Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/705

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            06             02                                    2022/ШЦТ/705

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

улсын яллагч Д.Ганчимэг,

хохирогч Р.Б-

шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н-ид холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд

- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Боржигин овогт Б.Н (РД:УО8410...).

Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.Н- нь 2022 оны 01 дүгээр сарын 24-ний шөнийн 23 цагийн орчимд ... тоотод оршин суух Р.Б-ын гэрт очиж түүний найзын хамт гурвуулаа архидан согтуурсан, улмаар 25-ны шөнийн 03 цагийн үед Р.Б-ыг унтсан хойгуур гэрээс нь түүний өмчлөлийн Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, банкны АТМ дээр очин уг картнаас 320,000 төгрөг уншуулан авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 531 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

1.Гэм буруугийн дүгнэлт:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч А.Очбадрал нар хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр сууринаас мэтгэлцэж оролцсон. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтууд, талуудын мэтгэлцээн, гэм буруугийн дүгнэлт, шүүгдэгчийн мэдүүлгийг дүгнэн үзээд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж байхгүй гэсэн дүгнэлтийг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Н- нь хохирогч Р.Б-ын хамт архидан согтуурч улмаар түүниЙ гэрт хоноглож байхдаа Хаан банкны виза картыг НЬ хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 320,000 төгрөгийг хохирол учруулсан болох нь:

- Хохирогч Р.Б-ын “... шөнө 23 цагийн үед эмэгтэй найзын хамт архи уугаад дуусаж байтал Б.Н- ирсэн, тэгээд тэр буцаж гараад  архи авч ирээд уусан ... би архиндаа согтоод унтаад өгсөн байсан.  ... Өглөө 08 цагт сэрээд гар утсаа асаагаад хартал миний данснаас 320,000 төгрөгийн гүйлгээ гарсан байхаар нь гайхаад Хаан банк руу залгаж асуутал 2022 оны 01 дүгээр сарын 25-ны 03 цаг 30 минутад Толгойтын хуучин эцсийн Хаан банкны АТМ-с гүйлгээ гарсан байсан. Тэгэхээр нь утасны ард хийсэн виза картаа шалгаж үзэхэд байрандаа байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-10 хуудас)

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-18 дугаар тал)

- Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 29/263 дугаартай албан тоот (хавтаст хэргийн 16-17 хуудас)

- Б.Н-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн “... Би 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд өөрийн хуучин хамтран амьдрагч байсан эмэгтэй болох Р.Б-ын гэр болох ... Толгойтын хуучин эцэст байх гэрт нь сууж байсан. Тэгээд би Бат-Амьдрал болон гэрт нь байсан эмэгтэйтэй хамтдаа 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи хувааж уугаад дуустал Бат-Амьдралын найз гэх эмэгтэй явсан. Тэгээд би хэсэг унтаж байгаад шөнө сэрээд зурагтын тавиур дээр байсан Хаан банкны виза картыг аваад ... Толгойтын хуучин эцэс дээр байх Өрнөх Хас худалдааны төвийн Хаан банкны АТМ-ээс 320,000 төгрөг уншуулж аваад буцаж Р.Б-ын гэрт нь очиж амарсан ...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

2. Гэмт этгээд хулгайлах үйлдлээ хүн байнга амьдрах зориулалттай бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн тохиолдолд гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж үздэг боловч гэмт хэрэг үйлдэх санаа зорилго хэзээ төрснөөс, мөн зөвшөөрөлтэй нэвтэрсэн эсэхээс хамаарч хэргийг хүндрүүлэн зүйчлэх эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм. Дээрх тохиолдолд шүүгдэгч нь хохирогчийн гэрт нэвтрэхдээ Р.Б-ын зөвшөөрлөөр нэвтэрч улмаар хамтдаа архи согтууруулах ундааны зүйл уусан, тэднийд хоносон үйл баримт тогтоогдож байна.

 

Бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэргийн санаа сэдэл хохирогч Р.Б-ыг архиндаа согтоод унтсанаас хойш төрсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, нууцаар үйлдэгддэг. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр шунахайн сэдэлтээр авснаар гэмт үйлдэл төгсдөг ба хохирогчийг унтаж байх хойгуур түүнд мэдэгдэлгүйгээр утасны хавтсанд нь байсан банкны картыг авч явснаар шүүгдэгчийн үйлдэл төгссөн, уг гэмт хэргийн улмаас хохирогчид 320,000 төгрөгийн хохирол учирсан.

 

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч, прокуророос шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 320,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Б-д 320,000 төгрөгийг нөхөн төлж гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын  санал, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрдөг, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзаж 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэв.

 

 

 

Шүүгдэгч Б.Н- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд хохирогч нь архидан согтуурсан байдалтай байсан, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг их биш, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлын хувьд урьд шүүхээр нэг удаа ял шийтгүүлж байсан, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос шүүгдэгч Б.Н-ид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Боржигин овогт Б.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын 320,000 төгрөг төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ