| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2022/0848/Э/220/2022/0711 |
| Дугаар | 2022/ШЦТ/840 |
| Огноо | 2022-06-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 2022/ШЦТ/840
2022 06 30 2022/ШЦТ/840
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Золбаяр,
улсын яллагч Н.Ундрах,
шүүгдэгч А.А- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэйгээр явуулсан шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.А-эд холбогдох ... дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ... төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, ... тоотод оршин суух, урьд
- ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
- ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар,
- ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял шийтгүүлсэн,
Очир овогт А.А /РД:ЧО8501.../.
Холбогдсон хэргийн товч агуулга:
Шүүгдэгч А.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Дүүргийн автобусны буудал дээр хохирогч А.А-гийн эзэмшлийн Samsung S-6 маркийн гар утас, хар савхин хүрэм, цүнхийг авахаар хүч хэрэглэж довтолсон,
Бусдын эд хөрөнгийг авахаар хүч хэрэглэн довтлох явцдаа нүүрэн хэсэгт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд тархи доргилт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 622 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан баримтуудыг шинжлэн судлав.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруугийн дүгнэлт:
1. Шүүгдэгч А.А- нь хохирогч А.А-гийн эзэмшлийн Samsung S-6 маркийн гар утас, хар савхин хүрэм, цүнхийг авахаар хүч хэрэглэж довтолсон, довтлох явцдаа түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч А.А-гийн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр 21-ын автобусны буудлын орчим ажлаа тараад явж байсан чинь үл таних эрэгтэй хүн миний хойноос дагаад байгаа мэдэгдсэн юм. Тэгээд удаагүй миний зүүн мөрнөөс татахаар нь би эргээд харсан чинь үл таних эрэгтэй хүн миний зүүн мөрнөөс барьсан чигээрээ таньдаг хүнтэйгээ ярьж байгаа юм шиг намайг чи хааччихдаг юм бэ? гэхээр нь би гайхаад та хэн бэ, та миний мөрнөөс гараа авчих би таныг танихгүй гэсэн чинь миний зүүн мөрнөөс барьсан чигээрээ төмөр сараалжин хашааны сууж хэлээд намайг гуд татаад доош суулгасан. Тэгэхээр нь би тэр үл таних хүнийг та яагаад байгаа юм бэ? гэсэн чинь миний гарт байсан гар утсыг булаах гээд оролдох гэхээр би өөрийн гар утсаа өгөөгүй. Тэгээд миний цүнхнээс барьчхаад цүнхийг маань авах гээд татаад байхаар нь би өгөхгүй буцаагаад өөр рүүгээ татсан миний нүүр рүү 3 удаа хүчтэй цохисон. Тэгээд би манараад миний толгой эргээд байсан утсаа газарт алдсан юм. Тэгээд утсаа газраас авах гээд тонгойход утастай гарыг тухайн залуу тонгойгоод бариад авахаар би тэр залууг баруун мөрөөрөө цааш түлхээд өөрийн гар утсаа аваад зугтаасан чинь залуу миний хойноос хөөгөөд намайг барьж аваад миний куртикнээс татаад цахилгааныг эвдсэн. Тэр миний араас тэвэрчхээд миний куртикийг тайлах гээд оролдоод байсан. Тэгэхээр нь би эсэргүүцээд тухайн залууг өөрөөсөө холдуулсан. Тэгээд ойр орчим байсан хүнээс тусламж гуйсан чинь надад хүмүүс туслаагүй. Тэгээд автобусны буудал дээр байсан таксинд суугаад машиныг хаасан чинь миний хойноос такси дээр ирчхээд буцаад явсан. Тэгээд таксины жолооч дугаар луу залгаж дуудлага өгсөн тэр дүүргийн автобусны буудал дээр байдаг караоке руу орсон. Тэгээд аав, ээж хоёрыг дуудсан. Тэгээд удаагүй цагдаа барьж аваад эрүүлжүүлэх байранд хийсэн юм. Тэгээд утсаа дараад харсан чинь миний утас хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 26, 33 дугаар хуудас),
- Гэрч С.Н-ийн “... Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр эргүүлийн офицер цагдаагийн ахмад Ц.Батгэрэлийн хамт Дуулгат-113 чиглэлийн авто эргүүл дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад оройн 23 цаг 27 минутад Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо дүүргийн автобусны буудал дээр "нэг залуу эмэгтэй хүүхэд хөөгөөд зодоод байна гэх дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад өөрийгөө Ариунтуяа гэх эмэгтэй “Намайг гудамжинд зүгээр явж байхад үл таних залуу хамт караоке оръё гэхээр нь караоке орохгүй гэсэн чинь миний нүүр рүү гараараа цохиод намайг караокед хамт орно гээд чирсэн гэж хэлээд уйлаад, намайг зодсон эрэгтэй хүн дүүргийн автобусны буудал дээр байдаг Андууд нэртэй караоке руу орсон гэхээр нь би дуудлага өгсөн. Ариунтуяагийн хамт караоке руу ороход үл таних эрэгтэй караокены ширээн дээр сууж байсан, үл таних эрэгтэйг заагаад энэ хүн намайг зодсон гэж заахаар нь би тухайн залуугийн бичиг баримтыг шалгахад өөрийгөө А.А- гэж хэлээд регистрийг нь шалгаад Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн юм. Тухайн үед А.А- гэгч нь өөрийгөө би хүн зодоогүй зодсон бол одоо би чамд мөнгийг чинь өгье гээд агсам тавиад согтуурхаад байсан. Тухайн үед дуудлага өгсөн Ариунтуяагийн дух болон нүүр нь хавдсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),
- Гэрч Ц.Б-ны “... Би 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр халтуур хийгээд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр олны хэлж заншсанаар дүүргийн автобусны буудал дээр өөрийн Prius-20 маркийн авто машинтайгаа зогсож байсан чинь оройн 23 цагийн үед үл таних 19-20 орчим насны эмэгтэй миний машинд шууд орж ирээд надаас тусламж гуйсан. Тэгэхээр нь би болсон талаар тухайн эмэгтэйгээс асуухад миний хүн араас нэг хүн хөөгөөд зодоод байна гэхээр нь би 102 дугаар руу өөрийн 89005591 дугаараас дуудлага өгсөн юм. Тэгээд удаагүй байж байсан чинь үл таних согтуу эрэгтэй хүн ирээд миний машины хаалгыг татаад тухайн залуу миний машины ойролцоо суугаад байсан. Тэгсэн чинь миний машинд суусан эмэгтэй энэ залуу намайг зодоод миний цүнхийг авах гээд байгаа та машины хаалгаа битгий онгойлгоорой гээд айсан байдалтай байсан. Тэгээд дараа нь тэр залуу дүүргийн автобусны буудал дээр байдаг караоке рүү орсон. Тэгээд удаагүй цагдаа нар ирэхээр нь би дараагийн ажилдаа явсан юм. Тухайн эмэгтэй дух нь улайж хавдсан, куртик нь урагдсан байсан, цүнхний оосор нь тасарсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 104-106 хуудас),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 09-ний 10909 дугаартай “А.А-гийн биед тархи доргилт, дух, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, шинэ гэмтэл байна, дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт, (хавтаст хэргийн 35-36 хуудас),
- Шүүгдэгч А.А-ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа ойлгож байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 99 хуудас, шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтаар нотлогдсон.
2. Дээрэмдэх гэмт хэргийн хүч хэрэглэж гэдэгт: эд хөрөнгийг авахаар цохих, зодох зэргээр хүний амь нас, эрүүл мэнд рүү чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй үйлдлээр илрэх ба А.А-ийн үйлдэл дээрх шинжийг хангаж байгаа.
Мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдэх явцдаа хүний эрүүл мэндэд халдаж хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно гэсэн хуулийн шаардлагад нийцэж байгаа.
Шүүгдэгчийн дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахайн сэдэлттэй буюу хохирогчийн эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан дээрэмдэх гэмт хэргийн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрдэл тус тус төгссөн, дээрх гэмт хэргүүдийн шинжийг бүрэн хангаж байгаа.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч А.А-ийг бусдын эд хөрөнгийг /Samsung S-6 маркийн гар утас, хар савхин хүрэм, цүнх/-ийг хүч хэрэглэж авахаар довтолсон, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3. Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
“Тэнцвэр Эстимэйт” ХХК”-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “хохирогч А.А-гийн samsung S-6 маркийн гар утас 150,000 төгрөг, хар хүрэм 60,000 төгрөг, ногоон эрээн десант үүрдэг цүнх 80,000 төгрөг” гэсэн үнэлгээ (хавтаст хэргийн 40-41, 45-46 хуудас) авагджээ.
Шүүхээс эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон эрээн десант үүрдэг цүнхийг хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэсэн болно. Мөн шүүгдэгч А.А-ийн ар гэрээс хохирогчийн дансанд 300,000 төгрөг шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч А.А-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч А.А- нь цаашид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирол хор уршигтай холбоотой хохирлын баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
4. Улсын яллагчаас шүүгдэгч А.А-эд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 01 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, уг ялууд дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаас эдлээгүй үлдсэн 03 сар 05 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан.
Шүүгдэгчээс: Эрүүгийн хариуцлагатай холбоотой гаргах санал байхгүй гэв.
5. Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч А.А- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
6. Иймд шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд архидан согтуурсан үедээ үйлдсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, улсын яллагчийн ялын саналыг харгалзан шүүгдэгч А.А-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
7. Шүүгдэгч А.А- нь Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 18 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 07 сар 12 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 3.3-т зааснаар үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэснийг зөрчиж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар шүүгчийн захирамжаар түүний ялаас эдлээгүй үлдсэн 05 сар 09 хоногийн ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
2022 оны 05 сарын 05-ны байдлаар хорих ангиас ялын тооцоог хийхэд 03 сар 05 хоногийн хорих үлдсэн тул уг ялыг энэ тогтоолоор оногдуулсан ялууд дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх хууль зүйн үндэслэлтэй.
8. Тус шүүхийн 2022.04.29-ний өдрийн 138 дугаартай шүүгчийн захирамжаар яллагдагч А.А-эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байх боловч 2022.05.05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорьсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Алтансүхийн 2022.05.05-ны өдрөөс 2022.06.30-ны өдрийг хүртэлх хугацаанд урьдчилан цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.
9. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн өнгийн цүнхийг хохирогч А.А-д буцаан олгож, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд тус тус дурдаж шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Очир овогт А.А-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.А- 04 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А- 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 04 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 цаг буюу 02 сарын хорих ялыг, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай шүүгчийн захирамжаар биечлэн эдлүүлэхээр тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 03 сар 05 хоногийн хорих ялыг тус тус нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 04 жил 05 сар 05 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.А-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.А-ийн 2022.05.05-06.30-ны өдрийг хүртэлх урьдчилан цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн өнгийн цүнхийг хохирогч А.А-д буцаан олгож, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 300,000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч А.А- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ