Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/651

 

 

 

 

  2022          08          24                                     2022/ШЦТ/651

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: Д.Батзаяа,

Хохирогч: Б.О-,

Шүүгдэгч: Б.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А-т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2205015671942 дугаартай хэргийг 2021 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б.А-, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд байрлах “CU” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө хохирогч Б.О-ийг такси шөнө 2.000 төгрөгөөр явна гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь халдан гар, хөлөөрөө нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөн тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, хамар, зүүн чамархай, дагз, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А- шүүх хуралдаанд: “...үүрээр таксинд явж байгаад үл таних эмэгтэй, эрэгтэй хүмүүс явж байсан. “Такси хэдээр явж байгаа вэ” гэж асуухаар нь “2.000 төгрөгөөр явж байгаа” гэж хэлэхэд “1.500 төгрөгөөр явж байхад даварсан юм бэ” гээд миний хойноос нэг цохихоор нь машин дотор би буцаагаад нэг цохисон. Буу гээд хэлэхэд энэ залуу машинаас буучихсан байсан. Энэ залуу миний цээж хэсэг рүү нэг цохисон. Би өшиглөсөн нь үнэн. Энэ залуу машинд суухдаа саравчтай малгайтай байсан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Манай найз эрүүл байсан. Манай найз дух хэсэгтээ шархны сорвитой байсан гэж хэлсэн. Бичлэг дээр энэ талаар байгаа байх. Манай найз салгах үед машины зургийг дараад явсан. Тэр үед нүд, нүүр хэсгээс нь цус гарсан зүйл байхгүй байсан. Бусад биеийн хэсэгт цохисноо хүлээн зөвшөөрч байна” гэв.

Хохирогч Б.О- шүүх хуралдаанд: “...Тухайн үед нилээн согтолттой байгаагүй. Баарнаас гарч ирээд зогсож байхад Б-, Энхүүш байсан. Тухайн таксинд Энхүүш түрүүлж суусан. Би ардаас нь 1-2 минутын дараа суусан. “км хэдээр явж байгаа вэ” гэж асуухад “2.000 төгрөг “гэхээр нь “би суухгүй” гэж хэлсэн. Тэгэхэд “чи ганцаараа буу, эхлээд суусан хүнээ үлдээ” гэхээр нь юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тухайн үйл явдал маш хурдан болсон. Гэрч Энхүүш салгах гээд дийлээгүй. Хажууд байсан жолоочоос болиулаач гээд гуйсан. Би тухайн машинаас бууж зугтаах гээд бараагүй, зугтаах гэхэд заамдаж аваад машины ард зодож байгаа бичлэг байгаа. Би нурууны хүнд гэмтэлттэй хүн. Миний нуруунд хадаас байгаа. Хүний өөдөөс маргалдаж, муухай харьцах хүн биш. Эмэгтэй хүнээс болж намайг зодсон. Цагдаагийн байгууллагад мөрдөгч “хоорондоо ярилцаад үз” гэж хэлэхэд надаас уучлалт гуйгаагүй, “хууль сайн мэддэг хүнтэй яриад хэлнэ” гэсэн. Уучлалт гуйгаагүй, хохирол барагдуулаагүй. Өнөөдөр хүртэл хуралд хоцорч ирсэн, үл хүндэтгэж байгаад нь би гомдолтой байна. 7 хоног ажилдаа явж чадаагүй, өдрийн орлого 200.000 төгрөг, ажилгүй байсан үеийн цалин 1.400.000 төгрөг, зураг авахуулсан 120.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна” гэв.

Хохирогч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр найз Э-, Б- ба түүний найзын хамт бид дөрөв орой 20 цагийн үед хамт хоолонд орцгоосон. ...гараад бид дөрөв 10 дугаар хорооллын арын зам дагуу “...” нэртэй бааранд орсон. Би тэр бааранд ороод унтаад өгсөн. Шөнө 4-5 цагийн үед баар хаасан тул бид дөрөв гараад Э- бид хоёр нөгөө хоёроос салаад такси бариад харихаар болсон. Зам дээр зогсож байтал ... улсын дугаартай приус 10 загварын тээврийн хэрэгсэл зогсож бид хоёр суусан. Тус машины урд талд жолоочоос гадна нэг хүн сууж байсан. Би жолоочоос нэг километрыг нь хэдээр явах вэ гэж асуухад жолоочийн хажууд сууж байсан хүн 2.000 төгрөг гэж хариулахаар нь би яагаад 2.000-р явж байгаа юм бэ, 1.500 төгрөгөөр л явдаг шүү дээ гэсэн чинь шууд миний нүүр, толгой руу гараараа олон дахин цохиж байгаад бууж ирээд миний сууж байсан талын хаалгыг онгойлгоод намайг гар, хөлөөрөө миний биеийн бүх хэсэгт олон удаа цохисон. Намайг зодуулж байхад миний хажууд Э- гээд манай найз боль гээд салгаж дундуур нь орсон боловч тэр залуу над руу шалтгаангүйгээр дайраад байсан. Намайг жолоочийн хажуу талын суудал дээр сууж байсан залуу зодсон” гэсэн мэдүүлэг /хх-н 29-30/,

Гэрч Э.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр миний төрсөн өдөр болсон. Манай найз ажлын эгч болох Б- болон түүний найз О- бид дөрөв 10 дугаар хорооллын “...” бааранд орсон. ...4 дүгээр сарын 24-ний өглөө үүрийн 05 цагийн үед баар хаагаад О- бид хоёр нөгөө хоёроос салаад гэртээ харихаар такси барьтал ... улсын дугаартай цагаан өнгийн машин зогсож дотор нь хоёр эрэгтэй хүн байсан. О- километрийг нь хэдээр явж байна гэж асуухад тэр хоёр 2.000 төгрөг гэж хариулсан. Гэтэл О- 1.500 төгрөгөөр л явдаг шүү дээ гэсэн утгатай зүйл ярьтал жолоочийн хажууд сууж байсан залуу машинаас бууж ирээд О-ийн сууж байсан талын хаалгыг онгойлгоод учир зүггүй хөл гараараа цохиод эхэлсэн. ...бөгөөд маш олон удаа биенийх нь бүх хэсэгт цохисон. О- өөдөөс нь эсэргүүцэл үзүүлээгүй. ...О- зодуулахаасаа өмнө зүв зүгээр байсан. Жолоо барьж байсан хүн цохисон эсэхийг  сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 17-19/,

Гэрч А.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2022 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр өөрийн найз Базартай цуг таксинд явж байсан. 24-ний өглөө 04 цагийн үед бид хоёр 10 дугаар хороололд явж байгаад Базар идэх юм авахаар “...”-ийн хажуу талын “СU” хүнсний дэлгүүр орсон. Би машинд нь суугаад хүлээж байсан чинь урд талын ... улсын дугаартай приус загварын машины жолоочийн эсрэг талын суудлаас 30 орчим насны цэнхэр цамцтай хүн гарч ирээд жолоочийн ар талын хаалгыг онгойлгоод дотор нь сууж байсан хүнийг шууд зодож эхэлсэн. Ойролцоогоор 10 гаруй минут зодсон. Сүүлдээ дотор нь зодуулж байсан залуу бууж ирээд зугтаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 33-34/,

Шинжээчийн 6160 тоот дүгнэлтэд: “...Б.О-ийн биед тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, хамар, зүүн чамархай, дагз, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр 2022.4.23-24-нд шилжих шөнө үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-н 21-22/,

Яллагдагчаар Б.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө 06 цагийн үед Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороололд найз Баяраагийн хамт явж байхдаа такси барьж миний машинд суусан хүмүүстэй төлбөрөөс болж маргалдаад үл таних эрэгтэй хүнтэй барьцалдаж, зодолдсон. ...би уг хэргийг хийснээ хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-н 43-44/,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 5/, хохирлын баримт /хх-н 36/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 47-86/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч Б.А- нь Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 10 дугаар хороололд байрлах “CU” хүнсний дэлгүүрийн үүдэнд 2022 оны 4 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих үүрийн 05 цагийн орчим хохирогч Б.О-ийг такси шөнө 2.000 төгрөгөөр явна гэх шалтгаанаар маргалдаж улмаар биед нь халдан гар, хөлөөрөө нүүрэн тус газарт нь цохиж, өшиглөн тархи доргилт, дух, зүүн хацар, зүүн нүдний дээд зовхинд язарсан шарх, дух, хамар, зүүн чамархай, дагз, баруун хөмсөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Б.О-, гэрч Э.Э-, А.Т- нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.О-тэй таксины төлбөрийн улмаас маргалдаж, улмаар түүнийг цохиж зодон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Б.А- нь хохирогч Б.О-ийн цохиж, зодсон үйлдлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.А- нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч нь шүүх хуралдаанд ажилгүй байсан үеийн цалин 1.400.000 төгрөг, толгойн зураг авахуулсан 120.000 төрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн ба шүүгдэгч нь хохирогчийн хохирлыг барагдуулаагүй тул хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон зураг авахуулсан 120.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.О-т олгохоор шийдвэрлэв.

Харин хохирогчийн ажилгүй байсан үеийн цалин 1.400.000 төгрөг нэхэмжилсэнийг энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй гэж үзлээ.

Тухайн хохирлын талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй, хохирогчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн дансны хуулгаар тухайн цалин хөлс авдаг байсан эсэх нь нотлогдохгүй байна. Иймд хохирогч дээрх ажилгүй байсан үеийн цалин болон бусад хохирол, хор уршгийн талаархи нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав. 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Б.А-ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.А-ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэм буруугийн талаар маргаагүй зэргийг харгалзан улсын яллагчийн оногдуулсан ялаас доогуур буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А- нь шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-аас 12.000 төгрөг гаргуулж хохирогч Б.О-т олгосугай.
  6. Хохирогч Б.О- нь хохирол хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР