Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/889

 

 

 

 

 

 

 

 

     2022       7          05                                2022/ШЦТ/889

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч М.Мөнхбаатар нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,

Улсын яллагч П.Ширэндэв /томилолтоор/,

Иргэдийн төлөөлөгч Д.Гончиг,

Шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаар хэргийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх.

   Боржигон овогт Х.Б /рд:це8512.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Х.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Miraj” зочид буудлын хашаан дотор иргэн Б.А-, Д.Б- нар хамт архи ууж байхад нь тааралдаж “Чи хувцсаа муухай болгож болохгүй, авч өгсөн хувцас хог түүгээд муухай болгох гээд байх юм, хог түүдэг хувцсаа өмсөөч” хэмээн хэлж хамт сууж байгаад архинаас нь нэг татчихаад Д.Б-н хамт салаад явахад араас нь Б.А- очиж улмаар өөрийг нь заамдаж авах зэргээр зүй бус үйлдэл гаргах үед нь түүний нүүр, толгойн тус газарт гараараа цохих, мөргөх, улмаар газар унасан нь хойно толгой хэсэг рүү нь гараараа цохих, гутлаар олон удаа өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүдийг учруулж тэр дороо ухаан алдаж босох чадваргүй болгосон улмаар эмчилгээ хийгдэж байгаад дээрх гавал тархины битүү гэмтлийн хүндрэлийн улмаас 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдөр нас барж, хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 765 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан  баримтууд зэргийг шинжлэн судлав.

 

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

1. Гэм буруугийн дүгнэлт: 

Шүүгдэгч Х.Б-, түүний өмгөөлөгч Л.Цэндоо нар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

 

Иргэдийн төлөөлөгч: Алах гэсэн шууд санаа зорилго байгаагүй боловч хүний амь хохирсонд буруутай гэж дүгнэж байна гэв.

 

Х.Б-гийн үйлдсэн гэмт хэрэгт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү гэх саналыг шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл: Шүүгдэгч Х.Б-, хохирогч Б.А-, гэрч Д.Б- нар 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Miraj” зочид буудлын хашаан дотор архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Шүүгдэгч Х.Б- гэрч Д.Б-н хамт алхаад явж байх үед хохирогч Б.А- араас нь очиж “ална шүү” гэж дайран маргалдан ноцолдох явцад Х.Б- нь хавсарч унаган, нүүр, толгойн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг олон удаагийн үйлдлээр зодож тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүдийг учруулах зэргээр ухаангүй болтол нь зодсон, улмаар дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас эмчилгээ хийгдэж байгаад нас барсан болох нь:

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл “... амь хохирогч эхэлж шүүгдэгчийг заамдаж аваад ноцолдох явцад түүнийг хавсрах, мөргөх зэргээр газар унагаж улмаар гараар болон хөлөөрөө толгой хэсэг рүү нь олон удаагийн үйлдлээр цохиж, зодон ухаангүй болгоод орхиод явж байгаа ...” (хавтаст хэргийн 7-9, 18-25 хуудас),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.М-ын “...Би энэ асуудлын талаар яг сайн мэдэхгүй байна, ээжийн хэлснээр хамт архи уудаг хүнтэйгээ муудалцаад тэр хүн нь зодож биед нь гэмтэл учруулсан гэсэн юм. Тэгээд тухайн үедээ Гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж тархи, толгойны хагалгаанд орж сэхээний тасагт түр хэвтэж эмчлүүлээд гавал тархины тасагт шилжин эмчлүүлж байсан юм. Эмчлүүлж байх хугацаандаа ухаан ороогүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй байсан ба манай ээж Батчимэг сахиж байгаад ээжийн бие нь муудаад эмнэлгээс гарсан юм. Тухайн үед ээж маань "Эмчилгээ маш сайн хийгдсэн" гэж хэлсэн ба уржигдар буюу 2022 оны 05 сарын 02-ны орой Гэмтлийн эмнэлгээс "Эмнэлгийн зүгээс хийгдэх бүх эмчилгээг хийсэн боловч биед нь нөлөө үзүүлэхгүй байна, одоо эмнэлгээс гаргая" гэсний дагуу Гэмтлийн эмнэлгээс гаргаж манай гэр болох Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, цээнийн 1-70 тоотод авч ирсэн юм. Манай гэрт ирснээс хойш биеийн байдал дээрдэхгүй, ухаан орохгүй байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 04-ний өглөөний 05 цагийн орчим амьсгалахаа больчихоор нь 103-т дуудлага өгөөд түргэний эмч ирж үзээд амьсгал хураасан байна гэсэн юм. Тэгээд удалгүй цагдаа болон шүүх эмнэлэг ирээд аваад явсан юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-36 хуудас),

- Гэрч Б.А-ын “...Би ...Мираж төвийн камерын хянагчаар ажилладаг юм 2022 оны 4 сарын 12-ны өдөр ажлын байран дээрээ камерын хяналтын дэлгэц үзэж байхад өдөр 15 цагийн үед яг манай төвийн урд талбай дээр үүдний хэсэгт 1 хүн ухаангүй байдалтай хэвтэж байсан тэгээд би гарч очоод босоорой гэж хэлэхэд тэр хүн дуугарч чадахгүй, нүүр амнаас нь их хэмжээний цус гарсан байдалтай хэвтэж байхаар нь байгууллагын менежер Дарийсүрэнгийн утсаар 103-т залгаж дуудлага өгч болсон асуудлын талаар хэлэхэд дуудлага хүлээн авлаа, давхар цагдаа дуудаарай гэж хэлсний дагуу цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн. ...цагдаа манай хяналтын камерыг шүүхэд тэр хүнийг манай урд талбай дээр үл таних 1 хүн зодож байгаа бичлэг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 37-39 хуудас),

- Гэрч Д.Б-н “...2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ...Алтаншагай бид хоёр Миражийн тэнд хог түүгээд байж байсан чинь нэг мэдэхэд Баатархүү хүрч ирээд “Чи хувцсаа муухай болгож болохгүй, авч өгсөн хувцас хог түүгээд муухай болгох гээд байх юм, хог түүдэг хувцсаа өмсөөч” гэсэн ба бид хоёрт 1 шил 0,75 литрийн архи авч өгөөд бид хоёр талд нь ортол уугаад байж байсан ба Баатархүү уухгүй гэж байгаад за за ганц татчихъя гээд 50 гр орчим л уучхаад дахиж уугаагүй... тэгээд Баатархүү бид хоёр алхаад явж байтал Алтаншагай араас хүрч ирээд Баатархүүг барьж аваад “Ална шүү” гээд дайраад байхаар нь би боль гээд хэлсэн боловч салахгүй байсан... тэгсэн Баатархүү барьж байгаад хавсарч газар унагаагаад гар, хөлөөрөө нүүр толгой руу олон удаа цохисон, хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй байна. ...одоо боль гээд хэлсэн боловч Баатархүү “танд хамаагүй” гээд орилохоор нь би айчихсан юм тэгээд Алтаншагай газар хэвтээд үлдсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-51 хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 5721 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн “...Б.А-н биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальс доорх цусан хураа, тархи дарагдалт, баруун хоншоорын ар ханын хугарал, толгой, нүүрний зөөлөн эдийн няцрал, уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр цохих механизмаар үүсгэгдсэн шинэ гэмтэл. Өөртөө учруулах боломжгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 58-59 хуудас),

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн 1322 дугаартай шинжээчийн “...Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтэл тогтоогдлоо. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцралын улмаас их, бага тархины аалзан хальсны үрэвсэл, тархи хавагнах хүндрэл үүсэх хүртлээ амьд явах боломжтой. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтлүүд нь амьд үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай чамархайн хатуу хальсан доорх архаг цусан хураа, аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, зүүн зулайн тархины эдийн голомтлог няцрал гэмтлүүд нь хунд, баруун хоншоорын ар хананы хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Талийгаач нь ходоодны салстын архаг үрэвсэл, элэгний архаг үрэвсэл, зүрхний булчингийн томрол зэрэг өвчтэй байх ба эдгээр нь үхэлд хүргээгүй байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж, тархины аалзан хальсан доорх үрэвслийн улмаас нас баржээ. Цогцсын гадна үзлэгээр нас бараад 24 цагаас дээш хугацаа өнгөрсөн байжээ. Тархины битүү гэмтлийн улмаас тархи хавагнаж, тархины аалзан хальсан доорх үрэвслээр хүндэрсэн байжээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 100-101 хуудас),

- Х.Б-гийн “...Би Алтаншагайг ажилд оруулах зорилгоор өөрийн өмсдөг цэвэрхэн хувцсаа өгсөн байсан юм. Тэгтэл Алтаншагай нь тэр хувцсаа өмсчхөөд хог ухаад, бохир шуудай үүрээд яваад байсан. Тухайн үед Алтаншагай нь архи уугаад согтчихсон байсан ба ер нь согтчихоороо хүмүүс рүү агсраад дайраад байдаг юм. Тэгээд гэнэт миний араас хүрч ирээд ална, хоёулаа зодолдъё гээд байхаар нь би "Хувцсаа муухай болголоо" гэж хэлсэн, тэгээд намайг заамдаж авч боогоод цохих гээд дайраад байхаар нь би тийм үйлдэл хийсэн юм. ...Дээрх гэмтлүүд нь миний Алтаншагайн нүүрэн тус газар нь баруун гараараа 2-3 удаа цохисон, тэгээд гараараа цохисныхоо дараа зүүн хөлөөрөө нүүрэн тус газар нь 2 удаа өшиглөх үед үүссэн гэмтэл байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 184-186 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

 

2. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг болно.

 

Хүнийг санаатай алах, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барсан гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогчид учруулсан гэмтэл үхэлд шууд хүргэсэн эсэх зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгөх шаардлагатай.

 

Шүүгдэгч Х.Б-гийн хувьд согтуу хүн өөрийг нь заамдаж авлаа хэмээн үл ялих зүйлээр шалтаглан түүнийг цементэн талбай дээр хавсарч унаган хүний амин хэсэг болох толгой руу нь гараар болон хөлөөрөө олон удаагийн үйлдлээр цохих, дэвслэх зэргээр зодож ухаангүй эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болсон байхад хүртэл хөлөөрөө дэвссэн үйлдлийн улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авч улмаар мэс заслын эмчилгээ хийгдсэн боловч ухаан оролгүй байсаар хүний амь нас хохирсон хор уршигт хүргэсэн нь хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан. Хэсэг хугацааны дараа амь нас хохирсон нь уг хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Шүүгдэгчийн зодсон үйлдлийн улмаас тархины хүнд гэмтэл үүсэж улмаар үхэлд хүргэсэн үр дагаварт хүргэсэн нь үйлдэл, үр дагавар хоёр шууд шалтгаант холбоотой.

 

Хохирогч хог түүдэг, шүүгдэгч өмсөх хувцаснаасаа өгдөг, ажил олж өгөх зэргээр туслалцаа үзүүлдэг байсан нөхцөл байдал тогтоогдсон боловч хэрэг гарсан цаг хугацаанд болсон шүүгдэгчийн хохирогчийг зодож буй байдал /хүний амин хэсэг болох толгойд олон удаагийн давтамжтайгаар гар, хөлөөрөө цохиж, дэвссэн/, үйлдлийн давтамж, босох чадваргүй болтол нь зодоод орхиод явж байгаа үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг /цементэн талбай дээр хүнийг унагаж толгойн тус газарт нь олон удаа хөл, гараараа цохиж, өшиглөсөн/ учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хор уршгийг хүсээгүй боловч үйлдлээрээ хүний амь нас хохирох хүнд гэмтэлд хүргэснийг шууд бус санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүх бүрэлдэхүүн өмгөөлөгчийн болон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй харин улсын яллагчийн дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн үзээд Х.Б-г хүнийг алах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

3. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнгөнцацрал нь “хохиролд 3,538,250 төгрөг хүлээн авсан гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 145 хуудас).

Харин иргэний нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас хохирогчийн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 3,353,650 төгрөгийн зардал гаргасан нь баримтаар тогтоогдож байгаа тул уг зардлыг гэм буруутай этгээдээс нэхэмжилснийг хангах үндэслэлтэй.

 

4. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч: Х.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, алах гэсэн шууд санаа зорилго байгаагүй, баримтаар нэхэмжилсэн хохирлыг мөнгөөр нөхөн төлсөн, хохирогч талаас гомдолгүй, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул хорих ялын доод хэмжээний зохих хувиар хөнгөрүүлж ял оногдуулж өгнө үү? гэх саналыг гаргасан.

 

Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчмын гол илрэл бөгөөд Шүүх сэтгэц эмгэг судлалын 90 дугаартай “...Х.Б-г ямар нэгэн сэтгэцийн өвчингүй байна. Х.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Х.Б- нь хэрэг хариуцах чадвартай байна. Х.Б- нь хэрэг үйлдэх үедээ өөрийн хийж буй үйлдлийг удирдан жолоодох чадвартай байсан байна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 89-91 хуудас)-ийг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Х.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4 дэх хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6-д заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлын хувьд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 09 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

5. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Х.Б- хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д 09 /есөн/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэрэгт хавсаргаж, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 3,538,250 төгрөг төлсөн, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар Х.Б-гээс 3,353,650 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгосугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.ДАШДОНДОВ

   

                    ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР

 

                                                ШҮҮГЧ                                  М.МӨНХБААТАР