| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Нарангэрэл |
| Хэргийн индекс | 183/2018/01031/И |
| Дугаар | 183/ШШ2018/01068 |
| Огноо | 2018-05-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 183/ШШ2018/01068
| 2018 оны 05 сарын 03 өдөр | Дугаар 183/ШШ2018/01068 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал Таун 114-12 тоотод байрлах Г.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэлийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 02 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Ажнай корпорацийн байранд байрлах Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-ийн захирал А.Машмаад холбогдох шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал 4.379.505 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус компани Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02193 дугаар шийдвэр, Улсын Дээд Шүүхийн 2015.10.13-ны өдрийн 775 дугаар тогтоолоор Тэнгэрлэг эх орон ХХК-ийн Э ээс 79.627.380 төгрөгийг авахаар болсон. Хариуцагч сайн дураар шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байснаас 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэрийг албадан биелүүлэхээр шүүхэд хандсан. Үүний дагуу бид Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд нийт үнийн дүнгийн 5.5 хувийг төлөхөөр болсон. Ийнхүү бид шүүхийн шийдвэрийн дагуу Э ээс авах ёстой мөнгөнийхөө 5.5 хувь болох 4.379.505 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд суутгуулан зардалд төлсөн 160.000 төгрөгийн хамт 79.787.380/79.627.350+160.000 төгрөг авахын оронд 75.407.875./79.787.380-4.379.505 төгрөгийг Э ээс авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж заасан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйгээс үүдэлтэй гэм хорын хохирол болох шүүхийн шийдвэрийг албдан гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал, тэмдэгтийн хураамжид төлсөн 87.100 төгрөгийг нэмээд нийт 4.626.605 төгрөгийг тус компаниас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 102/ШШ2015/02193 дугаар шийдвэрээр Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-иас нийт 80.183.467 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Грейт-Эдитэд ХХК-д олгуулах шийдвэр гарсан. Давж заалдах болон хяналтын гомдлын хугацаа дуусаж, хариуцагч болох Э /Тэнгэрлэг эх орон ХХК/ нь шүүхийн шийдвэрээр тогтоосон мөнгийн сайн дураар төлөөгүй, биелүүлээгүй тул тус дүүргийн шүүхэд хандахад 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүгчийн 102/ШЗ2016/03720 дугаар бүхий албадан гүйцэтгэх захирамж гарсан. Үүний дагуу 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагда хандан албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж, 160.000 төгрөгийн төлбөр төлөх Шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааны зардал гаргуулах гэрээг төлбөр төлөгч Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-иас 80.183.467 төгрөгийг авч үнийн дүнгээс 5.5 хувь буюу 4.379.505 төгрөгийг шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах 11/2068 дугаар бүхий гэрээг тус тус байгуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дараа төлбөр төлөгчөөс нийт 79.787.380+160.000 төгрөг авах ёстой байснаас шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлөх ёстой мөнгөн дүнгээс хасуулаад 79.787.380-4.379.505 төгрөг авсан. Иймд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүйн улмаас шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалд төлсөн 4.379.505 төгрөгөөр хохирсон гэж улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнгээ нэмж, нийт 4.484.605 төгрөгийг гэм хорын хохиролд тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба болон төлбөр авагч Б.Бат-Эрдэнэ нарын хооронд сайн дурын үндсэн дээр байгуулсан гэрээгээр тохирсон үнэ 4.484.605 төгрөгийг бодит хохирол гэж үзэх хууль зүйн боломжгүй, мөн нэхэмжлэл нь ямар хуулийн аль зүйл, заалтын дагуу шаардлагыг гаргаж байгаа нь нэхэмжлэлээс тодорхой харагдахгүй байна. Өөрөөр хэлбэл шаардах эрхийн үндэслэл тодорхойгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Одгэрэл нь Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-д холбогдуулан шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал 4.379.505 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигч ажил гүйцэтгэх гэрээг байгуулж байсан эсэх талаар маргаагүй, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 102/ШШ2015/02193 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 227 зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Грейт-Эдитэд ХХК-ийн нэхэмжлэлтэй Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-д холбогдох 87.590.118 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 763 дугаар магадлалаар Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-иас 79.627.380 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Грейт-Эдитэд ХХК-д олгож, нэхэмжлэгчээс 7.962.738 гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгон өөрчлөлт оруулж, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн УДШ-ийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 775 дугаар тогтоолоор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 763 дугаар магадлалын удиртгал хэсэг болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад 3193 дугаар шийдвэр гэснийг 102/ШШ2015/02193 дугаар шийдвэр гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 102/ШШ2015/02193 дугаар шийдвэртэй, 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 763 дугаар магадлалтай, УДШ-ийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 775 дугаар тогтоолыг сайн дураар биелүүлээгүй тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 102/ШЗ2016/03720 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэж, төлбөр авагч Грейт-Эдитэд ХХК, шийдвэр гүйцэтгэгч Ш.Үүлэнсолонго нар 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гаргуулах 16/2069 дугаар гэрээ, мөн өдөр 16/2068 дугаар шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээг байгуулсан, уг гэрээний 2.1, 3.1 дэх хэсэгт Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах хэмжээг хууль болон журамд зааснаар 5.5 хувиар тооцон төлбөрийн үнийн дүнгээс гаргуулна, төлбөр авагч нь гэрээнд тохиролцсоноор төлбөрийн үнийн дүнгээс 5.5 хувиар тооцон Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр харилцан тохиролцсон.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 139 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний 672 дугаар тогтоолоор төлбөрийг бүрэн төлсөн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-ийн 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 129 дүгээр шүүхийн шийдвэрийн төлбөрийн тухай, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн болон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэлийн данснаас мөнгө шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн ХХБ-ны дансны хуулга, кассын орлогын 8 дугаар ордер, зохигчийн тайлбарууд зэрэг баримтаар нотлогдоно.
Нэхэмжлэгч Г.ХХК болон Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-ийн хооронд үүргийн харилцаа үүссэн, хариуцагч тал төлбөр төлөх үүргээ биелүүлээгүйгээс Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах гэрээний 2.1, 3.1 дэх заалтын дагуу төлбөрийн үнийн дүнгээс 5.5 хувиар тооцож, нэхэмжлэгч Г.ХХК-иас 4.379.505 төгрөгийг суутгасан байх тул нэхэмжлэгч Г.ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны урамшууллын зардал 4.397.505 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урамшуулал 4.379.505 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.100 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас 87.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
Зохигч шүүхийн шийдвэр гүйцэтгүүлэх ажиллагааны зардал 160.000 төгрөгийг төлсөн талаар тайлбарлаж, хавтаст хэргийн 31-р хуудсанд кассын орлогын 8 дугаар ордероор 160.000 төгрөгийг төлсөн баримт авагдсан ба нэхэмжлэгч тал уг мөнгийг нэхэмжилнэ гэсэн боловч шүүх хуралдааны явцад хариуцагчаас 160.000 төгрөгийг нэмэгдүүлэн нэхэмжлэхээс татгалзсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э /Тэнгэрлэг эх орон ХХК/-иас шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны урамшууллын зардал 4.379.505 /дөрвөн сая гурван зуун далан есөн мянга таван зуун тав/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87.100 төгрөгийг улсын төсвийн төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 87.100 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНГЭРЭЛ