Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/230

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Ч.Мөнхзул

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Ч.МөнхзулаасЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000257 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авчхялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн  сумын 1 дүгээр баг гэх газарт оршин суух, гавьяа шагнал, ял шийтгэлгүй, ******* овогт ******* *******. /РД: *******/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг гэх газарт гэртээ эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар зодож доод уруулын дотор салстын язарсан шарх, 21, 31-р шүдний сулрал, зүүн шанаа, доод уруул, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу,нурууны баруун хажуу хэсэг, зүүн чихний дэлбэн, доод эрүүнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:“...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

​Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би *******тай 2020 онд танилцаад 2021 оны 07 дугаар сараас нэг гэрт орж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Миний хувьд  сумын 2-р баг хариуцсан малын эмч бөгөөд 2022 оны 06 дугаар сарын 17-ноос 18-ны өдрүүдэд аймгийн мал эмнэлгийн газарт сургалттай байсан юм. Ингээд сургалтаа дуусгаад 2022 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирэхэд манай нөхөр намайг удлаа, тэндээ үлдэхгүй яасан юм бэ гээд хэрүүл хийгээд байсан. Би өөдөөс нь хэрүүл хийхгүй яриаг нь сонсоод байж байхад ******* намайг элдвээр харааж  байгаад хайчилж байсан хонины ноосоо над руу шидсэн. Тэгээд намайг боож газар унагаад нуруу хэсэгт 2 удаа өшиглөсөн. Мөн алгадаад хамраас цус гаргаад миний уруул хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тухайн асуудлаас болж миний доод талын 4 шүд хөдөлсөн, эрүү хэсэгт зулгарсан, уруулын дотор хэсэгт язарч, 2 гарын тохой жаахан хөхөрсөн. ...Энэ үед манай хадам аав хараад сууж байсан бөгөөд та нар ганц хоёр удаа зодуулахад яадаг юм, ямар хятад шаазан биш гэж хэлж байсан. Тэгээд би хувцсаа аваад хүүгээ дагуулаад зам дагаад алхаж байхад ******* араас ирээд намайг газар унагаад эрүү, толгой хэсэгт нилээн олон удаа өшиглөж, намайг үсдээд мотоциклийнхоо ард суулгаад гэр рүү аваад явсан. ...өмнө нь 2022 оны 01 дүгээр сард намайг мөн зодож байсан. Тухайн үед эмнэлэг болон цагдаад хандаж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/

Шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Манай эхнэр аймагт сургалтанд суугаад 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой гэртээ ирсэн бөгөөд энэ үед би гэртээ 2 хүүхэд, аав , ээж, нарын хамтаар байж байсан. Манай эхнэр нь гэрийн ажилд  муу бөгөөд гэртээ олигтой юм хийдэггүй юм. Би энэ байдлыг нь хэлээд түүнтэй маргасан бөгөөд уурлаад түүний толгойн тус газарт миний санаж байгаагаар 3 удаа өшиглөсөн. Тэгтэл тэр хүүгээ дагуулаад гэрээс гараад явахаар нь би хойноос нь мотоциклтой очоод түүнийг газарт унагаад 2-3 удаа толгойн тус газар нь өшиглөж зодоод гэртээ дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

 

Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 447тоот дүгнэлтэд:

1. ******* биед доод уруулын дотор салстын язарсан шарх, 21, 31-р шүдний сулрал, зүүн шанаа, доод уруул, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, нурууны баруун хажуу хэсэг, зүүн чихний дэлбэн, доод эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 

3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 26-27/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 16/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 18/

- Гэрч мэдүүлэг /хх-ийн 24/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 37-40/

- Хохирогч ******* Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45/

- Шүүгдэгч Б.*******ы Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 46/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч Б.******* нь бүрэн дунд боловсролтой бөгөөд “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.******* холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 06 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим Дорнод аймгийн сумын 1 дүгээр баг гэх газарт гэртээ эхнэр ******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргаж улмаар зодож доод уруулын дотор салстын язарсан шарх, 21, 31-р шүдний сулрал, зүүн шанаа, доод уруул, зүүн тохойнд зөөлөн эдийн няцрал, баруун сарвуу, нурууны баруун хажуу хэсэг, зүүн чихний дэлбэн, доод эрүүнд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.*******ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Т., гэрч ,  нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Дорнод аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 447  тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч Б.******* торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эсзөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ ​       Г.НАМУУНТУЯА