Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2022/ШЦТ/661

 

 

 

  2022          08          29                                     2021/ШЦТ/661

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Хулан,

Улсын яллагч: И.Мөнхцэцэг,

Шүүгдэгч: Д.Х-, Г.Д-нар өөрөө өөрсдийгөө өмгөөлөн тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.Х-т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Д- нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202000030107 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д.Х- ..... тоот регистртэй,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... тоот регистртэй,

Шүүгдэгч Д.Х- нь цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/657 тушаалаар томилогдсон “Хэрэг бүртгэх мөрдөн тасгийн мөрдөгч”-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

            Баянгол дүүрэг дэх цагдаагийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Г.Д-бүлэглэж хэрэг бүртгэлтийн 180505295 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулахдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.М-, А.А-нараас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн хатгагч Г.Д-д бэлнээр өгч, хохирогч Б.М-од 850.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг өөртөө авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон,

            Шүүгдэгч Г.Д-нь цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 тушаалаар томилогдсон “Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч”-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

            Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Д.Х-той бүлэглэн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.М-, А.А-нараас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, мөрдөгч Д.Х-ыг хэрэг бүртгэлийн 180505295 дугаартай хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг ялгүй гаргаад өгчих гэж хатгаж, Д.Х-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Х- шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Г.Д-шүүх хуралдаанд: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би өмнө нь тэр хоёрт хэлэхдээ хагалгаа 5 сая орчим болно, хоёр удаа хагалгаанд орно гэж хэлсэн байсан. Тэгээд тэр хоёр бид хоёрт байгаа нь гээд бэлнээр 3 сая төгрөг, дээр нь нэмээд гар утас өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би авахгүй ээ, угаасаа цагдаагаар явж байгаа болохоор цагдаагаас дамжуулж авъя гэж хэлээд мөнгийг нь авалгүй явуулсан. Түүнээс хойш тэр хүмүүс надтай огт холбоо бариагүй ба би оны өмнөхөн өөрөө очиж лавлаж байж А- байцаагч солигдсон гэдгийг мэдсэн. Тэгээд хэрэг Х- гэдэг байцаагч дээр очсон байсан. Лавлаж очсон өдрөө Х- байцаагчтай өрөөнд нь орж уулзсан. Өрөөнд орж уулзаад А- байцаагчаас миний хэрэг тань руу ирсэн байна гэхэд өрөөндөө байх сейфээ ухаж байгаад миний хэргийг гаргаж ирсэн. Надад би танилцаж үзье, эргээд ярья гэж хэлсэн. Эмнэлэгт байхад зарцуулсан мөнгөний баримтуудыг А- байцаагчид өгч байсан. Он гарсны дараа 2 сард байх над руу огт ярихгүй байхаар нь Х- байцаагч руу очиж уулзахад хэрэг чинь байгаа, байгаа гэхээс өөр зүйл хэлэхгүй болохоор нь манай ээж очиж уулзсан. Тэгээд ээж Б- гэдэг даргатай нь уулзахад хүүхдээ над руу явуулчих гэж хэлсэн байсан. Тэгээд Б- даргатай нь уулзахад миний дэргэд Х-ыг дуудаж уулзсан ба тэр дор нь хэргийг авчруулсан. Тэгээд хэрэгт өгсөн баримт хохирлыг нэгтгэж, надаар бас Б- гээд дарга нь өөрөө бодсон. Миний өгсөн баримтаар 1, 2 сая төгрөг болж байсан ба хэрэгт байсан баримтыг тооцож үзэхэд 914.180 төгрөг болсон. Дунд нь баримтууд үрэгдсэн байсан. Энэ үед Х- хамт байсан. Түүнээс хойш байж байхад 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Х- байцаагч над руу утсаар яриад нөгөө хүмүүс чинь хохирлын мөнгө бэлнээр аваад ирчихсэн байна, чи ирж авах уу гэсэн. Би хол явж байна, очих боломжгүй байна, та дансаар хийчих үү гэсэн. Тэгээд би Х- байцаагч руу дансаа мессежээр явуулсан. Тэгээд дансаа өгснөөс хойш удалгүй над руу 850.000 төгрөг шилжиж орж ирсэн. Би Х- байцаагчид дансаа өгсөн, өөр хүнд дансаа өгөөгүй. Тэгээд 850.000 төгрөг орж ирснийх нь дараа Х- байцаагч руу залгаад энэ дутуу байна аа, үлдэгдэл төлбөрийг нь яах вэ гэхэд “байж байгаад шилжүүлнэ” гээд аргацаасан хариулт өгсөн. Над руу огт ярьдаггүй ба залгахаар утсаа авдаггүй, утсаа авахаараа би гадуур ажилтай байна гэдэг, би ажил дээр нь очихоор өрөөндөө байж байдаг ба миний хэрэг юу болж байна гэхэд хэргийг чинь прокурорт хянуулахаар өгсөн, шалгаж байгаа гээд аргацаасан хариулт л хэлдэг байсан. 850.000 төгрөг шилжиж орж ирсний дараа намайг ярихад намайг нэг ирж мөнгө авсан баримт дээр гарын үсэг зураарай гэж хэлсэн. Тэгээд дараа нь хэзээ билээ би эхнэрийнхээ хамт очиж мэдүүлэг өгсөн. Надад мөнгө хүлээлгэж өгсөн баримт гэж гарын үсэг зуруулаагүй. Хэрэг Х- байцаагч дээр очсоны дараа тэр хоёр хүн надтай нэг удаа ирж байрны гадаа уулзсан. Х- байцаагч надад хэлэхдээ нэг хүн нь Хятад улсад сурдаг юм байна, хил гараад явчихсан учраас би эрэн сурвалжлуулж байгаа гэж хэлж байсан. ...Х- байцаагчтай уулзаад миний хэргийг шийдэхгүй юм уу гэхэд тухайн үедээ аргацаасан тайлбар хийгээд өнгөрдөг байсан. Утсаар ярихад би гадуур ажилтай явж байна, эргээд залгъя гэдэг ба өрөө рүү нь яваад ороход өрөөндөө сууж байдаг. Тэгээд хэргээ асуухад аргацаасан тайлбар хэлдэг байсан. Х- мөрдөгч хоёр давхарт, шатаар гараад баруун эргэхэд коридорынхоо хойд хэсэгт 1 билүү 2 дахь өрөөнд суудаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 113-115/,

Гэрч Т.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “... Би тэр хоёр эрэгтэйтэй нь ер нь хэд хэдэн удаа дуудаж уулзсан. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө гээд мэдүүлгээ дуусгасан. Болсон хэргийн талаар мэдүүлгээ өгөөгүй учраас өмгөөлөгчөө авчирч мэдүүлгээ дахиж өг, хурдан хэргээ шийдвэрлэмээр байна гэж 3-4 удаа дуудаж уулзсан. Тэгээд тэр хоёр хүний 2-3 дахь ирэлт дээр нь эрүүгийн мөрдөгч Д- надтай уулзаад манай хоёр найз байгаа юм, багын найзууд байгаа юм, хохирол мөнгө төгрөг юм аа гүйцэт барагдуулаад, өмгөөлөгчөө аваад мэдүүлэг өгөөд хэргээ шийдвэрлүүлчих юм аа гэж хэлж байсан. ...Хэрэгт хэрэг бүртгэлт явуулж байгаад 2018 оны 12 дугаар сарын сүүлээр ...хөлөө хугалахдаа мэс засал хийлгэж хадуулсан байсан хадаасыг авхуулах гээд эмнэлэгт хэвтсэн. ...Тэгээд буцаад 2019 оны 01 дүгээр сарын дундуур ажилдаа орсон. Намайг эмнэлэгт хэвтэхээс өмнө миний хэргүүдийг бусад мөрдөгч нар руу шилжүүлсэн байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 135-138/,

Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Миний хувьд тухайн үед хохиролтой холбоотой хүмүүс гомдол гаргаад ирсэн тохиолдолд баримтаар нь хохирлын тооцоог нь гаргаж өгөөд байцаагчид нь хохирлын дүнг нь хэлээд явуулдаг байсан. Шалтгаан нь хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч нар хохирлын тооцоог нарийвчлан гаргадаггүй, барагцаагаар гаргачихдаг, эсвэл хохирлын баримт хэрэгт хавсаргадаггүй байдлаас болоод хэрэг шүүхээс буцах үндэслэл болж байсан. Тэгээд хохиролтой холбоотой гомдол санал ирэхээр нь би таны эрүүл мэндэд ямар хохирол учирсан юм бэ, та эмчилгээний зардлын баримтуудаа аваад ир гэж хэлдэг. Хүмүүс эмчилгээний зардлын баримтаа аваад ирэхэд нь өөрөөр нь цаасан дээр наалгаж байгаад нийт үнийн дүнг нь бодож өгөөд, нийт үнийн дүнг нь өөрөө бичиж тэмдэглэж өгдөг. Тэгээд хэрэг шалгаж байгаа мөрдөгчийг нь дуудаад эмчилгээний зардлын баримт ийм боллоо, энэний дагуу мэдүүлгээ аваад, хэргээ шийдвэрлэ гэж хэлдэг байсан. Ажиллаж байх хугацаанд олон хүн гомдол гаргаж ирдэг байсан учраас хэрэг тус бүрээр нь тодорхой санахгүй байна. ...Намайг анх ажил авахад А- гээд хошууч цолтой хэрэг бүртгэгч байсан. Гэр нь хол, өглөө ажлаас хоцорч ирдэг, орой эрт яваад өгдөг, ажил хийдүүлдэг эмэгтэй байсан. Энэ эмэгтэй ажил хийхгүй, ажил явахгүй байдалтай байхад энэ эмэгтэй мэс засалд орох болсон ба ажилдаа ирж хэргүүдээ хүлээлгэж өгөөгүй учраас сейфийг нь онгойлгоод мөрдөгч нартаа хуваарилж байсан. Тухайн үедээ мөрдөгч нарынхаа ачааллыг харж байгаад л хуваарилж байсан” гэсэн мэдүүлэг /хх 2-н 149-150/,

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтад өгсөн:  “...Тэгээд А- ойрхон гэртээ найзыгаа дуудаад өөрийн унадаг 2608 УНХ улсын дугаартай приус 30 маркийн машиныг жолоодуулаад явсан. Түүнээс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна, нэг өдөр байж байхад Баянгол дүүргийн цагдаагаас залгаж байна гээд эмэгтэй хүн яриад ирж уулз гэсэн. Тэгээд А- бид хоёр тэр эмэгтэй байцаагчтай очиж уулзсан. Тэр эмэгтэй байцаагчтай хэзээ очиж уулзсанаа нарийн санахгүй байна. А- бид хоёр очоод уулзахад ажил ихтэй байна, хүлээгээд байж бай гэсэн. Тэр байцаагч дээр байцаалт өгөөгүй. Бид хоёрт ийм ийм юм болсон байна, ийм ноцтой юм болсон байна ийм хэргээр та хоёрыг дуудсан гээд юм асууж байгаад байцаалт авалгүй явуулсан. Хохирогч эрэгтэйтэй эмнэлэгт хэвтэж байхад нь нэг удаа очиж уулзсан, мөн хороололд гэрийнх нь гадаа очиж нэг удаа уулзаж байсан. Хохирогчтой уулзахад эмчилгээний зардал бол 3 сая төгрөг гаран байна, сэтгэл санааны хохирол гээд 5 сая төгрөг өгчих дөө, тэгэх юм бол гомдол санал гээд байх юм алга, адилхан залуу хүмүүс байна гэж ярьж байсан. ...Ингээд хохирогчтойгоо уулзчихаад байж байхад зодооны хэрэг маань өөр эрэгтэй байцаагч дээр очсон байсан. Тэр Х- гээд байцаагч байсан. Бид хоёрыг зөндөө олон удаа дуудаад очиж уулздаг байсан. Тэгээд үүдэнд нь хүлээгээд байж байхад за маргааш ир гээд явуулдаг байсан. Өмнө шалгаж байсан А- гэдэг эмэгтэй байцаагч дээр хэрэг байхад бид хоёроос байцаалт аваагүй, утасны дугаар, овог, нэр тэмдэглэж аваад байсан. Х- байцаагч утсаар ярьж дуудаад уулзахдаа та хоёрын хэрэг над руу ирсэн гэж хэлсэн. Энэ байцаагч дээр байсан хэрэг чинь над дээр шилжиж ирсэн, одоо би шалгаж байгаа гэсэн. Бид хоёртой уулзаад ийм ийм хэрэг болсон байна гээд, бид хоёроос болсон хэргийн талаар асууж компьютер дээрээ юм бичээд байсан. Яг мэдүүлэг өгч гарын үсэг зурж байсан эсэхээ сайн санахгүй байна. Гэхдээ хэргийн талаар асуугаад байсан. Би өөрөө сайн санахгүй байгаа учраас найз А-аас асууя. Тэгээд Х- байцаагч бид хоёрын хэргээс ийм ийм зардал гарсан байна, урсгал зардал нь 3 сая төгрөг гарсан байна гээд эмнэлгийн үзүүлсэн бичиг баримт, төлбөр тооцоо төлсөн баримтууд байсан. Бид хоёрт эмчилгээний зардал 3 сая гаруй төгрөг, сэтгэл санааны хохирол гээд нийт 5 сая төгрөг нэхэмжилж байна. Та хоёр энэ хохирлыг барагдуулах ёстой. А-аа мөнгөө над руу шилжүүлсэн. Тэгээд бид хоёр 5 сая төгрөг болсон учраас Х- байцаагчтай очоод уулзаад хохирлын мөнгийг дансаар шилжүүлээд өгчихье гэхэд Х- байцаагч хохирогчид дансаар өгөх боломжгүй, бэлнээр өгнө, би хохирогчтой чинь уулзаад хохирлыг нь барагдуулна, тэгээд та хоёртой эргээд уулзана гэсэн. Би мөнгөө хэзээ авснаа санахгүй байна, тэр өдөр авсан билүү, эсвэл бэлэн халаасандаа хийж байгаад А-ийн мөнгийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эсрэг талд байдаг АТМ-аас аваад өгч байсан. А-ийн мөнгийг АТМ-аас авсан өдрөө Х- байцаагчид бэлнээр 5 сая төгрөг өгсөн. Х- байцаагч мөнгө бэлнээр аваад гарын үсэг зуруулсан. А- бид хоёроор хоёулангаар нь гарын үсэг зуруулсан. Түүнээс хойш хэд хоногийн дараа бид хоёрыг дуудаад за хохирлыг нь өгчихсөн, хохирол барагдсан, хохирогч чинь гомдолгүй гэсэн, хэрэг чинь хаагдлаа гэсэн. Тэгээд л түүнээс хойш очоогүй. Хохирогчид төлөх хохиролд 5 сая төгрөг бүрдүүлж өгснийг миний эхнэр Анхцэцэг мэднэ, мөнгөний талыг нь өгсөн найз А- мэднэ” гэсэн мэдүүлэг /хх 2-н 166-169/,

Гэрч Б.М-ийн дахин мөрдөн байцаалтад өгсөн: “...Үүний дараа Х- байцаагч утсаар ярьж дуудаад хохирогчтой чинь уулзаж, хохирлыг нь барагдуулна, 5 сая төгрөгийг бэлнээр авчирч өг гэсэн. Тэгээд миний санаж байгаар Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн эсрэг талын Энхжин худалдааны төвийн орчмын Хаан банкны АТМ-аас 2,5 сая төгрөгийг нь авсан. Мөн 2,5 сая төгрөгийг нь АТМ-аас авсан. 5 сая төгрөгийг бол АТМ-аас авсан, одоо санаж байгаагаар миний өгөх 2,5 сая төгрөгийг эхнэр Анхцэцэг данснаасаа гэрийнх ойролцоох АТМ-аас авч өгсөн. А- миний данс руу ахаасаа 1 сая, 1,5 саяар 2 удаа мөнгө хийлгээд 2,5 сая төгрөгийг Цагдаагийн хэлтсийн замын эсрэг талд байдаг АТМ-аас авсан шиг санаж байна. Ямар ч байсан 2.5 сая төгрөгийг Цагдаагийн хэлтсийн замын эсрэг талд байдаг АТМ-аас аваад 5 сая болгоод өгч байсан. 5 сая төгрөгийг Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн 2 давхарт байрлах шатны хажуу талын өрөөнд Х- байцаагчид өгсөн. Хохирогчид өгөх 5 сая төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр өгсөн байна” гэсэн мэдүүлэгх 2-н 181-182/,

Гэрч О.А- мөрдөн байцаалтад өгсөн: “...Баянгол дүүрэг гэж байсан, цагдаагийн хэлтсийг нь санахгүй байна, манай нөхөр рүү Баянгол дүүргээс гээд эмэгтэй байцаагч утсаар яриад ирж уулзана уу гэсэн. Ямар хэрэг, яасан юм бол гэхэд ирж уулзана уу гэсэн. Тэгээд манай нөхөр очиж уулзсан. Энэ үед нь би Хятад улс руу худалдаа хийхээр явсан байсан. Надад хэлэхдээ А- бид хоёр уулзчихаад, утсаа мартчихаад орох гэж байгаад хүмүүстэй муудалцсан. Тэгээд муудалцаж байсан хүмүүсээс нэг нь бэртээд гомдол гаргасан байна гэж хэлж байсан. Хүний эрүү хугарчихсан байна гэсэн. Би нөхрөөсөө чи эрүүг нь хугалсан юм уу гэхэд бичлэг дээрээс үзсэн, би тэр хүнтэй барилцаад авчихсан байгаа юм байна лээ, тэгээд намайг дуудсан байна гэж хэлсэн. Тэгээд хоёр дахь удаа дуудагдаад очих үед байцаагч маань солигдоод эрэгтэй хүн болсон байна гэж хэлж байсан. Х- гэдэг хүн болсон байна гэж хэлж байсан. Сүүлийн Х- гэдэг байцаагч нь нилээн хэдэн удаа дуудаж уулзсан. Тухайн үед манай нөхөр хүүхдээ харж байсан ба цагдаагаас дуудах үед нь хүүхдээ хүнд харуулчхаад явдаг байсан. Манай нөхөр надад хэлэхдээ хохирогчтой нь уулзлаа, эмнэлэг дээр нь очсон, адилхан эрэгтэй хүмүүс муудалцсан юм чинь чи эмчилгээний зардлыг өгчихвөл гомдлоо буцааж болно гэж хэлсэн. Тэгээд Х- байцаагч нь дуудаад эмчилгээний зардалтай нь танилцууллаа, 5 сая төгрөг нэхэмжилсэн юм байна гэж надад хэлсэн. Би яг 5 сая төгрөг болсон юм уу гэхэд эмчилгээний зардлыг нь байцаагч танилцуулсан гэж хэлсэн. Тэгээд А-аас талыг нь өгөөд үлдсэн мөнгийг нь бүрдүүлж өгсөн. Тухайн үед би Хятад улсад байж байгаад Хятад улсаас юань ченжийн данс руу шилжүүлсэн. Тэгээд байцаагчийнх нь хэлсэн өдөр мөнгийг нь аваачиж өгсөн байх. Надад хэлэхдээ 5 сая төгрөгөө байцаагчид бэлнээр өгсөн гэж хэлж байсан. Би чи мөнгөө яасан юм бэ гэхэд байцаагч бэлнээр авчир гэсэн, хохирогчид бэлнээр өгөөд хохиролгүй гэсэн бичиг дээр гарын үсэг зуруулж авдаг гээд бэлнээр авсан гэж хэлж байсан. Би энэ үед Хятад улсад байсан учраас Х- гэдэг байцаагчтай нь уулзаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 174-177/,

Яллагдагчаар Д.Х-ын мөрдөн байцаалад өгсөн: “...Хохиролд хүлээж авсан 5 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг Д-д өгсөн. Тухайн үед хохирогчид өгнө гэсэн 1 сая төгрөг надад байж байгаад Билгүүнд өгөөд Билгүүнээс дансаар мөнгө аваад шилжүүлсэн шиг санагдаж байна. Өөртөө авсан мөнгийг ойр зуурын хэрэглээндээ зарцуулсан. Би хийсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээж байна” гэсэн мэдүүлэг /хх 3-н 192/,

Яллагдагчаар Г.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолын үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх 3-н 210/

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...би 2 дугаарын доор байгаа хүнийг таньж байна. Энэ Мөнхдэлгэр гэдэг хүн байна. Энэ хүн намайг зодсон, дараа нь ирж уулзаж байсан…” гэжээ. /хх 2-н 116-125/,

Фейсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Monhdelger Moogii гэх нэртэй хэрэглэгчийн photos хэсэгт байх зургуудыг үзэхэд 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр оруулсан “Naizuudtaigaa” гэх нэр бүхий зураг байх ба зураг дээр харагдах 8 эрэгтэйн дунд хэсэгт, зүүн талаас 3 дахь эрэгтэй нь Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан гэх Г.Д-, зүүн талаас 5 дахь эрэгтэй нь гэрч Мөнхболдын таньж олсон Б.М- гэх эрэгтэй байв. Monhdelger Moogii гэх нэртэй хэрэглэгчийн Friends хэсэгт байх мэдээлэлтэй танилцахад Г.Д-гэх нэртэй, profile photo дээрх эрэгтэйн дүр төрх Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст ажилладаг байсан гэх Г.Д-ын дүр төрхтэй тохирох хэрэглэгч найзаар бүртгэгдсэн байв” гэжээ. /хх 2-н 126-132/,

Шүүгдэгч Д.Х-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 240-249, 3-н 2-29/, шүүгдэгч Г.Д-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 3-н 143-155/ зэрэг болно.

 

Нэг: Шүүгдэгч нарын ийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч, хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно. 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Д.Х- нь цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн Б/657 тушаалаар томилогдсон “Хэрэг бүртгэх мөрдөн тасгийн мөрдөгч”-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан Г.Д-бүлэглэж хэрэг бүртгэлтийн 180505295 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлт явуулахдаа албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.М-, А.А-нараас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг гэмт хэргийн хатгагч Г.Д-д бэлнээр өгч, хохирогч Б.М-од 850.000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдлийг өөртөө авсан буюу нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, гэмт хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоох үүргээ зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

            Шүүгдэгч Г.Д-нь цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн Б/391 тушаалаар томилогдсон “Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч”-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,

      Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөгч Д.Х-той бүлэглэн албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хэрэгт сэрдэгдсэн Б.М-, А.А-нараас 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс 2.000.000 төгрөгийг бэлнээр авсан, мөрдөгч Д.Х-ыг хэрэг бүртгэлийн 180505295 дугаартай хэрэгт сэрдэгдсэн этгээдүүдийг ялгүй гаргаад өгчих гэж хатгаж, Д.Х-ыг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлээгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгасан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч Б.М-, Т.А-, Д.Б-, Б.М-, О.А- нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, Фэйсбүүкт үзлэг хийсэн тэмдэглэл, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Д.Х-, Г.Д-нар нь “Б.М-, А.А-нараас хохирогчийн эмчилгээний зардалд өгсөн 5.000.000 төгрөгөөс хохирогчид 850.000 төгрөг өгч үлдэгдэл мөнгийг хувь хувьдаа авсан”, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон нь өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Д.Х-, Г.Д-нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч нарын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн”, шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн гүйцэтгэгч”, шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “гэмт хэргийн хатгагч” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

    1. Хохирол, хор уршиг

Тухайн гэмт хэргийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

Б.М-од хохирлын 4.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн болохыг дурдав.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Прокурорын санал болгосон эрүүгийн хариуцлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн мэдүүлэг, хүсэлтүүд, эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

Прокуророос ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах, шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял” тус тус оногдуулах саналыг шүүгдэгч нарт танилцуулсан байна.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч Д.Х-, Г.Д-нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Х-, Г.Д-нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нарт танилцуулсан прокурорын санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шүүгдэгч Д.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял” оногдуулах, шүүгдэгч Г.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5,  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Д.Х-, Г.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Д-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 7.000 нэгж буюу 7.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

  1. Шүүгдэгч нар нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х-, Г.Д-нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс тоолж эдлүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  4. Шүүгдэгч Д.Х-, Г.Д-нарт урьд авсан “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х-, Г.Д-нарт хувийн баталгаа гаргах, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР