Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 27

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  Т.Бөд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

       Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

            Прокурор                                                                                Б.Мээпам

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                                                       Г.Энхбаяр

            Шүүгдэгч                                                                               Т.Б

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч                                   Д.Л

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч          Ц.Бат-Эрдэнэ

            Нарийн бичгийн дарга                                              Б.Мөнх-Өлзий нарыг оролцуулан

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, Т.Бөд холбогдох 1812004120274 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Архангай аймгийн хэсгийн ардын шүүхийн 1985 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 42 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хорих ялаар, Дундговь аймгийн 3 дугаар хэсгийн ардын шүүхийн 1987 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 3/12 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн Б-д зааснаар 1 жил 10 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн, улсаас авсан гавъяа шагналгүй, Х овогт Тын Б

 

Т.Б нь 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн ертөнцийн зүгээр баруун талын автозамын уулзварт 87-94 АРА улсын дугаартай, Ниссан санни маркийн автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.9-т заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Мустанг-5 маркийн улсын дугааргүй мотоциклийн жолооч Б.Б-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Архангай аймгийн Прокурорын газраас Т.Бөд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор: “Шүүгдэгч Х овогт Тын Бийг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөөс 7.439.966 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаандавааны 7-12 тоотод оршин суух хаягтай Д.Л /РД:АЗ88120703/-д олгож түүний нэхэмжлэлээс 6.363.835 /зургаан сая гурван зуун жаран гурван мянга найман зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөөс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх 7.439.966 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөгийн хохирлыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шүүхээс оногдуулсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасны дагуу ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөд хяналт тавьж ажиллахыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоногггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож шийдвэрлэжээ.”

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Лийн гаргасан давж заалдах гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хохирогч Болд-Эрдэнэ зам тээврийн ослын улмаас байнгын хэвтрийн байдалтай бүсэлхийнээс доош мэдээгүй байнгын катетертай, Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэж сард 1 удаа Улаанбаатар Архангай хоёрын хооронд явсаар байтал 14 004 801 төгрөг нэхэмжилсээр байтал 6 363 835 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хохирол төлбөрийг бүрэн гаргуулж өгнө үү. Шүүх хуралд оролцох болно.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ:“Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мээпам би шүүгдэгч Т.Бөд холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд прокуророор оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Т.Бөөс 7 439 966 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүгдэгчид оногдуулсан ял хариуцлагын талаар гомдол гаргаагүй, харин хохирол төлбөрт нэхэмжилсэн дүнг буруу, дутуу тооцож шийдвэрлэсэн гэж үзэж давж заалдах гомдол гаргасан. Анхан шатны шүүх баримтаар тогтоогдсон зардлуудыг гаргуулж шийдвэрлээд цаашид гарах зардлыг баримтаа бүрдүүлсний эцэст жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоол хуульд нийцсэн үндэслэл бүхий гарсан. Хохирлыг баримтаар тооцсон байсан. Баримтаар тогтоогдсон хохирол төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Анхан шатны шүүх хохирол төлбөртэй холбоотой 61 хуудас нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тухайн баримтуудаас 54 хуудас баримт нь дандаа эмчилгээний зардалтай холбоотой баримт байгаа. Миний бие үйлчлүүлэгчдээ гаргах ёстой зардлуудыг гаргаж шийдвэрлэдэг талаар тайлбарлаж өгсөн, тэгэхдээ баримтуудаа нэг бүрчлэн тооцож үзсэн. Бидний тооцоолсноор хасагдлаа гэхэд 6 363 835 төгрөг хасагдахааргүй байсан. Хуульч бид нар гэмт хэргийн хор уршгийг нарийвчилж тооцож үзэх ёстой. Хохирогч Болд-Эрдэнэ нь ослын улмаас бөгсөн бие нь мэдээгүй болчихсон, хүний асаргаанд байгаа. Барилга дээр ажлаа хийж байхад нь хөдөөнөөс төрлийнх нь хүн орж ирээд гуйхаар нь туслах гээд эмнэлэг рүү явж байсан хүн. Барилгын ажлаа хийж байхдаа нийгмийн даатгал, татвар төлж байсан баримт байхгүй болохоор цалин, мөнгөө нэхэмжилж чадахгүй байгаа, хэрвээ баримт нь байсан бол цалин, мөнгөө нэхэмжлэх байсан. Тийм учраас давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон үнийн дүнг дахин судлаад гаргах ёстой. Боломжтой зардлуудыг нь гаргаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

 

Нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Т.Б нь авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм  буруутай болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Т.Бийн авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна.

 

Харин хохирогчийг тухайн үед 3 дугаар шатлалын эмнэлэгт хүргэх, буцах зорилгоор Улаанбаатар хот руу тээвэрлэсний зардал 480.000 төгрөг хэрэгт авагдсан тодорхойлолтоор тогтоогдож байх тул тээврийн зардал 480.000 төгрөгийг хохиролд нэмж гаргах нь зүйтэй байна.  

 

Иймээс Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.5-т заасныг тус тус удирдлага болгон

 

                                                          ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 75 дугаартай шийтгэх тогтоолын 4 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөөс 7.439.966 /долоон сая дөрвөн зуун гучин есөн мянга есөн зуун жаран зургаа/ төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаандавааны 7-12 тоотод оршин суух хаягтай Д.Л /РД:АЗ88120703/-д олгож түүний нэхэмжлэлээс 6.363.835 /зургаан сая гурван зуун жаран гурван мянга найман зуун гучин тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэснийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бөөс 7.919.966 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1-р баг, Цагаандавааны 7-12 тоотод оршин суух хаягтай Д.Л /РД:АЗ88120703/-д олгож түүний нэхэмжлэлээс 5.883.835 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэж,   5 дах заалтын 7.439.966 гэснийг 7.919.966 гэж, мөн заалтын 6.363.835 гэснийг 5.883.835 гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т тус тус зааснаар гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

 

                             ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

 

                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ