Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 1370

 

Капитал банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01286дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 70 924 385 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч Б.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Түмэнцэцэг, Б.Түмэнжаргал нар 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Анод банкнаас №13080045 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 25 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, сарын 1.95 хувийн хүүтэй орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. Зээлдэгч нар өнгөрсөн хугацаанд үндсэн зээлээс 1 374 268 төгрөг, хүүнд 11 509 015 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2 514 төгрөг тус тус төлсөн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зээл хүүгээ төлөхгүй байсан тул Анод банк 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгчийн өрийн үлдэгдлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Б.Түмэнцэцэг дээрх хаягтаа оршин суудаггүй гэх тул нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасны дагуу Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 716 тоот шийдвэрээр үндсэн зээлдэгч Б.Түмэнцэцэгийг эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Анод банк татан буугдсан учраас 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №301/2011 ЭХА тоот Анод банк болон Капитал банкны хооронд байгуулсан "Шаардах эрх шилжүүлэх гэрээ-гээр Б.Түмэнцэцэг, Б.Түмэнжаргал нарын зээл нь Капитал банкинд шилжиж ирсэн. Шилжүүлж буй шаардах эрхийн хэмжээ нь 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 33 464 244 төгрөг буюу 23 625 732 төгрөгийн үндсэн зээл, 9 832 812 төгрөгийн хүү, 5700 төгрөгийн нотариатын зардал ба зээлийн гэрээнд заасны дагуу цаашид тооцогдох хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад зардал зэргийг шинэ үүрэг гүйцэтгүүлэгч болох Капитал банк ХХК хүлээн авсан. Дээрх "Шаардах эрх шилжүүлэх гэрээ" нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлд нийцэн байгуулагдсан. Зээлдэгчид зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгон 13080045 тоот барьцааны гэрээ байгуулж, Дархан сум 5-р баг, 20 хороолол, 2 дугаар байрны 3 тоот Улсын бүртгэлийн Ү-2003003622 дугаартай, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний 000053421 дутаартай 39 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаалуулсан. Өнөөдрийг хүртэл хугацаанд зээлдэгч Б.Түмэнцэцэг олдохгүй байх бөгөөд Солонгос улсад оршин сууж байгаа гэх тул хамтран зээлдэгч Б.Түмэнжаргалаас зээлийн төлбөрийг нэхэмжилж байна. Зээлийн өрийн үлдэгдэл нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар үндсэн зээл 23 625 732 төгрөг, зээлийн хүү 41 031 679 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6 240 974 төгрөг, нийт 70 904 385 төгрөг байна. Иймд зээлдэгч Б.Түмэнжаргалаас 70 924 385 төгрөгийг гаргуулж, энэ мөнгийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Түмэнжаргал шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие өөрийн дүү Б.Түмэнцэцэгийн нэр дээр Анод банкнаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр №13080045 тоот зээлийн гэрээ байгуулан 25 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, cap бүрийн 1.95 хувийн хүүтэй зээлсэн. Уг зээлийг авахдаа өөрийн төрсөн эцэг Х.Базарын 2 өрөө орон сууцыг худалдаж, уг зээлийн урьдчилгаанд 20 000 000 төгрөгийг төлсөн. Зээл авснаас хойш cap бүр 510 000 төгрөгийг Анод банкны үйл ажиллагаа зогстол төлсөн. Анод банк үйл ажиллагаа явуулахаа больсны дараа Дархан-Уул аймгийн Анод банкны захирал болон эдийн засагч нартай уулзахад та одоо мөнгөө бүрэн төлөх боломтой юу, хэрэв төлөх боломжгүй бол таны зээл Монгол банкинд шилжинэ гэж хэлсэн. Дараа нь Монгол банкны холбогдох ажилтантай нь очиж уулзахад асуудал шийдвэрлэгдээгүй байсан. Харин 2016 оны 8 дугаар сард Капитал банкнаас над руу залгаад ирж уулз гэсэн. Би Дархан-уул аймгийн Капитал банкны төв салбарын захиралтай очиж уулзахад Анод банкны эрхийг Капитал банкинд шилжүүлсэн гэрээг танилцуулсан. Та одоо үндсэн зээлээ төлөх боломжтой юу гээд намайг ямар бодолтой байгаа талаар асуусан. Харин би шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байгаа талаар хэлсэн. Харин Төв Капитал банкны хуулийн зөвлөх Ч.Лувсанцэрэнтэй, мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн хэлтэст очиж уулзах хэрэгтэй гэж хэлсэн. Цагдаагийн хэлтэст очиж, мэдүүлэг өгсөн ба мэдүүлэгтээ дүүгээ энэ зээлд ямар ч хамааралгүй гэж хэлсэн. Б.Түмэнцэцэг нь Анод банкны найдвартай зээлдэгч байсан, 6 дахь удаагаа надад туслахаар зээл авч өгсөн. Б.Түмэнцэцэг нь албан ёсоор Дархан-Уул аймгийн 11 дүгээр баг, 2 дугаар байрны 44 тоотод оршин суудаг. Түүний 2 охин нь Дархан-Уул аймгийн тус хаягт амьдарч байна. Том охин нь өнгөрсөн жилээс БНГУ-д хэлний бэлтгэлд сурч байна. Бага охин нь тус аймгийн 19 дүгээр сургуулийн 6 дугаар ангид суралцдаг. Миний дүү 2 хүүхдээ ганцаараа өсгөн хүмүүжүүлж байна. Тэрээр 2010 оноос эхлэн Европын улс руу цагаачлан амьдарч байна. Иймд би уг асуудлыг өөрөө хариуцан барагдуулах болно. Мөн барьцаанд байгаа байранд хүн амьдрах боломжгүй тул Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ асуудлыг Монгол банкаар шийдвэрлүүлэх хүсэлттэй байна. Аавынхаа үлдээсэн байрыг худалдаж, нэг газар ажиллуулах гэж зээл авсан боловч эцэст нь би юу ч үгүй үлдсэн. Миний бие зээл авсан талаар маргаагүй. Би 2010 оны 10 дугаар сард Дархан-Уул аймгаас Улаанбаатар хотод шилжин ирж амьдарч байна. Нэхэмжлэлээс үндсэн зээл 23 625 732 төгрөг байгааг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүйв Учир нь миний бие төлбөрийн чадваргүй, банкны буруутай үйл ажиллагаа үүнд нөлөөлсөн. Иймд банк хоорондын асуудал дунд иргэн хүн хохирч байгааг харгалзан шүүх үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч Б.Түмэнжаргалаас 23 625 732 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож, үлдэх хэсэг 47 278 653 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Түмэнжаргал нь 23 625 732 төгрөгийг сайн дураараа төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003622 дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байрны 3 тоотод байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны байрыг албадан худалдан шийдвэрийн биелэлтийг хангуулж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512 572 төгрөгийг орон нутгийн төсөвт үлдээж, хариуцагч Б.Түмэнжаргалаас 276 079 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Капитал банкны нэхэмжлэлтэй энэхүү иргэний хэргийг шийдвэрлэхэд Иргэний хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацаа ач холбогдолтой байна" гээд "Хөөн хэлэлцэх хугацаа тоолох шаардлага хэзээ үүсэх, хэдийд тоолох эсэхийг Иргэний хуулийн 76 дугаар зүйл 76.1, 76.2 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох ба эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдсэн байх үеэс шаардах эрх үүсэх журамтай", Капитал банк 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Анод банкны эрх хүлээн авагчаас шаардах эрх шилжүүлэн авснаар зээлийн гэрээтэй холбоотой эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан тул энэ өдрөөс шаардах эрх үүссэн байна. Ингээд Иргэний Хуулийн 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д заасныг үндэслэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 3 жил дууссан боловч хариуцагч Г.Түмэнжаргал нь үндсэн зээл 23 625 732 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Б.Түмэнжаргалаас 23 625 732 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 47 278 653 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн /Иргэний Хуулийн 76.1,76.2-дахъ заалтыг/ гэж үзэж байна. Зээлийн гэрээний үүрэгт хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилэх боловч хөөн хэлэлцэх хугацааг 2011.11.21-ний өдрөөс буюу Анод банкны эрх хүлээн авагчаас шаардах эрх шилжүүлэн авсан өдрөөс эхэлж тоолсон нь буруу юм. Учир нь зээлийн гэрээний хугацаа2023.01.25-ний өдөр дуусах тул хөөн хэлэлцэх хугацааг гэрээний хугацаа дуусах огнооноос эхэлж тооцох нь зүйтэй. Гэрээний хүчинтэй хугацааны дотор зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө хэдийд цуцалж зээлийн төлбөрийг хэзээ шаардах эрх нь зээлдүүлэгчийн эрх болохыг шүүх анхаарах нь зүйтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэхь хэсэгт дурдсан нэхэмжлэлийн шаардлагаас 47 278 653 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэснийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан хэргийн оролцогчийн эрхийг хангах талаар хийвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн боловч хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болоогүй байна.

 

Нэхэмжлэгч Капитал банк ХХК хариуцагч Б.Түмэнжаргалд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 70 924 385 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч банк, санхүүгийн байгууллагын дампуурал, үйл ажиллагааны ойлгомжгүй байдлын улмаас зээлийн гэрээний үүргийн зөрчилгүй явж байсан иргэн хохирсон тул үндсэн зээл 23 625 732 төгрөгийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй, төлбөрийн чадваргүй гэж маргажээ.

 

Хариуцагч Б.Түмэнцэцэг, Б.Түмэнжаргал нар 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр тухайн үеийн Анод банкнаас зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 25 000 000 төгрөгийг 180 сарын хугацаатай, сарын 1.95 хувийн хүү төлөх, хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр орон сууц худалдан авах зориулалтаар зээл авсан. /хх.4-7/ Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө барьцаалж, 2008 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 13080045 тоот барьцааны гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. Энэхүү барьцааны гэрээний зүйл нь Б.Түмэнцэцэгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2003003622 дугаарт бүртгэгдсэн Дархан-уул аймгийн 5 дугаар баг, 20 дугаар хороолол, 2 дугаар байрны 3 тоотод байрлах 39 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц /хх.12/ бөгөөд зээлийн болон барьцааны гэрээнүүд бичгийн хэлбэртэй, нотариатаар гэрчлүүлсэн, улсын бүртгүүлсэн байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Мөн Анод банк ХК-ийн шаардах эрх Капитал банк ХХК-д шилжсэн нь Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч болон Капитал банк ХХК-ийн хооронд байгуулагдсан 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр №301/204ЭХА дугаар Шаардах эрх шилжүүлэх гэрээ, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн зээлдэгч Б.Түмэнцэцэгт явуулсан мэдэгдэл зэрэг баримтуудаар тогтоогдож байна. /хх.8, 11/ 2011 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр №301/204ЭХА дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээ нь агуулга болон улсын бүртгэлд бүртгэгдсэн хэлбэрийн байдлаараа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх тул Капитал банк ХХК нь дээр дурдсан зээлийн болон барьцааны гэрээний талаар шаардлага гаргах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Түмэнцэцэг, Б.Түмэнжаргал нар хамтран зээлдэгчээр оролцож гарын үсэг зурсан, хариуцагч Б.Түмэнжаргал нь дүүгийнхээ нэрээр зээл авсан гэх тайлбар гаргасан тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийг хамтран хариуцагч нар гэж үзнэ. Гэхдээ шаардах эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгч нь хамтран зээлдэгч хэн нэгэнд холбогдуулж шаардлага гаргах эрхтэй байна.

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 716 дугаар шийдвэрээр хариуцагч Б.Түмэнцэцэгийг эрэн сурвалжлуулах ажиллагаа хийснээс биш, өөрөөр хариуцагч Д.Түмэнжаргалд холбогдуулан хамтран зээлдэгч гэж үзэж үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй. Хариуцагч Б.Түмэнжаргалын хувьд нэхэмжлэгчийн зүгээс шаардах эрхийг шилжүүлэн авсан талаар мэдэгдэх хүртэл Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө үүргийг гүйцэтгэх үүрэгтэй. Зээлийн гэрээний анхны үүрэг гүйцэтгүүлэгч болох Анод банк татан буугдсанаар эрхийг нь шилжүүлэн авсан этгээдийн талаарх мэдээллийг хариуцагч Б.Түмэнжаргалд өгсөн талаар хэрэгт баримт авагдаагүй байх тул 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлдэгчийн өрийн үлдэгдлээр Б.Түмэнцэцэгт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, /хх.10/ Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүргийг гүйцэтгэх нөхцөл байдлыг бий болгох буюу үүргийг хугацаанд нь гүйцэтгэх талаар үүрэг гүйцэтгэгчид буюу хариуцагч Б.Түмэнжаргалд мэдэгдээгүй байх тул хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч Капитал банк ХХК нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүргийн гүйцэтгэлтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү шаардах эрхээ алдсан байна.

 

Шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Учир нь талуудын хоорондын зээлийн гэрээний дагуу төлбөрийг төлж дуусах хугацаа гэрээ байгуулснаас хойш 180 сарын дараа буюу 2023 он гэдэгтэй талууд маргаагүй, энэ талаар орон сууцны зээлийн гэрээний 2.2-т тодорхой заасан. Түүнчлэн хариуцагч нь гэрээгээр тохирсон хүүг сар бүр тодорхой тогтсон хуваарийн дагуу төлөх ёстой байсан нь хариуцагчийн тайлбар, /хх.17-20/ талуудын гэрээний 3.1-д гэрээ байгуулагдсан үеэс хүүг сар бүр төлөхөөр гэж зааснаар тогтоогдож байна. /хх.4/ Сар бүр хүү төлөх гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 3 жилээр тооцвол нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргасан 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс өмнөх 3 жилийн хугацааны сар бүр төлбөл зохих хүүг шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, харин түүнээс өмнөх сар бүрийн хүү төлөх шаардах эрхийн хугацаа өнгөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзэв.

 

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 23 625 732 төгрөгт 36 сарын хүү 16 585 236 төгрөгийг хариуцагч Б.Түмэнжаргалаар төлүүлэхээр шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар авсан зээлийн хүүг гэрээгээр тохиролцсон хэмжээнд төлөх үүрэгтэй тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ талаар өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын заримж хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2017/01286 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Түмэнжаргалаас нийт 40 210 995 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК-д олгож үлдэх 30 713 390 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг ...нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512 572 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэснийг ...нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 512 572 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Түмэнжаргалаас 276 079 төгрөг гаргуулан гэснийг 359 004 төгрөг гаргуулан гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 394 344 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Н.БАТЗОРИГ

    ШҮҮГЧИД                                             Б.НАРМАНДАХ

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.ОЮУНТУНГАЛАГ