Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/227

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дашням

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Авгачууд овогт Бямбын Саруул, Авгачууд овогт Бямбын Уранбаатар нарт холбогдох эрүүгийн 2221000000220 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авчхялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 

1. Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Баруун шорвог” гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Авгачууд овогт Бямбын Саруул. /РД: ЖЭ84032014/

 

2. Монгол Улсын иргэн, 1978 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Цагаан-Овоо суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл З, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Дэнжийн 3-18 тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Баянгол дүүргийн шүүхийн 1997 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 814 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 241 дүгээр зүйлдзааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Авгачууд овогт Бямбын Уранбаатар. /РД: ЖЭ78091017/

 

Холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Б.Саруул нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын З дугаар багийн нутаг “Баруун шорвог” гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед хохирогч Б.Уранбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоолны төмөр халбагаар толгойн тус газарт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан.

Шүүгдэгч Б.Уранбаатар нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Баруун шорвог” гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 18 цагийн үед хохирогч Б.Саруултай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Саруул шүүхийн хэлэлцүүлэгт: “...Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв, нэмж ярих зүйл байхгүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 

Шүүгдэгч Б.Уранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мал хөнгөлөх үеээр дүү Саруул ирээд уурлаад яваад байсан.Тэгэхээр нь би төлийн үед өөрөө ирэхгүй байж юундаа уурлаад байгаа юм бэ гээд маргалдаад ийм асуудал болсон. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв. 

Шүүгдэгч Б.Саруулын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...Би Дорнод аймаг Баянтүмэн сумын 3 дугаар баг “Баруун шорвог” гэх газарт төрсөн ах Б.Уранбаатарын эхнэр хүүхдийн хамт манай гэрт ах дүү нарын нийлсэн 1000 гаран малыг харан амьдардаг. 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хонь, ямаагаа имнэж байхад нь би Б.Уранбаатар ахад хандан манайх жилдээ хонь ямаанаас 50-60 төл авдаг байсан. Энэ жил 30 гаран төл яагаад авч байгаа юм бэ гэж хэлчхээд гэртээ 18 цагийн орчимд орсон. Миний араас төрсөн том ах Б.Уранбаатар орж ирээд чи үхсэндээ уурлаад байгаа юм бэ, би чиний малыг идчихээ юу гээд миний нүүр лүү гараараа хэд, хэдэн удаа цохисон. Гэрт Уранбаатар ахын эхнэр Алтанзул байсан ба бид хоёрыг салгаагүй. Тэгээд Уранбаатар ах намайг боож унагаагаад миний дээрээс цохиж байхад манай нагац ах Өлзий гаднаас орж ирээд бид хоёрыг салгасан. Би газраас босоод бид хоёр маргалдаж байсан чинь Уранбаатар миний толгой руу гартаа барьж явсан малын чих имнэдэг бахиар 2-3 удаа цохихоор нь би усны савны хажууд байсан хоолны шанагаар толгой руу нь цохисон чинь толгой нь хагарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/

Шүүгдэгч Б.Уранбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр ах, дүү, хамаатан садангаараа малын хөнгө буюу бага малын засааг авч байсан. Тухайн өдрийн 17 цагийн орчимд байх миний төрсөн дүү Б.Саруул манай гэрт туслах малчин хийж байсан 2 залууг муу тэнэг юмнууд, болдог өдрөө хөнгө хийлээ гэж уурлаад байсан. Тухайн үед ах дүү нарынхаа малыг им тэмдгээр нь ялгаж энэ жилийнхээ шинэ төлийг хүн тус бүрд өгсөн. Энэ үед хажууд зогсож байсан төрсөн дүү Б.Саруул нь гэнэт уурлаад пизда нар минь ингэж мал харахгүй гэж хэлээд гэр рүү орсон. Миний хувьд араас нь очиж том ахын хувиар чи өөрөө мал төллөх үеэр ирээгүй хэсээд яваад байсан, хэнд уураа гаргаад байгаа юм гэж хэлээд нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиход дүү Б.Саруул мөн өөдөөс барьцалдан зууралдсан бөгөөд энэ үед гэрт хоол хийж байсан миний эхнэр Б.Алтанзул сандраад гэрээс гарч удалгүй хамаатны ах Д.Өлзий-Оршихын хамтаар орж ирсэн. Тухайн үед гаднаас орж ирсэн Д.Өлзий-Орших ах дүү бид хоёрыг зууралдаж байхыг хараад голоор орж салгаад намайг хорьсон. Энэ үед дүү Б.Саруул гэрийн хоолны шүүгээн дээр байсан төмөр цагаан шанага аваад миний толгойн тус газарт цохиод толгой хагалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Гэрч Б.Алтанзулын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гаднаас манай хадам дүү Саруул уурлаад гэрт орж ирээд малаа тасалж авъя гээд үглээд сууж байсан чинь араас нь нөхөр Уранбаатар орж ирээд дүү Саруулд хандаж чи юундаа уурлаад байгаа юм бэ, чи өөрөө мал дээрээ ирээд байхгүй яасан юм, чамайг ир гэж зөндөө хэлээ биз дээ гээд хэрэлдэж байснаа гэнэт хоорондоо зодолдсон. Тэгээд би салгах гэсэн дийлэхгүй болохоор нь гарч Өлзий ахыг дуудан дагуулж орж ирээд салгасан.Өлзий ах Уранбаатарыг хориод зогсож байхад Саруул хоолны төмөр халбага аваад Уранбаатарын толгой хэсэг рүү 1 удаа цохихоор нь Өлзий ах Саруулыг "боль" гэж хориод гэрээс гаргасан чинь Саруул гадаа гараад “ах нараас айдаг цаг өнгөрсөн шүү, намайг амжихгүй шүү”гээд бахираад байхаар нь Уранбаатар уэнэ одоо юу гээд байгаа юм бэу гээд араас нь гараад явсан. Би араас нь гадаа гараагүй, юу болсныг мэдэхгүй байна ... Манай нөхөр Уранбаатарын толгой руу Саруул хоолны халбагаар 1 удаа цохисон. Тухайн үед цус гараад язарсан байсан. Өөр гэмтсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/

Гэрч Д.Өлзий-Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Баянтүмэн сумын 3-р баг “Баруун шорвог” гэх газарт Саруулын мал дээр өөрийн хэдэн малаа тавьсан. Тэгээд хургаа хөнгөлж дуусаад хашаан дотор хурга, ишгээ ялгаад байж байхад Уранбаатарын эхнэр над руу ирээд нөгөө 2 чинь зодолдоод байна гэхээр нь очиход бие биенээзаамдаад зогсож байхаар нь салгаад Уранбаатарыг хориод байж байхад араас Саруул Уранбаатарын толгой хэсэг рүү хоолны халбагаар 1 удаа цохисон. Толгой нь хагарсныг мэдээгүй. Би Саруулыг хориод хамт гараад зүүнгэр лүү ор гээд явуулаад хашаа руу орсон. Тэгээд удаагүй Саруул мотоцикл унаад хөдлөөд явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 356тоот дүгнэлтэд: 

1. Б.Саруулын биед зүүн гуянд хатгагдсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо болон ир үзүүр бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 48-49/

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 410 тоот дүгнэлтэд:

1.Б.Уранбаатарын биед зулайн баруун хэсэгт язарсан шархны сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн хуучин гэмтэл байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 52-53/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21, 23, 26/

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 20, 23, 26-27/

- Шүүгдэгч Б.Саруулын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 69-73/

- Шүүгдэгч Б.Уранбаатарын хувийн байдлын талаарх баримтууд /хх-ийн 60-68/

- Шүүгдэгч Б.Саруулын мэдүүлэг /хх-ийн 72-73/

- Шүүгдэгч Б.Уранбаатарын  мэдүүлэг /хх-ийн 87-88/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76, 80/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 83-84/

- Шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нарын Дорнод аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 90, 91/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нар нь “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрсдийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тэднийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Б.Саруул нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Баруун шорвог” гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим Б.Уранбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоолны төмөр халбагаар толгойн тус газарт нь 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Уранбаатар нь Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн нутаг “Баруун шорвог” гэх газарт 2022 оны 05 дугаар сарын 05-ны орой 18 цагийн орчим Б.Саруултай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгийг нотолсон гэрч Б.Алтанзул, Д.Өлзий-Орших нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 356, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 410 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Саруулын эрүүл мэндэд шүүгдэгч Б.Уранбаатарын үйлдлийн улмаас хөнгөн хохирол, хохирогч Б.Уранбаатарын эрүүл мэндэд шүүгдэгч Б.Саруулын үйлдлийн улмаас хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 356, 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 410 тоот дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.  

Шүүгдэгч Б.Саруул нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, шүүгдэгч Б.Уранбаатарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нарыг тус бүр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан шүүхээс Авгачууд овогт Бямбын Саруул, Авгачууд овогт Бямбын Уранбаатар нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. ​

Шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нар хэн алинаасаа хохирол нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.   

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хоолны төмөр шанага, хутгыг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг тогтоолд дурдах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Авгачууд овогт Бямбын Саруул, Авгачууд овогт Бямбын Уранбаатар      нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бямбын Саруул, Бямбын Уранбаатар нарыг тус бүр дөрвөн зуун тавиннэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нар нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хоолны төмөр шанага 1 ширхэг, хутга 1 ширхэгийг устгахыг Дорнод аймаг дахь шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Саруул, Б.Уранбаатар нартавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА