхний бичлэг хийсэн баримт, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан тухай комиссын шийдвэр, дүүргийн  болон хорооны эмчийн хяналтанд байгаа гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.                                                                                               

Дээрхи  хуульд заасан журмын  дагуу цугларсан  нотлох баримтуудыг  үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн  байцаалтын  шатанд  хийгдвэл зохих ажиллагаа бүрэн  хийгдсэн бөгөөд шүүх  шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад  тулгуурлан дараахи үйл баримтыг  тогтоов.

Л.Баттулга нь 2016 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Тахилт 4-90 тоот хашааны гадна орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ж.Итгэлт /4 настай, эрэгтэй/-ийн биед баруун хөмсөгт шарх, цээж, гуя, өгзөгт зулгаралт, цус хуралт зэрэг хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн  болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо, гэрч М.Гэзэгмаа, Д.Бүжинлхам, Т.Гантуяа нарын мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10314 тоот акт, шүүгдэгч Л.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд хэргээ  хүлээн мэдүүлж  байгаа  мэдүүлгүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан  нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдов.

Шүүгдэгч Л.Баттулга нь хэргийн  талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээсэн  нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар батлагдаж байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болж байгааг тэмдэглэж байна.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Батулгад холбогдуулан   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн  201.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн нь хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Л.Баттулгыг  орчиндоо аюул учруулж болох, амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга  ёсны, эрүүгийн  хариуцлага гарцаагүй  байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн  хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах  хууль зүйн үндэслэлтэй  байна гэж  шүүх дүгнэв.         

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо  нь хүүхдийнхээ соривыг арилгуулах хүсэлттэй  байна, иймд  эмчилгээ хийлгэхэд шаардлагатай 963.000 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэж байгаа боловч  энэ талаар хавтаст хэрэгт баримт  авагдаагүй, хүүхдийн соривыг эмчлэхэд  шаардлагатай зардал  936.000 төгрөг  болно гэсэн он сар өдөр, тамгагүй, баримтыг  шүүхэд  ирүүлснийг шүүх  хүлээн  авч  шийдвэрлэх  боломжгүй гэж  үзлээ.                                                                                               Учир нь  Ж.Итгэлтэд эмчилгээ хийлгэсэн  бодит зардлыг хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчөөс мөрдөн байцаалтын болон шүүх, прокурорын шатанд гаргаж өгөөхгүй байна.  Иймд Ж.Итгэлтэд цаашид эмчилгээ хийлгэн гэж байгааг шүүх хүлээн авч нотлох баримтаа  бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич  нэхэмжлэх эрхтэй  болохыг  дурьдаж  шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчид оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын  шинж чанар, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл  байдал, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  55 дугаар зүйлийн 55.1.1., 55.1.3., 55.1.9 дэх хэсэгт зааснаар  анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзсэнээс гадна түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан түүнд хорихоос өөр төрлийн ял шийтгэл   оногдуулах нь  зүйтэй гэж  үзлээ.

Шүүгдэгч Л.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус  дурдаж байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон                                                                                                                                                             

                                                                                                            ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Лувсандоржийн Баттулгыг  орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас бусдын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

     2. Шүүгдэгч  Л.Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй  тэнцэх хэмжээний буюу 960.000 / есөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

     4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Ичинхорлоо нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох  баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

     5.Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Баттулгад урьд нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  С.БАТЖАРГАЛ