| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 183/2018/01071/И |
| Дугаар | 183/ШШ2018/01202 |
| Огноо | 2018-05-15 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 183/ШШ2018/01202
| 2018 оны 05 сарын 15 өдөр | Дугаар 183/ШШ2018/01202 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Цагдаа хотхон, 13-6-114 тоотод оршин суух Боржигин овогт Алтанбилэгийн Баасанхүүгийн /РД:ХЛ81011613/ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, Яармагийн дэнж өөрийн байранд байрлах Б ТӨААТҮГ-т холбогдох
Ажилгүй байсан 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс ийн 183/ШШ2018/00074 тоот шийдвэр гарсан өдрөөс Буянт ухаа спортын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацааны цалин 1.393.462 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн ит төлөөлөгч М.Одбаяр, хариуц ит төлөөлөгч Н.Баатаргэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч А.Б би Буянт ухаа спортын ордонд 2015 онд ажилд орж 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр захиарлын Б17/45 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүүхэд ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоолгох, ажиллаагүй байсан хугацааны цалин гаргуулах, мөн хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Хариуцагчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б18/15 тоот захирлын тушаалаар Буян-Ухаа спортын ордны техникийн албаны сантехникч албан тушаалд эгүүлэн томилсон. Миний бие байгууллагын захиргаанд хандан анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилд авсан тушаал хоёрын хооронд ажиллаагүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын талаар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүсэлт өгсөн боловч хариу өгч шийдвэрлээгүй байна. Иймд Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гарсан өдрөөс Буянт ухаа спортын ордны захирлын ажилд томилсон 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл ажиллаагүй байсан хугацааны цалин, хөлс 1.393.462 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэхээр шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Буянт-Ухаа спортын ордны захирлын Б17/45 тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд уг тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргаж, 2018 оны 01 сарын 08-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хариуцагч сайн дураараа шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч албан байгууллагадаа очиж шүүхийн шийдвэр биелүүлэх, ажилдаа эргэж орох тухай уулзсан. Хариуцагч байгууллага манайх давж заалдах гомдол гаргана гээд ажилд нь аваагүй. Хариуцагч 2018 оны 03 сарын 14-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн авсан гэсэн тайлбар гаргасан байна. Хариуцагч үүргээ биелүүлээгүй. Шүүхийн шийдвэр нь заавал биелэгдэх акт тул 2018 оны 01 сарын 08-ны өдрөөс 2018 оны 03-р сарын 14-ний өдрийн хооронд ажиллаагүй байсан хугацааны цалин хөлс 1.393.462 төгрөг гаргуулж мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч Б ТӨААТҮГ-ын захирал Л.Энхбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00074 дүгээр шийдвэр гарсан өдрөөс Б ТӨААТҮГ-ын захирлын ажилд томилсон тушаал гарсан 2018 оны 03 дугаар арын 14-ний өдрийг хүртэл ажиллаагүй байсан хугацааны тэнцэх хэмжээний цалин, хөлс 1.393.462 төгрөг, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэл гаргасан. А.Бгийн нэхэмжлэлээр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2018/00074 дүгээр шийдвэр гарсан. Манай байгууллага уг шийдвэрийг 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гардан авсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдөр Б/18/15 тоот захирлын тушаалаар А.Бг ажилд эгүүлэн томилсон бөгөөд дээрх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баатаргэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. А.Б нь 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний хооронд ажилдаа эргэж орох хүсэлтийг гаргаагүй. Захирлыг халагдахаар ажилдаа орно гэж хэлээд АТГ-т шалгуулсан. Хариуцагч 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй бөгөөд өөрөө ажилдаа ирэхгүйгээр өнөөдрийг хүрсэн юм гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Б нь хариуцагч Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч талаас нэхэмжлэгч А.Б ажилдаа орох хүсэлт гаргаагүй талаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй байна.
Тус шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 183/ШШ2018/00074 дүгээр шийдвэрээр нэхэмжлэгч А.Бг Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-ын техникийн албаны сантехникийн ажилд эгүүлэн тогтоож, урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж шийдвэрлэсэн, Б ТӨААТҮГ-ын захирлын 2018 оны 03 дугаар арын 14-ний өдрийн Б/18/15 дугаар ажил албан тушаалд эгүүлэн томилох тухай тушаалаар А.Бг техникийн албаны сантехникийн ажилд эгүүлэн томилж, ажиллаагүй байсан хугацааны цалин, нэмэгдэл олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн бичилт хийхийг тус байгууллагын Ерөнхий нягтлан бодогчид даалгасан байна.
Нэхэмжлэгч А.Б нь тус байгууллагад эцэг удаан хугацаагаар өвдөж, олон удаа хагалгаа болон эмчилгээ хийлгэж, асрах шаардлагатай талаар өргөдөл гаргасан ба хариуцагч түүний өргөдлийг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаагаар чөлөө олгосон байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан.
Шүүхийн шийдвэрийг хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй бөгөөд түүний ажил, албан тушаал хэвээр байхад түүнд цалин, хөлсийг олгоогүй байх тул нэхэмжлэгч А.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзнэ.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалинг тооцохдоо А.Бгийн нийгмийн даатгалын 1109408 дугаар дэвтрийн бичилт болон Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргийг үндэслэн Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 а-д зааснаар тооцож, нэг сарын дундаж цалин 674.363+651.068+679.963=1.985.388:3=661.796 төгрөг байх тул түүний ажилгүй байсан хугацаа буюу 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 47 хоногийн цалин нийт 1.413.807 төгрөг боловч нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 1.393.462 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан тул хариуцагч Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-т нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэв.
Уг нэхэмжлэл хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 37.245 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.2.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б ТӨААТҮГ-аас нэхэмжлэгчийн урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1.393.462 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Бд олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Б ТӨААТҮГ-т даалгасугай.
3.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Буянт-Ухаа спортын ордон ТӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид 37.245 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ