Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 123/ШШ2021/0011

 

 

 

 

 

2021 оны 04 сарын 14 өдөр                 Дугаар                                              Зуунмод сум

                                            123/ШШ2021/0011

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Зоригтбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТПГ,

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д-д холбогдох,

Гуравдагч этгээд: Ж.М

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Д 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий прокурорын дүгнэлтээр гаргасан нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ТП газрын ахлах прокурор М.Х, хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч С.Д, гуравдагч этгээд Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ТПрокурорын газрын хяналтын прокуророос шүүхэд ирүүлсэн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Төв аймгийн татварын хэлтсийн бичил татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч С.Д нь 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр иргэн С.Даас ирүүлсэн “А” дэлгүүр нь и-баримт олгосон боловч татварын системд илгээгдээгүй, бүртгэж болохгүй байна” гэсэн гомдол мэдээллийг хүлээн авч хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 0312999 дугаартай шийтгэлийн хуудсаар Ж.М Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний буюу 80 785 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан зөрчлийн Т-21004 дугаартай материалыг 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хяналаа. Эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч С.Д нь иргэн С.Даас ирүүлсэн “Амуу” хүнсний дэлгүүр нь 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн и-баримт өгсөн боловч тэр баримт нь шивэгдэхгүй алдаа заагаад байна гэсэн гомдлын дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Татварын улсын байцаагч С.Д нь татвар төлөгч Ж.М Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д зааснаар торгох шийтгэл оногдуулахдаа 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хийсэн худалдан авалтын өмнөх сар буюу 2021 оны 01 сарын борлуулалтын орлого болох 4 039 235 төгрөгийн 2 хувь буюу 80 785 төгрөгийн торгууль оногдуулжээ. Гомдол гаргагч С.Дын “А” хүнсний дэлгүүрээс 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдан авалт хийхэд 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн И-баримт өгсөн. Дээрх баримтыг бүртгэхэд алдаа зааж байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг, сугалааны NB72160314 дугаартай10 500 төгрөгийн худалдан авалт хийсэн баримт зэрэг нотлох баримтаар холбогдогч Ж.М нь иргэн С.Дт төлбөрийн баримт олгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Харин Ж.М төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-д зааснаар 150 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 150 000 төгрөгөөр тогтох шийтгэл оногдуулахаар тусгайлан зохицуулсан байдаг. Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”  гэсэн хууль ёсны зарчим, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зөв тайлбарлан тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулах нь зүйтэй. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив” гэв.

Хариуцагч Төв аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Тын “эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 14 тоот дүгнэлтийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Прокурор “...төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системд илгээх үүргээ биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад зааснаар 150 000 төгрөгөөр торгох ёстой байтал хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтаар өмнөх сарын орлогын 2 хувь буюу 80 758 төгрөгөөр торгож ... зөрчилд тохирсон хариуцлага оногдуулаагүй” гэх үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичжээ. Иргэн С.Д нь 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр “А” дэлгүүрээс 10 500 төгрөгийн бараа материалын худалдан авалт хийсэн. Энэхүү худалдан авалтад нь дэлгүүрийн худалдагч Ж.М 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн огноо дугаар бүхий дахин давтагдашгүй төлбөрийн баримт өгсөн. Улмаар тухайн төлбөрийн баримтыг С.Д И-баримт системд уншуулахад аж ахуй нэгж илгээгээгүй буюу бүртгэгдээгүй” гэх тул энэ талаар татварын албанд гомдол гаргасан. Татварын алба гомдол мэдээллийг хүлээн авч, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад дараах үйл баримт тогтоогдсон. 1. Цаг хугацааны хувьд иргэн С.Д 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдан авалт хийсэн байхад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цаг 26 минутад хэвлэгдсэн төлбөрийн баримтыг олгосон. 2. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цаг 26 минутад хэвлэгдсэн төлбөрийн баримтыг худалдагч тухайн худалдан авалт хийсэн этгээдэд олгох ёстой байсан боловч олгоогүй, улмаар иргэнд баримт олгогдоогүй (өгөөгүй) учир тухайн худалдан авалтыг хийгдээгүйд тооцож, хүчингүйд тооцсон сонголт хийж баталгаажуулсан (цуцалсан). 3. Дэлгүүрийн худалдагч иргэн С.Дийн 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдан авалт хийсэн үйлдэлд баримт олгохгүйгээр дээрх дурдсан системд илгээхээс татгалзаж цуцалсан буюу хүчингүй болсон баримтаа (цаас болсон) олгосон. Дээрх нөхцөл байдал нь баримтаар тогтоогдсон учраас Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтыг үндэслэн өмнөх сарын борлуулалтын орлогын үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөг буюу 80 785 төгрөгийн шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэсэн боловч худалдан авалт хийсэн иргэн аваагүй тохиолдолд баталгаажуулалт хийхгүйгээр цуцлах төлөвийг сонгож, цуцалснаар тухайн худалдан авалт хийгдээгүй буюу тухайн дэлгүүр орлого олоогүй мэт нөхцөл байдлыг системд үүсгэж байгаа энэ тохиолдолд хэвлэгдсэн дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт зүгээр цаас болон хувирч байгаа бөгөөд цуцлагдсан буюу хүчингүй болгосон баримтыг өөр иргэнд олгосноор түүнийг дахин системд илгээх, баталгаажих боломжгүй юм. Ингэснээр тухайн дэлгүүр бодитоор 2 удаагийн худалдан борлуулалт хийгдэж, орлого олсон атлаа баримтыг хэвлэж олгоогүй (1 үйлдэл), баталгаажуулахгүйгээр устгаж, тэрхүү хүчингүй болгосон баримтыг дахин өөр худалдан авалтад олгож (2 үйлдэл) байгаа үйлдлээрээ дээрх хоёр тохиолдлын орлогыг 2-ланг нь татвар ногдох орлогоос бууруулж байгаа үйл баримт нөхцөлийн ялгаа заагийг прокурор анхаарч үзээгүй. Нөгөөтээгүүр “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системд илгээх үүргээ биелүүлээгүй” гэх зөрчил нь тухайн иргэнд худалдан авалт тухай бүр төлбөрийн баримт олгогдсон тохиолдолд “илгээх үүрэг”-ээ биелүүлээгүйтэй холбоотой хариуцлагын зохицуулалт юм. Харин огт төлбөрийн баримт олгоогүй, хүчингүй болгосон баримтыг “системд илгээх үүргээ биелүүлээгүй” гэх асуудал энд яригдахгүй. Дээрх үйлдэл нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-д “Бараа, ажил үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтаар зүйлчилж, хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Тын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд “А” хүнсний дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэгч Ж.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” дэлгүүрийн худалдагч Ж.М би 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний худалдан авсан барааны баримтаар 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн үнийн дүн таарч байсан 10 500 төгрөгийн үнийн дүнтэй баримт байхаар нь өгсөн. 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн баримтыг өгөөгүй нь үнэн. Иймд татварын байцаагчийн торгосон үндэслэлийг зөвшөөрч байна. Прокурорын гаргасан дүгнэлтийг зөвшөөрөхгүй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгчээс Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох”  гэж  прокурорын дүгнэлтийн шаардлагаа тодорхойлжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэлээ.

Маргааны үйл баримтад холбогдуулан үзвэл, зөрчлийн хэрэгт авагдсан баримтаар гомдол гаргагч Сэр-Одын Даас авсан мэдүүлэгт “Би А хүнсний дэлгүүрээс хувийн хэрэгцээндээ хүнсний зүйлийг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр худалдан авсан. Тухайн үед надад 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн баримт өгсөн байсныг гэртээ ирээд мэдсэн. Тухайн дэлгүүрт Пос машин байдаг. Худалдаа хийхэд баримтыг тухай бүр тогтмол хэвлэж өгдөггүй, авъя гэж хэлбэл дуртай дургүй өөр барааны код уншуулж байж бөөн үнийн дүнгээр баримт хаяа гаргаж өгдөг. Ер нь л тогтмол баримт өгөх дургүй байдаг. Үүнээс өмнөх худалдан авалтад баримт нь дөрвөн оронтой тоо үсэг холилдсон баримт гаргаж өгч байсан. Тэр үед би шинэ дэлгүүр юм байна үйл ажиллагаа нь жигдрээгүй юм байх гээд өнгөрөөгөөд байсан. Тэгээд энэ баримт орохгүй удаа дараа ийм зөрчил гараад байхаар нь гомдол гаргасан” гэжээ.[1]

Зөрчилд холбогдогч Жын Маас авсан мэдүүлэгт “...Манайх баримт нэхсэн хүн болгонд хэвлэж өгдөг. Худалдаа хийсэн хүн бүрд үнэндээ тогтмол өгч чаддаггүй нь үнэн. Тухайн тэр хүний баримт авсан өдөр хүн ихтэй би маш их зав муутай байсан. Уг нь хэвлэж өгсөн гэхдээ баримтаа илгээж чадаагүй байж байгаад устгасан байх. Заримдаа би машинаа сайн ажиллуулж чадахгүйгээс буруу юм дээр нь дардаг байх. Сайн мэдэхгүй байна. Би баримт хэвлэж өгөөгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.[2]

Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл эс үйлдэхүйг илрүүлсэн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01 дугаартай тэмдэглэлд Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт 8 нэрийн хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрийг ажиллуулдаг Зуунмод сумын 1-р баг, Номт багийн 10-р байр 22 тоот хаягт байрлах Том тайж овогт Жын М нь Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн гэх үйлдлийг 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ирсэн гомдлын дагуу шалгаж, Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 16 цаг 10 минутад илрүүлсэн талаар тусгажээ.[3]

Төв аймгийн Зуунмод сумын 1-р багт 8 нэрийн хүнсний худалдааны үйл ажиллагаа явуулдаг “А” дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг Жын М нь Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэх үүргээ биелүүлээгүй болох нь гомдол гаргагчийн олгосон баримт нь системд бүртгэлгүй, татварын системд илгээгдээгүй устгагдсан төлөвтэй байгаа нь татварын оффис программын баримтын жагсаалт, гэрчийн мэдүүлэг, үйл ажиллагаа эрхлэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй гэх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байна гэх үзлэг хийсэн тэмдэглэл үйлджээ.[4]

Дээрх нөхцөл байдлын дагуу Төв аймгийн татвар төлөгчтэй харилцах тасгийн татварын улсын байцаагч С.Д нь 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 0312999 дугаар шийтгэлийн хуудсаар “А” дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг Жын Мд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх хэсэгт “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь” гэж заасны дагуу шийтгэл оногдуулжээ.[5]

Хариуцагч нь “...Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.5-д “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж, мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар 17.3.2-д “бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно”, 17.5-д “албан татвар суутган төлөгч төлбөрийн баримт олгохоос татгалзах, хуурамч буюу хийгдсэн төлбөр тооцооноос өөр дүнтэй төлбөрийн баримт олгохыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтаар зүйлчилж хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна гэж, харин нэхэмжлэгч нь “...Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээ тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлах, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, зөв тайлбарлан тухайн зүйл хэсэгт заасан төрөл хэмжээний дотор зөрчлийн холбогдогчид шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж тус тус маргаж байна.[6]

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд зөрчилд холбогдогч 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 11 цаг 26 минутад хэвлэгдсэн NB72160314 дугаартай Татварын нэгдсэн системд баталгаажаагүй и-баримтыг 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гомдол гаргагч Сэр-Одын Дд олгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зөрчилд холбогдогчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Мөн зөрчилд холбогдогч Ж.М дээрх и-баримтыг Татварын нэгдсэн системд баталгаажуулаагүй нь уг баримтыг Татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэж үзэх нөхцөл байдал бий болсон буюу зөрчлийн хэргийн хувьд Л.Дт баримтыг өгсөн боловч тус баримт нь хүчингүй байсан гэсэн гомдолд холбогдох асуудлын хүрээнд авч үзэхэд төлбөрийн баримтыг Татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй гэсэн зөрчилд хамаарахаар байна.

Харин хариуцагчийн тайлбарт холбогдох үндэслэл буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр тухайн худалдан авалтад баримт хэвлээгүй, 2021 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр худалдан авалтад хэвлээд хүчингүй болсон баримт өгсөн гэснээс үзвэл зөрчил гаргагч нь нэг зөрчлийн үйлдэл бус 2 тусдаа зөрчлийн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байх тул шүүхээс энэхүү зөрчлийн үйл баримтад холбогдох асуудлыг зөрчлийн хэрэг шалгах шалтгаан болсон гомдол гаргагчийн гомдолд холбогдох үйлдлийн хүрээнд дүгнэх нь зүйтэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх;” гэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.19 дүгээр зүйлийн 2.2.7 дахь хэсэгт “төлбөрийн баримтыг татварын нэгдсэн системийн санд илгээх үүргээ биелүүлээгүй хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан тул Татварын хэлтэст “олгосон баримт нь татварын системд илгээгдээгүй” гэх иргэн С.Дын гаргасан гомдлын хүрээнд “Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.Дгийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсаар шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох” шаардлага бүхий прокурорын дүгнэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 0312999 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-41.4 дэх хэсэгт зааснаар гомдол гаргагчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

        3. Шүүхийн энэхүү шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

            ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.ЗОРИГТБААТАР.

 

 

 

 

[1] 1 дүгээр хавтас 13-15-р хуудас.

[2] 1 дүгээр хавтас 8-9-р хуудас.

[3] 1 дүгээр хавтас 5-р хуудас.

[4] 1 дүгээр хавтас 6-р хуудас.

[5] 1 дүгээр хавтас 16-р хуудас.

[6] 1 дүгээр хавтас 1-2, 41-42-р хуудас.