Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
Хэргийн индекс | 188/2022/0874/Э |
Дугаар | 2022/ШЦТ/894 |
Огноо | 2022-07-06 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2022/ШЦТ/894
2022 07 06 2022/ШЦТ/894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Г.Лхагвасүрэн /томилолтоор/,
шүүгдэгч Ж.З- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.З-т холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ... төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, алт мөнгөний дархан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт, ... тоотод оршин суух хаягтай, урьд
- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэн, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Боржигон овогт Ж.З- (регистрийн дугаар:ХЖ7110...)
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Ж.З- нь Сонгинохайрхан дүүргийн 38 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр иргэн Б.Г-той маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохих үед хойш ухарч улмаар замаар явсан автомашинд хөлөө дайруулж түүний биед зүүн хөлийн шаант ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 739 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
1.Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч оролцсон.
1. Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээр шүүгдэгч Ж.З-ын автомашины зам дээр Б.Г-г цохисон үйлдлийн улмаас ухарч улмаар замаар явсан машинд хөлөөрөө дайрагдаж хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
- Хохирогч Б.Г-гийн “...би өөрийн тээврийн хэрэгслээс буугаад тухайн тээврийн хэрэгслийн жолооч дээр явж очоод тээврийн хэрэгслийн жолоочид та яаж байгаа юм гэх үед пизда минь яадаг юм? гээд миний зүүн талын шанааны дээд талд 2 удаа цохих үед би тэнцвэр алдаад хойш болох үед зүүн талын хөлөн дээгүүр нэгдүгээр эгнээгээр явж байсан 32-15 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл гарсан юм. ...Миний тээврийн хэрэгслийн ардщ талаас мөргөж намайг зодсон залуу намайг цохиж байх үед хойш тэнцвэр алдаад зүүн хөлөө хойш тавьсан чинь хажуугаар явсан тээврийн хэрэгсэл хөл дээгүүр гарсан. Иймд би намайг зодсон залууд гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 10-21 хуудас),
- Гэрч П.Н-ын “... залуу нь цохигдох үедээ хойшоо ухраад миний машины дугуйнд хөл нь дайрагдаад гэмтсэн ба миний машинд шүргэгдсэн залуу хөлөө бариад машинаа түшээд зогсоод байж байхаар нь машинаа зогсоогоод очоод харсан чинь та сая миний хөлийг дайрчихлаа гэхээр нь гэмтэл авч яваад үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-37 хуудас),
- Гэрч Х.Ж-ын “...Б.Г- гэх залуугийн зүүн шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохиод түлхэх үед баруун талаар явж байсан бонго тээврийн хэрэгсэл явж байх үед Б.Г- нь түлхэгдэх үед бонго тээврийн хэрэгслийн хойд талын дугуйнд хөл нь дайрагдсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 38-42 хуудас),
- Гэрч П.А-ын “...Би тухайн залуугаас юу болсон талаар асуухад миний сууж явсан тээврийн хэрэгслийн ар талаас мөргөсөн тээврийн хэрэгслийн жолоочтой маргах үед жолооч нь намайг түлхэх үед хажуу талаар явж байсан тээврийн хэрэгслийн дугуйнд хөл дайрагдаж гэмтсэн гэж байсан. ...Намайг тухайн үед ирэх үед миний тээврийн хэрэгслийн араас мөргөөд жолооч нь зодсон гэх тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгсэл нь байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 43-46 хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дугаар сарын 22-ны өдрийн 11483 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ бүхий шинжээчийн “...Б.Г-гийн биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-50 хуудас),
- Ж.З-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар болон шүүх хуралдаанд өгсөн “Би Ганзолбоо гэх залууг чи согтуу байж юу гээд томроод байгаа юм гээд нүүр хэсэгт нь 2 удаа гараараа цохисон. Нэг нэгнийгээ заамдалцаад зогсож байх үед Б.Г- гэх залуу хажуугаар явсан тээврийн хэрэгслийг баруун гараараа зогсож байгаарай гээд байсан. Тэгээд хажуугаар явсан бонго маркийн тээврийн тээврийн хэрэгсэл Б.Г-гийн хөл хэсгийг дайрсан. Миний буруутай үйлдлээс болж гэмтэл учирсан дээр маргахгүй....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 50-51, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг баримтаар нотлогдон тогтоогдож байна.
2. Хохирогчийн биед учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн түүнийг авто зам дээр цохиж түлхсэн гэм буруугийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, түүний хууль бус үйлдлийн улмаас гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдсан.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Ж.З-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Шүүгдэгч Ж.З- нь би хүндэвтэр гэмтэл учруулаагүй, хөлийг нь дайрсан жолооч буруутай гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн боловч түүний авто зам дээр хохирогчийг цохиж түлхсэн үйлдлийн улмаас хойш ухрахдаа авто замаар явсан бонго машины хойд дугуйнд хөл дайрагдаж хохирол учирсан нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд дүрмээрээ хажуугаар өнгөрч явсан жолоочийн арын дугуйнд хөлөөрөө дайрагдаж гэмтэл авсанд тус жолоочийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас уг хохирол үүссэн болно.
3. Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Хохирогч Б.Г- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй боловч 500,000 төгрөг авсан, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч Ж.З-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.З-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан.
Шүүгдэгч: Улсын яллагчийн гаргасан саналыг зөвшөөрч байна гэсэн.
5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч Ж.З- хохирогчид 500,000 төгрөг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ж.З-ын хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хор уршиг их биш зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэв.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ж.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.З-ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Ж.З-т үүрэг болгосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Ж.З-т мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ