Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/256

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2022            03             01                                    2022/ШЦТ/256

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Энэрэл,

шүүгдэгч О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 02 сарын 22-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, эмэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, нөхрийн хамт, ... гэх газарт оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

Галзуу овогт О.Б /РД:СВ9612.../.

 

Холбогдсон хэргийн товч агуулга:

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Mираж” зочид буудлын 303 тоот өрөөнд 2021 оны 7 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө шүүгдэгч О.Б- нь С.Б-, Я.Х-, Г.А- нарын  хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шүүгдэгч О.Б- нь Я.Х-, Г.А- нарыг буудлаас гараад явсны дараа С.Б-г унтсан хойгуур түүний эзэмшлийн Samsung S-9 загварын гар утсыг авч, 400,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 176 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруугийн дүгнэлт:

1. Шүүгдэгч О.Б- нь хохирогч С.Б-гийн Samsung S-9 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бусдад 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- Цагдаагийн байгууллагад өгсөн “2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 01 цаг 06 минутад “гар утсаа алдлаа” гэсэн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 хуудас)

- Хохирогч С.Б-гийн өгсөн “... 2.5 литртэй “Сэнгүр” нэртэй пиво 3 ширхгийг хувааж уугаад би унтаад өгсөн. ...Тэгээд би босоод хамт явах гэтэл миний гар утас байхгүй байсан. Би зочид буудалд Болороо гэх эмэгтэйтэй үлдчихсэн Алиман-Саран явчихсан араас нь явсан гэж Хадбаяр надад хэлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал)

- Гэрч Я.Х-ын “...Бид нар 304 тоот өрөөнд пиво уусан юм. 2021 оны 07 дугаар сарын 26-ны шөнө 01 цагийн орчим Алиман-Саран буудлаас гараад явчихсан байсан. Тэгэхээр нь би араас нь явах гэж гарахдаа Батгавьяад явах талаараа хэлээд буудлаас гарсан. Намайг буудлаас гарахад Батгавьяа, Болороо хоёр үлдсэн. ... Батгавьяа буудлаас гарах гэтэл миний гар утас алга болсон байна гэж хайгаад эхэлсэн....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр тал)

- Гэрч Г.А-гийн “...би О.Б-ийг харих уу гэхэд явахгүй байхаар нь түрүүлээд буудлаас гараад явсан. ...Хадбаатар над руу залгаад Батгавьяагийн гар утас нь алга болсон байна мэдэх үү гэсэн. Би мэдэхгүй гэхэд О.Б-ээс асуу гэж байсан би О.Б-ээс асуутал О.Б- уурлаад юу яриад байгаа юм. Чи найз нартайгаа нийлж хэрэгтэн болгох гэж байгаа юм уу гэж хэлээд надад уурлаад байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26-27 дугаар тал)

- “Тэнцвэр Эстимейт” ХХК-ийн 776 дугаартай “...Samsung S-9 маркийн гар утас 400,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 29-30 дугаар тал)

- Алдагдсан гэх Samsung S-9 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 11-12 дугаар тал),

- Алдагдсан гэх гар утсыг хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хавтаст хэргийн 9, 86 хуудас)

- О.Б-ийн өгсөн: “... Батгавьяаг буудалд ганцаар үлдээгээд гараад явсан. Гарахдаа Батгавьяагийн Samsung S-9 загварын гар утсыг аваад гарчихсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.

 

2. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зоригоор хүч заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Ялангуяа хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр хохирогчийг унтаж байх хойгуур нь түүний гар утсыг хууль бусаар, нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авснаар хулгайлах гэмт хэрэг төгссөн байна.

 

3. Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

 

4. Шүүгдэгч О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

5. Улсын яллагчаас шүүгдэгч О.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газраа өөрчлөх бол хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал, дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч О.Б-ээс: Гэм буруу хэргийн зүйлчлэл дээр маргахгүй, прокурорын танилцуулсан ялыг зөвшөөрч байна гэв.

 

6. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч О.Б- гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй. Хэдийгээр шүүгдэгч О.Б- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй хэдий ч хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй, шунахай сэдэлтээр үйлдэгдэг тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн үзэх боломжгүй болно. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

 

   7 . Шүүгдэгч О.Б- нь жирэмсэн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэрэг хувийн байдлыг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлууд, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн тул улсын яллагчийн ялын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 06 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

9. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж байгаатай холбоотойгоор шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэв.

 

10. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Прокуророос ... холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Галзуу овогт О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  хорих ял оногдуулахгүйгээр 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар шүүгдэгч О.Б-т “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах”, мөн “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ДАШДОНДОВ