Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/236

 

 

 

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Алтангэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000224 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1967 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Ерөнхий боловсролын ******* сургуульд сантехникч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг ******* хорооллын тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* овогт ******* *******. /РД: *******/

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг дугаар байрны гадаа иргэн ******* эзэмшлийн Toyota Prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хэсгийг хатуу зүйлээр зурж будгийг нь халцалж гэмтээсний улмаас түүнд 430,600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Г. өмнө нь миний машиныг өшиглөж гэмтээсэн болохоор нь ийм үйлдэл хийсэн. Буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувьдаа Toyota prius-20 маркийн ДОР дугаартай тээврийн хэрэгсэлтэй. 2022 оны 05 дугаар сарын 29-ний өглөө аймгийн төвд ирээд өөрийнхөө эзэмшлийн хашаанд том оврын машинаа байрлуулаад жижиг машинаараа гэр лүүгээ явахаар болж эхнэр утсаар дуудсан. Эхнэр 10 цаг 30 минутын орчимд ирсэн бөгөөд албаны машиныг байрлуулаад өөрөө жижиг машинаа барихаар болж машиныхаа хүрдэнд суухад жолоочийн эсрэг талын толь бага зэрэг хажуу тийш болсон байхаар нь доторх товчлуурыг дарж хэвэнд оруулаад эхнэрийн хамт гэр лүүгээ явж байхад манай хамаатны дүү эхнэрийн гар утас руу залгаад таны машины хажуу талыг улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч байрны гадаа байхад ямар нэгэн зүйлээр зураад яваад өгсөн гэж гадаа тоглож байсан хамаатны охин хэллээ гэж хэлсэн. Би зогсоод машинаасаа бууж харахад машины жолоочийн эсрэг талын арын дугуйн карлан, ард, урд хаалгыг ямар нэгэн зүйлээр зурчихсан байсан. Тухайн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг танина. Хэрлэн сумын 1 дүгээр багт гэр нь байдаг нэрийг нь мэдэхгүй Гаадай гэж дууддаг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчим манай нөхрийн төрсөн дүү Ц. орж ирээд ахын машиныг хүн зураад явчихлаа гэхээр нь би ахын дугаар руу залгаж таны машиныг зурсан хүнийг харсан гэнэ гэж ярьсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/

           

Насанд хүрээгүй гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчим Хэрлэн сумын 01 дүгээр баг Бунхны дугаар байрны гадаа аав хүлээж байхад манай аавын дүү ******* Toyota prius-20 маркийн хөх өнгийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл байшингийн хойд талын зогсоол дээр байсан. Маркийн мэдэхгүй шаргал өнгийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ах бууж ирээд манай аавын дүүгийн машиныг зүүн талын хэсгийг гарандаа барьсан нэг зүйлээр  зураад явахаар нь гэр рүүгээ ороод эгч хэлэхэд манай эгч аавын дүү ******* гар утас руу залгаж миний хэлснийг хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/

 

Дорнод аймгийн хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны үнэлгээний шинжээч 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 39389  дугаартай ... ДОР улсын дугаартай хар хөх өнгийн Toyota prius-20 маркийн автомашины эвдрэл, хохирлын үнэлгээ 430,600 төгрөгөөр үнэлэгдэв... гэх хөрөнгийн үнэлгээ. /хх-ийн 25/

 

Шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчим Хэрлэн сумын 1 дүгээр багт байрлах дугаар байранд байх төрсөн эгч гэрт усанд орохоор очиход тэдний байрны гадаа өмнө нь надтай маргалдан улмаар миний машины урд крилоныг өшиглөж хонхойлгосон одоо хохирогч болоод байгаа ******* эзэмшлийн хөх өнгийн toyota prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байсан. Би тухайн тээврийн хэрэгслийн зүүн талын хэсгийг өөрийнхөө машины түлхүүрээр зурчихаад эгчийнхээ гэрт орсон. Мөн түүнээс хойш хэсэг хугацааны дараа намайг цагдаагийн байгууллагаас дуудаж болсон хэргийн талаар асуухад нь би машин зурсан талаараа хэлж өөрийн буруугаа ойлгосон...” гэх мэдүүлэг /хх-ийн 36/

 

            - Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-26/

- Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/

- Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 38-40/

- Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-44/

- Шүүгдэгч *******, хохирогч Г. нарын Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 49-/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* бүрэн дунд боловсолтой бөгөөд тэрээр “шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

           

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг дугаар байрны гадаа иргэн ******* эзэмшлийн Toyota Prius-20 маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн талын хэсгийг хатуу зүйлээр зурж будгийг нь халцалж гэмтээсний улмаас түүнд 430,600 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг нотолсон хохирогч Г., гэрч , Ц. нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 39389 дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан ба улсын яллагч нь шүүгдэгч *******т торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон бөгөөд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээж, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн зэргийг нь харгалзан ******* овогт ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.ид 430,600 төгрөгийн хохирол учирсаныг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Г.НАМУУНТУЯА