Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 00605

 

С.Дэлгэрмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00081 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн хариуцагч Б.Тамирт холбогдуулан гаргасан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, түүний өмгөөлөгч Г.Батбаяр,

хариуцагчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2004 онд Б.Тамиртай танилцан, 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Мишээлт төрсөн. Одоо 2 настай эрүүл бойжиж байна. Гэтэл нөхрийн хууран мэхлэлт, архидан согтууралт, дарамттай байдлын улмаас маргалдах болж, улмаар 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс салж, хүү бид хоёрыг хаяж явсан. Тэр үеэс хойш хүү Т.Мишээлт нь миний асрамжид өсч торниж байна. Энэ хугацаанд Б.Тамир хүүхдээ асран хамгаалсан зүйлгүй, тэтгэмж өгдөггүй, санаа тавьдаггүй, хүүтэйгээ утсаар ярьж асуудаггүй байсан. Мөн өөр хүнтэй болсон. Миний бие хүүгээ бодож эргэж гэртээ ирээч гэж нөхрийгөө олон удаа гуйсан ч үл тоомсорлосон. Эвлэрлийн журмаар шийдүүлэх гэхэд эвлэрэхгүй гэсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Т.Мишээлтийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэмж гаргуулж, бидний дундын үл хөдлөх хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 57 дугаар байр, 23 тоот орон сууцыг хүү бид хоёрын өмчлөлд үлдээж, 57-55 УНК улсын дугаартай автомашиныг хариуцагчийн өмчлөлд үлдээж, уг 2 эд хөрөнгийн нийт үнэ болох 81 000 000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж, гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийг 27 000 000 төгрөгөөр тооцож, үүнээс орон сууцны банкны зээлийн үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийн тал хувь болох 11 000 000 төгрөгийг хариуцагч өөрийн оногдох 27 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 16 000 000 төгрөгийг хариуцагчид төлнө. Хүү Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрнээс өөрийн нэр дээр шилжүүлэх шаардлагаа татан авч байна гэжээ.

 

Хариуцагч Б.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид гэр бүл болоод 5 жил болж байна. Энэ хугацаанд эхнэр С.Дэлгэрмаа нь байнга намайг загнаж дарамталж, хэл амаар доромжилсоор өдий хүрсэн. Миний бие "Сөүл" ХХК-д менежер хийдэг бөгөөд үндсэн ажлаасаа гадна өглөө 05:00 цагт босч "Зургаан хошуу ХХК-д гахай эвдэн давхар ажил хийдэг байсан. Ажлаа тараад ядраад гэртээ ирэх бүрт байнга хэрүүл хийдэг байсан. Үүнээс нь болж С.Дэлгэрмаатай хамт амьдрахад хэцүү байдаг байсан ч би хүүгээ бодоод түүний аашийг тэсч тэвчсээр ирсэн. 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаа тараад гэртээ ирэхэд уурлаж загнаж, цохиж, миний хувцасыг гаргаж, намайг гэрээс хөөсөн. Тухайн үед яагаад ингээд уурлаад байгаа юм бэгэхэд намайг сонсохгүй, орилж хашгирч гэрээс хөөсөн учраас өнөөдрийг хүртэл бид тусдаа амьдарч байна. Миний хувьд гэр бүлийнхээ төлөө байнга санаа тавьж ажилласаар ирсэн бөгөөд эхнэр, хүүхдээ юугаар ч дутаалгүй харж хандан, тусдаа амьдарснаас хойш ч хүү дээрээ очиж байсан. Бид тусдаа амьдарч байх хугацаанд С.Дэлгэрмаа над руу болон эцэг эх рүү маань байнга хэрүүл маргаан хийж утсаар ярьдаг байсан бөгөөд уурандаа өөрийнхөө амийг хорлох оролдлого хүртэл хийж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст бүртгүүлж байсан. Дээрх үйлдлийнхээ дараа С.Дэлгэрмаа гэрээсээ явж би хүүгээ өөрөө харж хандаж байсан. Тэгээд нэг өдөр ирээд би хүүгээ санаад хэцүү байна гэхээр нь би хүүгээ С.Дэлгэрмаатай хамт үлдээсэн. Тусдаа амьдарч байх хугацаандаа С.Дэлгэрмаатай таарч тохирохгүй юм байна гэдгээ ойлгосон. Тиймээс гэрлэлт цуцлуулах болон хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Гэр бүлийн гишүүний хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн хувьд Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 57 дугаар байр, 23 тоотын орон сууцыг нэмэмжлэгч болон хүүгийн өмчлөлд үлдээж, 57-55 УНК улсын дугаартай автомашиныг өөрийн эзэмшилд үлдээж, уг 2 эд хөрөнгийн нийт үнэ болох 81 000 000 төгрөгийг гэр бүлийн 3 гишүүнд хувааж, гэр бүлийн нэг гишүүнд оногдох эд хөрөнгийг 27 000 000 төгрөгөөс тооцон, үүнээс орон сууцны банкны зээлийн үлдэгдэл төлбөр 22 000 000 төгрөгийн тал хувь болох 11 000 000 төгрөгийг надад оногдох 27 000 000 төгрөгөөс хасаж, үлдэх 16 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Торгууд овогт Сундуйжавын Дэлгэрмаа, Тайжууд овогт Бямбаагийн Тамир нарын гэрлэлтийг цуцалж,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Т.Мишээлтийг эх С.Дэлгэрмаагийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн хүү Т.Мишээлтийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/, насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг cap болгон эцэг Б.Тамираас гаргуулан олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан улсын бүртгэлийн Y-2205024714 дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, Энхтайвны өргөн чөлөө, 57 дугаар байр, 23 тоот орон сууцыг нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн өмчлөлд, 57-55 УНК улсын дугаартай, "Тоёото Гранд марк-2" маркийн автомашиныг хариуцагч Б.Тамирын өмчлөлд тус тус үлдээж, нэхэмжлэгч С.Дэлгэрмаагаас 16 000 000 төгрөг гаргуулан хариуцагч Б.Тамирт олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч "хүүхэд Т.Мишээлийн мөнгөн хадгаламжийн дэвтэрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх" шаардлагаа татан авсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дyraap зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3 дахь хэсгийг баримтлан дахин шинжээч томилох тухай хүсэлт гаргаж байна. Баянгол дүүргийн 2-р хороо 57-р байр 23 тоот 1 өрөөорон сууцны үнэлгээ хэт өндөр гарсан. "Итгэлт-Эстимэйт" ХХК нь 1 өрөө байрыг 76 000 000 төгрөг гэж үнэлсэн бөгөөд зах зээлийн үнэлгээнээс хэт зөрүүтэй, хөөсрүүлсэн үнэтэй байгаа тул дахин шүүхээс шинжээч томилж бодит үнэлгээг хийлгэх хүсэлтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээг гомдолд хавсаргав. 2017.01.24-ний байдлаар "Осмо", "Актив Зууч" ХХК. Дээрхшинжээчийн дүгнэлт нь ИХШХШТХ-ийн 46-р зүйлийг зөрчсөн байгааг харуулж байна. Тухайн маргаан бүхий байрыг 50 сая төгрөгөөр үнэлэн худалдан авсан байхад шүүх 76 000 000 төгрөг хэмээн нэмэгдүүлэн үнэлсэн. Маргаан бүхий байр Хаан банкныбарьцаанд байхад барьцаалагч этгээдийг гуравдагч этгээдээр татан оролцуулаагүй. Мөн тухайн байр зээлийн харилцаанд байхад нэхэмжлэгч дангаараа ирээдүйд төлөх төлбөрийг хариуцагчид олгуулахаар шийдвэрлэсэн нь буруу. Анхан шатны шүүхэд миний өмгөөлөгч С.Оюунцэцэг нь буруу зөвлөмж өгсөн учраас тухайн үед дүн шинжилгээ хийлгүйгээр "Итгэлт-Эстимэйт" ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрч шүүх хурлыг цааш үргэлжлүүлсэн нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол хохирох нөхцөл болсон. Энэ байдлаас хархад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58.3 дахь хэсгийг
баримтлан тэмдэгтийн хураамж дутуу төлсөн байхад шүүх хэргийг эцэслэн
шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих нэг үндэслэл болсон. Өөрөөр хэлбэл зохигч нар 4 шаардлагаар маргаж байсан. Мөн нэг шаардлагад хамаарах 76 000 000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө дээр маргаж байхад шүүх үнэлж дүгнэн тэмдэгтийн хураамж дутуу төлөгдсөн байгааг анхаарч үзээгүй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийг баримтлан нотлох баримтыг сэргээн үзэх хүсэлт гаргаж байна. Хариуцагч Б.Тамир нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь тодорхой байсан бөгөөд бичсэн мессэжүүдийг хэрэгт хавсаргасан. Гэвч шүүгч хэрэгсэхгүй болгож, нотлох баримтыг дутуу үнэлж Гэр бүлийн тухай хуулийн 10.3 дахь хэсэг зөрчигдсөн байгааг анхаарч үзээгүй. Гэр бүлээс гадуур харилцаатайг нотолсон баримтыг гомдолд хавсаргав.

Мөн хариуцагчийн ах болох Б.Сансар, эцэг н.Бямбаа нар намайг удаа дараа дарамталж, утасны мессэжээр болон гэрт маань ирж айлган сүрдүүлдэг байсныг мөн адил хэрэгт хавсаргасан боловч шүүгч огт үнэлж дүгнээгүй. Өмгөөлөгч маань энэ тухай нотлох баримтыг гаргуулаагүй. Анхан шатны шүүх хуралдаан болох явцад хариуцагч Б.Тамирын эцэг болох н.Бямбаа нь гэрт маань удаа дараа ирж агсам тавьж, хүү бид хоёрыг айлган сүрдүүлсэн нь Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст бүртгэгдсэн бөгөөд хариуцлага тооцсон байгаа. Б.Тамирын эцэг, эх нь намайг айлган сүрдүүлж, сэтгэл санааны хохирол учруулсан. Хаалгыг маань эвдэж, эд хөрөнгийн хохирол учруулсан. Энэ талаарх баримтыг гаргаж өгөх гэсэн боловч өмгөөлөгч гаргуулаагүй. Энэ нь хариуцагч этгээд төрөл садан ах дүүтэйгээ нийлэн хүүхэд бид хоёрыг хүчирхийлдэг, дарамталдаг байсныг нотлох байсан. Намайг хэл амаар доромжилж, олон нийтэд зарладаг байсан талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргах боломжоор шүүх хангаагүй.

Дээрх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний талаар өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа нь хариуцагч Б.Тамирт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, хүү Т.Мишээлтийн мөнгөн хадгаламжийн дэвтрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр дээр шилжүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх хуралдааны явцад уг хадгаламжийн дэвтрийг шилжүүлэх тухай шаардлагаа буцаан татаж, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа багасган өөрчлөх эрхтэй тул уг эрхийнхээ хүрээнд хүү Т.Мишээлтийн мөнгөн хадгаламжийн дэвтрийг Б.Тамирын нэрээс өөрийн нэр рүү шилжүүлэх тухай шаардлагаа дэмжихгүй, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн талаар тодорхой тайлбарласан байхад уг шаардлагыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэсэн нь буруу юм.

 

Нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагад байхгүй, шүүх хуралдаанаар шийдвэрлээгүй дээрх агуулгыг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт зааснаар баталсан нь мөн хуулийн 6 дах хэсэгт заасан мэтгэлцэх зарчим, 26 дугаар зүйлийн 26.2 дах хэсэгт заасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлох эрхийг зөрчсөнөөс гадна шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шийдвэрлэгдээгүй асуудлыг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт заасан нь тус хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дах хэсэгт нийцэхгүй.

 

Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн татгалзал баталсан агуулгатай тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар зохигчид харилцан тохиролцож гэрээ байгуулсан талаар шүүхэд мэдүүлсэн болох нь хэрэгт авагдсан талуудын тайлбар, шүүх хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч С.Дэлгэрмаа, хариуцагч Б.Тамир нар нь 2008 оны 01 дүгээр сарын 01-н өдөр гэр бүл болж, гэрлэлтээ 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр бүртгүүлсэн, тэдний дундаас 2014 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүү Т.Мишээлт төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн гэрчилгээ, 1107000963 тоот төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдсон, зохигчид энэ талаар маргаагүй.

 

Гэрлэгчдийн хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2 жил тусдаа амьдарч байгаа талаар зохигчид хэн аль нь тайлбарласан, хариуцагчийн зүгээс цаашид хамтран амьдрах боломжгүй талаар тайлбар өгсөн бөгөөд Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд үр дүн гараагүй тул уг ажиллагаа дуусгавар болсон, хариуцагч гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, мөн нэхэмжлэгч гэр бүлийн хүчирхийлэл байдаг талаар тайлбар өгсөн зэрэг нөхцөл байдлаас дүгнэхэд Гэр бүлийн тухай хуулийн 14.2 дахь хэсэгт заасан хугацаа өгч эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлага байсан гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй юм. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр шүүх гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 т нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангах боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хүү Т.Мишээлтийг эхС.Дэлгэрмаагийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 заасантай нийц.

 

ҿ , Б.Тамираар хуульд заасан хэмжээгээр 㿿 40 үгээр 40.1.1, 40.1.2 аь . Уг хуулийн 40 дүгээр зүйлээр хүүхдэд олгох тэтгэлгийн хэмжээг амьжиргааны түвшинтэй уялдуулан тогтоосон бөгөөд эцэг, эхийн цалин хөлс, орлоготой дүйцүүлэн тэтгэлгийг тогтоох хууль зүйн боломжгүй юм. Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т зааснаар тэтгэлгийн хэмжээг хуульд зааснаас өөрөөр тогтоох тохиолдолд эцэг, эх энэ талаар харилцан тохиролцож, гэрээ байгуулсан байх ёстой. Талууд энэ талаар тохиролцсон гэх баримт байхгүй байхад тэтгэлгийг хуульд зааснаас өөр байдлаар тогтоох эрх шүүхэд олгогдоогүй тул энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй болно.

 

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу шинжээчээр томилогдсон Итгэлт-Эстимэйт ХХК-ийн дүгнэлтэд гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 2 хороо, 2-р хороолол Энхтайваны өргөн чөлөө 57-р байр 23 тоот 1 өрөө орон сууц, Гранд марк 2 автомашин зэргийн зах зээлийн үнийг 81 052 300 төгрөгөөр тодорхойлжээ. Талууд уг үнэлгээний үнэн зөв эсэх талаар анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад маргаагүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах талаар харилцан тохиролцох эрхтэй бөгөөд зохигчид орон сууцыг шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнэлгээтэй дүйцүүлэн тооцож, тус бүрт ногдох хэсэг, эд хөрөнгөтэй холбоотой өр төлбөрийг суутган тохиролцож, талууд хэн аль нь гарын үсэг зуржээ. /хэргийн 131 дүгээр тал/ Иймд шүүх эвлэрлийн гэрээнд заасан уг хэмжээгээр эд хөрөнгийг хуваарилан шийдвэрийн тогтоох хэсэгт заасан нь хууль зөрчөөгүй болно.

 

Шүүх талуудад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан эрх, үүргийг нь тайлбарлаж /хэргийн 26 дугаар тал/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэтгэлцэх боломжоор хангасан байна. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдолдоо бичсэн эд хөрөнгийн үнэлгээний талаар дахин шинжээч томилуулах хүсэлт, эд хөрөнгийг хуваарлалтын талаар тохиролцоогүй гэх гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгчийн ... хариуцагч этгээд төрөл садан ах дүүтэйгээ нийлэн хүүхэд бид хоёрыг хүчирхийлдэг, дарамталдаг байсныг нотлох байсан. Намайг хэл амаар доромжилж, олон нийтэд зарладаг байсан талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргах боломжоор шүүх хангаагүй ... гэх гомдолд дурдаж буй үйл баримт анхан шатны шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн асуудалд шууд хамаарахгүй, хэргийн шийдэлд өөрөөр нөлөөлөх баримт гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгчийн гэр бүл цуцлуулах, хүүхдийг өөрийн асрамждаа авах, тэтгэлэг гаргуулах шаардлагыг хангасан байх тул уг гомдлоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгчийн аргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00081 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Дэлгэрмаагийн төлсөн 70 200 төгрөг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ