Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/00975

 

 

 

 

 

 

 

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2018/00975

Улаанбаатар хот

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

         Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 5 дугаар хороо, Энхтайвны өргөн чөлөө-125, өөрийн байранд байрлах Т ХК-ийн нэхэмжлэлтэй

 

            Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ТЗ ХХК-д холбогдох цемент худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлт нийт 85.473.635 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа, хариуцагчийн төлөөлөгч Т.Мөнхтулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тэдмэнт ХХК нь Т ХК-иас нийт 57.986.760 төгрөгийн цемент худалдан аваад төлбөр төлөөгүй. 2017 оны 06 дугаар 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээний дагуу төлөөгүй тохиолдолд хоног тутам 0.3 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Иймд цемент худалдан авсан төлбөрт 57.869.760 төгрөг, алданги 27.603.875 төгрөг нийт 85.473.635 төгрөг 52 мөнгө хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Бүжинлхам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн зүгээс эвлэрэх саналтай байна гэсэн боловч өнөөдрийг хүртэл талууд эвлэрэн хэлэлцээгүй тул уг хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нарандаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талууд цемент худалдах худалдан авах гэрээг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр хүртэл 1 сарын хугацаатай байгуулж, нэг бүрийн үнийг 145.000 төгрөгөөр, 316.93 тонн цемент авахаар тохиролцсон. Төлбөрийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дотор урьдчилгаа төлбөр 15.200.000 төгрөгийг худалдагч талын дансанд шилжүүлнэ, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дотор гүйцэтгэнэ гэсэн гэрээтэй байсан. Үүний дагуу төлбөр хийгдэж, тооцоо нийлсэн актаар үлдэгдэл нь 57.869.760 төгрөг болсон. 2015 оны 11 дүгээр сард төлөгдөөгүй учраас 2017 оны 06 дугаар сард үлдэгдэл 57.869.760 төгрөгт 2 талын нягтлангууд тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ хийсэн ба нэгэнт төлөөгүй 2 жил болсон учраас алданги 0.3 хувиар төлнө гэсэн байсан. Техник импорт ХХК хугацаа дууссанаас хойш 2017 оны 06 дугаар сар хүртэл ямар ч алданги тооцоогүй ба зөвхөн үлдэгдэл төлбөр 57.869.760 төгрөгт төлбөр барагдуулах гэрээ хийсэн. Улмаар Тэдмэнт ХХК хугацаандаа төлбөрөө төлөөгүй, удаа дараа шаардсан, Тэдмэнт бетон зуурмаг ХХК-ийн захирал н.Мөнхбаяр төлнө гэж албан бичиг хийж өгсөн. Шүүх хурал болсноос хойш хариуцагч талаас эвлэрэх саналтай байна гэж шүүх хуралдааныг 2, 3 удаа хойшлуулсан. Талуудын тооцоо нийлсэн актад нягтлангууд алданги тооцоогүй гэдэг нь харагдана. Алданги тооцсон бол тусад бичиж, тооцоо нийлсэн акт хийх байсан. Алданги тооцох нь үндэслэлтэй. Учир нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга, цементийг их хэмжээгээр татдаг учраас онцлогтой бараа тул хэрвээ хариуцагч талын мөнгийг авч, эргэлтэд оруулсан бол 2 жилийн хугацаанд төлбөр олох боломж байсан. Зөвхөн 5 сарын хугацааны алданги тооцсон. Хэрвээ алдангийг хангахгүй бол нэхэмжлэгч талын эрх ашиг хохирно. Иймд үлдэгдэл төлбөр болон түүний дагуу төлбөр барагдуулах гэрээний 4 дүгээр зүйлд заасны дагуу 2017 оны 06 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сар хүртэл хоног тутам 0.3 хувиар бодож, 27.603.075 төгрөг, нийт 85.473.635 төгрөгийг Тэдмэнт бетон зуурмаг ХХК-с гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч ТЗ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхтулга шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т ХК нь Тэдмэнт бетон зуурмаг ХХК-иас цементийн төлбөрт 57.869.760 төгрөг, алданги 27.603.875 төгрөг нийт 85.473.635 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. Цемент худалдах, худалдан авах гэрээний дагуу 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл нэхэмжлэгч нь хариуцагчид 316.93 тн цемент буюу 45.954.850 төгрөгийн цементийг нийлүүлсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах гэрээг үндэслэн дахин алданги нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хариуцагчийн зүгээс 57.869.760 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа. Алданги 27.603.875 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь талуудын хооронд 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр цемент нийлүүлэх гэрээ хийсэн. Тус гэрээний дагуу нийт 316.93 тонн цементийг нэг тонныг 145.000 төгрөгөөр тооцож, худалдан авахаар тохиролцож, гэрээ хийсэн. Нэг сарын хугацаатай гэрээ байсан бөгөөд 11 дүгээр сарын 30-ны өдөр нийт 316.93 тонн цементийн үнийг төлж дуусах байсан. 316.93 тонн цемент нь нийт 45.954.830 төгрөг болж байдаг. Бид 11 дүгээр сарын 30-ны өдөр буюу хугацаандаа төлбөрийг өгч чадалгүй явсаар байгаад алдани бодогдож, нийт 57.869.760 төгрөг болж, уг төлбөр дээр бид бүхэн эвлэрлийн гэрээ хийсэн байдаг. 2015 оны уг гэрээний төлбөрийг хугацаанд өгөхгүй бол гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувиар хоног тутам алданги тооцно гэсэн байдаг. Нийт 316.93 тонн цементийг 145.000 төгрөгөөр худалдаж авахаар 45.954.850 төгрөг болно. Гэтэл үүнээс урьдчилгааг хасахад 30.750.850 төгрөгийн үлдэгдэлтэй байж байгаад үүнээс алданги тооцож, 57.869.760 төгрөг болсон. Өмнөх шүүх хуралдаан нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гэрээний дагуу цемент авсан. Тооцоо нийлсэн актын дагуу 57.869.760 төгрөг болж, 2 талаас үүнийг хүлээн зөвшөөрч, төлбөр барагдуулсан гэрээ хийсэн. Цемент нийлүүлэх гэрээ нь онцлогтой бөгөөд их хэмжээгээр татан авалт хийдэг учраас богино хугацаанд төлөлт хийх хэрэгтэй байдаг. Нэг сарын хугацаанд төлөх ёстой байсныг огт төлөөгүй 3 жил болж байна гэсэн. Үүнээс харахад төлбөрөө төлж чадаагүй болохоор алданги тооцсон харагдаж байна. Талуудын хооронд одоогийн байдлаар үлдэгдлийг хугацаандаа багтааж төлье, төлж чадахгүй бол алданги тооцно гэдгийг харилцан зөвшилцсөн. Тэгэхээр алдангаас алданги тооцсон гэдэг нь агуулгаасаа харагдаж байна. Нэгэнт тооцоо нийлж, хүлээн зөвшөөрч, хүчин төгөлдөр гэрээ байхад нотлох баримт гаргах шаардлагагүй, алданги тооцсон гэсэн баримт хэрэгт байгаа гэж байна. Тэгэхээр 2010 оны алданги тооцсон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа хэлбэр  юм. Алданги тооцсон 57.869.760 төгрөг дээр төлбөр барагдуулах гэрээ хийсэн. 2017 оны 06 дугаар сард байгуулсан төлбөр барагдуулах гэрээгээр дахин алданги тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, ашиг олох зорилготой. Иймд үндсэн төлбөрийг өгнө, харин алдангид бодсон 27.603.875 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

          Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

                                                                                                                             ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХК нь хариуцагч ТЗ ХХК-д холбогдуулан гэрээний төлбөрт нийт 85.473.635 төгрөг 52 мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд  гаргажээ.

 

Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Т ХК-ийн 2012 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор Д.Ганцэцэгийг гүйцэтгэх захирлаар томилон ажиллуулж, нэхэмжлэгч Т ХК болон хариуцагч ТЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Энхбаяр нарын 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан төлбөр барагдуулах 20 дугаар гэрээ, зохигчийн тайлбарууд зэрэг нотлох баримтуудаар талууд 57.869.760 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дотор төлж барагдуулах, хугацаандаа төлөөгүй нөхцөлд хариуцагч  0.3 хувиар алданги тооцож, үндсэн төлбөрийн хамт төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна.

Нэхэмжлэгч нь талуудын 2016 оноос 2017 оны бараа-цементний болон алданги бодсон тооцоо, хариуцагч талаас Т ХК болон  хариуцагч ТЗ ХХК харилцан тохиролцож, 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 316.93 тн хэмжээтэй барааг 145.000 төгрөгөөр тооцож, барааны үнийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны дотор урьдчилгаа 15.200.000 төгрөгийг худалдагч талын дансанд шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 30-ны дотор төлж гүйцэтгэх цемент худалдах худалдан авах гэрээ зэрэг баримтуудыг тус тус шүүхэд ирүүлжээ.

 

           Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй, мөн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэж заасан байна.

 

Хариуцагч ТЗ ХХК нь Т ХК-иас 57.869.760 төгрөгийн бараа-цемент худалдаж аваад төлбөрийг төлөөгүй, нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй талаас үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй ба ТЗ ХХК-ийн гүйцэтгэх захирал Ө.Энхбаяр уг төлбөрийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төлж барагдуулах хүсэлтийг бичгээр гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзнэ.

 

 

Иймд хариуцагч ТЗ ХХК-иас  бараа-цемент худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 57.869.760 төгрөг, алданги 27.603.875 төгрөг, нийт нийт 85.473.635 төгрөг 52 мөнгө гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585.320 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж  585.320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгохоор шийдвэрлэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ТЗ ХХК-иас цемент худалдах худалдан авах гэрээний үлдэгдэл 57.869.760 төгрөг, алданги 27.603.875 төгрөг, нийт нийт 85.473.635 төгрөг 52 мөнгө гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 585.320 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж    585.320 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй, шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

                                            

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ                        Л.НАРАНГЭРЭЛ