Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2024/0025

 

 

 

 

 

 

 

 

“М” ХХК-ийн гомдолтой

  захиргааны хэргийн тухай

          Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн 

          Шүүх бүрэлдэхүүн:

          Шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Тунгалагсайхан

         Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл

          Илтгэгч шүүгч Ц.Сайхантуяа

          Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А

          Хэргийн оролцогчид:

          Гомдол гаргагч “М” ХХК

          Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А

          Гомдлын шаардлага: Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А-ийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00463** дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-5* дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах тухай

          Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0804 дүгээр шийдвэр

          Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

          Гомдол гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч

          Гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Э

          Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А

        Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

          Хэргийн индекс: 128/2023/0559/3

ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Гомдол гаргагч “М” ХХК нь Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А-д холбогдуулан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Агийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00463** дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-5* дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлын шаардлага гаргажээ.

          2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0804 дүгээр шийдвэрээр: “Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйл, мөн хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхай хяналтын улсын байцаагч Ш.Агийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00463** дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ захиргааны акт гаргах хүртэл 58 /тавин найм/ хоногийн хугацаагаар түдгэлзүүлж, Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх заалт, Байгаль Орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхай хяналтын улсын байцаагч Ш.А-ийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай эрх бүхий албан тушаалтны даалгаврын “..олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийгдсэн талбайд геологийн нөхөн сэргээлт хийх”-тэй холбоотой хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

              3. Давж заалдах гомдлын агуулга:  

              3.1  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ч давж заалдах гомдолдоо: “..Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А-д холбогдох “Нийслэлийн Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.Агийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00463** дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-5* дугаартай албан даалгаврыг гаргахдаа холбогдох хууль тогтоомжийг зөрчиж гаргасан талаар анхан шатны шүүхээс дүгнэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.8 дахь хэсэгт “..Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны А/156 дугаар тушаалын 3 дахь заалтад зааснаар улсын байцаагч шинжээчийн дүгнэлтэд үндэслэж зах зээлийн ханшаар нөхөн төлбөрийг өөрөө тооцож тогтоох үндэслэл байхгүй..”, 3.9 дэх хэсэгт “..Зөрчил шалгах шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцэхгүй...хохирлын хэмжээг үндэслэл бүхий тогтоох шаардлагатай” гэж тус тус дүгнэсэн.

              Шүүхийн шийдвэрийн дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн 00463** дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж заасны дагуу эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт юм.

              Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалт нь “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” буюу захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд заасан эрхийн хүрээнд шаардлагатай ажиллагааг бүрэн хийсэн боловч маргааны үйл баримтыг тогтоох нотлох баримт нь байхгүй, хангалтгүй бөгөөд шүүх болон хэргийн оролцогчоос үл хамаарах шалтгаанаар бүрэн дүүрэн цуглараагүй, үүний улмаас мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан нотлох баримтыг үнэлэх, эрх зүйн дүгнэлт өгөх ажиллагаа хийх боломжгүйд хүрсэн, эсхүл нотлох баримт цугларсан боловч захиргаа сонгох боломжийн хүрээнд нөхцөл байдалтай уялдуулан шинэ акт гаргах боломжтой бөгөөд энэ нь шүүхийн эрх хэмжээнээс хэтэрч, шүүх захиргааны чиг үүргийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй болсон үед хэрэглэгддэг.

              Гэтэл анхан шатны шүүхээс хууль бус захиргааны актыг гаргасан хариуцагч захиргааны байгууллагын шийдвэрийг зөвтгүүлэх байдлаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг удирдлага болгох “Дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн”-ийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

              Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0804 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

              3.2 Хариуцагч Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А давж заалдах гомдолдоо:

              “...Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т ЗХБ-5* дугаартай албан даалгаврын олборлолт хийж эвдэрсэн газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг авч зөрчлийн үр дагаврыг арилгахтай холбоотой өгсөн даалгаврыг түдгэлзүүлж шийдвэрлэжээ. Үүний үндэслэл нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д “Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх, хүн амыг нүүлгэх, мал амьтныг тухайн нутаг дэвсгэрээс шилжүүлэхэд гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасны дагуу газрын нөхөн сэргээлтийг тухайн газрыг ашиглагч иргэн хуулийн этгээдээр нөхөн төлүүлэхээр заасан. Харин “М” ХХК нь маргаан бүхий газрыг хуулийн дагуу ашиглагч этгээд биш, хууль бусаар олборлолтын үйл ажиллагаа явуулсан байх тул нөхөн сэргээлт хийхийг даалгах нь үндэслэлгүй гэжээ. Үүнд хариу тайлбар гаргах нь :

              Улсын байцаагчийн өгсөн албан даалгавар нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д зааснаар захиргааны журам зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэсэн бол уг зөрчлийг таслан зогсоох тухай захиргааны хяналтын байгууллага, албан тушаалтны шийдвэр бол захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлж боломжгүй нөхцөлд хамаарч байна.

              “М” ХХК нь 2008-2017 оны хооронд түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн хугацаанд ашигт малтмал олборлохдоо Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 28 дугаар зүйл “Байгаль орчныг хамгаалах талаар түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийг биелүүлж ажиллах ёстой байсан. Үүнд 28.1-т “Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Ашигт малтмалын тухай хуулийн 39.1-д заасан үүрэг хүлээнэ”, Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйл “Байгаль орчныг хамгаалах талаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргийн 39.1-т Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараах үүрэг хүлээнэ”, 39.1.1-т “энэ хуулийн 24.1-д заасан этгээд ашиглалтын тусгай зөвшөөрөл авахын өмнө, сонгон шалгаруулалтын журмаар ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан этгээд уг зөвшөөрөл авсны дараа байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө боловсруулах”, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9.10-т “Ашигт малтмалын ашиглалт, баяжуулах, боловсруулах үйлдвэр, химийн үйлдвэрийн үйл ажиллагааны төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгож, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын нөхөн сэргээлтийн тусгай дансанд ашиглалтын үйл ажиллагаа дуусах хүртэл жил бүр тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийн төвлөрүүлнэ”, 39.3-т “Байгаль орчныг нөхөн сэргээх арга хэмжээг бүрэн биелүүлээгүй тохиолдолд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгөөр байгаль орчныг нөхөн сэргээх ажлыг мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх бөгөөд нэмж шаардагдах хөрөнгийг тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл маргах журмаар гаргуулна”, 39.4-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан үүргээ бүрэн биелүүлсэн бол энэ хуулийн 39.1.9-д заасан хөрөнгийг түүнд уурхайн хаалтын үе шатанд буцааж өгнө” гэжээ.

              Үүнээс үзэхэд тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа нэхэмжлэл гаргагч дээрх үүргийг /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, тухайн жилүүдийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө огт батлуулж байгаагүй/ биелүүлж байгаагүй нь хэрэгт авагдсан БОАЖЯ-аас ирүүлсэн лавлагаа мэдээллээр тогтоогдож нөхөн сэргээх баталгааг тус яамны тусгай дансанд байршуулаагүй нь нотлогддог. Энэ нь тус сангаас нөхөн сэргээх боломжгүй нь харагдаж байна.

              Мөн сум, дүүргийн Засаг дарга нөхөн сэргээлт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргана гэжээ. Налайх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч уг зөрчлийн хэрэгт хохирогчоор оролцож мэдүүлэг өгсөн байх ба тухайн хууль бус олборлолтын улмаас үүдсэн экологийн хохирлыг нөхөн төлүүлж, эвдэрсэн газрыг нөхөн сэргээлгэх хүсэлтэй байна гэжээ.

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар бүлгийн 35 дугаар зүйлд Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэлийн 35.1.3-т “аймаг, нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан бол 35.2-т Тусгай зөвшөөрөл дуусгавар болсноор тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, уурхайг хаах талаар энэ хуулийн 27, 28, 32 дугаар зүйл болон байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу хүлээх үүргээ чөлөөлөгдөхгүй. /Тус хуулийн 28 дугаар зүйлийг дээр дурдсан болно/

Эдгээр холбогдох хуулийн заалтуудыг үндэслэхэд тухайн аж ахуйн нэгж нь Байгаль орчныг нөхөн сэргээх дансанд нөхөн сэргээх баталгаа төлбөрийг огт байршуулалгүй хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулж байсан учраас улсаас тухайн газрыг нөхөн сэргээх үндэслэлгүй юм.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан үндэслэлээр зөрчлийн үр дагаврыг арилгах зорилгоор ариутгах, хоргүйжүүлэх, цэвэршүүлэх, засвар үйлчилгээ хийх, холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох, иргэний гүйлгээнээс буцаан татах, хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох, энэ талаар олон нийтэд зарлан мэдээлэх зэрэг арга хэмжээ авч болно” гэж зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээний талаар хуульчилснаас үзвэл энэ хэргийн тухайд хохирлыг нөхөн төлүүлэх, зөрчлийг арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг зогсоох арга хэмжээ авах боломжтой, харин хуульд заагаагүй зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээнд хамаарахгүй үйл ажиллагаа болох нөхөн сэргээлт хийхийг даалгасан нь буруу гэж үзжээ. Үүнд хариу тайлбар гаргах нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.4.1-т эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар гэж заасны дагуу эвдэрсэн газарт Зөрчлийн тухай хуулийн 3.7.1-д зааснаар хууль, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчлийн үр дагаврыг арилгах, учирч болзошгүй хохирол, хор уршгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна гэж заасан байна. Үүнээс үзэхэд, Зөрчлийн үр дагавар нь тухайн хууль бус олборлолтын улмаас газрын хэвлий их хэмжээгээр ухагдаж эвдэрсэн, байгалийн нөөц баялаг хомсдож, хөрс ургамлын бүрхэвч гэмтэж хорогдсон, хөрсний усыг зохих зөвшөөрөлгүй ашиглаж улсад болон байгаль орчин түүний баялагт их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон тул эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачилгаар зөрчлийн үр дагаврыг арилгах албан даалгавар өгсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлд зааснаар “эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1.11-т “зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авах, зардлыг нөхөн төлүүлэх” гэж заасан байна.

Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.8, 3.9-д БОАЖ-ын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн А/156 дугаар тушаалын хавсралтаар Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлалыг баталсан байх ба хууль бус олборлолтын үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хохирлын нийт хэмжээг дараах томьёогоор тодорхойлно: Ххб=Q*P+ЗНС (1.16)” гэснээс үзвэл хохирлын хэмжээнд нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг хамааруулан тооцох учиртай байна, мөн тушаалын 3 дах заалтад “Энэ аргачлалын дагуу байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох ажлыг БОАЖ-ын сайдын томилсон мэргэжлийн баг болон Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу эрх авсан мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж холбогдох зардлыг нэхэмжлэлд тусган гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж байхыг сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай” гэж зааснаас үзвэл улсын байцаагч шинжээчийн дүгнэлтэд үндэслэж зах зээлийн ханшаар нөхөн төлбөрийг өөрөө тооцож тогтоох үндэслэл байхгүй, мэргэжлийн баг, эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлэх ёстой байжээ гэж үзлээ. Тодруулбал, улсын байцаагч нөхөн төлбөр, хохирлын хэмжээг тодорхойлсон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ, 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж тус тус заасантай нийцэхгүй байх тул дээр дурдсан журмын дагуу хохирлын хэмжээг үндэслэл бүхий тогтоосны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байна гэжээ. Үүнд хариу тайлбар гаргах нь:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд 1-т “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараах нөхцөл байдлыг тогтоосон байна” Үүний 1.5-д Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, 1.4-д Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална гэж заасан байдаг.

Улсын ерөнхий Прокурорын 2021 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн А/94 тоот “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журам”-ыг шинэчлэн баталсан байдаг. Уг тушаалын хавсралтын 3.1-т Зөрчлийн тухай хуульд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдээс учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулахаар заасан бол зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг энэхүү журамд заасны дагуу тогтоох арга хэмжээг авна. 3.4-т Эрх бүхий байгууллага, албан тушаалтан зөрчлийн улмаас хохирсон хүн, хуулийн этгээд, түүний хууль ёсны төлөөлөгч, төрийн байгууллагаас нэхэмжлэл, хохирол нөхөн төлүүлэх хүсэлт, учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцохтой холбоотой нотлох баримт, баримт бичгийг гаргуулан авах, учирсан хохирлын үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон холбогдох бусад хуульд заасны дагуу үнэлгээ, шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулах болон хуульд заасан бусад ажиллагааг хийж гүйцэтгэнэ. 3.6.-д Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадлагаа гаргаж болох бөгөөд Зөрчлийн тухай хууль, бусад хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актаар зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тогтоох талаар тусгайлан зохицуулсан, өөрийн эрхэлж буй албан тушаалын хувьд хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд гаргасан акт, дүгнэлт нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн эрх бүхий албан тушаалтан өөрөө бие даан шинжилгээ хийж, магадалгаа гаргаж болно гэж заасан магадлагааны нэгэн адил хүчинтэйд тооцогдоно гэж заасан байна. Тус зөрчлийн хэрэгт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан эрх бүхий албан тушаалтан нь Монголын Уул уурхайн үндэсний ассоциациад бүртгэлтэй, харьяалагддаг уул уурхайн хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн юм.

Мөн Шүүх шинжилгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд Шинжилгээ хийх этгээд нь 8.1-т “Шинжилгээг шинжилгээний байгууллагаар, эсхүл шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдээр хийлгэнэ”, 8.2-т “Шинжилгээ хийх эрх бүхий бусад этгээдэд дараах этгээд хамаарна”, 8.2.1-т “тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй тусгай мэдлэг бүхий хүн”, 8.2.3-т “төрийн байгууллагад ажиллаж байгаа тусгай мэдлэг бүхий хүн”, 8.2.4-т “мэргэжлийн байгууллага” Тайлбар: Энэ хуулийн 8.2.4-т заасан “мэргэжлийн байгууллага” гэж тухайн хэрэг, маргаанд хамааралгүй салбар яам, агентлаг, тусгай чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл эрх бүхий байгууллагаас мэргэжлийн байгууллагын эрх авсан хуулийн этгээдийг ойлгоно.

Тухайн зөрчлийн хэрэгт оролцсон шинжилгээний байгууллага нь Барилга, хот байгуулалтын яамнаас эрх олгосон тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллага юм. Мэргэжлийн байгууллагын хэмжилт хийж гаргасан олборлосон ашигт малтмалын эзэлхүүний хэмжээг /шинжилгээг/ үндэслэж тусгай мэргэжил бүхий эрх бүхий албан тушаалтан өөрийн мэдлэгийн хүрээнд Барилгын хөгжлийн төвөөс жил бүр гаргадаг барилгын түүхий эдийн зах зээлийн үнэлгээнээс бусад нэмүү өртгүүдийг хасаж бохироор тооцож хохирлын үнэлгээг гаргасан байна.

Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч буюу эрх бүхий албан тушаалтан хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд болон салбарын мэргэжилтний хувиар хууль бусаар олборлосон түгээмэл тархацтай ашигт малтмалын хэмжээгээр хохирол, нөхөн төлбөрийг тооцож гаргасан нь үндэслэл бүхий гэж үзэж байна” гэв.

ХЯНАВАЛ: 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийг буруу хэрэглэж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

          2. Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А-аас “М” ХХК нь тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож буй үйл ажиллагааг хуулийн дагуу шалгаж, 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 00463** дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.12 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг тус тус баримтлан “М” ХХК-ийг тусгай зөвшөөрөлгүй элсний олборлолт хийсэн гэх зөрчилд “М” ХХК-ийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 311.775.000 /гурван зуун арван нэгэн сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол гаргуулах, мөн өдрийн “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгавраар “...түгээмэл тархацтай ашигт малтмалын зохих тусгай зөвшөөрөлгүй элсний олборлолт, шигшилт, ангилан ялгалт хийсэн, худаг, шүүрлийн усыг зохих зөвшөөрөлгүй ашигласан нөхwөл байдал тогтоогдож байх тул хууль бус олборлолтын үйл ажиллагааг зогсоож, олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээх, техникийн нөхөн сэргээлт хийсэн талбайд биологийн нөхөн сэргээлт хийж хүрээлэн буй орчны тэнцвэрт байдлыг хангах арга хэмжээг авч, зөрчлийн үр дагаврыг арилгахыг “М” ХХК-д даалгаж” шийдвэрлэсэн байна.

          3. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газраас 2008 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 13882А дугаартай “М” ХХК-д Улаанбаатар хот, Налайх дүүрэг, Зуунмод гэх газарт 33 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч улсын бүртгэлийн 90110260** дугаар гэрчилгээтэй, 30 жилийн хугацаатай тусгай зөвшөөрлийг олгожээ. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаар 001 дэс дугаартай “Тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөр төлснийг тэмдэглэв. Хугацаа 2021.07.17-2022.07.17 хүртэл” гэж тэмдэглэн Нийслэлийн Байгаль орчны газрын дарга М.Нямбаяр гарын үсэг зурж, тэмдэг даржээ.

          4. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Аймаг, нийслэлийн Засаг дарга нь энэ хуулийн 21.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигч уг зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөлийг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 20.1.5-д заасан хугацаагаар сунгаж, энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэж, өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан.

          5. Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дугаартай захирамжаар “..Байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй..” гэх үндэслэлээр “М” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 03/3075 дугаартай албан бичгээр “М” ХХК-ийн MV-00138** тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээсэн Нийслэлийн Засаг даргын захирамж гараагүй байна” гэх албан бичгийг Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлжээ.

            6. Эдгээр баримтаас үзвэл нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн 14 дэх жилийн төлбөрийг төлснийг тэмдэглэсэн тул 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хүчинтэй сунгасан, тусгай зөвшөөрлийг сэргээсэн гэж ойлгож байсан” гэх тайлбар үндэслэлгүй байх бөгөөд эрх бүхий албан тушаалтан хуульд заасны дагуу тусгай зөвшөөрлийг сэргээгээгүй, сунгаагүй байх бөгөөд Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан “тусгай зөвшөөрөлгүй хүн, хуулийн этгээд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” зөрчлийг гаргасан болох нь тогтоогдсон байна.

7. Мөн хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.3-т “ашигт малтмалын орд ашигласан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж зааснаар зөрчил гаргасан хуулийн этгээдийг 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, 311.775.000 /гурван зуун арван нэгэн сая долоон зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн улсын байцаагчийн акт үндэслэлтэй гэж үзэв.  

         8. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлд заасны дагуу Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны” тогтоолоор  хууль бусаар элсний олборлолт ачилт хийсэн талбайд геодезийн хяналтын хэмжилт хийж, олборлосон элсний хэмжээг гаргах, дүгнэлт гаргуулахаар тусгай зөвшөөрөлтэй, эрх бүхий “П” ХХК-ийн шинжээч, ерөнхий инженер Д.Т-ийг оролцуулахаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцжээ.

          9. Улмаар “...2018 оноос хойш талбайгаас олборлосон нийт элсний хэмжээ 62.355 м.куб...” болохыг тогтоосон шинжээчийн холбогдох дэлгэрэнгүй тайлан, тайлбар бичгийг ирүүлсний дагуу хариуцагч улсын байцаагч Ш.А Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2010 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу хохирлын нийт хэмжээг тооцон 311.775.000 төгрөг /нөхөн сэргээлтийн зардал тооцоогүй/ гаргуулахаар маргаан бүхий актаар тогтоосон нь үндэслэлтэй байхад анхан шатны шүүх “хохирлын хэмжээнд нөхөн сэргээлт хийх ажлын зардлыг хамааруулан тооцох учиртай, ... нөхөн төлбөрийг өөрөө тооцож тогтоох үндэслэл байхгүй, мэргэжлийн баг, эрх бүхий этгээдээр гүйцэтгүүлэх ёстой байсан” хэмээх дүгнэлт хийж 00463** дүгээр шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гарах хүртэл 58 хоногийн хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн, хэргийн бодит нөхцөл байдалд хамааралгүй дүгнэлт хийснээр хуулийн шаардлага хангаагүй байна.

          10Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 1-д “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй”, 57.3-т “Гэм буруутай этгээд энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хохирлыг нөхөн төлсөн нь түүнд зохих хууль тогтоомжийн дагуу Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг анхан шатны шүүх анхаараагүй, буруу тайлбарлаж хэрэглэжээ.  

          11. Өөрөөр хэлбэл “М” ХХК нь тусгай зөвшөөрөл цуцлагдсан шийдвэр гарснаас хойш Зөрчлийн тухай хуульд заасны дагуу “тусгай зөвшөөрөлгүй түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийсэн, түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон, эсхүл борлуулсан” зөрчил гаргасан болох нь тогтоогдсон, эрх бүхий албан тушаалтан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн “хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн”-ийг шүүхээс хууль бус хэмээн үзэж, дахин шинэ акт гаргуулахаар шийдвэрлэх үндэслэлгүй юм.            

           12. Нэхэмжлэгч “М” ХХК нь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бус олборлолт хийсэн нь тогтоогдож байх тул олборлолт хийж эвдрэлд орсон газрыг нөхөн сэргээхийг даалгах үндэслэлтэй бөгөөд энэ нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д “Байгалийн баялгийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байгаль орчны тэнцлийг хангах зорилгоор дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ”, 1/ховордсон амьтан, ургамлын ашиглалтыг хязгаарлах, тэдгээрийг үржүүлэх, нутагшуулах, тэжээлээр хангах зэргээр нөөцийг нь нэмэгдүүлэх, 2/байгалийн баялаг ашигласан газар, орчныг засаж сайжруулах, тохижуулах зэргээр байгалийн баялгийг нөхөн сэргээх үүрэг нь “М” ХХК-д хамаарна.

          13. Гэтэл анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 2-т “Иргэн, аж ахуйн нэгж байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас байгаль орчны алдагдсан тэнцлийг болон байгалийн баялгийг нөхөн сэргээх ... гарсан зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр сум, дүүргийн Засаг дарга шүүхэд нэхэмжлэл гаргана.” гэж заасныг үндэслэлгүй тайлбарлан “Зөрчлийн үр дагавар арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтны даалгаврын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-д заасантай нийцээгүй байна. 

          14. Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00463** дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэл, ЗХБ-5* дугаартай албан даалгавар нь Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон үндэслэлтэй байх бөгөөд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, мөн шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 0494 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 570 дугаар магадлал Зөрчлийн хэрэгт авагдсан бөгөөд тус шүүхээс дүгнэлт өгөөгүй болно.

          Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, гомдол гаргагч “М” ХХК-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2023/0804 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1, 2, 3  дахь заалтыг “Зөрчлийн тухай хуулийн 7.12 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1/, 2/, 57 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А-д холбогдуулан гаргасан “Нийслэлийн Байгаль орчны газрын Хяналтын хэлтсийн Геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч Ш.А-ийн 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 00463** дугаартай шийтгэлийн хуудас, ЗХБ-5* дугаартай албан даалгаврыг тус тус хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 4 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж тус тус өөрчилж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангасугай.    

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3- заасныг тус тус баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                     ШҮҮГЧ                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

 

                                     ШҮҮГЧ                                           О.ОЮУНГЭРЭЛ

 

                                 ШҮҮГЧ                                            Ц.САЙХАНТУЯА