Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/239

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Намуунтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Д.Ганчимэг

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хэлмэрч Г.Содмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Д.Ганчимэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2221000000234 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, хүүгийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Зангиатын ******* тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэл: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/157 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан, хэл ярианы бэрхшээлтэй, ******* овогт ******* ******* /РД: *******/

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоот хашааны гадна 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах, хөнгөрүүлэх нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Улсын яллагчийн уншсан яллах дүгнэлттэй таарч байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв. /Г.Содмаагийн хэлмэрчилснээр/

 

            Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би гэрийнхээ хашааны үүдэнд нөхөр *******тэй таарсан. Энэ үед ******* надад хүү бие өвдсөн, чи эмний мөнгө өг гээд хэрүүлийн шинжтэй хэлсэн. Тэгэхээр нь би ******* хандаж би байнга мөнгө өгдөг, чи энэ удаа мөнгө өг, ээжээсээ ав гэж хэлсэн. Тэгээд ******* миний хувцаснаас зулгаагаад зүүн хөлийг хавираад 3 удаа газар унагаад дээрээс нь нэмээд хөлийг маань 3 удаа өшиглөөд мөнгө өг гээд цүнхийг маань булаагаад яваад өгсөн. Тэр үед гэж хүн харж байсан бөгөөд *******ийн араас гүйж очоод миний цүнхийг булаагаад авчирч өгсөн. ...зүүн хөлийн шагай болон шилбэнд гэмтэл учирсан. Би эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/

 

            Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...найз ын гэрт очиход нөхөр ******* нь хашаанаасаа гарч ирээд мөнгө нэхсэн чинь өгөхгүй гэхэд нөхөр нь 3 удаа хөлийг нь хавираад унагаасан. Тэгээд цүнхийг нь аваад явахаар нь би араас нь очиж цүнхийг нь авчирч өгсөн. босож чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/

 

            Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 383 тоот дүгнэлтэд:           

1. ******* биед зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32-33/

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би гэрийнхээ үүдэнд эхнэр тай таараад хүү бие өвдөөд байна, мөнгө байна уу гэж гуйсан чинь би дандаа өгдөг, чи өөрөө өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би д чи хүүдээ өгөх хэрэгтэй гэхэд мөнгө байхгүй гээд өөдөөс салаавч гаргаж нулимаад чи ээжтэйгээ хамт хүүгийнхээ асуудлыг өөрөө хариуц, надад хамаагүй гэж хэлсэн. Ингээд миний уур хүрээд баруун гараараа мөр рүү нь түлхээд баруун хөлөөрөө хавираад унагасан...” гэжээ. /хх-ийн 41/

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07/

-Хохирогч ******* Цагдаагийн газар гаргасан өргөдөл /хх-ийн 08/

-Шүүгдэгч *******ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-45/

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

-Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-53/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өглөө 07 цагийн үед Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг тоот хашааны гадна хохирогч ******* таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хавсарч унаган эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч , гэрч нарын мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 23ы өдрийн 383 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд зүүн хөлийн гадна хавчаар ясны далд хугарал, зүүн шагайн үенд зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирсан болох нь Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 383 тоот дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан байна.

 

Шүүгдэгчид холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч ******* *******ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

 

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 1,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаарх баримтыг гаргаж ирүүлээгүй байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Хохирогч ******* энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ******* зургаан зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5. Хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Г.НАМУУНТУЯА