Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2024/0186

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

З.Сийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаар шийдвэрийг нэхэмжлэгч болон хариуцагч нарын давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч З.С

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч З.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.

 

Хэргийн индекс: 128/2023/0597/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.3, 41 дүгээр зүйлийн 41.2, 41.13, 84 дүгээр зүйлийн 84.1.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.8, 5 дугаар зүйлийн 5.2, 5.2.1, 6 дугаар зүйлийн 6.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3, 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч З.Сийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л. нарын 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-аар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги 67,368,202.96 төгрөгийн төлбөрийг 51,222,624.52 төгрөг болгон багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчээс дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “...

2.1. Татварын улсын байцаагч нар нь иргэн миний 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт, шалгалт хийж дээрх актыг гаргажээ. Татварын хяналт шалгалтаар нийт 431,958,213.38 төгрөгийн зөрчил илэрч, 2021 онд 193,032,280.38 төгрөгийн үйл ажиллагааны орлогыг хувь хүний орлогын албан татварт тайлагнаж татвар ногдуулаагүй, 2021 онд 238,925,933.00 төгрөгийн бараа, ажил үйлчилгээний орлогын нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд тусгаагүй, татвар төлөөгүй нь холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж 43,195,821,34 төгрөгийн нөхөн татвар, 17,278,328.54 төгрөгийн торгууль, 6,894,053.08 төгрөгийн алданги, нийт 67,368,202.96 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

2.2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаартай шийдвэрээр нөхөн ногдуулалтын актаар тогтоосон дүнг НӨАТ-аас 3,387,535.32 төгрөг нийт 16,145,578.44 төгрөгөөр бууруулж нийт дүнг 51,222,624.52 төгрөг болгон багасгаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх НӨАТ-ын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна. 5.2.1 “Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн”, 6.1. “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутгуулагчаар бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийг бүртгүүлсэн эсэхээс үл хамаарч 2020 оноос НӨАТ төлөгч болсон байна гэж дүгнэсэн.

2.3. Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн НӨАТ-ын тооцооллыг гаргахдаа 2021 онд татварын цахим системд шивсэн 238,925,933.00 төгрөг, ХАОАТ-ын тооцооллыг гаргахдаа дээрх 238,925,933.00 төгрөгөөс баримтаар нотлогдсон болон элэгдлийн зардлыг хассан 193,032,280.38 төгрөгөөр зөрчлийн дүнг гаргасан байдаг. Анхан шатны шүүхээс ХАОАТ-ын 193,032,280.38 төгрөгийн зөрчлөөс сэлбэг, даатгал, торгуулийн 81,803,322 төгрөгийн дүнг хасаж зөрчлийн дүнг 111,228,958.38 болгож бууруулсан. НӨАТ-ын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1. Хувь хүн, хуулийн этгээдийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлснээс хойших хугацаанд энэ хуулийн 7, 8, 11 дүгээр зүйлд заасны дагуу төлсөн доор дурдсан албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцно" 14.1.1. "Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн" гэж зохицуулсан.

2.4. Хариуцагч нар болон анхан шатны шүүх баримтаар нотлогдох зардал болон элэгдлийн зардлыг хасаж тооцож ХАОАТ-ын тооцооллыг гаргасан атлаа НӨАТ-ын зөрчлийн дүнг гаргахдаа 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулахтай холбоотой шууд гарсан сэлбэг, засвар, даатгал, түлш худалдан авсан зардлуудыг НӨАТ ногдуулах зардлаас хасаж тооцсонгүй. Миний бие 2020, 2021 онуудад "Таван толгой түлш” ХХК-тай гэрээ байгуулж нүүрс тээвэрлэлтийн үйлчилгээ эрхэлсэн. НӨАТ төлөгч болсон 2020 оноос хойш дээрх 2 оны худалдан авалтын татварыг НӨАТ-ын татварын тооцооллын дүнгээс хасуулах хүсэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэнгүй.

2.5. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар "хууль дээдлэх" нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим байх атал хариуцагч нар нь нэхэмжлэгчийг шүүхийн шийдвэрээр цагдан хоригдсон 62 хоног, оршин суугаа газраасаа гарахыг хориглосон 92 хоногийн хугацаанд татварын хяналт шалгалтыг томилолтгүйгээр хийж гүйцэтгэж, уг томилолтгүй хяналт шалгалтаа хууль ёсны мэтээр надад ойлгуулж, татвар төлөгчийн эрхээ хамгаалах бодит боломж олгоогүйд гомдолтой байна.

2.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 958 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нөхөн ногдуулалтын актаар тогтоосон НӨАТ-т ногдох тооцооллын төлбөрийн хэмжээг бууруулан шийдвэрлэж өгөхийг хичээнгүйлэн хүсэж байна” гэжээ.

3. Хариуцагч нараас дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

3.1. “... Нөхөн ногдуулалтын актын 2 дахь зөрчилд тооцсон 2021 оны 238,925,933.00 төгрөгийн орлогыг тооцоолохдоо системд шивсэн нийт орлогын дүнг бараа ажил үйлчилгээний үнэ, нэмэгдсэн өртгийн албан татвар гэж салж бодогдоогүй үнийн дүнгээс шууд 10 хувиар тооцохоор тогтоож нөхөн татвар ногдуулсан нь үндэслэлгүй байна гэж үзэн 37,262,888.51 төгрөгийн төлбөрийг 33,875,353.19 төгрөг болгож 3,387,535.32 төгрөгөөр багасгасан талаар: Иргэн Зовогтой С нь 2021 онд 238,925,933.00 төгрөгийн орлого олсон нь тухайн иргэний харилцах дансны хуулга болон татварын удирдлагын нэгдсэн системийн оффис и баримтад шивэгдсэн борлуулалтын падаанаар баталгаажсан байсан Татварын хяналт шалгалтын хугацаанд татвар төлөгч 2021 онд олсон 238,925,933.00 төгрөгийн орлогоо тайлагнаагүй байсан тул зөрчилд авч хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй байна.

3.2. “Таван  толгой түлш” ХХК-тай байгуулсан гэрээний төлбөрөөс нэхэмжлэгчийн Хаан банк дахь 5081004684 дугаартай харилцах дансны 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны орлого зарлагын дэлгэрэнгүй хуулгаар нийт 228 удаагийн зарлагын гүйлгээ хийж 81,803,322.00 төгрөгийг /52,185,440.00 сэлбэг+29,617,882.00 даатгал, торгууль, зогсоолын төлбөр, засварын хөлс/ төлсөн нь албан татвар ногдох орлогоос хасаж тооцох үндэслэлтэй гэж үзэн нэхэмжлэгчийн хүн амын орлогын албан татварт төлбөл зохих нөхөн татвар, торгууль, алдангийг 12,758,043.12 төгрөгөөр багасгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйл “Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох, 15.1. Үйл ажиллагааны орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө.

3.3. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйл. Албан татвар ногдуулах орлогоос хасагдах зардалд тавигдах шаардлага, 13.1. Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно, 13.1.1. Тухайн татварын тайлант хугацааг хамаарсан байх, 13.1.2. Албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх, 13.1.3. зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4. доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх: гэсэн хуулийн заалтыг хангаагүй тул татвар ногдох орлогоос хасах боломжгүй юм.

3.4. Мөн 16 дугаар зүйл. Албан татвар ногдох орлогоос хасагдахгүй зардал 16.1. Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: 16.1.3. гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад төлсөн төлбөр, хүү, торгууль, анз, гэсэн хуулийн заалтын дагуу нэхэмжлэгчийн хяналт шалгалтад хамрагдсан хугацааны торгуульд төлсөн төлбөрийг татвар ногдох орлогоос хасаж тооцох үндэслэлгүй байна.

3.5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0958 тоот шийдвэрээр 67,368,202.96 төгрөгийн төлбөрийг 16,145,578.44 төгрөгөөр бууруулж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:                                                         

1. Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

            2. Маргаан бүхий 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн НА-23230000035 дугаар нөхөн ногдуулалтын актаар З.Сийг хувь хүний орлогын албан татварыг ногдуулж төсөвт төлөөгүй, 238,925,933.00 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, татвар ногдуулж төлөөгүй зөрчил гаргасан гэж үзэж, 43,195,821.34 төгрөгийн нөхөн татвар, 17,278,328.54 төгрөгийн торгууль, 6,894,053.08 төгрөгийн алданги, нийт 67,368,202.96 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

            3. Анхан шатны шүүх хариуцагчийг удирдамжгүй хяналт шалгалт хийсэн гэж, мөн хувь хүний орлогын албан татвар ногдох орлогоос нэхэмжлэгчийн банкны дансны хуулгаар “даатгал, торгууль болон сэлбэг” гэж төлсөн зардлуудыг хасагдах зардалд тооцоогүй нь буруу гэж, харин нэмэгдсэн өртгийн албан татварын тухайд бараа, ажил үйлчилгээний үнэ болон татвар гэж салгаж тооцоогүй нь буруу гэж үзэж, холбогдох нөхөн татвар, торгууль, алданги нийт 16,145,578.44 төгрөгөөр багасгаж шийдвэрлэсэн.

            4. Хариуцагч давж заалдах гомдолдоо нэмэгдсэн өртгийн албан татварын зөрчлийн тухайд “... 238,925,933.0 төгрөгийн орлого олсон нь харилцах дансны хуулга, татварын удирдлагын нэгдсэн системийн оффис баримтад шивэгдсэн байдлаар тогтоогдсон тул тухайн дүнгээр зөрчилд авч хариуцлага ногдуулсан” гэжээ.

            4.1. Нэхэмжлэгч нь 238,925,933 төгрөгийн борлуулалтын орлогын мэдээллийг Татварын удирдлагын системд оруулахдаа нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй нь /бохир дүн, цэвэр дүн гэх хэсэгт аль алинд нь адил шивсэн/ орлого хэсэгт тухайн дүнгээр шивж, “нэмэгдсэн өртгийн албан татвар” хэсэгт татварын дүнг тэмдэглээгүй байдлаар тогтоогдож байхад анхан шатны шүүх нотлох баримт, системийн мэдээллийг буруу үнэлж, хариуцагчийг “татвартай дүнгээр хариуцлага ногдуулсан” гэж буруутгасан нь үндэслэлгүй байх тул энэ хэмжээгээр төлбөрийн хэмжээг бууруулсан шүүхийн шийдвэр үндэслэлгүй.

            5. Хариуцагч хувь хүний орлогын албан татварын тухайд гомдолдоо “... шүүх хувь хүний орлогоос хасах үндэслэлгүй, баримтаар нотлогдоогүй зардал болон торгуулийг хасаж төлбөрийг багасгасан нь Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15.1, 16.1.3-т заасанд нийцээгүй” гэсэн нь үндэслэлтэй байна.

            5.1. Анхан шатны шүүх хувь хүний орлогын албан татвар ногдуулахдаа хасагдах зардлыг хасаагүй гэж хариуцагчийг буруутгахдаа хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн зөвхөн дансны хуулгыг үндэслэн нийт 228 удаагийн зарлагын гүйлгээний дүнгээр “сэлбэг” гэж гүйлгээний утгад бичсэн 52,182,440.0 төгрөг, “даатгал торгуульд төлсөн зардал” гэж 29,617,882.00 төгрөгийг  хасагдах зардалд тооцсон нь нотлох баримтыг буруу үнэлсэн, өөрөөр хэлбэл дансны хуулга дангаараа тухайн татвар ногдох орлогыг олохтой хамааралтай гарсан зардал гэдгийг тогтоох үндэслэл болохгүй.  Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн дагуу ажил гүйлгээ тус бүрийн хэнд хэзээ, ямар зориулалтаар мөнгө шилжүүлсэнтэй холбоотой, нэхэмжлэх, бусад анхан шатны баримтыг бүрдүүлж,  холбогдох бүртгэл, тайланд тухай бүр тусгах үүрэгтэй бөгөөд эдгээр баримт бүртгэл байхгүй байхад анхан шатны шүүх зөвхөн дансны хуулгыг үнэлсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй, талаас нь үнэлнэ” гэснийг зөрчжээ.

5.2. Мөн энэ талаар зохицуулсан хэрэглэх ёстой Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1-д заасан шаардлагыг хангасан зардлыг хасаж, мөн хуулийн 13.2-т заасан зарчмыг баримталж, 14, 15, 16, 17 дугаар зүйлийг дагаж мөрдөнө” гэж,  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: ... 13.1.2.албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх; 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх; 13.1.4.доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн ... баримтаар баталгаажсан байх:” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Дараах зардлыг албан татвар ногдох орлогоос хасахгүй: ... 16.1.3.гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс бусдад төлсөн төлбөр, хүү, торгууль, анз;” гэж тус тус заасныг хэрэглээгүй байх тул хариуцагчийн энэ талаарх гомдлыг хангах  үндэслэлтэй байна.

6. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудал буюу анх олгосон болон акт гаргах үед хугацаа сунгасан томилолт хэрэгт авагдсан байхад тухайн 2 баримтын хоорондох хугацаанд томилолтыг сунгуулж байсан талаар баримтыг шаардаж, цуглуулаагүй атлаа томилолтгүй хяналт шалгалт хийсэн гэж хариуцагчийг буруутгасан нь нотлох баримтыг буруу үнэлсэнд хамаарах бөгөөд нэгэнт “хяналт шалгалт явуулах журам зөрчиж томилолтгүй хийсэн” гэж дүгнэсэнтэй холбоотой актыг бүхэлд нь дүгнэлгүй, хэсэгчлэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь логик уялдаагүй дүгнэлт болжээ. Үүнтэй холбоотой гаргасан нэхэмжлэгчийн “... томилолтгүй хяналт шалгалтаа хууль ёсны мэтээр ойлгуулж хийсэнд гомдолтой” гэснийг хангах үндэслэлгүй.

            7. Мөн нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд “… Нэмэгдсэн өртгийн албан татварын тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар … хувь хүний орлогын албан татвараас хариуцагч болон анхан шатны шүүх “хасагдах” зардлыг хассан атлаа нэмэгдсэн өртгийн албан татварыг тооцохдоо хасаж тооцсонгүй. Энэ талаар шүүх үндэслэлгүй дүгнэлт хийсэн”  гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

7.1. Учир нь нэмэгдсэн өртгийн албан татвар, хувь хүний орлогын албан татвар нь хоорондоо ялгаатай бөгөөд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “хасч тооцно” гэж заасан нь “хасагдах зардлыг хасах” ойлголт биш, төсөвт төлөх албан татвараас үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасах агуулгатай бөгөөд энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, бусад баримтуудаар бусдад төлсөн нь тогтоогдсон байх ёстой боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

8. Харин нэхэмжлэгч З.С нь дээрх байдлаар нэмэгдсэн өртгийн болон хувь хүний орлогын албан татварын тайлан гаргаж, татвар ногдуулж  төлөөгүй боловч 2021 онд Татварын удирдлагын нэгдсэн систем /tias.mn/-д энэхүү орлогоо өөрөө бүртгэснээс үзвэл татвараас зугатах, зайлсхийх санаатай үйлдэл гаргасан гэж үзэхээргүй, татварын хяналт шалгалтын үед олсон орлого, ажил гүйлгээний талаар үнэн тайлбар өгч, өөрт байгаа баримтаа гаргаж өгөх гэх мэтээр уг үйл ажиллагаанд шударгаар оролцсон, мөн Ковид цар тахлын үед тухайн үйл ажиллагааг явуулж орлого олсон байх тул 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэж заасныг хэрэглэж, нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан нөхөн татварыг хэвээр үлдээж, холбогдох торгууль 17,278,328.54 төгрөг, алданги 6,849,053.08 төгрөг, нийт 24,127,381,62 төгрөгийн төлбөрөөс чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2023/0958 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “1. Татварын ерөнхий хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 84 дүгээр зүйлийн 84.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2, 8 дугаар зүйлийн 8.1.2, 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 13-ний өдрийн НА-23230000035 дугаартай, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, “2. 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн Татварын алданги, торгуулийг чөлөөлөх тухай хуулийг баримтлан НА-23230000035 дугаартай, нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан торгууль 17,278,328.54 төгрөг, алданги 6,849,053.08 төгрөг, нийт 24,127,381,62 төгрөгийн төлбөрөөс З.Сийг чөлөөлсүгэй.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг тус тус хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч З.Сийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л. нар нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ШҮҮГЧ                                                    Г.МӨНХТУЛГА

                    ШҮҮГЧ                                        З.ГАНЗОРИГ

                  ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ