Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/231

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.МөнхзулаасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000224 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Дорнод аймгийн Матад суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхэд, дүү нарын хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 1 дүгээр баг “*******” гэх газар оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* . /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын Шүр захын авто зогсоолоос насанд хүрээгүй буюу 17 настай  суулгаж Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 21-05 тоотод хүргэж өгөх явцдаа Самсунг загварын гар утсыг нь хууль бусаар булаан авч бусдад 510,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд: 

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, нэмж ярих зүйл байхгүй...” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогч*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчим Шүр захын машины зогсоол дээрээс гэртээ хүргүүлэх гээд такси үйлчилгээнд явж байсан саарал өнгийн жижиг машинд суусан. Ээж надад жолоочид өгөөрэй гээд 2500 төгрөг өгсөн бөгөөд гэрийнхээ гадаа ирээд мөнгөө жолоочид өгсөн чинь жолооч ах наадах мөнгө чинь хүрэхгүй гэхээр нь би өөрт байсан 1000 төгрөгийг нэмж өгөхөд ална шүү, утсаа өг гэж хэлээд миний гар утсыг булааж аваад намайг машинаас буу гэж загнаад буулгасан. ...Утсаа буцааж авсан. Гэхдээ миний утсанд байсан мэдээллийг устгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16/

​Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хүү маань хөгжлийн бэрхшээлтэй болохоор хүүтэйгээ гадуур явж байгаад Шүр зах дээрээс хүүгээ таксинд суулгаж өгөөд 10 орчим минутын дараа утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд ойр ойрхон залгаад байсан боловч болохгүй байхаар нь орой 20 цаг 40 минутын орчим хүү дээрээ очиход уйлчихсан ганцаараа байсан. Юу болсон талаар асуухад хүргэж ирсэн машины жолооч утсыг нь авсан гэж хэлсэн. ...Манай хүүгийн гар утсыг булаасан залуу машинд утсаа үлдээсэн байсан гэж яриад байгаа юм. Хүү маань утсаа биеэсээ огт салгадаггүй. ...Утсаа буцааж авсан боловч доторх мэдээллийг нь устгасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

 

​Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 12-ны үдийн өмнө ... уулзаад Гурванзагал суманд барилгын ажил байна явах уу гэхэд зөвшөөрсөн. Тэгээд би надад холбоо барих утас байхгүй байна гэхэд машиныхаа нарны хаалтан дээрээс шар өнгийн гадартай гар утас гаргаж ирээд энэ утсыг түр барьж бай, харин хаячихваа гэж хэлээд өгсөн. ...аас салаад 16 цагийн үед үйлчилгээний урд алхаад явж байхад намайг дуудаж утсаа авъя гэхээр нь өгчихөөд гэртээ харьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 06-07/

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 08-09/

- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 39 тоот дүгнэлт /хх-ийн 36-37/

- Вендо ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 41-48/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 57-60/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/

- Шүүгдэгч *******ын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******адхолбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 10-ны орой 18 цагийн орчим өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн ******* ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй такси үйлчилгээнд явж байхдаа Дорнод аймгийн Хэрлэн сумын Шүр захын авто зогсоолоос насанд хүрээгүй буюу 17 настай******* суулгаж Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын 21-05 тоотод хүргэж өгөх явцдаа Самсунг загварын гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ынмөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон насанд хүрээгүй хохирогч , хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зураг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлболон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдыг эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******ад хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин  явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч******* эд хөрөнгөнд хохирол учирсан бөгөөд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь “Гар утсаа буцааж авсан. Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

​ ​1. Шүүгдэгч ******* овогт *******  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

​​2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

​  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

​​4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

​​5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэнзүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйболохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлдзааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.​

 

​​8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Г.НАМУУНТУЯА