Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/01207

 

 

 

 

 

       2018 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2018/01207

                Улаанбаатар хот

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхжаргал даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т Сөх -ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Э.Э-д холбогдох,

 

СӨХ-ны төлбөрт 1 980 790 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Алтанцэцэг, хариуцагч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ариунтуяа нар оролцов.

                              ТОДОРХОЙЛОХ нь:    

 

           Нэхэмжлэгч Т Сөх -ны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжиж төлөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: СӨХ-ны хуримтлал төлөхийг удаа дараа шаардсан шаардлагыг биелүүлээгүй тул Иргэний хуулийн 147-р зүйл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасан заалтыг үндэслэн СӨХ хуримтлалын 1 980 790 төгрөг, нотариатын зардал 6000 төгрөг нийт 1 980 790 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Э.Э шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Засвар үйлчилгээ гэсэн хэсэгт 3 жил буюу 36 сарын хугацаанд нийт 459 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд уг төлбөрийг барилгын тухай хуулиар орон сууцыг шинээр ашиглалтанд оруулсанаас хойш 3 жилийн хугацаанд барилга гүйцэтгэсэн Синопийк ХХК-иас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Амьтан тэжээсний 1 сарын 5 000 төгрөгийг 2015 оны 4 сараас 2015 оны 12 сарыг дуустал 45 000 төгрөг шаардсан байна. Манайх уг орон сууцанд амьдарсанаас хойш амьтан тэжээсэн удаа байхгүй. Мөн 35 сарын грашийн төлбөрт 525 000 төгрөг нэхэмжилсэн байна. Харин манай өмчлөлд автомашины зогсоол, граш байхгүй бөгөөд тухайн граш нь Туул ван 29-р байр 3-р орц 247 тоотод оршин суух Л.Амармэндийн өмчлөлийн авто зогсоолын төлбөрийг манайхаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Нийтийн эзэмшлийн цахилгааны сар бүрийн задаргааг гаргахдаа сар бүр ямар байдлаар төлбөрийг тооцож гаргаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд Т Сөх -ны нэхэмжлэлийн шаардлагаас 727 200 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 1 247 590 төгрөгийг төлөх үндэслэлгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т Сөх  нь хариуцагч Э.Эд холбогдуулан СӨХ-ны төлбөрт 1 980 790 төгрөг гаргуулахаар шаардсан байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 1 431 700 төгрөгийг хангаж, үлдэх 549 090 төгрөгийг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Хариуцагч Э.Э нь “...Засвар үйлчилгээ гэсэн хэсэгт 3 жил буюу 36 сарын хугацаанд нийт 459 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд уг төлбөрийг барилгын тухай хуулиар орон сууцыг шинээр ашиглалтанд оруулсанаас хойш 3 жилийн хугацаанд барилга гүйцэтгэсэн Синопийк ХХК-иас нэхэмжлэх ёстой гэж үзэж байна. Амьтан тэжээсний 1 сарын 5 000 төгрөгийг 2015 оны 4 сараас 2015 оны 12 сарыг дуустал 45 000 төгрөг шаардсан байна. Манайх уг орон сууцанд амьдарсанаас хойш амьтан тэжээсэн удаа байхгүй. Мөн 35 сарын грашийн төлбөрт 525 000 төгрөг нэхэмжилсэн байна. Харин манай өмчлөлд автомашины зогсоол, граш байхгүй бөгөөд тухайн граш нь Туул ван 29-р байр 3-р орц 247 тоотод оршин суух Л.Амармэндийн өмчлөлийн авто зогсоолын төлбөрийг манайхаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй...” гэж тайлбар гарган маргасан ба Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, 29-р байр 25 тоот орон сууцыг 2015 оны 1 сард Хүрэлбаатар гэх хүнээс худалдан авч, уг байрны төлбөрийг энэ үеэс төлөөгүй болон СӨХ-нд нэрээ солиулаагүй асуудлаар маргаангүй байна.

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3, Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууцны өмчлөгч нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд тогтоосон хэмжээгээр оролцох үүрэгтэй байна.

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар “...дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг” орон сууцны өмчлөгчөөс шаардах эрхтэй байна.  

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 7.1-д “Холбооны эрх барих дээд байгууллага нь бүх гишүүдийн хурал байна” гэж заажээ. Т Сөх -ны Удирдах зөвлөлийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор СӨХ-ны гүйцэтгэх захирлаар Л.Түвшинцэнгэлийг томилсон байх тул тус СӨХ-г төлөөлөх бүрэн эрхтэй байх ба мөн тус холбоог 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга бүртгэж гэрчилгээ олгожээ./хх-ийн 6, 7/

 

Т Сөх -ны 2015 оны 1 сарын 15-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тогтоол, 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн №02 тоот тогтоолуудаар засвар үйлчилгээний болон ашиглалтын зардлыг тогтоосон байх ба энэ нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасан “...Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй.” гэсэнтэй нийцсэн байна.

            Иймд хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.

 

Харин хариуцагч Э.Э нь өөрийн өмчлөлийн авто зогсоолгүй хэдий ч өөрийн автомашиныг хамаатан болох Туул ван 29-р байр 3-р орц 247 тоотод оршин суух Л.Амармэндийн өмчлөлийн авто зогсоолд заримдаа тавьдаг талаар тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна. Иймд хариуцагч Э.Энхгэрэлээс гражийн  цэвэрлэгээ үйлчилгээний төлбөрт гаргуулахаар тооцсон дүнг 50 хувиар тооцож 262 500 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. Түүнчлэн хариуцагч нь амьтан тэжээж байгаагүй гэж маргасан хэдий ч энэ талаараа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсгээс чөлөөлөх үндэслэлгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн дундын эзэмшлийн ус, дулаан, цахилгааны төлбөр нэхэмжилсэн дүн нь тогтоолоор тогтоосон дүнгээс илүү байх тул энэ хэсгээс 188 000 төгрөгийг хангах үндэслэлтэй. 

 

Дээрхийг нэгтгээд хариуцагч Э.Эгээс СӨХ-ны ашиглалтын зардалд  1 431 700 төгрөгийг хангаж, нэхэмжлэгч Т Сөх -д олгож, илүү нэхэмжилсэн 549 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйл болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлд зааснаар хариуцагч Э.Э нь СӨХ-ны үйл ажиллагаатай холбогдох асуудлаа холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгааг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.Эгээс 1 431 700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т Сөх -д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 549 090 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т Сөх -ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46 642 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Э.Эгээс улсын тэмдэгтийн хураамжид 37 857 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т Сөх -д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                              Б.МӨНХЖАРГАЛ