Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/648

 

 

 

 

   2022          08          22                                    2022/ШЦТ/648

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Б.О- өөрөө өөрийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт Б.О-д холбогдуулж яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2205020231931 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.О-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.О- нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Бугат-116 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч Л.Д-ыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо “Харцад” караокед дуудлага мэдээллийн дагуу очиход нь түүнийг хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж баруун өвдөгнөөс нь хазсаны улмаас биед нь “баруун өвдөгт шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.О- шүүх хуралдаанд: “...Цагдаагийн алба хаагчийг хазсан нь үнэн. Манай найзын өгсөн мэдүүлэг нь худлаа байна” гэв.

Хохирогч Л.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр ... дэд ахлагч Г-, ахлах ахлагч Эрдэнэжаргал нарын хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Харцад” караокед өөрийгөө цагдаагийн ахмад гэх эрэгтэй манай эхнэрийг зодоод байна гэх дуудлага мэдээлэл ирээд очиж шалгахад “Харцад” караокены шалан дээр Б.О- гэх эмэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гараас нь цус гарсан бололтой хэвтсэн, хажууд нь түүний найз гэх Х.Нарангэрэл, мөн Оюунбаяр гэх эмэгтэй байсан. Тэгээд би очоод Нарангэрэлийн нөхөр Наранбаатараас юу болсон талаар асуухад Отгонтуяа гэх эмэгтэй дээр өөрийгөө цагдаа гэх Буяа гэх хүн ирсэн. Тэгээд тэд нар хоорондоо маргалдаад цагдаа дуудсан чинь гараад зугтаачихлаа гэж хэлсэн. Тэгээд нөгөө Отгонтуяа гэх эмэгтэйн гараас цус гарч байсан болохоор 103 дуудаж ирүүлэн гарыг нь үзүүлэх гэхэд үзүүлэхгүй, боолгохгүй гэж агсам согтуу тавьж байгаад эмчээр арай хийж гартаа боолт хийлгэсэн. Тэгээд 103-н эмч нар гэмтэл явж оёдол хийлгэх шаардлагатай биеэс холуур шарх байна гэж хэлээд явсан. Тэгээд нөгөө Отгонтуяа гэх эмэгтэй эмч явсны дараа тэнд байсан хүмүүсийг хэл амаар доромжилж, агсам согтуу тавиад гарныхаа боолтыг авч хаяад байсан. Тэгээд цагдаагийн дэд ахлагч Г-, ахлах ахлагч Эрдэнэжаргал хоёр уг эмэгтэйг барьж аваад тайвшруулах гэсэн боловч хэл амаар доромжилж агсам тавиад байхаар нь би гавлах гээд гаваа гаргаад нэг гарт нь гаваа хийсэн чинь нөгөө эмэгтэй тонгойж байгаад миний баруун хөлийн өвдөгний гадна хэсгээс маш хүчтэй хазаж гэмтэл учруулсан. Тэгээд салгаад уг эмэгтэйг ахиж гавлаад зүсэгдсэн гарт нь бохир орохоос сэргийлэх нөгөө боолтыг нь боогоод Нарангэрэлийн хамт гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. Би тухайн үед хазуулснаа гайгүй байх гэж бодоод тоохгүй яваад байсан чинь 2 цагийн дараагаас хөл минь чинэрч, хөндүүрлэж өвдөөд эхэлсэн. Тэгээд би тухайн өдрөө гэмтлийн эмэнлэгт үзүүлээд хоёр тариа хийлгүүлээд явсан” гэсэн мэдүүлэг /хх-н 6-7/,

Гэрч М.Г-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр 08 цагийн үед Баянгол дүүрэг 13 дугаар хороо, И-мартын зогсоол дээр ээлж хүлээлцэх гээд байж байтал Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны “Харцад” караокед дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу дэд ахлагч Л.Д-, ахлах ахлагч Эрдэнэжаргал нарын хамт очсон. Очиж шалгахад маргаан үүсгэсэн гэсэн эрэгтэй нь явчихсан, нэг эмэгтэй гараа зүссэн байдалтай газарт хэвтэж байсан. Тэгээд юу болсон талаар тэр кароакены эмэгтэйгээс асуухад шөнөжингөө архидуулж өөрсдөө архидсан. Тэгээд хоорондоо маргалдсанаас болж манай найз зодуулсан гэж хэлсэн. Тэгээд тэр газар хэвтэж байсан эмэгтэйн гараас цус ихээр гараад байсан болохоор 103 ирээд гарыг нь боох гэтэл боолгуулахгүй агсраад байсан. Тэгэхээр нь бид нар өөрсдөө тэр эмэгтэйн гарыг боох гэтэл тэр эмэгтэй эсэргүүцэл үзүүлээд дэд ахлагч Даваажаргалын баруун хөлийн шилбэний дээд хэсгээс хазсан. Гэхдээ бид нар тэр эмэгтэйн гарыг нь боогоод тайвшруулаад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,

Гэрч Т.Э-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...юу болсон талаар караокены эзэн эмэгтэйгээс асуухад шөнөжингөө ажиллуулж өөрсдөө архидсан. Тэгээд хоорондоо маргалдсанаас болж манай найз зодуулсан гэж хэлсэн. Тэгээд тэр газар хэвтэж байсан эмэгтэйн гарнаас цус ихээр гараад байсан болохоор 103 ирээд гарыг нь боох гэтэл боолгуулахгүй агсраад байсан. Тэгээд нөгөө 103-н эмч нь бид нар ийм агсам хүнийг үзэхгүй шаардлагатай бол өөрөө гэмтлийн эмнэлэг орж боолгоно биз гэж хэлээд яваад өгсөн. Тэгэхээр нь бид өөрсдөө тэр эмэгтэйн гарыг боох гэтэл тэр эмэгтэй эсэргүүцэл үзүүлж дэд ахлагч Даваажаргалын баруун хөлний шилбэний дээд хэсгээс хазсан. Гэхдээ бид нар тэр эмэгтэйн гарыг нь боогоод тайвшруулаад гэмтлийн эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,

Шинжээчийн 8012 тоот дүгнэлтэд: “...Л.Д-ын биед баруун өвдөгт шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-н 21-22/,

Яллагдагчаар Б.О-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би уг хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-42/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 2/, цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх-н 3/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 46, 49-77/, хохирогчийн хүсэлт /хх-н 84/ зэрэг болно.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.О- нь согтуугаар 2022 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Бугат-116 чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн эргүүлийн цагдаа ажилтай, цагдаагийн дэд ахлагч Л.Д-ыг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Харцад” караокед дуудлага мэдээллийн дагуу очиход нь түүнийг хуулиар хүлээсэн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцэж баруун өвдөгнөөс нь хазсаны улмаас биед нь “баруун өвдөгт шарх, цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Л.Д-, гэрч М.Г-, Т.Э- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л.Д-ыг ажил үүргээ гүйцэтгэж байхад нь түүний тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, улмаар түүний өвдөгнөөс хазаж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргүүдийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгчийн хохирогчийн албан үүрэгтэйгээ холбогдуулан тавьсан шаардлагыг эсэргүүцэж, биелүүлээгүй, улмаар түүний өвдөгнөөс хазсан үйлдэлийн улмаас хохирогч нь шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл авсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.О- нь шүүх хуралдаанд хохирогч Л.Д-ын хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, мөн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол буюу гэмтэл учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Хохирогч Л.Д- нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Хохирол нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, хохирогчийн хүсэлт, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.О-гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2-д “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчид танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.” гэж хуульчилжээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 нэгж буюу 3.150.000 төгрөгөөр торгох ялаар тогтоов.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн”

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-г 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хулуийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2.700 нэгж буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3.150 нэгж буюу 3.150.000 төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
  2. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР